- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 59
Төрийн ордон,Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай зардлыг шийдвэрлэх;
2/Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ангиас суллагдсан хүнийг нийгэмшүүлэх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор ажлын байраар хангах болон бусад шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжүүлэх;
3/хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай, бүрэн гүйцэд явуулж, хэргийн бодит байдлыг тогтоосны үндсэн дээр хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулахад анхаарах;
4/Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлан гаргах хугацаа, өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, зөрчлийн төрөл, өршөөлд хамрагдсан этгээд дахин гэмт хэрэг үйлдвэл хүлээлгэх ялын бодлогыг чангатгах, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулсан этгээдийг нийгэмшүүлэх зэрэг ерөнхий харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бий болгох асуудлыг судалж, хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2.Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулахыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /С.Бямбацогт/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
