- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 57
Төрийн ордон,Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн Эрүүгийн хууль, Иргэний хууль, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2022 онд багтаан Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлэх;
2/сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороог байгуулж, хорооны гишүүд, хөдөлмөрийн зуучлагч, арбитрчдыг бэлтгэх, чадавхжуулах ажлыг ажил олгогч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагатай хамтран зохион байгуулах;
3/Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг ажил олгогч, ажилтан, олон нийтэд тайлбарлан таниулах ажлыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран үе шаттайгаар зохион байгуулах;
4/Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангахад шаардагдах нэмэлт зардлыг санхүүжүүлэх.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо /М.Оюунчимэг/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
