A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 184

Улаанбаатар хот

ХИЛИЙН АЛТАНБУЛАГ БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол-Оросын хилийн авто замын Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоосугай.

  / Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 228 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон /

2. Хилийн Алтанбулаг боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбогдуулан Оросын Холбооны Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай" 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 177 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Монгол-Оросын хилийн авто замын "Алтанбулаг" гэснийг тус тус хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ