A

A

A

Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ЖУРАМ

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 47дугаартай тогтоолын хавсралт

                                                              

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ЖУРАМ

 

Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.

 

Нэг.Тангараг өргөх ёслолын бэлтгэл

 

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулсан байна.

 

2.Төрийн ордны "Их Монгол" танхим /цаашид "танхим" гэх/-ын тайзны гүнд хөх цэнхэр дэвсгэр дээр Монгол Улсын Төрийн сүлд залж, түүний баруун талд Монгол Улсын төрийн далбааг байрлуулсан байна. Төрийн далбааны дэргэд ам дөрвөлжин цагаан эсгий дэвсэж, хоёр талд Монгол Улсын төрийн хүндэт харуул зогссон байна.

           

Танхимын тайзны баруун талд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч, бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад зориулсан ширээ, сандал, танхимын тайзны зүүн талд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад зориулсан ширээ, сандал, танхимын тайзны голд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөж, үг хэлэх индэр, тайзны зүүн, баруун жигүүрт Улсын Их Хурлын гишүүдийн суух сандлыг хивсэн дээр тус тус байрлуулсан байна.

 

3.Танхимын тайзны голд байрлуулсан индрийн дэргэд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг байрлуулах тавцан, шинэ сонгогдсон Ерөнхийлөгчид зориулсан ширээн дээр Ерөнхийлөгчийн тангараг бичиг, гарын үсэг зурах үзэг болон бэх уусгагч тавьсан байна.

 

4.Тангаргийн хавтасны гадна нүүрний дээд хэсэгт Төрийн сүлдийг алтлаг өнгөөр дүрсэлж, шил талд нь "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг" гэсэн үгийг монгол үсгээр, доод хэсэгт кирилл үсгээр тус тус дармалдсан байна. Хавтасны дотор талын эхний нүүрэнд "Алтан соёмбо" үсэг зурж, дараагийн нүүрэнд Ерөнхийлөгчийн тангаргийг монгол, кирилл үсгээр гүн хөх өнгөөр гоёмсог хэвлэсэн байна.

 

5.Танхимд Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим байрласан байна. 

 

6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Ерөнхий прокурор болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтан, улс төрийн намын удирдлага болон хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, зочдыг урьж оролцуулна.

 

Хоёр.Тангараг өргөх ёслол

 

1.Төрийн ёслол хариуцсан нэгжийн ажилтан зарлан мэдэгдэхэд танхимын тайзны баруун талаас Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуулын хамгаалалт дор залж индрийн дэргэд тусгайлан бэлдсэн тавцанд байрлуулна.

 

2.Төрийн хүндэт харуул Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө ирж зогсоно.

 

3.Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-н хамт Төрийн ёслол хүндэтгэлийн "Өргөө" цогцолборын өмнө хүрэлцэн ирэхэд Төрийн ёслол хариуцсан нэгжийн дарга, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга угтан авна.

 

Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-н хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн "Өргөө" цогцолборын баруун хаалгаар морилно. 

 

4.Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж "Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө" хэмээн зарлан мэдэгдэнэ.

 

5.Ийнхүү зарламагц Ерөнхийлөгч Тамгын газрын даргыг, дараа нь шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслол хариуцсан нэгжийн даргыг дагуулан танхимын тайзнаа хүрэлцэн ирж, суудалдаа сууна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг залж бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгчийн ширээнд байрлуулна. Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч монгол үндэсний хувцастай байна.

 

6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үед Төрийн тамгыг хамгаалах үүргийг Төрийн хүндэт харуулын дарга гүйцэтгэнэ.

 

7.Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч индэрт гарч Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангараг бичигт гарын үсгээ зурж, Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна. Ийнхүү тангараг бичгээ гардуулсны дараа Төрийн далбааны дэргэдэх ам дөрвөлжин цагаан эсгий дээр очиж, малгайгаа зүүн гартаа аван зүүн хөл урагш нэг алхаж баруун өвдөг сөгдөн Төрийн далбаанаас адис авна.

 

8.Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардан авч, тэргүүнээ бөхийлгөн адис авч ширээн дээрээ зална.

 

9.Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Төрийн ёслол хариуцсан нэгжийн даргыг дагуулан танхимын тайзнаа хүрэлцэн ирж өөрт нь зориулсан суудалд сууна.

 

10.Бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон Ерөнхийлөгчийн оронд шинэ сонгогдсон Ерөнхийлөгчид Төрийн тамгыг Улсын Их Хурлын дарга энэ журмын Хоёрын 8 дахь заалтад заасны дагуу гардуулан өгнө.

 

11.Тангараг өргөсөн Ерөнхийлөгч Төрийн тамгыг ширээн дээрээ залмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.

 

12.Төрийн дуулал эгшиглэсний дараа иргэдийн төлөөлөл ахмад настан баяр хүргэж үг хэлж, хадаг, мөнгөн аягатай сүүг Ерөнхийлөгчид барина. Ерөнхийлөгч хадаг, мөнгөн аягатай сүүг хүлээж аваад Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ. Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ.

 

13.Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа дагуулан Ерөнхийлөгчийн өргөөнд хүрэлцэн ирнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуулын хамгаалалт дор байранд нь буцаан зална.

 

14.Тангаргаа өргөсөн Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн "Өргөө" цогцолбор дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёсолж адис авна.

 

Гурав.Цэргийн ёслолын жагсаал 

 

1.Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Төрийн хүндэт харуул, цэргийн ёслолын жагсаалд оролцох бие бүрэлдэхүүн Д.Сүхбаатарын талбайд жагсана.

 

2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Төрийн ёслол хариуцсан нэгжийн даргыг дагуулан Төрийн ёслол хүндэтгэлийн "Өргөө" цогцолборын зүүн хаалгаар гарч, тусгайлан зассан тавцан дээр зогсоно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн баруун хойд талд Батлан хамгаалахын сайд, зүүн хойд талд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга зогсоно.

 

3.Цэргийн жагсаал командлагч Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид илтгэл өгнө. Монгол Улсын Ерөнхийлөгч нийт бие бүрэлдэхүүнтэй мэндчилнэ.

 

4.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нийт бие бүрэлдэхүүнд хандаж үг хэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлж дуусахад Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим Төрийн дуулал эгшиглүүлнэ. Төрийн дуулал эгшиглэх үед ёслолын буудлага хийнэ.

 

5.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаал явуулна.

 

Дөрөв.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажил хүлээлцэх

 

1.Монгол Улсын Ерөнхийлөгч өрөөндөө хүрэлцэн ирж ажил хүлээлцэнэ. Ажил хүлээлцэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга байлцана. 

 

Тав.Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгчийг үдэх

 

1.Төрийн хүндэт харуул үдэж гаргахаар жагссан байна.

 

2.Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн "Өргөө" цогцолбор дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёсолж адис авна.

 

3.Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Төрийн ёслол хариуцсан нэгжийн дарга, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга Төрийн ордны зүүн талын нуман хаалганы дотор талын талбайгаас үднэ.

 

Зургаа.Бусад

 

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа, цэргийн ёслолын жагсаалыг радио, телевиз, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр орон даяар шууд дамжуулна.

 

2.Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд бараалхаж баяр хүргэнэ.

 

3.Гадаадын зочин, төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж баяр хүргэх ёслолыг Төрийн ёслол хариуцсан нэгж, Гадаад харилцааны яамны Дипломат ёслол хариуцсан нэгж хамтран зохион байгуулна.

 

4.Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөсөнтэй холбогдуулан хүндэтгэлийн урлагийн тоглолт, дайллага, үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж болно.

 

           

 

---оОо---