A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ХАЛДВАР АВСАН ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОГТООХ ЗОРИЛГООР ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ АВАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
ХАЛДВАР АВСАН ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОГТООХ ЗОРИЛГООР ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ АВАХ ЖУРАМ

 Улсын ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий Газрын дарга,

 Цагдаагийн Ерөнхий Газрын даргын хамтарсан 2021 оны 5 дугаар

сарын 31-ний өдрийн А/72, А/63, А/151 тушаалын хавсралт

 

ХАЛДВАР АВСАН ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОГТООХ ЗОРИЛГООР

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ АВАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Тагнуул, Цагдаагийн байгууллагаас /Цаашид "эрх бүхий байгууллага" гэх/ Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал /Цаашид "цар тахал" гэх /-ын халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2. Энэхүү журам нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль тогтоомж болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичигт нийцсэн байна.

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт, ойлголт

2.1. Энэ журамд заасан нэр томьёог дор дурдсан байдлаар ойлгоно.

2.1.1. "Тохиолдол" гэж Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасныг;

2.1.2. "Халдварын сэжигтэй" гэж Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.8 дахь заалтад заасныг;

2.1.3. "Хувь хүний нууц" гэж Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг;

2.1.4. "Хөдөлгөөнийг тогтоох" гэж халдварын батлагдсан болон сэжигтэй иргэний явсан байршил, түүний цаг хугацааны давхцал, харилцааны мэдээллийг тогтоохоор эрх бүхий байгууллагаас явуулж буй энэ журамд заасан ажиллагааг;

Гурав. Баримтлах зарчим

3.1. Иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан зарчмыг баримтална.

3.1.1. хууль дээдлэх, хүний эрх чөлөөг хамгаалах;

3.1.2. хүний нэр төрийг гутаан доромжлохгүй, хүнлэг бус, хэрцгий хандахгүй байх;

3.1.3. цар тахлын халдвараар өвчилсөн, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй болон хавьталд орсон хүний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах;

3.1.4. цугларсан мэдээллийг нийгмийн эрүүл мэндийг хамгаалахаас бусад зорилгоор ашиглахгүй байх;

3.2. Цар тахлын халдвараар өвчилсөн, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй болон хавьталд орсон хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, тэдэнд сэтгэл санааны дарамт учруулах мэдээ, мэдээлэл тараахыг хориглоно.

Дөрөв. Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлэх арга хэмжээ

4.1. Улсын Онцгой Комиссын /Цаашид "УОК" гэх/ шуурхай штаб нь цар тахлын халдварын тохиолдол, тэдгээрийн хавьтлыг олж тогтоох үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, эрх бүхий байгууллагаас хүргүүлсэн мэдээ, мэдээллийг нэгтгэн, үйл ажиллагаандаа ашиглана.

4.2. Халдварын батлагдсан болон сэжигтэй байж болзошгүй иргэний холбогдох мэдээ, мэдээллийг эрх бүхий байгууллагад харилцаа холбооны хэрэгслээр, цахимаар, эсхүл албан бичгээр даруй хүргүүлнэ.

Тав. Эрх бүхий байгууллага, прокуророос авч хэрэгжүүлэх арга хэмжээ

5.1. Эрх бүхий байгууллагын алба хаагч нь цар тахлын халдвараар өвчилсөн, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй болон хавьталд орсон хүний овог нэр, утасны дугаар, гэрийн болон ажлын хаяг зэрэг мэдээ, мэдээллийг дараах хэлбэрээр гаргуулан авна:

5.1.1.иргэнээс харилцаа холбооны хэрэгслээр, эсхүл биечлэн асууж тэмдэглэнэ.

5.1.2. хуулийн этгээдээс албан бичгээр, эсхүл цахимаар гаргуулна;

5.2. Иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авахдаа энэ журмыг танилцуулна.

5.3. Насанд хүрээгүй хүн, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнээс биечлэн мэдээ, мэдээлэл авахад сурган хүмүүжүүлэгч, эсхүл эцэг эх, гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн, хэлмэрчийг байлцуулна.

5.4. Иргэн, хуулийн этгээдээс авсан мэдээ, мэдээллийг нэгтгэн, УОК-ын шуурхай штаб болон Улсын Ерөнхий Прокурорын Газарт тус тус даруй хүргүүлнэ.

5.5. Улсын Ерөнхий Прокурорын Газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэс ирүүлсэн нэгдсэн мэдээллийг хүлээн авч, хяналт тавина.

5.6. Эрх бүхий байгууллагын алба хаагчаас энэ журмын 5.1-д заасан мэдээ, мэдээллийг авахдаа хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, мэдээ, мэдээллийг бусад зорилгоор ашигласан, тараасан талаар иргэн гомдол, мэдээлэл гаргасан тохиолдолд прокурор материалыг татаж хянана.

Зургаа. Журмыг хэрэгжүүлэхтэй холбоотой ирэний эрх, үүрэг

6.1. Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор иргэн нь дараах эрх, үүрэгтэй:

6.1.1. өөрийн овог нэр, утасны дугаар, гэрийн болон ажлын хаяг, явсан маршрут, уулзсан хүний талаарх мэдээллийг даруй үнэн зөв өгөх;

6.1.2. эрх бүхий байгууллагын алба хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байх;

6.1.3. өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувийн мэдээллийг хамгаалуулах;

6.1.4. өөрийнх нь нууцыг бусдад задруулсан гэж үзвэл энэ тухай гомдлоо шүүхэд гаргах;

6.1.5. хуульд заасан бусад эрх, үүрэг.

Долоо. Хуулийн этгээдийн хүлээх эрх, үүрэг

7.1.Хуулийн этгээд нь дараах эрх, үүрэгтэй:

7.1.1. мэдээ, мэдээллийг заагдсан хугацаанд үнэн зөв гаргаж өгөх;

7.1.2. үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх;

7.1.3. эрх бүхий байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах;

7.1.4. Энэ журмыг зөрчсөний улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хариуцах;

7.1.5. хуульд заасан бусад эрх, үүрэг.

Найм. Хүлээлгэх хариуцлага

8.1. Хүн, хуулийн этгээд нь энэ журмыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцох үндэслэл болох тул холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэнэ.

8.2. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Ес. Бусад

9.1. Энэ журмыг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчлэх хугацаанд дагаж мөрдөнө.

9.2. Иргэн, хуулийн этгээдээс мэдээ, мэдээлэл авах үйл ажиллагаанд цугларсан баримт бичгийг архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжид зааснаар хадгална.

 

----- о0о -----