A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 177

Улаанбаатар хот

ХИЛИЙН БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хилийн авто зам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын "Чингис хаан", Монгол-Хятадын хилийн авто замын "Замын-Үүд", Монгол-Оросын хилийн авто замын "Алтанбулаг" боомтоос бусад боомтод 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 184 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Хилийн боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг сунгасантай холбогдуулан Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолын 3 дахь заалт, "Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 239 дүгээр тогтоолын 1 дэх заалт, "Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 1 дэх заалт, "Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаар тогтоолын 1 дэх заалтын "6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал" гэснийг "8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН