A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭСАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XX ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 01

Улаанхудаг

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Сумын Засаг дарга Ө.Машбаярын өргөн мэдүүлсэн газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай санал, шийдвэрийн төслийг авч хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын "Газрын үнэлгээ тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Хөдөө аж ахуйн газрын буюу бэлчээр, тариалан, хадлангийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээ, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс) –ийн 1 га газрын төлбөрийн хэмжээг хавсралтаар баталж, Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүргүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа мөрдсүгэй.

1.1.Сумын Засаг дарга /Ө.Машбаяр/-т ДААЛГАХ нь:

1.2.Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах

1.3.Газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулах, төсөвт төвлөрүүлэхэд хяналт тавьж ажиллах.

1.4.Иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж зарцуулах.

2.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний акт улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон нарийн бичгийн дарга /Э.Мөнхцэцэг/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА Ц.ШАРАВЖАМЦ

ТӨВ АЙМАГ ЭРДЭНЭСАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 02

Улаан худаг

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 79 тоот албан бичгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд болон нарийн бичгийн дарга /Э.Мөнхцэцэг/-т даалгасугай.

ДАРГА Х.ЧИНЗОРИГТ