- Нүүр
- Эрх зүйн акт
- ЭХ, ЭЦЭГ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2021 оны 199 дүгээр
тогтоолын хавсралт
ЭХ, ЭЦЭГ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ,
ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 5.1-д заасан тэтгэмжийг (цаашид "тэтгэмж" гэх) олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
Хоёр.Тэтгэмжид хамрагдах иргэний хүсэлтийг
хүлээн авч, хянан шийдвэрлэх
2.1.Иргэн тэтгэмжид хамрагдах хүсэлтийг Засгийн газраас баталсан "Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам"-ын дагуу цахимаар гаргана.
2.2.Тэтгэмжид хамрагдах хүсэлтийг цахимаар гаргах боломжгүй иргэн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан хүсэлт гаргах бөгөөд сум, хорооны нийгмийн ажилтан хүсэлтийг хүлээн авч нийгмийн халамжийн нэгдсэн систем (цаашид "систем" гэх)-д бүртгэж аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад илгээнэ.
2.3.Гадаадад оршин суугаа, энэ журмын 2.1-д заасны дагуу цахимаар хүсэлт гаргах боломжгүй иргэн Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 5.1.1-5.1.3-т заасан тэтгэмжид хамрагдах хүсэлтийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан сум, хорооны нийгмийн ажилтанд гаргаж болно.
2.4.Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэмжид хамрагдах иргэний хүсэлтийг хүлээн авч, системд бүртгэхдээ холбогдох хууль тогтоомжид заасан шалгуур, нөхцөлийг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөгөө өгнө.
2.5.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь сум, хорооны нийгмийн ажилтны системд бүртгэсэн хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор хянаж, баталгаажуулна.
Гурав.Тэтгэмжид хамрагдах иргэний бүрдүүлэх
цахим баримт бичиг
3.1.Иргэний дор дурдсан тэтгэмжид хамрагдах хүсэлтийг системд цахим хэлбэрээр байршсан дараахь баримт бичигт үндэслэн шийдвэрлэнэ:
3.1.1.жирэмсэн эхийн тэтгэмж:
3.1.1.1.өргөдөл;
3.1.1.2.иргэний үнэмлэх;
3.1.1.3.жирэмсэн эхийн эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.
3.1.2.0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж:
3.1.2.1.өргөдөл;
3.1.2.2. иргэний үнэмлэх;
3.1.2.3.хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
3.1.2.4.хүүхдийн төрсний гэрчилгээ;
3.1.2.5.эцэг тэтгэмж авах тохиолдолд хүүхдийн хамт нэг хаягт оршин суудаг тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ эсхүл Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эцэг болохыг тодорхойлсон холбогдох баримт бичиг.
3.1.3.ихэр хүүхдийн тэтгэмж:
3.1.3.1.өргөдөл;
3.1.3.2.иргэний үнэмлэх;
3.1.3.3.хүүхдийн төрсний гэрчилгээ;
3.1.3.4.хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
3.1.3.5.эцэг тэтгэмж авах тохиолдолд хүүхдийн хамт нэг хаягт оршин суудаг тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээ эсхүл Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эцэг болохыг тодорхойлсон холбогдох баримт бичиг.
3.1.4.гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж:
3.1.4.1.өргөдөл;
3.1.4.2.иргэний үнэмлэх;
3.1.4.3.эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хэрэв гэрлэлт цуцлуулсан, гэрлэж байгаагүй бол энэ тухай иргэний улсын бүртгэлийн лавлагаа;
3.1.4.4.баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.1.4.5.хүүхдийн төрсний гэрчилгээ (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх).
3.2.Системд бүртгэгдээгүй дор дурдсан баримт бичгийг системээс өгөгдөх зааврын дагуу цахим хэлбэрт хөрвүүлж, энэ журмын 3.1.2-3.1.4-т заасан хамаарах баримт бичигт хавсаргана:
3.2.1.0-3 хүртэлх насны хүүхэд асарсны болон ихэр хүүхдийн тэтгэмжид эцэг хамрагдах тохиолдолд тэтгэмж олгохыг зөвшөөрсөн тухай нотариатаар батлуулсан эхийн хүсэлт;
3.2.2.гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэний тухайд Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д тодорхойлсон иргэнд тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр;
3.2.3. Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7.4-т заасан тохиолдолд эх, эцгийн нас барсны гэрчилгээ, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон сум, дүүргийн Засаг даргын шийдвэр;
3.2.4.гадаадад оршин суугаа иргэний тухайд Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт, жирэмсэн эхийн эмнэлгийн хяналтад орсон тухай болон хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай оршин суугаа газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтын баталгаат орчуулга.
3.3.Энэ журмын 3.2.1, 3.2.3-т заасан баримт бичгийг тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан иргэн, мөн журмын 3.2.2, 3.2.4-т заасан баримт бичгийг сум, хорооны нийгмийн ажилтан системд оруулна.
Дөрөв.Тэтгэмж олголт
4.1.0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг асарч байгаа хүүхдийн тооноос үл хамааран Засгийн газраас тогтоосон хэмжээгээр эх эсхүл эцэгт 36 хүртэлх сарын хугацаанд олгоно.
4.2.Эх 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авч байх хугацаанд энэ журмын 3.1.1-д заасан жирэмсэн эхийн тэтгэмж авах нөхцөл бүрдсэн тохиолдолд түүнд уг тэтгэмжийг давхар олгоно.
4.3.Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр олгоно.
4.4.Тэтгэмжийг иргэний хүсэлт гаргасан өдрөөс эхлэн олгох бөгөөд энэ журмын 5.1-д зааснаар эрх дуусгавар болох хугацааг дараахь байдлаар тооцно:
4.4.1.0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг эх, эцэг нь хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилдаа орсон тохиолдолд тухайн сарыг дуустал хугацаанд, бусад тохиолдолд эрх дуусгавар болсон өдөр хүртэлх хугацаанд олгоно;
4.4.2.жирэмсэн эхийн тэтгэмжийг энэ журмын 5.1.3-т заасан тохиолдолд тухайн сарыг дуустал, бусад тохиолдолд эрх дуусгавар болсон өдөр хүртэлх хугацаанд олгоно;
4.4.3.ихэр хүүхдийн тэтгэмж, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг эрх дуусгавар болсон өдөр хүртэлх хугацаанд олгоно.
4.5.Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тэтгэмж олгоход Монгол Улсад оршин суух үнэмлэхийг үндэслэнэ.
4.6.0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах хугацаанд эх, эсхүл эцэгт түүний ажил олгогчоос хөдөлмөрийн хөлс (түүнтэй адилтгах орлого) олгосон нь энэ журмын 7.3-д заасан төрийн мэдээлэл солилцооны "Хур" системд бүртгэгдсэн тохиолдолд тухайн орлогын талаарх ажил олгогчийн тодорхойлолтыг хянан үзэж, тэтгэмжийг нөхөн олгох эсэхийг шийдвэрлэнэ.
4.7.0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй давхардуулан олгохгүй.
4.8.Тэтгэмж авах хүсэлт гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн онд тэтгэмж авч чадаагүй тохиолдолд дараагийн санхүүгийн жилд нөхөн олгох бөгөөд нэг жилээс дээш хугацаагаар тэтгэмжээ аваагүй нөхцөлд түүнийг нөхөн олгохгүй.
Тав.Тэтгэмжийг зогсоох, түдгэлзүүлэх
5.1.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь дараахь тохиолдолд иргэний тэтгэмж олголтыг зогсооно:
5.1.1.0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг хүүхэд нь 3 нас хүрсэн, үрчлүүлсэн, нас барсан, тэтгэмж авч байгаа эх, эсхүл эцэг ажилд орсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан;
5.1.2.Монгол Улсын харьяатаас гарсан;
5.1.3.жирэмсэн эхийн тэтгэмж авах хугацаа дууссан;
5.1.4.гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн хүүхэд нь 18 нас хүрсэн, үрчлэгдсэн, нас барсан зэрэг шалтгаанаар хүүхдийн тоо 3-аас бага болсон;
5.1.5.Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад байнга оршин суухаа больсон;
5.1.6.хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэмж авсан, олгосон нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон.
5.2.0-3 хүртэлх насны хүүхэд асрах тэтгэмж авч байсан эх эсхүл эцэг ажилд орж, тэтгэмж олголт нь зогссон хэдий ч тодорхой хугацааны дараа ажилгүй болж хүүхдээ асрах нөхцөл бүрдсэн тохиолдолд тэтгэмжид хамрагдах хүсэлтийг дахин гаргаж болно.
Зургаа.Санхүүжилт
6.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 5.1-д заасан тэтгэмжийн санхүүжилтийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын нийгмийн халамжийн сангийн дансанд сар бүрийн 8-ны өдрийн дотор шилжүүлнэ.
6.2.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага тэтгэмжид хамрагдах эрх үүссэн иргэний мэдээлэл бүхий жагсаалт (цаашид "жагсаалт" гэх)-ыг сар бүрийн 16-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
6.3.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 6.2-т заасан жагсаалтыг холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийн сантай тулган баталгаажуулж, тухайн сарын батлагдсан төсвийн хуваарийн дагуу сар бүрийн 18-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газар (цаашид "Төрийн сангийн газар" гэх)-т цахим (сервисээр)-аар болон албан хүсэлтээр хүргүүлнэ.
6.4.Төрийн сангийн газар нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас цахимаар ирүүлсэн төлбөрийн мэдээллийг үндэслэн ажлын 3 хоногийн дотор Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан "Автомат клиринг хаус системийн дүрэм"-ийн дагуу багцын гүйлгээгээр тэтгэмжийг олгоно.
6.5.Төрийн сангийн газар тэтгэмж олголтын буцаалтын мэдээг "Автомат клиринг хаус системийн дүрэм"-д заасны дагуу нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох дансанд бүртгэнэ.
6.6.Тэтгэмжид хамрагдсан иргэний системд бүртгэлтэй дансны дугаар, нэр болон бусад мэдээлэл зөрүүтэй байсны улмаас санхүүжилт буцаагдсан тохиолдолд аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага "Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам"-ын 4.6-4.9-д заасныг баримтлан шийдвэрлэнэ.
Долоо.Бусад
7.1.Иргэн оршин суугаа засаг, захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид бүр мөсөн шилжсэн тохиолдолд тухайн сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, системд хаягийн өөрчлөлтийг хийлгэнэ.
7.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шинээр төрсөн болон улсын бүртгэл нь шинэчлэгдсэн иргэдийн мэдээллийг тухай бүр төрийн мэдээлэл солилцооны "Хур" системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
7.3.Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нийгмийн даатгалын шимтгэл шинээр төлсөн болон төлж байгаа эх, эсхүл эцэг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч байгаа эхчүүдийн мэдээллийг сар бүрийн 8-ны дотор төрийн мэдээлэл солилцооны "Хур" системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
7.4.Эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай болон хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай мэдээллийг тухай бүр төрийн мэдээлэл солилцооны "Хур" системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
7.5.Улсын хил хамгаалах асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага шинээр төрсөн болон улсын бүртгэл нь шинэчлэгдсэн Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй иргэдийн мэдээллийг тухай бүр төрийн мэдээлэл солилцооны "Хур" системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
7.6.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь тэтгэмж авч байгаа эх, эцгийн мэдээллийг энэ журмын 7.1-7.5-д заасан мэдээлэлтэй сар бүр тулгаж нягтална.
7.7.Энэ журмын 7.2-7.5-д заасан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.
7.8.Энэ журамд заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн иргэн, эсхүл тэтгэмж авах иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүйгээр буюу хуурамчаар үйлдсэн албан тушаалтан, сум, хорооны нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж олгогдсон тэтгэмжийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
7.9.Иргэнд илүү хэмжээгээр тэтгэмж олгогдсон нь холбогдох бүртгэл, мэдээллээр тогтоогдсон тохиолдолд илүү олгогдсон тэтгэмжийг тухайн иргэнээр нийгмийн халамжийн санд нөхөн төлүүлнэ.
7.10.Тэтгэмж олгох үйл ажиллагаанд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хяналт тавина.
---о0о---
Текст томруулах
A
A
A