- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 206
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 21.4, Улсын Их Хурлын 2020 оны 45 дугаар тогтоолын 2, 5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 374 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
2. Энэ журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 43
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9.3.8, Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 7.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хяналт-шинжилгээ хийх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Үнэлгээ хийх журам"-ыг 2 дугаар хавсралт, "Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 374 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Э.ОДБАЯР
Текст томруулах
A
A
A
