A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ БОЛОН ТҮҮНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2021 оны 194 дүгээр

      тогтоолын хавсралт                           

 

ГАДААДЫН ИРГЭН МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУХ
БОЛОН ТҮҮНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн, харьяалалгүй хүн (цаашид "гадаадын иргэн" гэх)-ийг бүртгэх, оршин суух зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах, хэлбэр, төрөл өөрчлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ журамд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.


Хоёр.Гадаадын иргэнийг бүртгэх, бүртгэхээс чөлөөлөх

2.1.Улсын хилээр нэвтрэх үед дараахь гадаадын иргэний биеийн давхцахгүй өгөгдлийг бүртгэхгүй. Үүнд:

       2.1.1.дипломат, албан паспорт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын лесе пасе бүхий гадаадын иргэн;

       2.1.2.Монгол Улсад айлчилж буй төрийн өндөр албан тушаалтан,  дагалдан яваа зочид, төлөөлөгчид;

       2.1.3.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.1 дэх хэсэгт заасан зорилгоор оршин суух болон түр ирэх гадаадын иргэн;

       2.1.4.агаарын замын боомтоор дамжин өнгөрөх гадаадын иргэн;

       2.1.5.гарын арван хурууны хээ авах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй гадаадын иргэн;
 
       2.1.6.агаарын хөлгийн болон галт тэрэг, зүтгүүрийн багийн гишүүн;

       2.1.7.16-аас доош насны гадаадын иргэн.
       2.1.8.хилийн төлөөлөгч, орлогч, туслах ажилтнууд; (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор нэмсэн)
       2.1.9.энхийг дэмжих ажиллагаа болон хамтарсан сургууль, дадлагад оролцох цэргийн багийн гишүүд; (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор нэмсэн)
       2.1.10.цар тахал болон хөл хориот, гоц халдварт өвчний үед халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахиулах үүднээс улс хоорондын ачаа тээврийн жолооч. (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор нэмсэн)

2.2.Гадаадын иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24.3-т заасан бүртгэлийн дугаарыг нэг удаа олгоно.

2.3.Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь гадаадын иргэний паспорт, паспортыг орлох баримт бичиг (цаашид "паспорт" гэх)-ийн нүүрэн талын үндсэн мэдээлэл (паспорт дээрх латин үсгээр бичигдсэн овог нэр, паспортын дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс)-ийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор  бүртгүүлнэ.

Гурав.Албан хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл

3.1.Монгол Улсад албан хэргээр оршин суух хэлбэрийг дараахь иргэн болон хамаарал бүхий этгээдэд дор дурдсан төрлөөр олгоно:

       3.1.1."D" гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон консулын газарт ажиллах Элчин сайд, түр хамаарагч, дипломат ажилтан, Консул, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газарт ажиллах суурин төлөөлөгчид;

       3.1.2."D-1" гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон консулын газарт ажиллах Элчин сайд, түр хамаарагч, дипломат ажилтан, Консул, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газарт ажиллах суурин төлөөлөгчийн хамаарал бүхий этгээдэд;

       3.1.3."A1" гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон консулын газарт ажиллах ажилтан, захиргаа-техникийн болон үйлчилгээний ажилтан, хувийн үйлчилгээний ажилтан, гадаад улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газарт ажиллах ажилтанд;

       3.1.4."A1-1" гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон консулын газарт ажиллах ажилтан, захиргаа-техникийн болон үйлчилгээний ажилтан, хувийн үйлчилгээний ажилтан, гадаад улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газарт ажиллах ажилтны хамаарал бүхий этгээдэд;

       3.1.5."A2" гадаад улсын, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт болон түүнийг төлөөлж ажиллах албан ёсны ажилтан, гэрээт ажилтан, зураглаач, гэрэл зурагчин, дууны инженер, ерөнхий редакторын туслах, техник ажилтан зэрэг хэвлэл мэдээллийн ажилтанд;

       3.1.6."A2-1" гадаад улсын, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт болон түүнийг төлөөлж ажиллах албан ёсны ажилтан, гэрээт ажилтан, зураглаач, гэрэл зурагчин, дууны инженер, ерөнхий редакторын туслах, техник ажилтан зэрэг хэвлэл мэдээллийн ажилтны хамаарал бүхий этгээдэд;

       3.1.7."А3" төрийн болон Засгийн газар хоорондын, олон улсын байгууллагад ажиллах гадаадын иргэнд;

      3.1.8."A3-1" төрийн болон Засгийн газар хоорондын, олон улсын байгууллагад ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

3.2.Энэ журмын 3.1.1-3.1.6-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох, сунгах асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энэ журмын 3.1.7, 3.1.8-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг олгох, сунгах асуудлыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус тус шийдвэрлэнэ.

3.3.Энэ журмын 3.1.1-3.1.4-т заасан гадаадын иргэн дараахь баримт бичгийг бүрдүүлэн оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргана:

      3.3.1.ноот, албан захидал зэрэг баримт бичиг;

      3.3.2.паспорт, паспортын хуулбар;

      3.3.3.мэдүүлгийн хуудас;

      3.3.4.3.5 см х 4.5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг;

      3.3.5.энэ журмын 3.1.4-т заасан хувийн үйлчилгээний ажилтны хувьд тухайн иргэнийг бүрэн хариуцах тухай Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээс олгосон батламж.

3.4.Энэ журмын 3.1.5, 3.1.6-д заасан гадаадын иргэн дараахь баримт бичгийг бүрдүүлэн оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргана:

       3.4.1.Монгол Улсад байнга, эсхүл түр хугацаагаар томилон ажиллуулах  тухай харьяа хэвлэл мэдээллийн байгууллагын албан бичиг;

      3.4.2.гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн ажилтан нь гадаад улсын болон олон улсын хэвлэл мэдээллийн тухайн байгууллагын тодорхойлолт, албан бичиг;

      3.4.3.паспорт, паспортын хуулбар;

      3.4.4.мэдүүлгийн хуудас;

      3.4.5.3.5 см x 4.5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг.

3.5.Энэ журмын 3.1.7, 3.1.8-д заасан гадаадын иргэн дараахь баримт бичгийг бүрдүүлэн оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргана:

       3.5.1.хөдөлмөр эрхлэхээр оршин суух тохиолдолд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллагын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл;

       3.5.2.гадаадын иргэнийг уригч байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг;

       3.5.3.оршин суугаа хаягийн талаарх сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

       3.5.4.паспорт, паспортын хуулбар;

       3.5.5.мэдүүлгийн хуудас;
       3.5.6.3.5 см х 4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг.

3.6.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.1.1-3.1.6-д заасан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг хүсэлт гаргасан ноот бичиг, албан захидалд дурдсан хугацаагаар олгох бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг уг хугацаа дуусахаас ажлын 14 хоногийн өмнө ноот бичиг, албан захидлаар хүргүүлнэ.

3.7.Энэ журмын 3.1.7, 3.1.8-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилээр олгож, тухай бүр 1 хүртэл жилээр сунгана.

3.8.Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахаас чөлөөлөгдсөн гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг уригч байгууллагын хүсэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага 3 хүртэл жилээр олгож, тухай бүр 3 хүртэл жилээр сунгана.

3.9.Энэ журмын 3.1.1-3.1.6-д заасан эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 21 хүртэлх насны  иргэнд оршин суух зөвшөөрөл олгож болно.

Дөрөв.Хувийн хэргээр Монгол Улсад оршин суух зөвшөөрөл

4.1.Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг дараахь хэлбэр, төрлөөр дор дурдсан иргэн болон хамаарал бүхий этгээдэд олгоно:

      4.1.1.Хөрөнгө оруулах хэлбэрийг дараахь төрлөөр:

            4.1.1.1."B1" гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчид;

            4.1.1.2."B1-1" гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий этгээдэд;

            4.1.1.3."B2" гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэнд;

            4.1.1.4."B2-1" гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.1.5."B3" гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэнд;

            4.1.1.6."B3-1" гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

      4.1.2.Хөдөлмөр эрхлэх хэлбэрийг дараахь төрлөөр: 

            4.1.2.1."C1" барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллах гадаадын иргэнд;

            4.1.2.2."C1-1"  барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.2.3."C2" шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллах гадаадын иргэнд;

            4.1.2.4."C2-1" шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.2.5."C3" геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллах гадаадын иргэнд;

            4.1.2.6."C3-1" геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.2.7."C4" санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллах гадаадын иргэнд;

            4.1.2.8."C4-1" санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.2.9."C5" соёл урлаг, спортын салбарт ажиллах гадаадын иргэнд;

            4.1.2.10."C5-1" соёл урлаг, спортын салбарт ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.2.11."C6" үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллах гадаадын иргэнд;

            4.1.2.12."C6-1" үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.2.13."C7" хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллах гадаадын иргэнд;

            4.1.2.14."C7-1" хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.2.15."C8" эрүүл мэндийн салбарт ажиллах гадаадын иргэнд;

            4.1.2.16."C8-1" эрүүл мэндийн салбарт ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.2.17."C9" хүмүүнлэгийн салбарт ажиллах гадаадын иргэнд;

            4.1.2.18."C9-1" хүмүүнлэгийн салбарт ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.2.19."C10" өрхийн хэрэгцээнд зориулсан асаргаа, үйлчилгээний чиглэлээр ажиллах гадаадын иргэнд;

            4.1.2.20."C11" тээврийн салбарт ажиллах болон экспортын ачаа тээвэрлэх гадаадын иргэнд.

      4.1.3.Суралцах хэлбэрийг дараахь төрлөөр:

            4.1.3.1."E1" ерөнхий боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэнд;

            4.1.3.2."E2" дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэнд;

            4.1.3.3."E2-1"  дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.3.4."E3" монгол хэл, түүх, соёлын болон бусад чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцах гадаадын иргэнд;

            4.1.3.5."E4" төрийн өмчит хуулийн этгээд болон эрдэм шинжилгээний байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэнд;

            4.1.3.6."E5" инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэнд;

            4.1.3.7."E5-1" инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

      4.1.4.Гэр бүлийн хэлбэрийг дараахь төрлөөр:

            4.1.4.1."F1" Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэнд;

            4.1.4.2."F1-1" Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэний эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, хүүхдэд;

            4.1.4.3."F2" Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд;

            4.1.4.4."F2-1" Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.4.5."F3" Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэнд;

            4.1.4.6."F3-1" Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.
      4.1.5.Цагаачлах хэлбэрийг дараахь төрлөөр:

            4.1.5.1."G" цагаачид;

            4.1.5.2."G-1" цагаачийн хамаарал бүхий этгээдэд.

      4.1.6.Хувийн бусад хэлбэрийг дараахь төрлөөр:

            4.1.6.1."H1" Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэнд;

            4.1.6.2."H1-1" Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.6.3."H2" Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэнд;

            4.1.6.4."H2-1" Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэний хамаарал бүхий этгээдэд;

            4.1.6.5."H3" хувийн бусад зорилгоор буюу энэ журмын 4.1.1.1-4.1.6.4, 4.1.6.6, 4.1.7-д зааснаас бусад зорилгоор оршин суух гадаадын иргэнд. (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
            4.1.6.6.“Н4” гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны улмаас тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл Монгол Улсад зайлшгүй байх шаардлагатай гадаадын иргэнд. (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор нэмсэн)

      4.1.7.Шашны үйл ажиллагаа эрхлэх хэлбэрийг дараахь төрлөөр:

            4.1.7.1."J" шашны үйл ажиллагаа эрхлэх гадаадын иргэнд;

            4.1.7.2."J-1" шашны үйл ажиллагаа эрхлэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээдэд.

4.2.Хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүссэн гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах, тус улсад оршин суугаа гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

       4.2.1.гадаадын иргэнийг Монгол Улсад урьсан болон уригчийн эрх, үүргийг хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "уригч" гэх)-ын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг, өргөдөл;

       4.2.2.оршин суугаа хаягийн талаарх сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

       4.2.3.паспорт, паспортын хуулбар;

       4.2.4.хамаарал бүхий этгээд оршин суух зөвшөөрөл хүсэхдээ гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, эсхүл түүнийг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, хамтран амьдрагчийг нотлох баримтыг баталгаат орчуулгын хамт;
       4.2.5.мэдүүлгийн хуудас;

       4.2.6.3.5 см x 4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг.

4.3.Хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл хүссэн гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрлийн төрлөөс хамааран энэ журмын 4.2-т зааснаас гадна шаардагдах баримт бичгийг нэмж бүрдүүлнэ.

4.4.Албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг шаардаж болно.

4.5.Шаардлагатай тохиолдолд гадаадын иргэнтэй ярилцлага хийж, оршин суух зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

4.6.Энэ журмын 4.1.4.1, 4.1.4.3, 4.1.4.5, 4.1.5.1, 4.1.6.1-д заасан байнга оршин суугч гадаадын иргэнд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага регистрийн дугаар олгож, 4.1.4.1, 4.1.4.5, 4.1.5.1, 4.1.6.1-д заасан гадаадын иргэнд хувийн хэрэг хөтөлнө.

4.7.Энэ журмын 4.1.4, 4.1.5, 4.1.6-д заасан гадаадын иргэн, түүний хамаарал бүхий этгээд нь оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө, бусад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн ажлын 5 өдрийн өмнө гаргана.

4.8.Энэ журмын 4.1.4, 4.1.5, 4.1.6-д заасан гадаадын иргэн, түүний хамаарал бүхий этгээдэд оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд тухайн оршин суух төрлөөр 1 жилийн дараа, бусад төрлөөр оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд тухайн оршин суух төрлөөр 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргаж болно.

4.9.Түр ирэгч гадаадын иргэн визийн ангилалдаа нийцсэн оршин суух зөвшөөрлийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.5-д заасан хугацаанд мэдүүлж болно.

4.10.Ажил хэргийн шугамаар ирсэн түр ирэгч гадаадын иргэнд энэ журмын 4.1.1.1, 4.1.1.3, 4.1.1.5, 4.1.3.6, 4.1.2-д заасан оршин суух зөвшөөрлийг, түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэнд энэ журмын 3.1.7, 4.1.1.1, 4.1.4.3, 4.1.4.5, 4.1.6.3, 4.1.6.6-т заасан оршин суух зөвшөөрлийг олгож болно. (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

4.11.Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэр, төрөл өөрчлөхөд дараахь зарчмыг баримтална:

      4.11.1.энэ журмын 4.1.7-д заасан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэрийг өөрчлөхгүй;

      4.11.2.энэ журмын 4.1.2-т заасан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэр, төрлийг энэ журмын 4.1.1.1-д зааснаас бусад оршин суух хэлбэр, төрөлд шилжүүлэхгүй;
      4.11.3.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг насанд хүрэхэд нь оршин суух хэлбэр, төрлийг өөрчлөхийг шаардахгүй.
      
4.11.4.гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг энэ журмын   4.1.6.6-д заасан оршин суух зөвшөөрлийн төрөлд шилжүүлэх асуудлыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ. (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор нэмсэн)

4.12.Энэ журмын 3.1.7-3.1.8, 4.1.1-4.1.7-д заасан эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 18 хүртэлх насны хүүхдэд оршин суух зөвшөөрөл олгож болно.

Тав.Хөрөнгө оруулах зорилгоор оршин суух зөвшөөрөл

5.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний эрх олгосон байгууллагын хүсэлтийг харгалзан хөрөнгө оруулах зорилгоор оршин суух гадаадын иргэнд Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангасан байдал, татвар төлөлт, үйл ажиллагааны тогтворжилт, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон гэрчилгээ, шаардлагатай тохиолдолд гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн саналын дагуу дор дурдсан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгож, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ:

        5.1.1.энэ журмын 4.1.1-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр 3 хүртэл жилээр сунгана; (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

       5.1.2.энэ журмын 4.1.1.3, 4.1.1.5-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, тухай бүр 1 хүртэл жилээр сунгана. (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор хүчингүй болсонд  тооцсон)

5.2.Хөрөнгө оруулах зорилгоор оршин суух зөвшөөрөл хүссэн гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахдаа энэ журмын 4.2-т заасан баримт бичиг болон татварын тодорхойлолтыг бүрдүүлнэ.

Зургаа.Хөдөлмөр эрхлэх, шашны үйл ажиллагаа
эрхлэх оршин суух зөвшөөрөл

6.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.2-т заасан баримт бичиг, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон түүний эрх олгосон байгууллагын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг харгалзан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилээр олгож, тухай бүр 1 хүртэл жилээр сунгана.

6.2.Засгийн газрын шийдвэрээр хөдөлмөр эрхлэх оршин суух зөвшөөрөл авсан улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга, байгууламж барих, гамшгийн хор уршгийг арилгахад шаардагдах ажиллах хүч, мэргэжилтний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад холбогдох Засгийн газрын шийдвэрийг үндэслэнэ.


Долоо.Суралцах оршин суух зөвшөөрөл

7.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь суралцах зорилгоор Монгол Улсад оршин суух гадаадын иргэнд дор дурдсан хугацаагаар зөвшөөрөл олгож, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ:

         7.1.1.энэ журмын 4.1.3.1, 4.1.3.2-т заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилээр олгож, тухай бүр 1 хүртэл жилээр сунгана;

         7.1.2.энэ журмын 4.1.3.4-т заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилээр олгож, нэг удаа 1 хүртэл жилээр сунгана;

         7.1.3.энэ журмын 4.1.3.5-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилийн хугацаагаар олгож, нэг удаа 6 хүртэл сараар сунгана;

         7.1.4.энэ журмын 4.1.3.6-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилээр олгож, тухай бүр 3 хүртэл жилээр сунгана.

7.2.Энэ журмын 7.1.1, 7.1.2-т заасан оршин суух зөвшөөрөл хүссэн гадаадын иргэн нь оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахдаа энэ журмын 4.2-т зааснаас гадна сургалтын гэрээ, удирдагч багшийн тодорхойлолт, сургалтын албаны тодорхойлолт (суралцаж байгаа эсэх, ирцийн бүртгэл, дүн), сургалтын төлбөр төлсөн баримтыг нэмж бүрдүүлнэ.

7.3.Ерөнхий боловсролын байгууллагад суралцах 18 хүртэлх насны гадаадын иргэний тухайд түүнийг асран хамгаалах, харгалзан дэмжигчээр томилогдсон этгээдийн нотлох баримтыг бүрдүүлнэ.

Найм.Гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөл

8.1.Энэ журмын 4.1.4.1-д заасан гадаадын иргэн нь гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөл авахдаа мөн журмын 4.2-т зааснаас гадна дараахь баримт бичгийг нэмж бүрдүүлнэ:

       8.1.1.Монгол Улсын болон гадаадын иргэний гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийн);

       8.1.2.амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;

       8.1.3.дархлалын олдмол хомсдолын өвчний шинжилгээний бичиг;

       8.1.4.гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт.

8.2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1.4.1-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг эхний        2 жилд 1 хүртэл жилээр олгож, тухай бүр 3 хүртэл жилээр сунгана.

8.3.Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авахдаа энэ журмын 4.2-т зааснаас гадна эцэг, эх, асран хамгаалагчийн баримт бичгийн хуулбарыг бүрдүүлсэн байна.

8.4.Монгол Улсын иргэнээс төрсөн 18-аас дээш насны гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авахдаа энэ журмын 4.2-т зааснаас гадна 8.1.1-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн байна.

8.5.Энэ журмын 4.1.4.3, 4.1.4.5-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 5 хүртэл жилээр олгож, тухай бүр 3 хүртэл жилээр сунгана.

8.6.Энэ журмын 4.1.4-т заасан 18-аас дээш насны гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг олгохдоо холбогдох хууль хяналтын байгууллагаас санал авна.

Ес.Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл

9.1.Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэний цагаачлах хүсэлт, боловсрол, мэргэжил, улс орны дотоод нөхцөл байдал, эдийн засгийн чадамж болон холбогдох хууль хяналтын байгууллагын саналыг харгалзан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 29.5-д заасан тоонд багтаан эхний 2 жилд 1 хүртэл жилээр олгож, тухай бүр 2 хүртэл жилээр сунгана.

9.2.Монгол Улсад цагаачлан амьдрах хүсэлт гаргасан гадаадын иргэн нь дараахь шалгуурыг хангасан байна:

       9.2.1.сарын орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс багагүй байх;

       9.2.2.дээд боловсролтой, эсхүл Монгол Улсад онц чухал шаардлагатай мэргэжил эзэмшсэн байх;

       9.2.3.гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй;

       9.2.4.Монгол Улсаас албадан гаргаж, тус улсад орох эрхийг нь хязгаарлаж байгаагүй;

       9.2.5.Монгол Улсад сүүлийн 3 жилд хууль ёсоор оршин сууж байгаа.

9.3.Монгол Улсад цагаачлан оршин суух хүсэлт гаргасан гадаадын иргэн нь энэ журмын 4.2-т зааснаас гадна дараахь баримт бичгийг нэмж бүрдүүлнэ:

       9.3.1.гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг, эх, эмэг эх, өвөг эцгийн);

       9.3.2.гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны болон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

       9.3.3.дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ өвчний шинжилгээний бичиг болон сэтгэцийн өвчтэй эсэх тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;

       9.3.4.амьжиргааны эх үүсвэрийн талаарх нотолгоо;

       9.3.5.3.5 см x 4.5 см хэмжээтэй 3 хувь цээж зураг;

       9.3.6.боловсролын үнэмлэх, гэрчилгээ, дипломын эх хувийг хуулбар болон баталгаат орчуулгын хамт.

9.4.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний хүүхдэд регистрийн дугаар олгож хувийн хэрэг хөтөлнө.

9.5.Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний хүүхдэд оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргахад дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

       9.5.1.өргөдөл;

       9.5.2.хүүхдийн төрсний гэрчилгээ;

       9.5.3.эцэг, эхийн оршин суух үнэмлэх;

       9.5.4.паспорт, хуулбарын хамт;

       9.5.5.оршин суугаа сум, хорооны Засаг даргын (ам бүл, хаягийн) тодорхойлолт;

       9.5.6.мэдүүлгийн хуудас;

       9.5.7.3.5 см х 4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг.

9.6.Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний 18 хүртэлх насны хүүхдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь түүний эцэг, эх, асран хамгаалагчийн оршин суух зөвшөөрлийн хугацаагаар тодорхойлогдоно.

9.7.Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь жилд 180 хоногоос илүү хугацаагаар гадаад улсад зорчих тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад оршин суух үнэмлэхээ түр хураалгана.

9.8.Жилд 180 хоногоос илүү хугацаагаар гадаад улсад зорчиж, дахин цагаачлах зөвшөөрлөө авсан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг эхний      2 жилд 1 хүртэл жилээр олгож, тухай бүр 2 хүртэл жилээр сунгана.

9.9.Монгол Улсад төрсөн гадаадын иргэний цагаачлан оршин суух зөвшөөрлийг тухай бүр 3 хүртэл жилээр сунгаж болно.

9.10.Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн тус улсаас гарах тохиолдолд 72-оос доошгүй цагийн өмнө зорчих улс, хугацаа, зорилгоо цахим эсхүл бичгэн хэлбэрээр гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

9.11.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 9.10-т заасан гарах-орох мэдэгдлийг хүлээн авч гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэн хяналт тавина.

Арав.Хувийн бусад оршин суух зөвшөөрөл

10.1.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувийн зорилгоор оршин суух гадаадын иргэнд дор дурдсан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгож, сунгах эсэхийг шийдвэрлэнэ:

       10.1.1.энэ журмын 4.1.6.1, 4.1.6.3-т заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 5 хүртэл жилээр олгож, тухай бүр 3 хүртэл жилээр сунгана;

       10.1.2.энэ журмын 4.1.6.5-д заасан гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилээр олгож, тухай бүр 1 хүртэл жилээр сунгана.

10.2.Хувийн зорилгоор оршин суух 18-аас дээш насны гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгохдоо хууль хяналтын болон эрх бүхий байгууллагын саналыг үндэслэнэ.

10.3.Энэ журмын 4.1.6.1-д заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл хүсэхдээ энэ журмын 4.2-т заасан баримт бичиг болон харьяалах төрийн захиргааны төв байгууллагын Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасныг нотолсон тодорхойлолтыг бүрдүүлнэ.
10.4.Энэ журмын 4.1.6.6-д заасан оршин суух зөвшөөрлийг олгох, сунгах эсэхийг шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллага, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээдээс ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ. (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор нэмсэн)

Арван нэг.Гадаадын иргэний хөрөнгийн эх үүсвэрийн баталгааны
  төрөл, хэлбэр, тэдгээрийг мэдүүлэх

11.1.Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эсхүл гадаадын иргэн өөрөө Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг (цаашид "баталгаа" гэх) виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга, оршин суух зөвшөөрөл авах үед гаргана.

11.2.Баталгааг дараахь хэлбэрээр гаргана:

      11.2.1.уригч нь тухайн гадаадын иргэнийг оршин суух зөвшөөрлийн болон визийн хугацаанд нь буцаахыг баталсан өргөдөл, албан бичиг;

      11.2.2.орлого нотлох баримт бичиг (дансны хуулга, банкны хадгаламжийн дэвтэр, цалингийн тодорхойлолт, тэтгэврийн дэвтэр зэрэг).

11.3.Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эсхүл гадаадын иргэн энэ журмын 11.2.2-т заасны дагуу баталгаа гаргах бол баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт авчирна.

11.4.Энэ журмын 11.2.2-т заасан баталгааны хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байх бөгөөд энэ нь гадаадын нэг иргэнд хамаарна.

Арван хоёр.Оршин суух зөвшөөрлийг хянан
шийдвэрлэх ажиллагаа

12.1.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.1.1-3.1.6-д заасан гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг 30 хоногийн дотор, сунгах хүсэлтийг ажлын                 10 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. 

12.2.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1.4, 4.1.5, 4.1.6-д заасан гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг 60 хоногийн дотор, сунгах хүсэлтийг 30 хоногийн дотор, бусад оршин суух зөвшөөрөл олгох, сунгах хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

12.3.Гадаадын иргэнд хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тус улсаас сайн дураараа гарахыг сануулж, оршин суух үнэмлэхийг хураан авч хүчингүй болгоно.

12.4.Гадаадын иргэн, түүнийг уригч дараахь үүрэгтэй:

       12.4.1.худал мэдүүлэг өгөхгүй байх;

       12.4.2.шаардлагатай тохиолдолд биечлэн ирэх;

       12.4.3.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах, ажиллуулахгүй байх;

       12.4.4.мэдүүлгийн хуудас, баримт бичгийг бүрэн гүйцэд, үнэн зөв мэдүүлж, нотлох;

       12.4.5.паспортаа гээгдүүлсэн, сольсон тохиолдолд нэн даруй мэдэгдэх;

       12.4.6.Монгол Улсад байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн, хууль ёсоор үрчлэн авсан бол энэ тухайгаа мэдэгдэж, оршин суух зөвшөөрөл авах хүсэлтийг тухайн улсын иргэний харьяаллыг нотлох баримт бичиг, гадаад паспорт олгосноос хойш 30 хоногийн дотор гаргах.

12.5.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь уригч байгууллагын албан бичгийг үндэслэн оршин суух бүртгэлээс хасалт хийнэ.
12.6.Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэн тус улсаас бүрмөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй, оршин суух хэлбэр, төрлөө өөрчилсөн, хүүхэд энэ журамд заасан насанд хүрсэн тохиолдолд хамаарал бүхий этгээдийн хамт оршин суух зөвшөөрөл олгосон байгууллагад оршин суух үнэмлэхээ хураалгаж, оршин суух зөвшөөрлийн бүртгэлээс хасалт хийлгэнэ.

12.7.Гадаадын иргэний баримт бичигт хасалт хийсэн өдрийг "Registered" (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг "Until" (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдэгт тэмдэглэнэ. Гадаадын иргэн нь уг хугацаанд багтаж Монгол Улсаас гарна.

12.8.Энэ журмын 12.7-д заасан Монгол Улсаас гарах эцсийн хугацаа нь түүний оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусах болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчиж Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан өдрөөс хойш 10 хоногоос илүүгүй байна.

12.9.Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаар зөвшөөрсөн тохиолдолд үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан үзүүлнэ. 

12.10.Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар хамаарал бүхий этгээдийн тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа тодорхойлогдох бөгөөд уг хугацаа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1-д заасан хугацаанаас илүүгүй байна.

12.11.Баримт бичиг хүлээн авах, буцаан олгох хүсэлтийг хүлээн авсан тухай хуудас нь хүсэлтийг хянан шийдвэрлэх, шалгах хугацаанд гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн талаарх хүсэлт гаргасныг нотлох эрх зүйн баримт бичиг болно.

12.12.Дараахь тохиолдолд гадаадын иргэнийг уригч нь оршин суух зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэнэ:

      12.12.1.оршин суух хэлбэр, төрлөө өөрчилсөн;

      12.12.2.гадаадын иргэн албан тушаал, ажлын байраа өөрчилсөн, орхисон, чөлөөлөгдсөн;

       12.12.3.гадаадын оюутан сургуулиа дүүргэсэн, өөрчилсөн, орхисон;

       12.12.4.гадаадын иргэн хууль тогтоомж зөрчсөн;

       12.12.5.гадаадын иргэн нас барсан, сураггүй алга болсон.

12.13.Энэ журмын 3.1.1-3.1.6-д заасан гадаадын иргэн зөвшөөрөл, үнэмлэхийг гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд төлөөлөгчийн газрын болон уригчийн албан ёсны хүсэлт, цагдаагийн газрын тодорхойлолтыг үндэслэн дахин олгоно.

12.14.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 32.1 дэх хэсэгт заасан гадаадын иргэнийг бүртгэх, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах нарийвчилсан журам, гадаадын иргэний оршин суух үнэмлэх, мэдүүлгийн хуудасны загварыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, энэ журмын 3.1.1-3.1.6-д зааснаас бусад гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгоход мэдүүлэх мэдүүлгийн хуудасны загварыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга тус тус батална. (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

12.15.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь нэгж нь гадаадын иргэн хил орчмын нутагт зорчих үнэмлэхэд заасан хилийн боомтоор нэвтэрч, зөвшөөрсөн хил орчмын нутагт зорчиж, хугацаандаа гарч байгаа эсэхэд хяналт тавина.

12.16.Дор дурдсан баримт бичгийг үндэслэн гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл олгох, сунгах, хэлбэр, төрөл өөрчлөх асуудлыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга шийдвэрлэж болно: (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор нэмсэн)

                  12.16.1.эрх бүхий байгууллагын албан хүсэлт;

                  12.16.2.хүндэтгэн үзэх шалтгаан, түүнийг нотолсон үндэслэл бүхий гадаадын иргэний хүсэлт;

                  12.16.3.гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлт.

                  12.17.Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийн загварыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага, гадаад улсын болон олон улсын холбогдох байгууллагад бүртгүүлэх асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна. (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор нэмсэн)



                  12.18.Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийн техникийн тодорхойлолтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. (Засгийн газрын 2022 оны 483 дугаар тогтоолоор нэмсэн)
 

 


---о0о---