- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 183
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.7, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26.1.8 дахь заалт, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын тархалт нэмэгдэж, улсын хэмжээнд халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхийг улсын хэмжээнд хязгаарлаж, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамтай хамтатган тэмдэглэх нь зүйтэй гэж үзсүгэй.
2. Аймаг, сумдын баяр наадам, хурдан морины уралдаан, уул, овооны тахилга, тэмдэглэлт ой зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай" Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
