- Нүүр
- Эрх зүйн акт
- МОНГОЛ УЛСЫН ВИЗИЙН ТӨВИЙН БАЙРШЛЫГ ТОГТООХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2021 оны 197 дугаар
тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ВИЗИЙН ТӨВИЙН БАЙРШЛЫГ ТОГТООХ,
СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАН
АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Гадаад улсад Монгол Улсын визийн төвийг байгуулах, байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулан ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг дагаж мөрдөнө.
1.2.Визийн төв нь визийн мэдүүлэг хүлээн авах, мэдүүлгийн үнэн бодит байдлыг хянан шалгасны үндсэн дээр виз олгох байгууллагад дамжуулах, виз олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд холбогдох бичилтийг хийж, виз мэдүүлэгчид хүлээлгэн өгөх үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээд байна.
1.3.Монгол Улсын визийн төвийн үйл ажиллагааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 13.2-т заасан хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.
1.4.Визийн төвийн байршлыг визийн үйлчилгээний ачаалал, аялал жуулчлалыг татах, нэмэгдүүлэх, визийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг харгалзан тогтоох бөгөөд шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаггүй улс, бүс нутагт байгуулж болно.
1.5.Визийн төвийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулахад шударга, ил тод, тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно.
1.6.Визийн төвийг нээн ажиллуулах нь төр-хувийн хэвшлийн түншлэлд үндэслэх бөгөөд улсын төсвөөс аливаа зардлыг санхүүжүүлэхгүй.
1.7.Визийн төвийн байрлаж буй, эсхүл бүртгэлтэй улсын хууль тогтоомжийн дагуу визийн төвийн үйл ажиллагаанд ногдуулах татвар, хураамжийг уг үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж буй хуулийн этгээд хариуцна.
1.8.Визийн төв нь Монгол Улсын нэр хүндэд харшлах аливаа үйлдэл гаргахыг хориглоно.
Хоёр.Монгол Улсын визийн төвийн байршлыг тогтоох
2.1.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан визийн төвийн байршлыг тогтооно.
2.2.Визийн төвийн байршлыг тогтоохдоо Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулах зарчмыг баримтлах бөгөөд дараах нөхцөлийг харгалзана:
2.2.1.тухайн улс, хотод байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын визийн үйлчилгээний ачаалал;
2.2.2.тухайн улс, бүс нутгаас жуулчид татах эрэлт, хэрэгцээ;
2.2.3.харилцан адил байх зарчим.
2.3. Визийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг татах, нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаггүй улс, хотод визийн төвийг байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн визийн төвийг Монгол Улсаас тухайн улс, хотод хавсран суугаа Дипломат төлөөлөгчийн газар хариуцна.
Гурав.Визийн төвийн үйл ажиллагаа
3.1.Визийн төвийн үйл ажиллагаа нь визийн үйлчилгээ авах таатай орчин бүрдүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, Дипломат төлөөлөгчийн газрын виз олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, Монгол Улсыг сурталчлах, аялал жуулчлалыг татах, нэмэгдүүлэхэд чиглэгдэх бөгөөд визийн төв нь дараахь үйл ажиллагааг эрхлэн явуулна:
3.1.1.виз мэдүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт, хураамж, виз мэдүүлэгчид тавигдах шаардлага болон виз мэдүүлгийн талаар виз мэдүүлэгчдэд үнэн бодитой мэдээлэл өгөх албан ёсны цахим хуудас ажиллуулах;
3.1.2.виз мэдүүлэгчийн паспорт, мэдүүлгийг хүлээн авах, уг мэдүүлэг болон холбогдох бичиг баримтуудын үнэн бодит байдлыг хянасны үндсэн дээр Монгол Улсын холбогдох Дипломат төлөөлөгчийн газарт дамжуулан өгөх;
3.1.3.Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын виз олгох эсэх талаар гаргасан шийдвэрийн дагуу визийн бичилттэй холбоотой техник ажлыг гүйцэтгэх;
3.1.4.виз мэдүүлэгчид паспортыг нь буцаан олгох;
3.1.5.Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрыг төлөөлөн визийн хураамжийг хураан авч, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төсөвт саадгүй төвлөрүүлэх;
3.1.6.энэ журмын 3.2-т заасан гэрээний дагуу виз мэдүүлэгчээс үйлчилгээний хураамж авах;
3.1.7.визийн мэдүүлэг, виз олголттой холбоотой мэдээллийн сан, виз мэдүүлэгчийн хувийн нууцыг хамгаалах үүрэгтэй бөгөөд мэдээллийг аливаа гуравдагч этгээдэд өгөхгүй, задруулахгүй, дамжуулахгүй байх;
3.1.8.энэ журмын 3.2-т заасан гэрээний дагуу аялал жуулчлалыг татах, нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсыг сурталчлах;
3.1.9.визийн үйлчилгээ авах таатай орчин бүрдүүлэх, үйлчилгээг боловсронгуй болгоход чиглэсэн бусад үйл ажиллагаа.
3.2.Энэ журмын 2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон байршилд байгуулах Монгол Улсын визийн төвийн үйл ажиллагааны горим болон санхүүгийн тайлантай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тухайн үйл ажиллагааг эрхлэн явуулах хуулийн этгээдтэй байгуулах гэрээгээр тодорхойлно. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгасан байна:
3.2.1.гэрээний хугацааг тодорхойлох, гэрээг сунгах, цуцлах, дуусгавар болгох;
3.2.2.талуудын эрх үүрэг, хариуцлага;
3.2.3.Монгол Улсын хуулиар тогтоосон визийн хураамж, үйлчилгээний хөлсийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт;
3.2.4.визийн мэдүүлэг, визийн үйлчилгээтэй холбоотой нууцлал, аюулгүй байдлыг хангах зохицуулалт;
3.2.5.виз мэдүүлэгчид болон аялал жуулчлалыг татах чиглэлээр үзүүлэх нэмэлт бусад үйлчилгээ;
3.2.6.маргаан шийдвэрлэх.
3.3.Монгол Улсын визийн төвийг Монгол Улсаас тухайн улс, хотод суугаа, эсхүл энэ журмын 2.3-т заасан Дипломат төлөөлөгчийн газар хариуцах бөгөөд түүний өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавина.
3.4.Визийн төвийг байгуулах, татан буулгах үндэслэлийг боловсруулах болон түүний үйл ажиллагаанд тавих нарийвчилсан шаардлагыг тодорхойлох, гэрээг шинэчлэх, заавар, чиглэл өгөх асуудлыг олон улсын гэрээ, хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж хариуцна.
3.5.Визийн төвийг дараахь үндэслэлээр татан буулгана:
3.5.1.Энэ журмын 2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон байршилд визийн төв ажиллуулах хэрэгцээ, шаардлага байхгүй гэж шийдвэрлэсэн;
3.5.2.Энэ журмын 3.2-т заасан гэрээний хугацаа дуусгавар болсон;
3.5.3.Визийн төвийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа ноцтой зөрчил гаргасан, эсхүл өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар болон гэрээний хэрэгжилтийн явцад удаа дараа зөрчил гаргасан, уг зөрчлүүдийг арилгах, засах шаардлагыг биелүүлээгүй;
3.5.4.Визийн төв байрладаг улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн;
3.5.5.Визийн төв байрладаг улсын иргэдэд цахим виз олгохоор шийдвэрлэсэн.
Дөрөв.Визийн төвийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах
4.1.Монгол Улсын визийн төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулах хүсэлтэй энэ журмын 1.3-т заасан шаардлагыг хангасан хуулийн этгээд нь хүсэлтээ визийн төв байгуулах улсад суугаа болон хавсран суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шууд гаргаж болох бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:
4.1.1.Визийн төвийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт;
4.1.2.Энэ журмын 4.5-д заасан шалгуурыг хангасан эсэх талаарх холбогдох нотолгоо, албан ёсны зөвшөөрлийн зохих журмын дагуу баталгаажсан хуулбар.
4.2.Энэ журмын 2.1-д заасны дагуу тогтоосон Монгол Улсын визийн төв нээх байршилд визийн төв нээн ажиллуулах хүсэлтэй хуулийн этгээдийг энэ талаарх саналаа ирүүлэх тухай зарлалыг тухайн улсад суугаа болон хавсран суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын цахим хуудаст байршуулж, ийнхүү байршуулснаас хойш 30 хоногийн дотор хүсэлтийг хүлээн авна.
4.3.Энэ журмын 4.2-т заасан хугацаанд аль нэг хуулийн этгээдээс хүсэлт ирүүлээгүй тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн улс, эсхүл олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй, энэ журмын 1.3-т заасан шаардлагыг хангасан 2-оос доошгүй хуулийн этгээдэд хандан сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүргүүлж болох бөгөөд энэ тохиолдолд хүсэлтийг хүлээн авах хугацаа 14 хоногоос илүүгүй байна.
4.4.Визийн төв нээн ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн хуулийн этгээдүүдээс сонгон шалгаруулж, гэрээ байгуулах үүрэг бүхий 7-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулах бөгөөд бүрэлдэхүүнд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаадын иргэний асуудал хариуцсан болон тагнуулын байгууллагын эрх бүхий албан тушаалтныг оролцуулна.
4.5.Энэ журмын 4.4-т заасан ажлын хэсэг нь хүсэлтээ ирүүлсэн хуулийн этгээдүүдээс дараахь шалгуурыг баримтлан 30 хоногийн дотор сонгон шалгаруулж гэрээ байгуулна:
4.5.1.тухайн улсад энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх;
4.5.2.гадаад улсын визийн төвийн үйл ажиллагаа эрхэлсэн 3-аас доошгүй жилийн туршлагатай байх;
4.5.3.гадаад улсын визийн төвийн үйл ажиллагаа эрхлэх хугацаандаа ноцтой алдаа дутагдал гаргаагүй байх;
4.5.4.визийн төвийн үйлчилгээ үзүүлэхээр санал болгож буй байрны нөхцөл, тохижилт, техникийн шийдэл болон хүний нөөц, үйлчилгээг эхлүүлэх бэлэн байдал;
4.5.5.виз мэдүүлэгчээс авах үйлчилгээний хураамжийн хэмжээ.
4.6.Энэ журмын 4.5-д заасны дагуу сонгон шалгаруулах ажиллагааг явуулахдаа тухайн визийн төвийн үйл ажиллагааг эрхлэн явуулах хүсэлт ирүүлсэн хуулийн этгээдийн талаар Монгол Улсын холбогдох Дипломат төлөөлөгчийн газрын саналыг авах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг хуулийн этгээдийн талаар тухайн улсын эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодруулга авч болно.
4.7.Энэ журмын 4.4-т заасны дагуу байгуулагдсан ажлын хэсэг нь визийн төв эрхлэн ажиллуулахтай холбоотой энэ журамд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдийн хүсэлтийг хэлэлцэн, ажлын хэсгийн нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд шаардлага хангаагүй хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
4.8.Хэрэв энэ журмын 2.1-д заасны дагуу тогтоосон Монгол Улсын визийн төв нээх байршилд холбогдох шаардлагыг хангасан бөгөөд саналаа ирүүлсэн хуулийн этгээдийн тоо 1-ээс дээшгүй тохиолдолд 4.5-д заасны дагуу сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулж, зохих шийдвэрийг гаргана.
4.9.Энэ журмын дагуу зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд энэ журмын 3.4-т заасан нэгжийн удирдлага танилцуулж, холбогдох шийдвэрийг албажуулснаас хойш 7 хоногийн дотор шалгарсан хуулийн этгээдэд бичгээр мэдэгдэж, гэрээ байгуулах ажлыг хариуцан хэрэгжүүлнэ.
Тав.Маргаан шийдвэрлэх
5.1.Сонгон шалгаруулах ажиллагаатай холбоотой маргааныг Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A