A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны

07 дугаар сарын 23-ны өдрийн А/116 дугаар

тушаалын хавсралт

ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1.  Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авахтай (цаашид "авто зам ашигласны төлбөр" гэх) холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2.  Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн орлогыг улсын авто замын санд төвлөрүүлж, Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4, 24.5-д заасны дагуу зарцуулна.

 

1.3.  Тусгай зориулалтын авто замаар зорчиж буй тусгай зориулалтаас бусад тээврийн хэрэгслээс авах төлбөр нь Засгийн газраас тогтоосон олон улс, улсын чанартай авто замд авах төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байна.

 

1.4.  Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг авто замын судалгаа, шинжилгээ хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага (цаашид "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ гэх) зохион байгуулж хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Төлбөр авах үйл ажиллагаанд тавигдах шаардлага

 

2.1. Авто зам ашигласны төлбөр авахдаа тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, бодит жинг харгалзан Засгийн газраас тогтоосон төлбөрийн хэмжээг баримтална.

 

2.2.  Албан үүргээ гүйцэтгэж яваа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан тээврийн хэрэгсэл төлбөр төлөхөөс чөлөөлөгдөнө. Мөн "Чингис хаан" нисэх онгоцны буудалд үйл ажиллагааг явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, Нийслэл хотыг тойрсон Эмээлт, Налайх, Хоолт, Түргэний гүүрийн төлбөр авах цэгийн гадна талд байрлах нийслэлийн дүүрэг хороодод ажиллаж, амьдардаг иргэн, хуулийн этгээдийн холбогдох баримтыг /иргэний үнэмлэх, гэрээ, ажлын үнэмлэх/ үндэслэн тухайн төлбөр авах цэгээр өнгөрөхөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж болно. Эдгээрийг нэгдсэн жагсаалт (цаашид "цагаан жагсаалт" гэх)-д бүртгэж авна. Цагаан жагсаалтыг "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ баталж, мөрдүүлнэ.

2.3. Энэ журмын 2.2-т зааснаас бусад бүх тээврийн хэрэгсэл авто зам, замын байгууламж ашигласны төлбөр төлнө.

2.4. Төлбөр авах үйл ажиллагааг төлбөр авах цэгт (цаашид "төлбөр авах цэг" гэх.) зохион байгуулна

 

2.5. Авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хэрэгжүүлэх ба байгалийн гамшиг, осол сүйрэл, давагдашгүй хүчин зүйлийн нөлөө үүссэн нөхцөлд гарцыг яаралтай чөлөөлж, тээврийн хэрэгслийг саадгүй өнгөрүүлж, үүссэн нөхцөл байдлаас гарах, сэргээн босгох үйл ажиллагааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохион байгуулна.

2.6. Авто зам, замын байгууламж ашигласан төлбөрийн хэмжээг заасан тасалбарыг бэлэн төгрөгөөр болон банкны картаар төлбөр төлөгчдөд олгоно. Төлбөр төлсөн тухай тасалбарт авто замын чиглэл, дугаар, төлбөр авах цэгийн нэр, төлбөрийн хэмжээ, огноо, цаг хугацааг тусгаж, санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна. Цахимаар төлбөр төлсөн тохиолдолд тухайн хүнд цахимаар мэдээллэнэ.

2.7. Авто зам ашигласны төлбөр авах цэг нь "Авто замын төлбөр хураах цэг" MNS 6592:2016 стандартын дагуу шаардлагатай техник, тоног төхөөрөмж, тэмдэг тэмдэглэлээр тоноглогдож, аюул осолгүй ажиллах нөхцөл боломжоор хангагдсан, камерын хяналт, дуу дүрсний бичлэгээр баримтжуулдаг байна.

2.8. Тээврийн хэрэгсэл нь төлбөр авах цэгээр дамжин өнгөрөх бүр заавал бүртгүүлж, авто зам ашигласны төлбөр төлнө. Дараах төлбөрийг нэмэлтээр тооцно. Эдгээрийг "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ тогтоож мөрдүүлнэ. Үүнд:

2.8.1. Авто зам ашигласны төлбөрийн өглөг;

2.8.2. Төлөгдөөгүй хугацаанд ногдох алданги;

2.8.3. Үйлчилгээний шимтгэл;

2.8.4. Бусад.

2.9. Бэлэн төгрөгөөр болон банкны картаар төлбөр төлөхөд төлбөр  авах цэгийн орох хэсэгт тээврийн хэрэгслээс төлбөр авсныг нотлох тасалбар олгон бүртгэлжүүлнэ. Өмнөх төлбөр авах цэгт бүртгэл үүсээгүй, төлбөр төлөөгүй тохиолдолд зорчсон замынхаа төлбөрийг төлж, дараагийн замд зорчих төлбөрийг төлж, тасалбар авна. Цахимаар төлбөр төлж байгаа тохиолдолд өмнөх төлбөр авах цэгээр өнгөрсөн тухай мэдээлэл дараагийн төлбөр авах цэгт бүртгэгдсэн байна.

2.10. Тухайн авто замаар байнга зорчиж, тээвэрлэлт хийдэг тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчтэй гэрээ байгуулан авто зам ашигласны төлбөрийг урьдчилан төлж болно. Төлбөрийг урьдчилан төлсөн тохиолдолд 30 хүртэлх хувиар хөнгөлөлт үзүүлнэ.

2.11. Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчих тээврийн хэрэгслийн тэнхлэгийн ачаалал, бодит жин, овор хэмжээг шалгаж, MNS 4598-2020 стандартад нийцсэн эсэхийг тогтооно. Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн тэнхлэгийн ачаалал, бодит жин, овортой тээврийн хэрэгслийг тухайн авто замаар зорчихыг зөвшөөрөхгүй.

2.12.Төлбөр авах цэгээс хоёр тийш авто замын дагууд 500 метр дотор аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, зар сурталчилгааны самбар байрлуулахыг зөвшөөрөхгүй.

 

ГуравАвто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

3.1. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь олон улс, улсын болон тусгай зориулалтын авто замын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг эрхлэн хөтөлж, авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг бодлого, зохицуулалтаар хангаж, олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

3.2. Төлбөртэй авто зам, замын байгууламж, төлбөр авах цэгийн байршлыг авто замын сүлжээний зурагт тэмдэглэж, мэдээлэх ажлыг зохион байгуулна.

Дөрөв. "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын чиг үүрэг

4.1. "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ нь олон улс, улсын чанартай авто замын тогтоосон чиглэлд төлбөр авах цэг байгуулан үйл ажиллагааг  зохион байгуулж, авто зам ашигласны төлбөрийн орлогыг улсын авто замын сангийн 100900028054 дансанд төвлөрүүлнэ.

4.2. Төлбөр авах цэгийн байр, авто пүү, түр саатуулах зогсоолын талбайн бүрэн бүтэн байдал,  ажилчдын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг хангаж, хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчилсан мэдээллийн самбар байрлуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана.

4.3. Төлбөр авах үйл ажиллагааг цахимжуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж, төлбөр авах цэгээр өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг төрөл, улсын дугаараар бүртгэж, цахим сан бүрдүүлнэ.

4.4. Төлбөр авах цэгүүдийн орлогыг дараа өдөрт багтаан улсын авто замын сангийн дансанд төвлөрүүлж, сар бүрийн тайланг тухайн сарын 25-ны өдрийн дотор авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. Мөн төлбөр авах үйл ажиллагааны орлого, зарлагын улирал, жилийн тайланг тогтоосон хугацаанд гарган холбогдох байгууллагад хүргүүлнэ.

4.5. Авто зам, замын байгууламжийн бүртгэл мэдээллийн санг эрхлэн хөтөлж, нэгдсэн санг бүрдүүлж ажиллана.

Тав. Авто зам ашигласны төлбөрийг цахимаар авах үйл ажиллагаа

5.1. Төлбөр авах цэгээр өнгөрөх ачаатай тээврийн хэрэгслийн тэнхлэгийн ачаалал, бодит жин, овор хэмжээг нягтлан шалгаж, жолоочид баримт хэвлэж өгнө. Тус баримтад "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ тогтоосон загварын дагуу тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, төлбөр авах цэгийн нэр, хэмжилт хийсэн огноо, цаг хугацаа, хэмжилтийн үр дүн зэргийг багтаасан байна.

5.2. Төлбөр авах цэгт ирсэн тээврийн хэрэгсэл гарцын өмнөх хурд сааруулах төхөөрөмжийг болгоомжтой давж цааш хөдөлгөөнөө аажим үргэлжлүүлэх үед түүний улсын дугаар болон цахим гэрчилгээний дугаарыг таньж, уг тээврийн хэрэгсэлд хамаарах төлбөрийн мэдээллийг дэлгэцээр харуулж, мэдээллийн сан уруу илгээнэ. Хэрэв улсын дугаар, цахим гэрчилгээг таньж чадаагүй тохиолдолд төлбөр авах цэгийн ажилтан гараар бичиж оруулна.

5.3. Авто зам ашигласны төлбөрийг урьдчилан төлөх, төлбөр авах цэгээр нэвтрэх үед төлөх, дараа төлөх гэсэн хувилбаруудаас зам хэрэглэгч сонгож хэрэгжүүлнэ. Цахим төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой нарийвчилсан үйл ажиллагааг тусгайлан баталсан журмаар зохицуулна.

5.4. Урьдчилан төлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тухайн тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгээр саадгүй өнгөрүүлж, түүний эзэмшигч, өмчлөгчийн урьдчилан төлсөн төлбөрөөс хасаж тооцох байдлаар төлбөрийг төлүүлнэ. Төлбөр төлсөн талаар мэдээллийг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид цахимаар дамжуулан шуурхай хүргэнэ.

5.5. Дараа төлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас тогтоосон дээд хязгаараас хэтрээгүй үнийн дүн бүхий төлбөр тооцоотой тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгээр саадгүй өнгөрүүлж, түүний эзэмшигч, өмчлөгч рүү нэхэмжлэл илгээн төлбөрийн боломжит арга хэрэгсэл / Е-баримт, интернет банк, мобайл банк гэх мэт/-ээр дамжуулан төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авна. Тогтоосон дээд хязгаараас хэтрүүлэхгүйгээр төлбөрөө нэн даруй, бүрэн төлсөн тээврийн хэрэгсэлд урамшуулал тооцож болно. Урамшууллын хувь хэмжээг "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ тогтоож, мөрдүүлнэ.

5.6. Авто зам ашигласны төлбөрийн хэмжээ нь "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын тогтоосон дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг төлбөр авах цэг дээр саатуулж, төлбөрийг автоматаар суутгах (Social pay, Mon pay, Most money ... гэх мэт), бэлнээр төлүүлэх, (Cash, POS terminal) зэрэг боломжит арга хэрэгслээр бүрэн төлүүлэх арга хэмжээ авна.

5.7. Тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр өнгөрсөн тухай мэдээллийг нэн даруй Төрийн мэдээллийн сүлжээ (цаашид "ХУР систем" гэх) рүү илгээж, холбогдох эрх бүхий байгууллагад түгээнэ. Энэ үйл ажиллагаанд өндөр хурдны интернет эсвэл үүрэн холбооны найдвартай, тасралтгүй сүлжээ ашиглана.

5.8. Тээврийн хэрэгсэл "цагаан жагсаалт"-д бүртгүүлсэн тохиолдолд төлбөр авах цэгээр саадгүй өнгөрүүлж, төлбөр тооцоо үүсээгүй талаарх мэдээллийг дэлгэцээр харуулж, мэдээллийн сан уруу илгээнэ.

5.9. Хэрэв тээврийн хэрэгслийг таних үйл ажиллагаанд алдаа гарч төлбөр авах цэгээр гараагүй тээврийн хэрэгслээс төлбөр авсан бол энэхүү төлбөрийн хэмжээгээр "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-т өглөг, алдаатай тооцуулсан тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид авлага үүснэ. Авлага, өглөгийг авто зам ашигласны төлбөрт тооцуулан ашиглаж болно. Эдгээр үйл ажиллагаанд "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ байнгын хяналт тавьж, шуурхай зохицуулах арга хэмжээ авна.

 

Зургаа. Бусад

6.1. Төлбөр авах цэгийн ажиллах дотоод журмыг "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ тогтоож хэрэгжүүлнэ.

6.2. Төлбөр авах цэгийн хэвийн үйл ажиллагаа, ажилтнуудын аюулгүй байдлыг "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ, түүнээс томилогдсон ажилтан, төлбөр авах цэгийн ахлагч бүрэн хариуцна.

6.3. Авто замын тухай хууль болон энэхүү журмын заалтыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---о0о---