A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2021 оны 192 дугаар

      тогтоолын хавсралт                            

 

МОНГОЛ УЛСЫН ВИЗ ОЛГОХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн (цаашид "гадаадын иргэн" гэх)-д Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, тус улсад байх визийн хугацааг сунгах, визийг хүчингүй болгохтой холбогдсон харилцаанд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмыг мөрдөнө.

1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ журамд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

1.3.Харилцан адил байх зарчмыг баримтлан виз олгох нөхцөлийг өөрчилж болно.

1.4.Халдварт цар тахал, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор бүх төрлийн виз, визийн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг виз олгох эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлж болно.

Хоёр.Визийн ангилал

2.1.Дипломат, албан ангиллын визийг дараахь гадаадын иргэнд олгоно:

         2.1.1."D" ангиллын визийг дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажилтан, албан тушаалтанд;

2.1.2."D-1" ангиллын визийг дипломат паспорттай гадаадын иргэн, улаан өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажилтан, албан тушаалтны хамаарал бүхий этгээдэд;

2.1.3."A1" ангиллын визийг албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай  гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан, албан тушаалтанд;

2.1.4."A1-1" ангиллын визийг албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай  гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан, албан тушаалтны хамаарал бүхий этгээдэд;
2.1.5."A2" ангиллын визийг гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтанд;

2.1.6."A2-1" ангиллын визийг гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтны хамаарал бүхий этгээдэд;

2.1.7."А3" ангиллын визийг Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэнд;

2.1.8."A3-1" ангиллын визийг Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

2.2.Хөрөнгө оруулагчийн ангиллын визийг дараахь гадаадын иргэнд олгоно:

2.2.1."B1" ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчид;

2.2.2."B1-1" ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий этгээдэд;

2.2.3."B2" ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэнд;

2.2.4."B2-1" ангиллын визийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.2.5."B3" ангиллын визийг гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэнд;

2.2.6."B3-1" ангиллын визийг гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

2.3.Хөдөлмөр эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

2.3.1."C1" ангиллын визийг барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

2.3.2."C1-1" ангиллын визийг барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.3.3."C2" ангиллын визийг шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

2.3.4."C2-1" ангиллын визийг шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.3.5."C3" ангиллын визийг геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

2.3.6."C3-1" ангиллын визийг геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.3.7."C4" ангиллын визийг санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

2.3.8."C4-1" ангиллын визийг санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.3.9."C5" ангиллын визийг соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

2.3.10."C5-1" ангиллын визийг соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.3.11."C6" ангиллын визийг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт  ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

2.3.12."C6-1" ангиллын визийг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.3.13."C7" ангиллын визийг хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

2.3.14."C7-1" ангиллын визийг хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.3.15."C8" ангиллын визийг эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

2.3.16."C8-1" ангиллын визийг эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.3.17."С9" ангиллын визийг хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

2.3.18."С9-1" ангиллын визийг хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.3.19."C10" ангиллын визийг өрхийн хэрэгцээнд зориулсан асаргаа, үйлчилгээний чиглэлээр ажиллахаар ирэх гадаадын иргэнд;

2.3.20."C11" ангиллын визийг тээврийн салбарт ажиллах болон экспортын ачаа тээвэрлэх гадаадын иргэнд.
2.4.Суралцах зорилгоор ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

2.4.1."E1" ангиллын визийг ерөнхий боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэнд;

2.4.2."E2" ангиллын визийг дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэнд;

2.4.3."E2-1" ангиллын визийг дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.4.4."E3" ангиллын визийг монгол хэл, түүх, соёлын болон бусад чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэнд;

2.4.5."E4" ангиллын визийг төрийн өмчит хуулийн этгээд болон эрдэм шинжилгээний байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэнд;

2.4.6."E5" ангиллын визийг инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэнд;

2.4.7."E5-1" ангиллын визийг инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

2.5.Гэр бүлийн зорилгоор ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

2.5.1."F1" ангиллын визийг Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэнд;

          Тайлбар: Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ Монгол Улсын, эсхүл гадаад улсын иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн гадаадын иргэнийг ойлгоно.

2.5.2."F1-1" ангиллын визийг Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэний эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, хүүхдэд;

2.5.3."F2" ангиллын визийг Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд;

2.5.4."F2-1" ангиллын визийг Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.5.5."F3" ангиллын визийг Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэнд;

2.5.6."F3-1" ангиллын визийг Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

2.6.Цагаачлах зорилгоор ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

2.6.1."G" ангиллын визийг цагаачид;

2.6.2."G-1" ангиллын визийг цагаачийн хамаарал бүхий этгээдэд.

2.7.Хувийн зорилгоор ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

2.7.1."H1" ангиллын визийг Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэнд;

2.7.2."H1-1" ангиллын визийг Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.7.3."H2" ангиллын визийг Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэнд;

2.7.4."H2-1" ангиллын визийг Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэний хамаарал бүхий этгээдэд;

2.7.5."H3" ангиллын визийг хувийн бусад зорилгоор буюу энэ журмын 2.1-2.6, 2.7.1-2.7.4, 2.8, 2.9-д зааснаас бусад зорилгоор ирэх гадаадын иргэнд.

2.8.Шашны зорилгоор ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

2.8.1."J" ангиллын визийг шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэнд;

2.8.2."J-1" ангиллын визийг шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

2.9.Түр ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:

2.9.1."K1" ангиллын визийг ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэнд;

2.9.2."K2" ангиллын визийг жуулчлах зорилгоор ирэх гадаадын иргэнд;

2.9.3."K3" ангиллын визийг хил орчмын жуулчинд;

2.9.4."K4" ангиллын визийг соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэнд;

2.9.5."K5" ангиллын визийг импортын ачаа болон зорчигч тээвэрлэх гадаадын иргэнд;
2.9.6."K6" ангиллын визийг дамжин өнгөрөх гадаадын иргэнд;

2.9.7."K7" ангиллын визийг Монгол Улсын олон улсын гэрээгээр тохиролцсоны дагуу харилцан адил нөхцөлөөр хөдөлмөр эрхлэх боломж бүхий богино хугацааны жуулчлалын хөтөлбөрт хамрагдан ирэх гадаадын иргэнд;

2.9.8."K8" ангиллын визийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар  ирэх гадаадын иргэнд.

Гурав.Виз, визийн зориулалт, төрөл, хугацаа

3.1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11.5-д заасан зориулалтын визийг дараахь гадаадын иргэнд олгоно:

3.1.1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.4-5.1.6-д заасан гадаадын иргэнд "орох";

3.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нэг улсаас нөгөө улсад зорчиж байгаа гадаадын иргэнд "дамжин өнгөрөх".

3.2."Визийн хүчинтэй хугацаа" гэдэгт орох, дамжин өнгөрөх бүх төрлийн виз олгосон өдрөөс Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэлх хугацааг ойлгоно. Энэ нь дараахь хугацаатай байна:

                     3.2.1.нэг болон хоёр удаагийн "орох", "дамжин өнгөрөх" виз             150 хоног;

                     3.2.2.олон удаагийн виз 183 эсхүл 365 хоног.

3.3.Виз дээр бичигдсэн "байх хугацаа" нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш тус улсад байх хугацааг заах бөгөөд дараахь хугацаатай байна:

                     3.3.1.нэг болон хоёр удаагийн орох виз 90 хүртэл хоног;

3.3.2.олон удаагийн виз 30 хоног;

3.3.3.бүх төрлийн "дамжин өнгөрөх" виз 10 хүртэл хоног;

3.3.4.хил орчмын жуулчинд олгох өдрийн виз 3 хүртэл хоног;

3.3.5.албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний "орох" виз дээр байх хугацааг заахгүй.

3.4.Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх нийт хугацаа тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд тус улсад оршин суух зөвшөөрөл авна.

3.5.Визийн хүчинтэй хугацааг он, сар, өдөр гэсэн дарааллаар тэмдэглэнэ.

3.6.Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь түүний хүчинтэй хугацаанд Монгол Улсад нэвтрэх визийг орлох бөгөөд визийн хуудасны нэгэн адил машинаар уншигдах мэдээллийн хэсэгтэй байна. Гадаадын иргэний оршин суух үнэмлэх нь гадаадын иргэний паспортын хамт хүчин төгөлдөр байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 484 дүгээр тогтоолоор нэмсэн)

Дөрөв.Виз олгох байгууллагын бүрэн эрх

4.1.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1.энэ журмын 2.1.1-2.1.6-д заасан ангиллын виз, визийн зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, ангиллыг өөрчлөх, хугацааг сунгах, хүчингүй болгох.

4.2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.2.1.энэ журмын 2.1.7-2.9.8-д заасан ангиллын бүх төрлийн визийг олгох, олгохоос татгалзах, хугацааг сунгах, хүчингүй болгох, энэ журмын 2.9.2-т заасан 30 хүртэлх хоногийн нэг, хоёр удаагийн болон 2.9.3-т зааснаас бусад ангиллын бүх төрлийн визийн зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, хүчингүй болгох;

4.2.2.тухайн ангиллын виз олгоход шаардагдах баримт бичгийн иж бүрдлийг биедээ авч яваа нөхцөлд энэ журмын 2.1.7-2.9.8-д заасан ангиллын орох, дамжин өнгөрөх визийг Монгол Улсын хилийн боомт дээр олгох;

4.2.3.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон визийн зөвшөөрлийн дагуу энэ журмын 2.1.1-2.1.6-д заасан ангиллын визийг Монгол Улсын хилийн боомт дээр олгох.

4.3.Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар нь виз олгох талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.3.1.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон визийн зөвшөөрлийн дагуу энэ журмын 2.1.1-2.1.6-д заасан ангиллын визийг олгох;

4.3.2.энэ журмын 2.9.2-т заасан ангиллын 30 хүртэлх хоногийн нэг, хоёр удаагийн болон 2.9.3, 2.9.6-т заасан ангиллын визийг олгох; (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 484 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

4.3.3.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон визийн зөвшөөрлийн дагуу энэ журмын 4.3.1, 4.3.2-т зааснаас бусад визийг олгох;

        4.3.4.Монгол Улсыг хавсран суугаа болон гадаад улсын бусад Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөний ноот бичгийг үндэслэн гадаадын иргэнд 2.1.1-2.1.6-т заасан ангиллын визийг олгох.

4.4.Виз олгох байгууллага нь энэ журмын 2.5.3, 2.5.5, 2.7.3-т заасан ангиллын нэг болон хоёр удаагийн "орох" зориулалтын 90 хүртэл хоногийн визийг зөвшөөрөлгүйгээр олгож болно.

Тав.Визийн зөвшөөрөл олгох

5.1.Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.

5.2.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ журмын 2.1.1-2.1.6-д заасан ангиллын визийн зөвшөөрөл авах хүсэлт гаргагч дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

5.2.1.ноот, албан захидал зэрэг баримт бичиг;

5.2.2.гадаадын иргэний паспорт, паспортыг орлох баримт бичиг (цаашид "паспорт" гэх)-ийн хуулбар;

5.2.3.визийн мэдүүлгийн хуудас;

5.3.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ журмын 4.2.1-д заасан визийн зөвшөөрөл авах хүсэлт гаргагч дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

                  5.3.1.уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт;

                  5.3.2.гадаадын иргэний паспортын хуулбар;

5.3.3.хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах зорилгоор ирэх гадаадын иргэнд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл;

5.3.4.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын гэрчилгээний хуулбар;

5.3.5.мэдүүлгийн хуудас.

5.4.Гадаадын иргэний хамаарал бүхий этгээд виз мэдүүлэхэд гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт бичгийг албан ёсны орчуулгын хамт бүрдүүлнэ.

5.5.Хөрөнгө оруулах зорилгоор визийн зөвшөөрөл мэдүүлэхэд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны, эсхүл цагдаагийн байгууллагын тодорхойлолт, визийн зөвшөөрөл мэдүүлэгчийн сүүлийн 6 сарын дансны хуулгыг бүрдүүлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 484 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5.6.Олон удаагийн виз, визийн зөвшөөрөл хүсэхэд энэ журмын 5.3-т зааснаас гадна уригч аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээ, гаалийн бүрдүүлэлт, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт зэрэг хилийн боомтоор олон удаа нэвтрэх шаардлагатайг нотлох баримт бичгийг бүрдүүлнэ.

5.7.Визийн зөвшөөрлийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон хилийн боомт дахь гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын салбар, нэгжид цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

5.8.Шаардлагатай тохиолдолд виз, визийн зөвшөөрөл олгохдоо тагнуул, цагдаагийн байгууллагын саналыг авах бөгөөд тухайн байгууллага нь саналаа ажлын 5 өдрийн дотор ирүүлнэ.

5.9.Виз, визийн зөвшөөрөл мэдүүлэгч, уригч дараахь үүрэг хүлээнэ:

5.9.1.мэдүүлгийн үнэн зөвийг нотлох;

5.9.2.баримт бичгийг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх;

5.9.3.шаардсан нэмэлт баримт бичгийг бүрдүүлэх.

Зургаа.Виз олгох

6.1."Дамжин өнгөрөх" визийг тухайн гадаадын иргэний очих улсын виз, эсхүл тийзийг үндэслэн хилийн боомт дээр олгож болно.

6.2.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11.8, 15.1-д заасан виз мэдүүлэхдээ дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

6.2.1.паспорт;

6.2.2.3.5 см x 4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;

6.2.3.мэдүүлгийн хуудас;

6.2.4.гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;

6.2.5.визийн хураамж төлсөн баримт.

6.3.Гадаадын иргэн нь Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, хилийн боомтод энэ журмын 2.1.1-2.1.6-д заасан ангиллын виз мэдүүлэхдээ дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

6.3.1.паспорт;

6.3.2.3.5 см x 4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;

6.3.3.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг, эсхүл визийн зөвшөөрөл.

6.3.4.мэдүүлгийн хуудас.

6.4.Энэ журмын 2.9.2-т заасан "K2" ангиллын 30 хүртэл хоногийн нэг болон хоёр удаагийн виз мэдүүлэгч нь Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, хилийн боомтод виз мэдүүлэхдээ дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

6.4.1.паспорт;

6.4.2.3.5 см x 4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;

6.4.3.мэдүүлгийн хуудас;

6.4.4.гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;

6.4.5.визийн хураамж төлсөн баримт;

6.4.6.шаардлагатай тохиолдолд санхүүгийн чадавхтайг нотолсон баримт бичиг, ирэх, буцах тийз захиалгын хуудас.

6.5.Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, хилийн боомтод энэ журмын 6.3, 6.4-т зааснаас бусад ангиллын виз мэдүүлэхдээ дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

6.5.1.паспорт;

6.5.2.3.5 см x 4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;

6.5.3.мэдүүлгийн хуудас;

6.5.4.виз олгох эрх бүхий байгууллагаас олгосон визийн зөвшөөрөл, хувийн урилга;

6.5.5.шаардлагатай бол албан хүсэлт;

6.5.6.визийн хураамж төлсөн баримт.

6.6.Энэ журмын 2.9.3-т заасан ангиллын визийг Монгол Улсын хилийн тухай хуульд заасан хил орчмын нутаг дэвсгэр буюу хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрт жуулчлах гадаадын иргэнд олгоно.

6.7.Хил орчмын аялал жуулчлалаар ирэх бүлэг жуулчинд олгох "K3" ангиллын визийг ахлагчийн паспорт дээр, дагалдан зорчих гишүүдийн визийг жагсаалтаар буюу хавсралт хуудсаар олгож болно.

6.8.Энэ журмын 6.7-д заасан бүлэг жуулчны Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл, маршрут, аяллын хөтөлбөр, ирэх, буцах хугацаа адил байна.

6.9.Энэ журмын 2.9.7-д заасан "К7" ангиллын виз олгохтой холбоотой нарийвчилсан зохицуулалтыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.

         6.10.Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн      газар нь энэ журмын 2.9.2-т заасан "К2" ангиллын 30 хүртэл хоногийн визийг олгохдоо холбогдох баримт бичгийг хүлээн авч виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээллийг бүртгэн, хянаж, виз олгох эсэхийг шийдвэрлэнэ.

6.11.Олон улсын нислэгээр албан ажлаар ирж байгаа агаарын хөлгийн багаас 72 хүртэл цагийн хугацаатай нэвтрэхэд виз шаардахгүй. 

6.12.Визийн мэдүүлгийг дараахь албан тушаалтан хянан баталгаажуулснаар виз олгоно:

         6.12.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал эрхэлсэн нэгжийн эрх бүхий албан тушаалтан;

         6.12.2.Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтан;

         6.12.3.гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, түүний эрх олгосон албан тушаалтан.

6.13.Хуудас дууссан, хүчингүй болсон, эсхүл гэмтээсэн зэргээр ашиглах боломжгүй болсон хүчин төгөлдөр визтэй паспортыг шинэ паспортын хамт авч яваа тохиолдолд визийг шилжүүлэхийг шаардахгүй.

6.14.Гадаадын иргэн хүсэлт гаргасан тохиолдолд визийг шинэ паспортад шилжүүлэн олгох бөгөөд зөвхөн визийн үйлчилгээний хөлс төлнө.

6.15.Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн гэрээнд зааснаас илүү хугацаагаар зорчих, оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд зохих ангиллын визийг урьдчилан авсан байна.

6.16.Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд хураамжийг буцаан олгохгүй.

Долоо.Цахим виз олгох

7.1.Энэ журмын 2.1.1-2.1.6-д заасан ангиллын визийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 2.1.7-2.1.8, 2.2-2.9-д заасан ангиллын визийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цахимаар олгож болно. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 484 дүгээр тогтоолоор нэмэлт орсон. Засгийн газрын 2024 оны 107 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

7.2.Цахимаар виз мэдүүлэгч нь цээж зураг болон энэ журмын 5.3, 5.4-т заасан холбогдох баримт бичгийг системд оруулна. (Засгийн газрын 2024 оны 107 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

7.3.Энэ журмын 2.9.2, 2.9.3, 2.9.4, 2.9.6-д заасан ангиллын цахим визийн мэдүүлгийг 2 хүртэл хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 484 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон. Засгийн газрын 2024 оны 107 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

7.4.Цахим визийг олгохыг зөвшөөрсөн тохиолдолд овог нэр, төрсөн огноо, хүйс, паспортын дугаар, улсын харьяалал, бүртгэлийн дугаар, визийн дугаар, олгосон огноо, хүчинтэй огноо, ангилал, байх хугацаа зэрэг шаардлагатай мэдээлэл бүхий визийг виз мэдүүлэгчийн баталгаат цахим шууданд илгээнэ.

7.5.Цахим визийг олгохоос татгалзсан тохиолдолд энэ тухай виз мэдүүлэгчийн баталгаат цахим шууданд хариуг илгээнэ.

7.6.Цахим визийн загварыг Олон улсын иргэний агаарын тээврийн холбоо, гадаад улсын болон олон улсын холбогдох байгууллагад бүртгүүлэх асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

Найм.Виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзах, хүчингүй болгох

8.1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан болон дараахь үндэслэлээр виз, визийн зөвшөөрлийг олгохоос татгалзана:

                     8.1.1.шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөөгүй, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн нь тогтоогдсон;            

                     8.1.2.виз, визийн зөвшөөрөл олгох үндэслэл тогтоогдоогүй;

  8.1.3.гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй;

  8.1.4.эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзан.

         8.2.Виз, визийн зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:

                     8.2.1.Монгол Улсад орохыг үл зөвшөөрсөн хуульд заасан үндэслэл байгаа тохиолдолд;

                     8.2.2.уригчийн үндэслэл бүхий хүсэлтийг харгалзан;

                     8.2.3.эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн саналыг харгалзан;

                     8.2.4.визийн хуудас засвартай, бичилт, тэмдэглэгээ алдаатай;

                     8.2.5.албадан гаргаж байгаа;

                     8.2.6.визийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй олгосон;

                     8.2.7.баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон;

                     8.2.8.гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн санал, дүгнэлт.

8.3.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн нь гадаадын иргэн, уригч, ажил олгогчид виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно.

8.4.Визийг хүчингүй болгохдоо визийн хуудас дээр "хүчингүй" буюу "void" тэмдэг дарна.

8.5.Энэ журмын 8.1.1-д заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн нь тогтоогдсон болон 8.2.7-д заасан үндэслэлээр виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан, хүчингүй болгосон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно.

8.6.Визийн мэдүүлгийг хянан үзээд виз олгохоос татгалзах тохиолдолд энэ тухай хариу мэдэгдэнэ.
8.7.Энэ журмын 8.2-т заасан үндэслэлээр визийг хүчингүй болгосон бол зохих ангиллын визийг дахин олгох эсэх асуудлыг хянан шийдвэрлэнэ.

Ес.Монгол Улсад байх хугацааг сунгах

9.1.Түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацааг сунгуулах хүсэлтээ дараахь баримт бичгийг бүрдүүлэн уг хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан эрх бүхий байгууллагад гаргана:

                     9.1.1.паспорт;

                     9.1.2.уригчтай бол уригчийн хүсэлт;

9.1.3.мэдүүлгийн хуудас.

9.2.Түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болно.

9.3.Төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагын шугамаар ирсэн гадаадын иргэний визийн хугацааг сунгахад энэ журмын 9.2 дахь хэсэг хамаарахгүй.

9.4.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчиж, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн түр ирэгч гадаадын иргэний тухайн визийн байх хугацааг сунгахгүй.

9.5.Гадаадын иргэний баримт бичигт визийн сунгалт хийсэн өдрийг "Registered" (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг "Until" (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдэгт тэмдэглэнэ.

Арав.Бусад

10.1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчиж Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн гадаадын иргэний баримт бичигт тус улсаас гарах эцсийн хугацааг заахдаа энэ журмын 9.5-д заасан тэмдэгт тэмдэглэнэ.

10.2.Энэ журмын 10.1-д заасан тэмдэглэгээ нь шийтгэл оногдуулсан өдрөөс хойш 10 хүртэл хоногийн хугацаатай байна. Гадаадын иргэн нь уг хугацаанд багтаж Монгол Улсаас гарах үүрэгтэй.

10.3.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь "Визийн мэдүүлгийн хуудас", бүлэг жуулчинд олгох хавсралтын загвар, энэ журмын 8.4, 9.5-д заасан тэмдгийн загварыг тус тус баталж, загварыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 484 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

10.4.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь виз, визийн зөвшөөрөл олгох, сунгах хүсэлтийг ажлын 5 хоногт, яаралтай бол ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэнэ.

10.5.Виз, визийн зөвшөөрөл мэдүүлэхэд паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна.

10.6.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11.8-д заасан болон Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалтыг гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

10.7.Гадаадын иргэнийг шилжүүлэн ажиллуулж буюу суралцуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уригчийн  үүргийг хүлээнэ.

10.8.Энэ журмын 2.9.2-т заасан ангиллын визийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан Монгол Улсын визийн төвөөр дамжуулан мэдүүлж болно.

 


---о0о---