- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЧИНГЭЛЭГТ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 185
Улаанбаатар хот
ЧИНГЭЛЭГТ ТЭЭВРИЙН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн тухай хуулийн 26.2.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах, түүний зориулалтаар газар ашиглахыг зөвшөөрсүгэй.
2. Чингэлэгт тээврийн терминал байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалтыг "Эрдэнэс-Тавантолгой" ХК болон нүүрс олборлон экспортолж буй аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Бат-Эрдэнэ)-д даалгасугай.
3. Чингэлэгт тээврээр нүүрс экспортлох үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай зөвшөөрлийг яаралтай олгох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргаж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн), Гадаадын иргэн, харьяатын газар (Н.Ууганбаяр), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга), "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ (Б.Гүрсоронзон) болон холбогдох бусад төрийн байгууллагуудад үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтийг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Хилийн боомтын үндэсний зөвлөл (Б.Жавхлан), Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
