A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

Засгийн газрын 2021 оны 109 дүгээр
  тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны чиглэл, зарчим, хамрах хүрээ, зохион байгуулалт, санхүүжилт, арга хэлбэрийг тодорхойлж, түүнд холбогдох харилцааг зохицуулна.

1.2.Энэ журмын зорилго нь төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, энэ үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулах замаар төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгоход оршино.

1.3.Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, олон нийтийн сайн дурын оролцоонд түшиглэх, улс төрийн нөлөөллөөс ангид, нээлттэй, ил тод, тэгш шударгаар өрсөлдөх боломжтой байх зарчмыг баримтална.

1.4.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, бүх шатны Засаг даргын Тамгын газар, нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн харьяа байгууллага, төрийн үйлчилгээний байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, нийтийн албан тушаалтны үйл ажиллагааг энэ журмын 2.1-д заасан олон нийтийн хяналтад хамруулна.

Хоёр.Үйл ажиллагааны чиглэл

2.1.Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:

      2.1.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан мэдээллийн ил тод, нээлттэй байдал;

      2.1.2.Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийн ил тод, нээлттэй байдал;

      2.1.3.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн             31 дүгээр зүйлийн 31.2-т заасан иргэний эрх, мөн хуулийн 34, 36, 38, 39 дүгээр зүйлийн хэрэгжилт;

      2.1.4.Авлигын эсрэг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн   6.1-д заасан төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүргийн хэрэгжилт;

      2.1.5.Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан саналыг авсан эсэх, мөн зүйлийн 62.2-т заасан хэлэлцүүлгийг хийсэн эсэх;

      2.1.6.Төсвийн тухай хуульд заасан олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг хяналт тавих боломжоор хангасан эсэх;

      2.1.7.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмын хэрэгжилтийн байдал;

      2.1.8.Албан тушаалтан хандив авах, давхар ажил эрхлэх, төлбөр авах, төлөөлөл хэрэгжүүлэх зэрэг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн эсэх;

      2.1.9.Албаны үүргээ хэрэгжүүлэх явцад үл ойлгогдохуйц нөхцөл байдал үүсгэсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд шийдвэр гаргасан, үйл ажиллагаа эрхэлсэн эсэх;

      2.1.10.Тодорхой салбарт болон орон нутаг, нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас батлан мөрдүүлсэн шийдвэр нь дор дурдсан нөхцөл байдлыг үүсгэсэн эсэх:

               2.1.10.1.хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;

               2.1.10.2.ил тод, нээлттэй байдлыг хязгаарласан;

               2.1.10.3.ашиг хонжоо олох, давуу байдал үүсгэх боломж бүрдүүлсэн;

               2.1.10.4.үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон;

               2.1.10.5.хуулиар хориглосон, хязгаарласан хэм хэмжээ тогтоосон эсэх;

               2.1.10.6.хууль тогтоомжоор зөвхөн тухайн албан тушаалтанд олгосон эрх хэмжээг бусдад шилжүүлсэн, боломж олгосон;

               2.1.10.7.хууль тогтоомж зөрчин аливаа бүтэц, нэгж, орон тоо, эрх хэмжээ бий болгосон эсэх;

               2.1.10.8.aливаа байгууллага, иргэн шударгаар өрсөлдөх боломжийг хязгаарласан, сонгон шалгаруулалтын зарчмыг алдагдуулсан эсэх;

               2.1.10.9.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн;

               2.1.10.10.иргэд, олон нийтийн оролцоо, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэрлэх явцын мэдээллээр хангагдах боломжийг хязгаарласан;

2.2.Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч нь цахим хуудас, нээлттэй мэдээлэл, өгөгдлийн санд байршуулсан нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ) эргэлзээтэй гэж үзвэл холбогдох мэдээллийг зохих байгууллагад хүргүүлж болно.

2.3.Төрийн байгууллага, албан тушаалтан нь байгууллага, салбарын онцлог, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, чиг үүргээс хамааран өөрийн байгууллага, албан хаагчдын гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гарч болзошгүй шалтгаан нөхцөлийг тодорхойлох, арилгахад чиглэсэн арга хэмжээг олон нийтийн хяналтын оролцоотой хэрэгжүүлнэ.

Гурав.Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хэлбэр

3.1.Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг дараахь хэлбэрээр хэрэгжүүлнэ:

      3.1.1.төрийн байгууллагын цахим хуудсанд мониторинг, дүн шинжилгээ хийж, тайлан, мэдээлэл, санал боловсруулах;

      3.1.2.нээлттэй өгөгдлийн системийг ашиглах, харьцуулах, судлах, тайлан, мэдээлэл, санал боловсруулах;

      3.1.3.тухайн байгууллагын нээлттэй мэдээ, мэдээлэлтэй танилцах, судалгаа хийх, мэдээлэл, санал боловсруулах;

      3.1.4.төрийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээний явцад ажиглалт хийх, тайлан, мэдээлэл, санал боловсруулах.

3.2.Төрийн байгууллага, албан тушаалтан нь энэ журмын 2.1-д заасан чиглэлээр олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төрийн болон албаны, хувь хүний нууцад хамаарахаас бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

3.3.Энэ журмын 4.1-д заасан этгээд нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлсэн тухай тайлан, мэдээлэл, илтгэх хуудсыг цаашид авах арга хэмжээний саналын хамт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, салбар зөвлөл болон энэ журмын 1.4-т заасан байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

3.4.Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлсэн тухай тайлан, мэдээлэл, илтгэх хуудас, цаашид авах арга хэмжээний санал нь иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй байна.

Дөрөв.Зохион байгуулалт, сонгон шалгаруулалт

4.1.Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх этгээдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулна. Нээлттэй сонгон шалгаруулалтад иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага оролцож болно.

4.2.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, салбар зөвлөл нь энэ журмын 6.2, 6.3-т заасан чиглэлийн хүрээнд сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулна.

4.3.Энэ журмын 4.1-д заасан этгээд нь дор дурдсан шаардлагыг хангасан байна:

      4.3.1.хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтантай сүүлийн       2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй;

      4.3.2.хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтантай сүүлийн       2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж ажиллаагүй байх;

      4.3.3.хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтнаас сүүлийн        2 жилийн хугацаанд бэлэг, хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх;

      4.3.4.олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийн гэр бүл, найз нөхөд, нэгдмэл сонирхолтой этгээд нь хяналт хэрэгжүүлэх байгууллагад ажилладаггүй байх;

      4.3.5.хяналт хэрэгжүүлэх байгууллагын эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий этгээд биш байх.

4.4.Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч нь төрийн хяналт шалгалт хийх эрхгүй байх бөгөөд хяналтыг хэрэгжүүлэхдээ тухайн байгууллага, албан тушаалтны эрх хэмжээний асуудлаар шийдвэр гаргах болон байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.

Тав.Санхүүжилт

5.1.Энэ журмын 1.4-т заасан байгууллага тухайн төсвийн жилд хэрэгжүүлэх олон нийтийн хяналтын чиглэлийг тодорхойлж, холбогдох зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлж болно. Олон нийтийн хяналтыг      хэрэгжүүлэгч нь хяналт хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны зардлын тодорхой хэсгийг сайн дурын үндсэн дээр эсхүл, үнэ төлбөргүй хариуцаж болно.

5.2.Энэ журмын 1.4-т заасан байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, салбар зөвлөл нь  тухайн жилд 6.2, 6.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсөвт тусган, гэрээний үндсэн дээр санхүүжүүлж болно.

Зургаа.Бусад

6.1.Энэ журмын 4.1-д заасан этгээдээс олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхийн өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн           8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу мэдэгдэл гаргуулан авч болно.

6.2.Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбоотой сургалт, сурталчилгааны ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, салбар зөвлөл хариуцан гүйцэтгэх ба тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий бусад байгууллагатай хамтран ажиллана.

6.3.Энэ журмын 1.4-т заасан байгууллага, албан тушаалтан олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, холбогдох албан тушаалтанд хуульд заасан хариуцлагыг ногдуулах, дэвшүүлсэн саналыг судалж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах арга хэмжээг авах үүрэгтэй.

6.4.Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


---о0о---