- Нүүр
- Эрх зүйн акт
- ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын
2021 оны 07 дугаар сарын 27 -ны өдрийн
А/195 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийн үйл ажиллагааг энэ дүрмээр зохицуулна.
1.2. Зөвлөл нь үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хууль, Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Цөмийн энергийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжид нийцүүлэн явуулна.
1.3. Зөвлөлийн үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.9 дэх заалт, 48.4 дэх хэсэг, Газрын тосны тухай хуулийн 23.2, 23.3 дахь хэсэг, Цөмийн энергийн тухай хуулийн 28.4.5, 28.6.5 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.4. Зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
1.5. Зөвлөлийн үйл ажиллагааны талаар нээлттэй мэдээлэл хүргэх зорилго бүхий цахим хуудас ажиллуулна.
Хоёр. Зөвлөлийн чиг үүрэг
2.1. Зөвлөл нь энэ дүрмийн 4.1-д заасан хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, холбогдох хууль тогтоомж, судалгааны арга, аргачлал, заавар, журамд нийцэж буй эсэх талаар зөвлөмж, дүгнэлт гаргана:
2.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын төсөл, төсөв түүний жил бүрийн тодотгол, эцсийн үр дүнгийн тайлан;
2.1.2. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, ордын нөөцийн тооцоо;
2.1.3. Ашиглалтад бэлтгэгдсэн ордыг ашиглах ТЭЗҮ, уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, тэдгээрийн тодотгол;
2.1.4. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ;
2.1.5. Газрын тос, уламжлалт бус газрын тос (цаашид "газрын тос" гэнэ)-ны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, ордын нөөцийн тооцоо;
2.1.6. Газрын тос, уламжлалт бус газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, газрын тос дамжуулах хоолойн ТЭЗҮ;
Гурав. Зөвлөлийн хуралдаан, зохион байгуулалт
3.1. Зөвлөлийн үйл ажиллагаа явуулах хэлбэр нь хуралдаан байна.
3.2. Хэлэлцэх асуудлаас хамаарч доор дурдсан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна:
3.2.1. Өргөтгөсөн хуралдаан;
3.2.2. Геологийн судалгааны асуудал хэлэлцэх салбар хуралдаан;
3.2.3. Ашигт малтмалын хайгуулын асуудал хэлэлцэх салбар хуралдаан;
3.2.4. Ашигт малтмалын орд ашиглах ТЭЗҮ хэлэлцэх салбар хуралдаан;
3.2.5. Боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ хэлэлцэх салбар хуралдаан;
3.2.6. Газрын тосны асуудал хэлэлцэх салбар хуралдаан;
3.3 Онцгой тохиолдолд зөвлөлийн хуралдааныг цахим хэлбэрээр явуулж болно.
Дөрөв. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
4.1. Дүрмийн 3.2.1-д заасан хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:
4.1.1. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хайгуулын үр дүнгийн тайлан, нөөц, түүнийг ашиглах ТЭЗҮ, тэдгээрийн тодотгол;
4.2. Дүрмийн 3.2.2-т заасан салбар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:
4.2.1. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, тэдгээртэй адилтгах бусад судалгааны ажлын төсөл, төсвийн тодотгол, үр дүнгийн тайлан, төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажилд хэрэглэх нормын төсөл зэрэг эдгээртэй адилтгах судалгаа;
4.2.2. Геологийн судалгааны төсөл, тайлан, ажлын арга, аргачлал, ангилал, түүнд тавигдах шаардлага, заавар, зөвлөмж, дүрэм, журмын төсөл.
4.3. Дүрмийн 3.2.3-т заасан салбар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:
4.3.1. Ашигт малтмалын тухай хуулийн 48.3, 48.6.3-т заасны дагуу ирүүлсэн эдийн засгийн урьдчилсан үнэлгээ бүхий ашигт малтмалын баялгийн үнэлгээ, ордын нөөцийн тооцоолол бүхий хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, түүний тодотгол, нөөцийн дахин тооцоолол;
4.3.2. ашигт малтмал, үүсмэл ордын ашиглалтын явцад тухайн жилд нэмэгдсэн болон хасагдсан нөөцийн хөдөлгөөний тэнцэл (баланс);
4.3.3. ашигт малтмалын эрэл, хайгуулын ажлын арга, аргачлал, заавар, дүрэм, журмын төсөл болон ашигт малтмалын нөөцийн ангилал, түүнд тавигдах шаардлага, гарын авлага, аргачилсан зөвлөмж.
4.4. Дүрмийн 3.2.4-т заасан салбар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:
4.4.1. Ашигт малтмалын орд ашиглах болон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, түүний тодотгол;
4.4.2. Уул уурхайн үйлдвэрлэлийн техник, технологийг боловсронгуй болгох төсөл, уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө, ашигт малтмалыг олборлон ашиглах явцад гарах хаягдлыг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэгт чиглэсэн судалгаа;
4.4.3. Орд ашиглах болон баяжуулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-д тавигдах шаардлага, хүлээн авах заавар.
4.5. Дүрмийн 3.2.5-д заасан салбар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:
4.5.1. Боловсруулах, цэвэршүүлэх, гүн боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, түүний тодотгол;
4.5.2. Боловсруулах, цэвэршүүлэх, гүн боловсруулах үйлдвэрийн технологи, хаягдал түүхий эдийг дахин боловсруулах технологийн судалгаа.
4.6. Дүрмийн 3.2.6-д заасан салбар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:
4.6.1. Газрын тосны хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тооцооны тайлан, түүний тодотгол, нөөцийн дахин тооцоолол;
4.6.2. Газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний тодотгол;
4.6.3. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх ТЭЗҮ, түүний тодотгол;
4.6.4. Газрын тосны дамжуулах хоолойн ТЭЗҮ, түүний тодотгол;
4.6.5. Газрын тосны тухай хуулийн 8.1.3, 8.1.9-т заасан болон салбарын бусад холбогдох аргачлал, шаардлага, заавар, дүрэм, журмын төсөл түүнд тавигдах шаардлага, гарын авлага, аргачилсан зөвлөмж;
4.6.6. Газрын тосны үйл ажиллагааны явцад гарах хаягдлыг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэгт чиглэсэн судалгаа.
Тав. Зөвлөлийн хуралдааны шийдвэр
5.1. Дүрмийн 3.2.1-т заасан өргөтгөсөн хуралдаанаар асуудлыг хэлэлцэхдээ дараах үндсэн арга аргачлалыг баримтлан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
5.1.1. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, нөөцийн тодотгол тооцооны тайланг холбогдох аргачилсан зөвлөмж, заавар, журам, нөөцийн ангилалд нийцүүлэн гүйцэтгэж боловсруулсан эсэх, техник-эдийн засгийн үндэслэл, түүний тодотголыг техник, технологийн шийдлээр, эдийн засгийн судалгаа, шинжилгээний үндэслэлтэй боловсруулсан эсэхэд тус тус шинжээчийн дүгнэлт гаргуулж, төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулсны дараа хэлэлцэж нөөцийг хүлээн авч ашигт малтмалын нөөций улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх эсэх тухай, техник-эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах эсэх талаар тус тус дүгнэлт, зөвлөмж гаргах;
5.2. Дүрмийн 3.2.2-т заасан салбар хуралдаанаар асуудлыг хэлэлцэхдээ дараах үндсэн арга, аргачлалыг баримтлан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
5.2.1. Геологийн судалгааны арга, аргачлал нь оновчтой, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа арга аргачлалтай нийцсэн, мөн энэхүү судалгаанд зарцуулсан зардлыг тухайн хуулийн этгээдийн санхүүгийн тайлан тэнцэлд хэрхэн тусгасан, эсэхийг Монголын стратиграфын комисс, редакцын зөвлөлийн дүгнэлт, зөвлөлөөс томилогдсон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж, тайланг хүлээж авах эсэх тухай дүгнэлт, зөвлөмж гаргах;
5.2.2. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын төсөл, төсөв, төсвийн тодотголыг "Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журам"-ын дагуу төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулсны дараа хэлэлцэж шийдвэрлэх;
5.2.3. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын геологийн даалгаврыг хангалтгүй биелүүлснээс судалгааны ажлын чанар, үнэмшил нь тавьсан шаардлагад хүрээгүй тохиолдолд Зөвлөлийн хуралдаанаас энэ тухай дүгнэлт гаргаж, тухайн ажлыг гүйцэтгэгч хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний дагуу нөхөх төлбөр, мөнгөн торгууль ногдуулах болон цаашид төсөл хэрэгжүүлэгчээр оролцох боломжгүй болох талаарх дүгнэлтийг захиалагчид, харин төслийг амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд урамшуулах асуудлыг "Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журам"-ын дагуу холбогдох байгууллагуудад уламжлах.
5.3. Дүрмийн 3.2.3-д заасан салбар хуралдаанаар:
5.3.1. Ашигт малтмалын ордын хайгуулын ажил, түүний үр дүнгийн тайланг холбогдох аргачилсан зөвлөмж, заавар, журам, нөөцийн ангилалд нийцүүлэн гүйцэтгэж боловсруулсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулсаны дараа хэлэлцэж нөөцийг хүлээн авч ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, эсэх тухай дүгнэлт, зөвлөмж гаргах;
5.4. Дүрмийн 3.2.4-т заасан салбар хуралдаанаар:
5.4.1. Ашигт малтмалын ордыг ашиглах, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг энэ дүрмийн 5.3.1-д заасан дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн оновчтой арга аргачлал, техник, технологийн шийдлээр, эдийн засгийн судалгаа, шинжилгээний үндэслэлтэйгээр холбогдох заавар, журам, шаардлагад нийцүүлэн боловсруулсан, эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулсаны дараа хэлэлцэж хүлээж авах, эсэх тухай дүгнэлт, зөвлөмж гаргах;
5.5. Дүрмийн 3.2.5-д заасан салбар хуралдаанаар:
5.5.1. Боловсруулах, цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг оновчтой техник, технологийн шийдэл, нийгэм, эдийн засагт үзүүлэх байдлын үнэлгээ, судалгааг үндэслэлтэйгээр боловсруулсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсаны дараа хэлэлцэж хүлээж авах, эсэх тухай дүгнэлт, зөвлөмж гаргах.
5.6. Дүрмийн 3.2.6-д заасан салбар хуралдаанаар:
5.6.1. Газрын тосны ордын геологи, хайгуул, нөөцийн тооцооны тайлан, газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр, дамжуулах хоолойн ТЭЗҮ-ийг холбогдох дүрэм, журам, шаардлагад нийцүүлэн оновчтой техник, технологийн шийдэл, нийгэм, эдийн засагт үзүүлэх байдлын үнэлгээ, судалгааг үндэслэлтэйгээр боловсруулсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулж, төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжээр хянуулсаны дараа хэлэлцэж хүлээж авах, эсэх тухай дүгнэлт, зөвлөмж гаргах;
5.6.2. Газрын тосны хайгуулын ажлын үр дүнгийн тайланд төрийн захиргааны байгууллагын техникийн зөвлөлийн болон Монголын стратиграфын комиссын дүгнэлт гаргуулсан байна.
Зургаа. Зөвлөлийн хуралдааны үе шат
6.1. Зөвлөлийн хуралдаан нь хуралдааны бэлтгэл хангах, хуралдаанаар асуудал хэлэлцэх, шийдвэр гаргах гэсэн үе шатаас бүрдэнэ.
Долоо. Зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангах үе шат:
7.1. Зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх этгээд нь холбогдох хүсэлтээ геологи болон геологи, уул уурхай, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх)-д гаргах;
7.2. Төрийн захиргааны байгууллага энэхүү дүрмийн 3.1-д заасан асуудлуудыг холбогдох хуульд заасны дагуу хянаж, зөвлөлөөр хэлэлцүүлэхээр салбар хуралдааны нарийн бичгийн даргад хүргүүлнэ.
7.3. Салбар хуралдааны нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг 7 хоногийн дотор Зөвлөлийн дарга болон салбар хуралдааны даргад урьдчилан танилцуулж, хэлэлцэх асуудал, тэдгээрийн дараалал, хуралдаан болох өдөр, цагийг товлож, хуралдаан эхлэхээс өмнө 5 хоногт багтаан нийтэд цахимаар мэдээлнэ;
7.4. Салбар хуралдааны нарийн бичгийн дарга нь хуралдааны бэлтгэл ажлыг хангахтай холбоотойгоор дараах ажлыг хийж гүйцэтгэнэ:
7.4.1. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал, холбогдох бичиг баримтыг цахим болон цаасан хэлбэрээр хувилж хуралдаан эхлэхээс ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө Зөвлөлийн гишүүдэд хүргүүлэх;
7.4.2. Хуралдааны зохион байгуулалт, байрны нөхцөл, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах;
7.5. Зөвлөлийн гишүүд нь салбар хуралдааны нарийн бичгийн даргаас ирүүлсэн хуралдааны хэлэлцэх асуудалтай бүрэн танилцаж, саналаа бэлтгэсэн байх;
7.6. Зөвлөлийн гишүүд нь хэлэлцэж байгаа асуудалтай ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ талаараа хуралдаан даргалагчид бичгээр урьдчилан мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хуралдаан даргалагч түүнийг тухайн асуудлыг хэлэлцэх хуралдаанд оролцуулахгүй ба хэрэв хуралдаан даргалагч ашиг сонирхлын зөрчилтэй бол тухайн асуудлыг хэлэлцэж дуустал хуралдааныг удирдах эрхээ олонхийн саналаар аль нэг гишүүнд шилжүүлнэ.
Найм. Зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцэх үе шат:
8.1. Зөвлөлийн хуралдаан нь ажлын өдрүүдэд, ажлын цагаар монгол хэлээр, өмнө товлогдсон дарааллын дагуу явагдах бөгөөд хуралдаан нь тасралтгүй ажиллагаатай байна. Зөвлөлийн хуралдаанаар асуудлыг тухайн өдрөө хэлэлцэж дуусгаагүй бол дараагийн ажлын өдөр асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
8.2. Зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг Зөвлөлийн дарга, бусад хуралдааныг холбогдох чиглэлийн салбар хуралдааны дарга удирдана.
8.3. Салбар хуралдааны дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар хурал удирдах боломжгүй бол тухайн салбар хуралдааны даргын сонгосон гишүүн хуралдааныг удирдаж болно.
8.4. Салбар хуралдааны дарга удаан хугацаанд хурал удирдах боломжгүй тохиолдолд зөвлөлийн дарга тухайн салбар хуралдааны гишүүдээс үүрэг гүйцэтгэгчийг томилж болно.
8.5. Тухайн хуралдаанд оролцох гишүүдийн гуравны хоёр нь ирсэн тохиолдолд хуралдааны ирцийг бүрдсэнд тооцож хуралдааныг зохион байгуулна.
8.6. Төрийн байгууллагаас томилогдсон Зөвлөлийн гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд Зөвлөлийн дарга, салбар хуралдааны даргад бичгээр урьдчилан мэдэгдэж, харьяалах нэгжийн албан хаагчийг хуралдаанд санал өгөх эрхтэйгээр төлөөлүүлэн оролцуулж болно.
8.7. Зөвлөлийн хуралдааныг дор дурдсан дэгийн дагуу зохион байгуулна:
8.7.1. Хэлэлцүүлж байгаа асуудлаар тайлан, бичиг баримтын үндсэн зохиогч, төсөл захиалагч тал танилцуулга хийх;
8.7.2. Шинжээч, шинжээчдийн баг дүгнэлтээ танилцуулах;
8.7.3. Геологийн судалгааны ажил, газрын тосны хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн хувьд Монголын стратиграфийн комиссийн дүгнэлтийг танилцуулах;
8.7.4. Шүүмж, шинжээчийн дүгнэлтэнд гарсан асуудлаар тайлан, ТЭЗҮ, түүний тодотгол, орд ашиглах төлөвлөгөө зохиогчид болон шаардлагатай гэж үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс хариу тайлбар өгөх;
8.7.5. Хэлэлцэж буй асуудал болон зөвлөлийн хуралдаанаас гарах шийдвэрийн төсөлтэй холбогдуулж гишүүдийн зүгээс тайлан, бичиг баримтын зохиогч, шүүмжлэгч, шинжээч, төсөл хэрэгжүүлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд асуулт тавьж, хариулт авах;
8.7.6. Шаардлагатай тохиолдолд хэлэлцүүлж байгаа асуудлаар тайлан, бичиг баримтын үндсэн зохиогч, төсөл захиалагч талаас нэмэлт тайлбар сонсох;
8.7.7. Асуулт, хариулт дууссаны дараа хэлэлцэж буй асуудлаар зөвлөлийн хуралдаанаас гаргах зөвлөмж, дүгнэлтийн төсөлтэй холбогдуулж гишүүд дүгнэлт, саналаа гаргах.
8.8. Хуралдааны товд ороогүй, урьдчилан танилцуулагдаагүй асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхгүй.
8.9. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудал нь бичиг баримтын бүрдэл дутуу, хуульд заасан шаардлага хангаагүй бол хурлын товд орсон, эсэхээс үл хамааран зөвлөлийн хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, зөвлөлөөс тухайн асуудал хариуцсан геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад асуудлыг дахин хянуулахаар албан бичгээр буцаана.
8.10. Зөвлөлийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэх явцад буцаахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрийн шалтгаан, нөхцөл байдлын талаар тодорхой тусгасан хяналтын хуудас гарган тусгай зөвшөөрөл эзэмшигч, холбогдох этгээдэд хүргүүлнэ.
8.11. Шаардлагатай гэж үзвэл холбогдох эрдэмтэн, мэргэжилтнүүдийг зөвлөлдөх, санал сонсох зорилгоор Зөвлөлийн хуралдаанд урьж, оролцуулж болно.
8.12. Шинжээчийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцох боломжгүй талаар бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэх, эсэх асуудлыг хуралдаанд оролцогч гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Ес. Зөвлөлийн хуралдааны шийдвэр гаргах үе шат:
9.1. Зөвлөлийн хуралдаан нь хууль дээдлэх ёс, шударга ёс, хамтын удирдлагын зарчмыг баримтлан цөөнхийн саналыг хүндэтгэн, олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
9.2. Зөвлөлийн гишүүн хэлэлцэж байгаа асуудалд "зөвшөөрсөн" эсхүл "татгалзсан" саналын аль нэгийг өгнө.
9.3. Хуралдааны явцад зөвлөлийн гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авсан тохиолдолд өөрийн саналыг бичгээр хуралдааны даргад гаргаж өгнө. Бичгээр санал өгөхдөө тухайн хэлэлцэж буй асуудлыг дэмжсэн, эсэх тухайгаа тодорхой бичнэ.
9.4. Зөвлөлийн хуралдаанаас зөвлөлийн шийдвэр болон хуралдааны тэмдэглэл гарна.
9.5. Зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт, зөвлөмж хэлбэртэй байх ба шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана:
9.5.1. Энэхүү дүрмийн 4.1.1, 4.2.1, 4.3.1, 4.3.3, 4.4.1, 4.5.1, 4.5.2, 4.6.1-4.6.4-д заасан асуудлаар дүгнэлт гаргах;
9.5.2. Энэхүү дүрмийн 4.2.2, 4.3.3, 4.4.2, 4.4.3, 4.6.5, 4.6.6-д заасан асуудлаар зөвлөмж гаргах;
9.6. Хуралдааны тэмдэглэлд доор дурдсан зүйлийг тусгах бөгөөд уг тэмдэглэлийг салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтлөн, салбар зөвлөлийн даргын хамт гарын үсэг зурж баталгаажуулна:
9.6.1. Хуралдаан болсон газар, хуралдаан эхэлсэн, завсарласан, дууссан он, сар, өдөр, цаг, минут;
9.6.2. Ирцийн байдал (тоо, хувиар), хуралдаанд оролцоогүй гишүүний нэр, шалтгаан;
9.6.3. Хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцсон, байлцсан хүмүүсийн нэр, албан тушаал;
9.6.4. Хэлэлцсэн асуудал, түүнийг танилцуулсан хүний нэр, албан тушаал;
9.6.5. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариулт, гаргасан санал, шүүмжлэл, хэлсэн үгийн товч утга;
9.6.6. Хуралдаанд хоцорч ирсэн, хуралдааны дундуур чөлөө авч явсан гишүүний нэр, цаг, минут ба түүний бичгээр өгсөн санал;
9.6.7. Саналын зөрүүтэй асуудлаар болон гарах шийдвэрийн төслийн утга, агуулга, санал хураалтын дүн (тоо, хувиар);
9.6.8. Гарсан шийдвэрийн агуулга (утга);
9.6.9. Зөвлөлийн гишүүний тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн болон бичгээр өгсөн санал.
9.7. Зөвлөл нь шийдвэр гаргахдаа оролцогч хуулийн этгээдийн төлөөллийг байлцуулан шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд уг төлөөллийг хуралдааны танхимаас гарган, шийдвэр гаргаж болно.
9.8. Зөвлөл нь хуралдаанаар хэлэлцсэн асуудал тус бүрээр шийдвэр гаргах ба шийдвэрийг салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, салбар зөвлөлийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулах ба Зөвлөлийн дарга хянаж албажуулна.
9.9. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, эрдэс баялгийн судалгааны ажлын төсөл, төсвийн тодотгол, эцсийн үр дүнгийн тайлан болон газрын тосны нөөцийн тооцооны тайлан, орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэгт Зөвлөлийн салбар хуралдааны дүгнэлтийг үндэслэн геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, бусад холбогдох асуудлаар Зөвлөлийн салбар хуралдааны дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллагын дарга шийдвэр гаргана.
Арав. Зөвлөлийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц
10.1. Зөвлөл нь дарга, орлогч дарга, салбар хуралдааны дарга, салбар хуралдааны нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
10.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах шаардлага хангасан тохиолдолд томилно.
10.2.1.Зөвлөлийн гишүүд нь геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тос зэрэг тухайн салбар зөвлөлийн чиг үүрэгт хамаарах чиглэлийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 10 жилээс доошгүй хугацаанд ажилласан туршлагатай байх;
10.2.2.Хамаарах салбарын зөвлөх, мэргэшсэн мэргэжилтэн байх;
10.2.3.Өргөтгөсөн болон салбар зөвлөлийн гишүүдийн тавиас доошгүй хувь нь төрийн бус байгууллагын төлөөлөл байх;
10.2.4.Өргөтгөсөн болон салбар зөвлөлийн гишүүдийн төрийн төлөөлөлд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын тухайн асуудал хариуцсан албан тушаалтан байх.
10.3. Салбар хуралдааны гишүүн нь бусад салбар хуралдааны гишүүн байж болно.
10.4. Зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоод болон итгэмжлэгдсэн лабораторийн төлөөлөл буюу мэргэшсэн, мэргэжилтэн ажиллаж болно.
Арван нэг. Зөвлөлийн дарга, гишүүдийн эрх, үүрэг
11.1. Зөвлөлийн дарга нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1.Зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг удирдах, өртгөтгөсөн хуралдаанд оролцох гишүүдийн бүрэлдэхүүнийг батлах, шаардлагатай тохиолдолд хуралдаанд холбогдох яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага зэргээс албан тушаалтан, мэргэжилтнүүдийг урилгаар /саналын эрхгүйгээр/ оролцуулахаар шийдвэрлэж болно;
11.1.2.Зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, салбар хуралдааны мэдээ, тайлантай тухай бүр танилцах, холбогдох гишүүдэд шаардлага тавьж ажиллана;
11.1.3.Геологийн судалгаа, ашигт малтмалын ордын хайгуулын ажлын тайлан, ордыг ашиглах, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, газрын тос дамжуулах хоолойн ТЭЗҮ зэрэгт шүүмж, мэргэжлийн дүгнэлт гаргах шинжээчийг тухайн асуудал хариуцсан салбар хуралдааны даргын саналыг үндэслэн томилно;
11.1.4.Стратегийн ач холбогдол бүхий ордын хайгуулын ажлын тайлан, нөөцийн тооцоолол, ордыг ашиглах, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, түүний тодотголд шүүмж, дүгнэлт гаргах шинжээчдийн Ажлын хэсгийг тухайн асуудал хамаарах салбар хуралдааны даргатай зөвшилцөн, геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний тушаалаар томилох асуудлыг шийдвэрлүүлнэ.
11.2. Зөвлөлийн даргын эзгүйд түүний эрх, үүргийг түүний эрх олгосноор орлогч дарга бүх, эрх үүргийг хэрэгжүүлж, тухайн шийдвэртэй холбогдуулан хариуцлага хүлээнэ.
11.3. Зөвлөлийн салбар хуралдааны дарга нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
11.3.1.Салбар хуралдаанаар хэлэлцэх асуудалд шүүмж, мэргэжлийн дүгнэлт гаргах шинжээчийг томилуулах саналыг Зөвлөлийн даргад гаргах;
11.3.2.Салбар хуралдааны чиглэлд хамаарах стратегийн ач холбогдол бүхий ордын хайгуулын ажлын тайлан, нөөцийн тооцоолол, ордыг ашиглах, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-д шүүмж, дүгнэлт гаргах шинжээчдийн Ажлын хэсгийг байгуулах асуудлаар Зөвлөлийн даргатай зөвшилцөх.
11.4. Зөвлөлийн гишүүдийн эрх, үүрэг:
11.4.1.Зөвлөлийн хуралдаанд саналын эрхтэй оролцох;
11.4.2.Зөвлөлийн хуралдаанд тогтмол оролцож, зөвлөлийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах;
11.4.3.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлтийг гаргаж оролцох.
11.5. Зөвлөлийн дарга, орлогч дарга, салбар хуралдааны дарга, гишүүд нь зөвлөлийн гишүүний эрх, үүргийг нэг адил хэрэгжүүлнэ;
11.6. Зөвлөлийн салбар хуралдааны бүрэлдэхүүний 30 хүртэлх хувийг жилд нэг удаа шинэчлэн тогтоож болох ба гишүүдийг дараах үндэслэлээр геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн чөлөөлнө:
11.6.1.Зөвлөлийн дарга нь гишүүдийн хуралдаанд оролцсон байдал, ирц, идэвх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжит хуралд 3 ба түүнээс дээш удаа оролцоогүй, зөрчил гаргасан зэргийг харгалзан санал гаргасан;
11.6.2.Зөвлөлийн гишүүн мэргэжлийн ёс зүйн алдаа гаргасан;
11.6.3.Зөвлөлийн гишүүн өөрийн биеийн эрүүл мэндийн шалтгаан болон бусад шалтгаанаар зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;
Арван хоёр. Зөвлөлийн салбар хуралдааны нарийн бичгийн даргын чиг үүрэг
12.1. Зөвлөлөөр хэлэлцүүлэхээр ирүүлсэн хүсэлт бүхий бичиг баримтын бүрдлийг шалган хүлээн авч, хүсэлтийг Зөвлөлд ирүүлсэн дарааллаар бүртгэнэ.
12.2. Зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг хуралдаан эхлэхээс өмнө энэ дүрэмд заасан хугацаанд багтаан гаргаж, шаардлагатай мэдээллээр гишүүдийг хангана.
12.3. Хариуцсан чиглэлийн дагуу Зөвлөлийн өртгөтгөсөн болон салбар хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах ба хуралдаанд саналын эрхгүйгээр оролцоно.
12.4. Хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох бусад бичиг баримтын хамт төрийн захиргааны байгууллагад шийдвэр гарсанаас хойш ажлын 10 өдөрт багтаан хүргүүлнэ.
12.5. Хариуцсан асуудлын чиглэлээр ирүүлсэн мэдээ, тайлан, зөвлөмж, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг нэгтгэн зөвлөлийн салбар хуралдааны даргаар хянуулан Зөвлөлийн даргад тухай бүр танилцуулна.
12.6. Хууль, хяналт, шүүхийн эрх бүхий байгууллагаас Зөвлөлтэй холбоотой асуудлаар маргаан шийдвэрлэх, хяналт, шалгалт хийх тохиолдолд тухайн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга шаардлагатай баримт, мэдээллийг тухай бүрд нь гаргаж өгнө.
Арван гурав. Шинжээч томилох, шинжээчийн эрх, үүрэг
13.1. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалтай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуулийн 48.4-т заасан хугацаанд багтаан холбогдох шинжээчийг дараах этгээд томилно:
13.1.1.Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэх асуудалд геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;
13.1.2.Зөвлөлийн салбар хуралдаанаар хэлэлцэх асуудалд тухайн салбар хуралдааны даргын саналыг харгалзан Зөвлөлийн дарга.
13.2. Шинжээчийг томилж, түүнтэй гэрээ байгуулснаар шинжээчийн ажлыг гүйцэтгэх хугацаа тоологдох бөгөөд Зөвлөлийн хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аливаа хуулийн этгээд нь шинжээчийг тухайн асуудалтай холбоотой мэдээллээр бүрэн хангана.
13.3. Шинжээчийн шүүмж, дүгнэлт гаргах хугацаа нь тухайн ажлын цар хэмжээ, хэрэгцээ шаардлагаас хамаарах ба томилсон этгээд хугацааг заана.
13.4. Шинжээч нь асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд судлан, шаардлагатай шүүмж, дүгнэлтийг холбогдох хууль тогтоомж, арга аргачлалын хүрээнд бие даан гаргана.
13.5. Шинжээчийн өгсөн шүүмж, эсхүл дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэж хуулийн этгээд үзсэн тохиолдолд энэ тухайгаа шинжээчид албан ёсоор мэдэгдэж, дүгнэлтийн хариу тайлбарт тэмдэглэн баталгаажуулах ба тухайн асуудалтай холбоотой маргааныг Зөвлөлийн хуралдаанд тайлан, төсөл хэлэлцэх үеэр танилцуулж эцэслэн шийдвэрлүүлж болно.
13.6. Шинжээч нь үр дүнгийн тайлан, ТЭЗҮ, түүний тодотгол, газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэгт хийсэн өөрийн шүүмж, дүгнэлтийн үнэн бодит байдлыг бүрэн хариуцна.
13.7. Шинжээч нь Зөвлөлийн хуралдаанд биечлэн эсхүл цахим хэлбэрээр оролцох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тохиолдолд шалтгааны талаар Зөвлөлд урьдчилан бичгээр хүргүүлнэ.
13.8. Шинжээч нь орд ашиглах төлөвлөгөө болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөг боловсруулсан хуулийн этгээдийн мэргэшсэн байдал, гүйцэтгэлийн чанарын талаар үнэлэлт, дүгнэлт өгөх, хариуцлагын талаар Зөвлөлд санал оруулах эрхтэй.
13.9. Төрийн захиргааны байгууллагын шаардлагаар хийгдсэн нөөцийн дахин тооцоололд дүгнэлт гаргах шинжээчээр тухайн асуудал хариуцсан эрх бүхий албан хаагчийг нэгжийн даргын саналыг үндэслэн томилж болно.
13.10. Хуулийн этгээд нь өөрийн хийж гүйцэтгэж буй геологийн судалгааны ажил болон орд ашиглах, баяжуулах, боловсруулах ТЭЗҮ, газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг боловсруулах явцдаа Зөвлөлд албан бичгээр хандан шинжээчийг томилуулж болох бөгөөд энэ тохиолдолд шинжээч нь геологийн судалгааны болон бүх шатны геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, ТЭЗҮ, газрын тосны ордыг ашиглах төлөвлөгөө, боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолойн ТЭЗҮ боловсруулалтын явцад хяналт тавих хэлбэрээр оролцоно.
13.11. Шинжээчийн ажлын хөлсийг хуулийн этгээдээс дүгнэлт гаргуулахаар Зөвлөлд хүргүүлсэн холбогдох тайлан, ТЭЗҮ, төлөвлөгөө зэрэгт шинжээчийн хийх ажлын төрөл, хэмжээ, туршлага зэргийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалаар тогтоож дараах байдлаар шинжээчид олгоно:
13.11.1. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайланд шүүмж бичсэн шинжээч, хуралдаанд оролцсон гишүүдэд олгох ажлын хөлс, Зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдож гарах бусад зардлыг зохих журмаар батлагдсан төсвийн дагуу санхүүжүүлнэ;
13.11.2. Ашигт малтмалын ордын хайгуулын ажлаар тогтоосон нөөцийн тооцооны тайлан, ордыг ашиглах, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, газрын тос дамжуулах хоолойн ТЭЗҮ-д хөндлөнгийн дүгнэлт гаргах шинжээчийн ажлын зардал, хөлсийг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон холбогдох хуулийн этгээд хариуцна.
13.12. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажил болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, ордыг ашиглах, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, түүний тодотголд /өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэх/ шинжээч хийх асуудалд энэ дүрмийн 14.1.4 дахь заалт хамаарахгүй.
13.13. Нөөцийн тооцооны тайлангийн маргаантай асуудалд Төрийн байгуллагаас хяналт шалгалт хий, нөөцийн үнэн бодит байдалд дүгнэлт гаргах, хээрийн судалгааны ажлыг баталгаажуулах зорилгоор геологи, уул уурхайн салбарын Улсын байцаагч нарыг хөндлөнгийн шинжээчээр томилж дүгнэлт гаргаж болно.
Арван дөрөв. Шинжээчид тавигдах шаардлага, шинжээчээс татгалзах үндэслэл
Шинжээч нь дараах шаардлагыг хангасан байна:
14.1.1.Геологи, газрын тос, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын мэргэшсэн, зөвлөх, мэргэжилтэн байх бөгөөд мэргэжлийн болон ёс зүйн зөрчилгүй байна;
14.1.2.Тухайн салбарын чиглэлээр мэргэшсэн, мэргэжилтнүүдийн оролцоог жигд хангах үүднээс жилд хамгийн ихдээ 3-аас илүүгүй удаа шинжээчээр ажиллах бөгөөд үүнд Зөвлөлийн дарга хяналт тавьж ажиллана;
14.1.3.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч хийх асуудалд 14.1.2 дахь заалт хамаарахгүй.
14.1.4.Төрийн захиргааны албан хаагч биш байх.
14.2. Шинжээчийг татгалзах үндэслэл:
14.2.1.Дүрмийн 15.1-д заасан шаардлага хангаагүй;
14.2.2.Хуулийн этгээд нь томилогдсон шинжээчээс гэрээ байгуулахын өмнө нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд шалтгааныг Зөвлөлд албан бичгээр хүргүүлэх ба шинээр томилогдох шинжээчийг энэ дүрэмд заасны дагуу томилох эсхүл шинжээчийг шинжээчдийн бүрэлдэхүүнээс хасах асуудлыг тухайн салбар хуралдааны даргын саналыг үндэслэн Зөвлөлийн дарга шийдвэрлэнэ;
14.2.3.Томилогдсон шинжээч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шинжээчээр ажиллахаас татгалзах эрхтэй, харин ашиг сонирхолын зөрчилтэй тохиолдолд татгалзах үүрэгтэй бөгөөд энэ тухай хүсэлтээ Зөвлөлд бичгээр хүргүүлж шийдвэрлүүлнэ.
Арван тав. Үүрэг, хариуцлага
15.1. Салбар хуралдаанаас алдаа дутагдал гаргасан зохиогч, зөвлөх, шинжээчид анхааруулга бичгээр өгөх ба энэ тухай нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж баталгаажуулна.
15.2. Хангалтгүй гүйцэтгэлтэй тайлан, бичиг баримтыг Зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлсэн зохиогч, зөвлөх, хуулийн этгээдийн ажиллах эрхийг хязгаарлах асуудлыг эрх бүхий байгууллагад тухай бүр хандан хүргүүлнэ.
15.3. Хуулийн этгээд нь зөвлөлийн хуралдаанд оруулах бичиг баримтыг санаатайгаар хуурамчаар үйлдсэн тохиолдолд Зөвлөл уг асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.
15.4. Зөвлөлийн дарга, гишүүд нь буруу шийдвэр гаргасан талаар байгууллага, иргэдээс ирсэн гомдлыг Геологи, уул уурхай, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгж тухай бүр шалгаж, дүгнэлт гаргана.
15.5. Шинжээч нь хангалтгүй, түүнчлэн санаатай хуурамч дүгнэлт гаргасан тохиолдолд Зөвлөлийн дарга, зөвлөлийн салбар хуралдааны дарга нь дахин шинжээчээр нэг жил хүртэл хугацаагаар томилохоос татгалзаж, түүний зөвлөх, мэргэшсэн зэргийг түдгэлзүүлэх асуудлыг тухайн эрх олгосон байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.
15.6. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх материалыг хуурамчаар үйлдсэн тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад хүргүүлж шалгуулна.
15.7. Зөвлөлийн үйл ажиллагааны оролцогч талуудад зохих хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлж болно.
15.8. Зөвлөл нь геологийн судалгаа, ашигт малтмалын ордын хайгуулын ажлын тайлан, ордыг ашиглах, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, түүний тодотгол, газрын тосны орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, газрын тосны боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолойн ТЭЗҮ, түүний тодотгол зэргийг удирдан боловсруулсан зөвлөх болон мэргэшсэн мэргэжилтнүүд, хуулийн этгээд, шинжээчдийн ажлын гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өгч, давтан хангалтгүй ажилласан, ёс зүйн зөрчил гаргасан этгээдийн мэргэжлийн зэргийг бууруулах, эрхийг цуцлуулах, хариуцлага тооцуулах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлж болно.
15.9. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төрийн захиргааны байгууллагын дарга нь Зөвлөлийн хуралдааны дүгнэлт, зөвлөмжөөр өгөгдсөн үүрэг, даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй хуулийн этгээдтэй холбоотой гаргасан шийдвэрээ түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхтэй.
--- oOo ---
Текст томруулах
A
A
A