- Нүүр
- Эрх зүйн акт
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГ, НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2021 оны 6 дугаар сарын
25-ны өдрийн А/414 дугаар тушаалын хавсралт
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨРӨЛЖСӨН
МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГ, НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗАХИРЛЫГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.10 дахь хэсэгт заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлага буюу захирлыг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтлана.
1.2.Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулна.
ХОЁР. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1.Эмнэлгийн захирлын албан тушаалд ажилтныг сонгон шалгаруулах үйл ажиллагааг эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл зохион байгуулна.
2.2.Сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
2.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн орон тооны ажилтан нь саналын эрхгүйгээр сонгон шалгаруулах үйл ажиллагааны нарийн бичгийн даргаар ажиллана.
2.4.Энэхүү журмын 2.3-т заасан ажилтан томилогдоогүй тохиолдолд төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн хувьд Эрүүл мэндийн яамнаас, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн хувьд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас томилсон төрийн албан хаагч саналын эрхгүйгээр сонгон шалгаруулах үйл ажиллагааны нарийн бичгийн даргаар ажиллана.
2.5.Төлөөлөн удирдах зөвлөл нь эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, техник тоног төхөөрөмж, тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн талаарх нууцад хамаарахаас бусад багц мэдээллийг ил тод байршуулж, эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад оролцогчдод адил тэгш мэдээлэл хүргэх үүргийг хүлээнэ.
2.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын томилсон өмчлөгчийн, олон нийтийн, хамт олны төлөөллийн тус бүр 1 гишүүнээс бүрдсэн баг сорилын болон ярилцлагын шалгалтын асуултууд, тэдгээрийн хариулт (түлхүүр)-ыг боловсруулж бэлтгэх бөгөөд нууцлалыг хангаж ажиллана.
2.7.Шалгалт зохион байгуулах, сорилын болон ярилцлагын шалгалтын асуулт, тэдгээрийн хариулт (түлхүүр)-ыг боловсруулж бэлтгэхэд шаардлагатай гэж үзвэл Төлөөлөн удирдах зөвлөл нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дэмжлэг авч хамтран ажиллаж болно.
2.8.Төлөөлөн удирдах зөвлөл нь сонгон шалгаруулалтыг оролцогчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан явуулж, дүнг хуралдаанаар хэлэлцэн, тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлийг 2 хувь үйлдэж, дарга, гишүүд, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулан нэг хувийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
2.9.Сонгон шалгаруулалтын нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтын тайланг журмын дагуу баримтжуулан албажуулж, архивлан хадгална. Тайланд сонгон шалгаруулалтын явц, оролцогчдын үнэлгээний талаар дэлгэрэнгүй тусгаж, сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлийг хавсаргана.
2.10.Сонгон шалгаруулалтын дараа эмнэлгийн захиралд нэр дэвшигч нь баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, ял шийтгэлтэй зэрэг хуульд заасан шаардлагыг хангаагүй асуудал үүсвэл сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцон дахин зарлана.
2.11.Төлөөлөн удирдах зөвлөл эмнэлгийн захирлыг тухайн эмнэлгийн хамт олны ердийн олонхоос дээш ирцтэй хуралд танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
ГУРАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
3.1.Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь захирлын сонгон шалгаруулалт зохион байгуулахаас 15-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана. Зарыг Эрүүл мэндийн яамны болон нийслэл, тухайн аймгийн Засаг даргын тамгын газар, тухайн эмнэлгийн цахим хуудсанд заавал байршуулна.
3.2.Зар нь эмнэлгийн захирлын ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, бүртгэл хийх хугацаа, байршил, холбоо барих утасны дугаарын мэдээллийг агуулсан байна.
3.3.Улс оронд үүссэн онцгой нөхцөл байдал болон бусад шалтгааны улмаас сонгон шалгаруулалтыг зарласан хугацаанд зохион байгуулах боломжгүй тохиолдолд энэ талаарх мэдээллийг тухай бүр Эрүүл мэндийн яамны болон Нийслэл, тухайн аймгийн Засаг даргын тамгын газар, тухайн эмнэлгийн цахим хуудсанд заавал байршуулна.
ДӨРӨВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ
4.1.Төлөөлөн удирдах зөвлөл нь сонгон шалгаруулалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулна.
4.1.1.Нэгдүгээр шат - Баримт бичгийг хүлээн авч, үнэлэх;
4.1.2.Хоёрдугаар шат - Ур чадварын үнэлгээ хийх;
4.1.3.Гуравдугаар шат - Шалгарсан нэр дэвшигчийг эмнэлгийн захирлаар томилох.
ТАВ. БАРИМТ БИЧГИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ҮНЭЛЭХ
5.1.Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэнээс дор дурдсан баримт бичгийг тогтоосон хугацаанд журмын 2.3 эсвэл 2.4-т заасан ажилтан хүлээн авч бүртгэнэ.
5.1.1.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлөөс баталсан маягтын дагуу);
5.1.2.Иргэний үнэмлэхний эх хувьтай нь тулгаж хүлээн авсан хуулбар эсхүл улсын бүртгэлийн лавлагаа;
5.1.3.Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийн үнэн болохыг илэрхийлсэн өргөдөл;
5.1.4.Тухайн иргэний мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагыг баталгаажуулсан 2 хүний тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан эсхүл одоо харьяалж буй байгууллагын дарга/захирал, тухайн иргэний гишүүнчлэлтэй мэргэжлийн нийгэмлэг, холбооны удирдах зөвлөл эсхүл гүйцэтгэх захирлын);
5.1.5.Цээж зураг (4х3 хэмжээтэй 2 хувь);
5.1.6.Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох баримт бичиг (боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт);
5.1.7.Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт);
5.1.8.Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласныг нотлох баримт бичиг (хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт);
5.1.9.Англи хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлох баримт бичиг ("TOEIC", "TOEFL", "IELTS" олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт эсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг бусад англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөнийг гэрчлэх албан ёсны баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт эсвэл гадаад улсын их, дээд сургууль, коллежид бакалавр, магистр, докторын боловсролын зэргийн сургалтад англи хэлээр суралцаж төгссөн диплом, түүнтэй дүйцүүлэх албан ёсны баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт);
5.1.10.Тухайн эмнэлгийг хөгжүүлэх төсөл (хагас бие даан хөгжүүлэх бодлого, бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, тусламж, үйлчилгээний төлөвлөлт, хүрэх үр дүн, үр ашиг г.м);
5.1.11.Улс төрийн намын гишүүн бус, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүйг илэрхийлж бичсэн баталгаа;
5.1.12.Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх лавлагаа;
5.1.13.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.
5.2.Журмын 5.1.3-т заасан тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийн үнэн болохыг илэрхийлсэн өргөдлийн хуудас, 5.1.4-т заасан сонгон шалгаруулалтад оролцогчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаарх тодорхойлолтын загварыг Эрүүл мэндийн яамны болон Нийслэл, тухайн аймгийн Засаг даргын тамгын газар, тухайн эмнэлгийн цахим хуудсанд байршуулна.
5.3.Сонгон шалгаруулалтад оролцогч нь журмын 5.1-д заасан баримт бичгийг цаасаар болон цахим хэлбэрээр дугтуйнд битүүмжлэн хүлээлгэн өгнө.
5.4.Сонгон шалгаруулалтад оролцогчийн ирүүлсэн баримт бичгээс зөвхөн эх хувиар өгсөн баримт бичгийг сонгон шалгаруулалт дууссаны дараа баримт үйлдэн буцааж өгнө.
5.5.Төлөөлөн удирдах зөвлөл нь журмын 5.1-д заасан баримт бичгийн бүрдлийг шалгаж, дутуу эсхүл хуурамчаар баримт бичиг бүрдүүлсэн иргэнийг бүртгэхээс татгалзаж, энэ тухай өөрт нь бичгээр мэдэгдэнэ.
5.6.Баримт бичгийг хүлээн авч бүртгэхтэй холбоотой гомдлыг ажлын 1 өдрийн дотор гаргаж болох бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл ажлын 3 хоногт багтаан эцэслэн шийдвэрлэнэ.
5.7.Төлөөлөн удирдах зөвлөл шаардлагатай гэж үзвэл баримт бичгийг магадлах зорилгоор нэмэлт баримт бичиг шаардан шалгаж болно.
5.8.Журмын 5.1-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан тохиолдолд дараах шалгуураар үнэлнэ.
5.8.1.Боловсролын түвшин;
5.8.2.Туршлага;
5.8.3.Мэргэшсэн байдал.
5.9.Тухайн албан тушаалд тавигдах баримт бичгийн шаардлагад өгөх онооны дээд хязгаар 25 байх бөгөөд үүнээс:
5.9.1.Боловсролын түвшинд өгөх онооны дээд хязгаар 7;
5.9.2.Туршлагад өгөх онооны дээд хязгаар 10;
5.9.3.Мэргэшсэн байдалд өгөх онооны дээд хязгаар 8 оноо тус тус байна.
ЗУРГАА. УР ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ
6.1.Журмын 5.8-д заасан баримт бичгийн үнэлгээ дууссаны дараа хоёрдугаар шатны ур чадварын үнэлгээг дор дурдсан дарааллаар хийнэ.
6.1.1.Сорилын шалгалт;
6.1.2.Ярилцлага шалгалт (2 хэсэгтэй):
6.1.2.1.Тухайн эмнэлгийг хөгжүүлэх төслийн танилцуулга;
6.1.2.2.Асуумжийн дагуу хийх ярилцлага.
6.1.3.Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох үнэлгээ.
6.2.Ур чадварын үнэлгээний шалгалтыг дараах хэлбэрээр зохион байгуулна.
6.2.1.Эмнэлгийн захирлын албан тушаалд шаардагдах хууль, эрх зүйн болон эрүүл мэнд, эмнэлгийн удирдлага, эрүүл мэндийн санхүүжилтийн талаарх мэдлэгийн "Сорилын шалгалт"-ыг цахим хэлбэрээр зохион байгуулна. Цахимаар зохион байгуулах боломжгүй тохиолдолд сорилын хуудас бөглөх цаасан хэлбэрээр зохион байгуулна.
6.2.2.Ярилцлага шалгалтыг урьдчилан бэлтгэсэн төслийн танилцуулга хийх, асуумжийн дагуу ярилцах хэлбэрээр авна.
6.2.3.Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох үнэлгээг журмын 5.1.9-т заасан баримт бичигт тулгуурлан холбогдох оноог өгч үнэлнэ.
6.3.Ярилцлага шалгалтыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд сонгон шалгаруулалтад оролцогч иргэнтэй ганцаарчилсан ярилцлага хийж авна.
6.4.Шалгалтын хэлбэрээс хамаарч ур чадварын үнэлгээний шалгалтын хугацааг дараах байдлаар тогтооно. Үүнд:
6.4.1.Сорилын шалгалтын хугацаа 60 минут;
6.4.2.Төслийн танилцуулга хийх хугацаа 15 минут, төсөлтэй холбоотой асуулт, хариулт 5 минут, асуумжийн дагуу хийх ярилцлагын хугацаа 10 минут (оролцогч бүрт ижил) байна.
6.5.Ур чадварын үнэлгээнд өгөх онооны дээд хязгаар 75 байх бөгөөд үүнээс:
6.5.1.Эмнэлгийн захирлын албан тушаалд шаардагдах хууль, эрх зүйн болон эрүүл мэнд, эмнэлгийн удирдлагын талаарх "Сорилын шалгалт"-д өгөх онооны дээд хязгаар 30;
6.5.2.Ярилцлагын шалгалтад өгөх онооны дээд хязгаар:
6.5.2.1.төслийн танилцуулгад 29;
6.5.2.2.бэлтгэсэн асуумжаар авах ярилцлагад 10.
6.5.3.Англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоох үнэлгээнд өгөх онооны дээд хязгаар 6 оноо тус тус байна.
ДОЛОО. ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ
7.1.Бакалавр болон түүнтэй адилтгах боловсролын дипломын дүнг харгалзан өгөх онооны дээд хязгаар 4, магистр, боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэргийг харгалзан өгөх онооны дээд хязгаар 3 оноо тус тус байна. Магистр, боловсролын доктор, шинжлэх ухааны докторын ямар зэрэгтэйгээс хамаарч хамгийн дээд түвшний боловсролын зэрэгт нь харгалзах оноог давхцуулахгүй өгнө.
Бакалавр болон түүнтэй адилтгах боловсролын дипломын дүн | Магистр | Боловсролын доктор | Шинжлэх ухааны доктор | ||
Дүн | Голч дүн | Өгөх оноо | |||
Дунд | 2.0-2.4 | 1 |
1 |
2 |
3 |
2.5-2.9 | 1.5 | ||||
Сайн | 3.0-3.20 | 2 | |||
3.25-3.45 | 3 | ||||
Онцсайн | 3.5-4.0 | 4 |
Голч дүнг тооцдог болохоос өмнө олгосон бакалавр болон түүнтэй адилтгах боловсролын дипломтой тохиолдолд ерөнхий дүнд харгалзах оноог дараах байдлаар өгнө:
Дүн | Өгөх оноо | Тайлбар |
Дунд | 1 | Нийт дүнтэй хичээлийн 50%-аас их тооны хичээл дунд дүнтэй |
1.5 | Нийт дүнтэй хичээлийн 50% хүртэл тооны хичээл дунд, бусад нь онцсайн, сайн дүнтэй | |
Сайн | 2 | Нийт дүнтэй хичээлийн 20% хүртэл тооны хичээл дунд, бусад нь онцсайн, сайн дүнтэй |
3 | Нийт дүнтэй хичээлийн 10% хүртэл тооны хичээл дунд, бусад нь онцсайн, сайн дүнтэй | |
Онцсайн | 4 | Нийт дүнтэй хичээлийн 10% хүртэл тооны хичээл сайн, бусад нь онцсайн дүнтэй |
7.2.Туршлагыг үнэлэхдээ доорхи хүснэгтэд үзүүлсэн эрүүл мэндийн салбарт ажилласан жилд харгалзах оноог өгнө.
Ажилласан жил | 10-12 жил | 13-15 жил | 16-18 жил | 19-20 жил | 21-25 жил | 25-аас дээш жил |
Харгалзан өгөх оноо |
1-2 оноо |
3-4 оноо |
5-6 оноо |
7-8 оноо |
9 оноо |
10 оноо |
7.3.Мэргэшсэн байдлыг их, дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн удирдлагын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээ, дипломоос гадна эрүүл мэндийн удирдах ажилтнаар ажиллаж байсан туршлагыг нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн үнэлнэ. Эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн удирдлагаар магистр, боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бол харгалзах дээд оноог өгнө.
Мэргэшсэн байдал
| Эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн удирдлагын чиглэлээр суралцсан байдал /онооны дээд хязгаар 4/ | Эрүүл мэндийн удирдах ажилтнаар ажилласан туршлага (жилээр) /онооны дээд хязгаар 4/ | ||
Эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн удирдлагын чиглэлээр богино хугацааны сургалтад суралцсаныг илтгэх баримт бичиг | Эрүүл мэндийн эсвэл эмнэлгийн удирдлагын мэргэших сургалтад хамрагдсан мэргэшлийн үнэмлэх түүнтэй дүйцэхүйц баримт бичиг |
5-10 жил |
11 дээш жил | |
Оноо | 1-2 | 3-4 | 1-2 | 3-4 |
7.4.Сорилын шалгалт 60 асуулттай байх бөгөөд асуулт бүрт хариулах хугацаа 1 минут байна. Сорилын шалгалтын зөв хариулт бүрт 0.5 оноо ногдоно.
7.5.Холбогдох баримт бичгийг үндэслэн англи хэлний мэдлэгийн түвшинд харгалзах оноог дараах хүснэгтэд заасны дагуу дүйцүүлэн өгнө.
TOEIC | TOEFL IBT | IELTS | Бусад | Өгөх оноо |
Дээд оноо 990 | Дээд оноо 120 | Дээд оноо 9 | ||
990 |
120 |
9 | Англи хэл дээр бакалавр, магистр, докторын боловсролын зэргийн сургалтад хамрагдаж төгссөн |
6 |
905-989 | 111-119 | 8.5 | - | 5.5 |
785-900 | 96-110 | 7.5-8.0 | - | 5 |
605-780 | 79-95 | 6.5-7.0 | - | 4.5 |
65-78 | 5.5-6.0 | 4 | ||
405-600 | 53-64 | 4.5-5.0 | - | 3.5 |
41-52 | 4.0 | 3 | ||
255-400 | 30-40 | 3.0-3.5 | - | 2.5 |
19-29 | 2.0-2.5 | 2 | ||
0-250 | 9-18 | 1.0-1.5 | - | 1.5 |
0-8 | 0-1.0 | - | 1 |
7.6.Шалгалтын үнэлгээний нийт онооны дээд хязгаар 100 байх бөгөөд хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн эмнэлгийн захирлаар томилно.
НАЙМ. ШАЛГАРСАН НЭР ДЭВШИГЧИЙГ ЭМНЭЛГИЙН ЗАХИРЛААР ТОМИЛОХ
8.1.Төлөөлөн удирдах зөвлөл сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг эмнэлгийн захирлын албан тушаалд томилох тухай тогтоолыг гаргана.
8.2.Захирлын албан тушаалд томилохоос өмнө нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт, эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй тухай лавлагаа авах, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, дүгнэлт гаргуулах ажлыг тухайн нэр дэвшигчийг томилох эрх бүхий Төлөөлөн удирдах зөвлөл хариуцна.
8.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, эмнэлгийн захиралтай Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг, 16.7.1 дэх заалтад заасны дагуу гэрээ байгуулна. Талууд эмнэлгийн гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшинг хэлэлцэн тохиролцож тогтоон, гэрээнд хавсаргана.
8.4.Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь захирлын сонгон шалгаруулалтын дүнг ил тод мэдээлэх бөгөөд шийдвэрийг эрүүл мэндийн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
8.5.Сонгон шалгаруулалтад шалгуур хангасан нэр дэвшигч тодроогүй тохиолдолд Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг дахин явуулах тогтоол гарган ажлын 3 хоногт багтаан сонгон шалгаруулалтыг зарлана.
ЕС. БУСАД ЗҮЙЛ
9.1.Энэхүү журмын 2.6-д заасан нууцлалтай холбоотой асуудлыг хангаж ажиллаагүй Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, бусад албан тушаалтан холбогдох хууль журмын дагуу хариуцлага хүлээж, сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцно.
9.2.Сонгон шалгаруулалттай холбоотой гомдол, маргааныг эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд санал, гомдол гаргасан тал энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлнэ.
Текст томруулах
A
A
A