A

A

A

Бүлэг: 1979
НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ

Монгол Улсын Ерөнхий аудиторын

2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн

А/93 дугаар тушаалын хавсралт

 

НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар аудит хийж буй төрийн аудитын байгууллагын аудитор, аудитын баг болон төрийн аудитын байгууллагын нэрийн өмнөөс төрийн аудитын үйл ажиллагаанд оролцож буй этгээд /цаашид "Албан хаагч" гэх/ -ээс нөлөөллийн мэдүүлэг[1] хөтлөх болон ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх, хадгалах, хариуг олон нийтэд мэдээлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

1.2.Аудитын тайлан, дүгнэлтийг бэлтгэх, хэлэлцүүлэх аудитын стандарт, журмаар зохицуулагдсан төрийн аудитын үйл ажиллагаатай холбоотой үүссэн харилцааг энэ журмаар зохицуулахгүй.

Хоёр. Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, хүргүүлэх

2.1.Төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэхээр төлөвлөсөн санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн, нийцлийн аудит бүрт "Нөлөөллийн мэдүүлэг"-ийн талаар шалгагдагч этгээдэд танилцуулж, энэхүү журмын 2 дугаар хавсралт /Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт/-д гарын үсэг зуруулна.

2.2.Албан хаагч нь шууд болон шууд бусаар аудитад нөлөөлөхийг оролдсон дараах үйлдлийг энэхүү журмын 1 дүгээр хавсралт /Нөлөөллийн мэдүүлэг/ маягтын дагуу хөтөлж, баримтжуулна. Үүнд:

2.2.1.хээл хахууль, шан харамж, бэлэг сэлт өгөх, өгөхийг завдах;

2.2.2.албан тушаал санал болгох, /өөрт болон хамаарал бүхий этгээдэд/;

2.2.3.дарамтлах, заналхийлэх, сүрдүүлэх;

2.2.4.гүтгэх, доромжлох;

2.2.5.бие, орон байр, унааны аюулгүй байдалд халдах;

2.2.6.аудитын дүгнэлт, тайлангийн талаар урьдчилан зааварчилгаа өгөх;

2.2.7.зүй бус бусад нөлөөлөл.

2.3.Албан хаагч нь хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор энэ журмын 2.2-т заасан нөлөөлөл гарсан талаар мэдэгдээгүй, нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй нь түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

2.4.Албан хаагч нь нөлөөллийн мэдүүлгийг хөтөлсөн тухай бүрт зөвхөн Монгол Улсын Ерөнхий аудиторт хүргүүлэх бөгөөд "Монгол Улсын Ерөнхий аудиторын гарт" гэж хаяглан, дугтуйлж битүүмжилсэн байна.

Гурав. Нөлөөллийн мэдүүлэг хүлээн авах, бүртгэх,
шийдвэрлэх, шилжүүлэх

3.1.Нөлөөллийн мэдүүлгийг Монгол Улсын Ерөнхий аудитор хүлээн авч танилцан, холбогдох ажиллагаа хийлгэхээр Үндэсний аудитын газрын хууль, эрх зүйн асуудал хариуцсан ажилтанд шилжүүлнэ.

3.2.Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ажилтан нь нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн албан хаагчаас болон нөлөөлөх оролдлогыг гэрчлэх этгээд /байгаа бол/-ээс тайлбар, тодруулга авах, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх зэрэг ажиллагааг 14 хоногийн дотор хийж, Монгол Улсын Ерөнхий аудиторт танилцуулна.

3.3.Нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн албан хаагч болон нөлөөлөх оролдлогыг гэрчлэх этгээдтэй биечлэн уулзах боломжгүй тохиолдолд холбооны хэрэгсэл, цахим технологийг ашиглана.

3.4.Монгол Улсын Ерөнхий аудитор нөлөөллийн мэдүүлэг болон түүнд холбогдох баримттай танилцаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

3.4.1.Нөлөөлөл тогтоогдоогүй;

3.4.2.Шаардлагатай гэж үзвэл комисс томилж 14 хоногийн дотор хэлэлцүүлэх;

3.4.3.Нөлөөлөх оролдлого хийсэн тухайн этгээдийн үйлдлийг Төрийн аудитын байгууллагын бие даасан, албан хаагчийн хараат бус байдалд халдсан, аудитад хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзвэл түүнийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлнэ.

3.5.Энэ журмын 3.4-т заасан комиссын бүрэлдэхүүнд дараах албан хаагчид байна:

3.5.1.Монгол Улсын Ерөнхий аудитор;

3.5.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч;

3.5.3.Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ажилтан;

3.5.4.Нууцын асуудал хариуцсан ажилтан;

3.5.5.Нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн албан хаагч /заавал биш/;

3.5.6.Нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн албан хаагчийн дээд шатны удирдах албан тушаалтан /заавал биш/

3.6.Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ажилтан энэ журмын 3.4-т заасан шийдвэрийг ажлын хоёр өдөрт багтаан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, холбогдох нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн албан хаагчид танилцуулах ажлыг зохион байгуулна.  

3.7.Энэ журамд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитораас хүргүүлсэн саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу ирүүлээгүй тохиолдолд хууль, эрх зүйн асуудал хариуцсан албан хаагч эрх бүхий этгээдээс шалгалтын явцын талаар мэдээлэл авах, тухайн нөлөөллийн мэдүүлгийг нэн даруй шалгаж, хариу ирүүлэх талаар хүсэлт гаргах зэргээр зохих арга хэмжээг авна.  

Дөрөв. Нөлөөллийн мэдүүлгийн талаар мэдээлэх

4.1.Энэ журмын 3.4.3-т заасны дагуу гарсан  шийдвэрийн талаарх товч мэдээлэл болон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн хариуг ажлын тав хоногт багтаан Үндэсний аудитын газрын цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

Тав. Нөлөөллийн мэдүүлгийг хадгалах

5.1.Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ажилтан нь нөлөөллийн мэдүүлэг болон түүнд холбогдох бусад баримтыг зохих журмын дагуу бүрдүүлж, архивд хүлээлгэн өгнө.

5.2.Нөлөөллийн мэдүүлэг, түүнд холбогдох баримт материал, тэдгээрт дурдсан мэдээллийг бусдад задруулахыг хориглоно. 

Зургаа. Хариуцлага

6.1.Энэ журмыг зөрчсөн албан хаагчид холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

6.2.Албан хаагч бие биедээ нөлөөлөх гэсэн аливаа үйлдэлд төрийн аудитын байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан хариуцлага хүлээлгэнэ.

--- хХх ---

 

"Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам"-ын 1 дүгээр хавсралт

 

НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛЭГ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.

Мэдүүлэг хөтлөгчийн овог, нэр

 

1.2.

Байгууллага, албан тушаал

 

1.3.

Гүйцэтгэж буй аудитын мэдээлэл

 

 

Хоёр. Нөлөөллийн арга, хэрэгсэл

2.1.

Шууд /хэн, хэзээ, хаана уулзахыг ямар арга, хэрэгслийг ашиглан санал болгосон/

........................................................................................................................................

........................................................................................................................................

........................................................................................................................................

........................................................................................................................................

........................................................................................................................................

 

2.2.

Шууд бус /дамжуулсан этгээдийн тухай, харилцаа холбооны болон хэвлэл мэдээллийн ямар хэрэгслийг ашиглан нөлөөлсөн/

........................................................................................................................................

........................................................................................................................................

........................................................................................................................................

........................................................................................................................................

........................................................................................................................................

 

 

Гурав. Нөлөөллийн хэлбэр

3.1.

Хээл хахууль, шан харамж, бэлэг сэлт өгөх, өгөхийг завдах

 

3.2.

Албан тушаал санал болгох, /өөрт болон хамаарал бүхий этгээдэд/

 

3.3.

Дарамтлах, заналхийлэх, сүрдүүлэх

 

3.4.

Гүтгэх, доромжлох

 

3.5.

Бие, орон байр, унааны аюулгүй байдалд халдах

 

3.6.

Аудитын дүгнэлт, тайлангийн талаар урьдчилан зааварчилгаа өгөх

 

3.7.

Зүй бус бусад нөлөөлөл

 

 

Дөрөв. Тусгай мэдээлэл

4.1.

Нөлөөлөх оролдлого давтагдсан байдал

 

4.2.

Гэрчлэх этгээдийн тухай мэдээлэл

 

4.3.

Нөлөөлөх оролдлогыг баримтжуулсан материал байгаа эсэх

 

 

Тав. Хавсаргасан материал

5.1.

Нөлөөлөх оролдлогыг баримтжуулсан материал /гэрчлэх этгээдээс авсан тайлбар, тодруулга, албан бичиг, захидал, дуу, дүрсний бичлэг гэх мэт/

 

 

Мэдүүлэг хөтөлсөн ......................................... /                                               /

                     Гарын үсэг                       Гарын үсгийн тайлал

 

.....  он ..... сар ..... өдөр

 

--- хХх ---

"Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам"-ын 2 дугаар хавсралт

 

НӨЛӨӨЛЛИЙН МЭДҮҮЛГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛСАН БАРИМТ

 

...................................................................................................................

/Аудитын нэр, код/

Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т "Нөлөөллийн мэдүүлэг" гэж аудит хийх явцад тухайн аудитын үр дүнтэй холбогдуулан төрийн аудитын байгууллагад аливаа этгээдээс зүй бусаар нөлөөлөх гэж оролдсон бүх үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг" ойлгоно гэж заасан.

Тухайн аудитыг хийх явцад аудитын дүгнэлт, тайлантай холбогдуулан аудит гүйцэтгэж буй төрийн аудитын байгууллагын албан хаагчид аливаа этгээдээс нөлөөлсөн бүх үйлдэлд Төрийн аудитын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу "Нөлөөллийн мэдүүлэг" хөтөлнө.

Нөлөөллийн мэдүүлэгт дурдсан мэдээллийг шалгуулах, хуульд заасан хариуцлага ногдуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхий аудитор эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлж, энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тухай бүрт нь нийтэд мэдээлнэ.

Төрийн аудитын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу Төрийн аудитын байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс нөлөөлсөн, дарамт, шахалт үзүүлсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. 

Нэг. Шалгагдагч этгээдийг төлөөлж:[2]

Албан тушаал

Овог, нэр

Гарын үсэг

Огноо

1

 

 

 

 

2

 

 

 

 

3

 

 

 

 

 

Хоёр. Төрийн аудитын байгууллагыг төлөөлж[3]:

Албан тушаал

Овог, нэр

Гарын үсэг

Огноо

1

 

 

 

 

2

 

 

 

 

 

--- хХх ---


 


[1] "Нөлөөллийн мэдүүлэг" гэж Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т зааснаар аудит хийх явцад тухайн аудитын үр дүнтэй  холбогдуулан төрийн аудитын байгууллагад аливаа этгээдээс зүй бусаар нөлөөлөх гэж оролдсон бүх үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно.  

 

[2] Шалгагдагч этгээдийн удирдах болон тухайн аудитад хамаарах бусад албан тушаалтан

[3] Аудитор эсвэл аудитын багийн ахлагч