A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 74

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасугай:

1/Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланд дурдагдсан аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулан ажиллах;

2/Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн засаглал, ил тод байдал, төсөв, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд үндсэн үйл ажиллагаанаас бусад чиглэлээр зарлага санхүүжилт гаргах харилцааг зохицуулах, ногдол ашиг төвлөрүүлэх бодлогыг боловсронгуй болгож төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх;

3/Монгол Улсын Үндсэн хуулиар улсын төсөв батлах онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд олгогдсон тул төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх зарчмыг чанд баримтлан, төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээг батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Улсын Их Хуралд холбогдох шийдвэрийн төслийг өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх замаар хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Ч.Хүрэлбаатар/-нд, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо /Б.Пүрэвдорж/-нд тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР