A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, БУЛШЛАХ ЖУРАМ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2021 оны 8 дугаар сарын 6 өдрийн 5/04 дүгээр

 тогтоолын 1-р хавсралт

 

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, БУЛШЛАХ ЖУРАМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1. ЖУРМЫН ЗОРИЛГО

1.1. Журмын зорилго нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, дахин боловсруулах, булшлах, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэх, зарцуулах үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Энэхүү журмыг аймаг, сумын хэмжээнд бүх нийтээр дагаж мөрдөнө.

1.3. Журмын хэрэгжилтэд аймгийн бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, олон нийтийн байцаагч болон хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан, гэрээгээр эрх олгосон төрийн бус байгууллага, олон нийтийн хяналтыг иргэдийн бүлэг тавина.

1.4. Журмаар зохицуулагдаагүй харилцааг "Хог хаягдлын тухай" хуулийг удирдлага болгон зохицуулна.

1.5. Энгийн хог хаягдал" гэж Хог хаягдлын тухай хуулийн 4.1.3- т заасныг ойлгоно.

ХОЁР. БАРИМТЛАХ ЗАРЧИМ, ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

2.1. Хог хаягдал үүсгэгч болон эрх бүхий этгээд үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.

2.1.1. Хог хаягдал аль болох үүсгэхгүй байх

2.1.2. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах боломжийг бүрдүүлэх, эрэлхийлэх

2.1.3. Шинэ санаа, санаачлага гаргах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх

2.1.4. Хог хаягдлыг ангилан ялгах, сөрөг нөлөөллийг бууруулахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог хангах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх.

2.1.5. Байгаль орчинд ээлтэй сэтгэлгээгээр хийж хэрэгжүүлэх

2.1.6. Хог хаягдал үүсгэгч иргэн, байгууллага, аж ахуйн нэгж бүр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон хог хаягдлын үйлчилгээний хураамж төлнө.

2.2. Эрх бүхий этгээдийн үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага

2.2.1. Энгийн хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах, устгах үйл ажиллагааг зохих шатны Засаг даргатай гэрээ байгуулж бүртгүүлсэн эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллага гүйцэтгэнэ.

2.2.2. Засаг даргатай гэрээ байгуулсан эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаандаа холбогдох хууль, журам энэ чиглэлээр батлагдан гарсан Монгол Улсын стандартыг мөрдөн ажиллана.

2.2.3. Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэнэ.

2.2.4.  Эрх бүхий этгээд нь үйл ажиллагааны тайлан, мэдээг тоо, хэмжээ, нэр төрөл тус бүрээр гаргаж, cap бүрийн 25-ны дотор тухайн шатны Засаг даргын Тамгын газарт хүргүүлж байна.

ГУРАВ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭХ

3.1.      Нийтийн эдэлбэр газар, гудамж, зам талбайг цэвэрлэх үйлчилгээг эрх бүхий этгээд гүйцэтгэнэ.

3.2.      Эрх бүхий этгээд байхгүй сумын нийтийн эдэлбэр газар, гудамж, зам талбайг аймгийн хурлаас баталсан тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллага сумын ЗДТГ-тай гэрээ байгуулан цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллана.

3.3.      Нийтийн эдэлбэр газар, гудамж, зам талбайд дараах газрыг хамруулна /улс, орон нутгийн чанартай авто зам замын байгууламж, гүүр, явган хүний зам, ногоон байгууламж, хайс, хашлага, цэцэрлэгт хүрээлэн, зорчих хэсгийн тусгаарлах зурвас, талбай, хөшөө баримал, түүхийн дурсгалт газар г.м/

3.4.      Нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах

3.4.1.  Тухайн шатны засаг даргын захирамжаар хавар намарт нийтийн их цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулна.

3.4.2.  Аж ахуйн нэгж, албан байгууллага бүр орчныхоо 50 метр талбайн хог хаягдал, цас мөсийг тогтмол цэвэрлэж байх.

3.4.3.  Айл өрх бүр хашаа, байрны дотор, гадна орчныхоо талбайг цэвэрлэж, хогоо ачуулж, гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулан засварлаж байх.

3.4.4.  Бүх нийтийн их цэвэрлэгээ, Усан сан бүхий газар, түүхийн дурсгалт газар, хөшөө дурсгалын газрын цэвэрлэгээнд иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцох

3.5.      Нийтийн цэвэрлэгээнд тавигдах шаардлага

3.5.1.  Цэвэрлэсэн хог хаягдлыг ил задгай овоолон орхих, шатаахгүй байх;

3.5.2.  Нийтийн цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлаас дахивар хогийг ялган ангилж, хоёрдогч түүхий эд цуглуулах цэгт тушаах, бусад хаягдлыг тусгайлсан уутанд, хийж хогийн цэгт хүргэх.

3.5.3.  Хөдөлмөр, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааг хангаж иргэд цэвэрлэгээнд оролцох.

3.5.4.  Хог хаягдал тээвэрлэхдээ зориулалтын машин техник ашиглах эсвэл салхинд хийсэх, унахаас хамгаалсан хамгаалалттай байх.

ДӨРӨВ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЭХ ҮҮСВЭР ДЭЭР НЬ АНГИЛАН ЯЛГАХ

4.1.      Энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр дараах байдлаар ангилна.

4.1.1.  Орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага энгийн хог хаягдлыг хамгийн багадаа дараах төрлөөр ангилна.

a.         Дахин боловсруулах боломжтой дахивар[1],

b.         Хүнсний органик хог хаягдал[2]

c.         Дахин боловсруулах боломжгүй хог хаягдал

4.1.2.  Гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага энгийн хог хаягдлыг хамгийн багадаа дараах төрлөөр ангилна.

a.         Дахин боловсруулах боломжтой дахивар,

b.         Хүнсний органик хог хаягдал

c.         Үнс

d.         Дахин боловсруулах боломжгүй хог хаягдал

4.2.      Энэхүү журмын 4.1 дэх заалтад заасан энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах төрлийг дахин боловсруулах үйлдвэртэй уялдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрсдийн санаачлагаар нэмэгдүүлж болно.

4.3.      Дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг худалдан авах, түр хадгалах цэг нь орчны аюулгүй байдлыг хангасан, хог хаягдлыг агуулахад эмх цэгцтэй хадгалж, хог хаягдлын овор хэмжээг багасгах нягтруулах төхөөрөмжтэй байна.

4.4.      Нийтийн эдэлбэр газар, хотын гудамж талбайд байршуулах хогийн савыг өнгө шийдэл, хог хаягдлыг нь авахад хялбар, хог хаягдлын гарц хэмжээнд нийцүүлэн байршуулна.

4.5.      Энгийн хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав дараах шаардлагыг хангасан байна.

4.5.1.  Ангилан ялгах хог хаягдлын төрлөөр хогийн савыг өнгөөр ялгасан, эсвэл ангилах, ялгах зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий байж болно.

4.5.2.  Айл гэрт 5-10, хашаанд 80-120, байгууллагын дотор 10-40, гадна 80-150 литрийн багтаамжтай байна.

4.5.3.  Цоорч гэмтээгүй, салхиар тархахгүй, шингэн нэвчихгүй, угааж цэвэрлэхэд хялбар, тагтай, хуванцар, металл материалаар хийгдсэн.

4.5.4.  Хог хаягдал цуглуулах сав байршуулах талбайн хөрсийг тэгшлэн нягтаршуулсан, цементлэсэн, зориулалтын хавтан дэвсгэр дэвссэн байна.

4.5.5.  Хог хаягдлыг цуглуулах сав орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй газар, салхины доод талд, гэр байшин, хүнс боловсруулах, хадгалах газар, хүүхдийн тоглоомын талбайгаас 20-30 метрт байрлуулсан, тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх зай талбайтай байна.

ТАВ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ

5.1.      Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг ачиж, цуглуулах, тээвэрлэх ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тендерийн баримт бичигт журмын 5.5-д заасан шаардлага ба хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх байгууллагын сар бүр ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тусгана.

5.2.      "Нутаг дэвсгэрт хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний гэрээ"-г Засаг дарга, Хог хаягдлын үйлчилгээний байгууллага, иргэн хамтран байгуулна.

5.3.      Нутаг дэвсгэрт энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх гэрээний үүргийг аль нэг тал зөрчсөн бол гэрээг нэг талын санаачлагаар хэдийд ч цуцална.

5.4.      Хөндлөнгийн хяналтын төрийн бус байгууллага "сумын нутаг дэвсгэрт хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх гэрээ"-нд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу хог хаягдлын үйлчилгээний байгууллагад хяналт тавьж, улирал бүрийн ажлын гүйцэтгэлд үнэлгээ өгнө.

5.5.      Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараах шалгуурыг хангасан байна.

5.5.1.  Орон сууцны хороолол, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх үйлчилгээ эрхлэх тохиолдолд хог ачиж тээвэрлэх өөрийн эзэмшлийн тусгай зориулалтын авто машинтай байх;

5.5.2.  Гэр хорооны хог хаягдал, үнс тээвэрлэх үйлчилгээ эрхлэх тохиолдолд хог ачиж тээвэрлэх зориулалттай задгай тэвштэй, өөрөө буулгагч төхөөрөмжтэй өөрийн эзэмшлийн авто машинтай байх;

5.5.3.  Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд ажиллах автомашин 5-аас дээш жилийн насжилттай бол агаарын бохирдлоос сэргийлэх зорилгоор автомашины түлш, яндангийн системд тусгай зориулалтын шүүлтүүр, тоног төхөөрөмж суурилуулсан байх;

5.5.4.  Хог тээврийн зориулалттай 3 авто машин тутамд ангилсан хог хаягдлыг тээвэрлэх зориулалтаар 1-ээс доошгүй шахдаг тэвштэй тусгай зориулалтын машин, үнс тээвэрлэх бол задгай тэвштэй хог тээврийн тоноглож бэлтгэсэн автомашинтай байх;

5.6.      Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

5.6.1.  Энгийн хог хаягдал цуглуулалт тээвэрлэлтийн хуваарь, статистик тоо, мэдээ, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого, түүний зарцуулалт, маршрут, хүний нөөц, машин техник, тоног төхөөрөмжийн мэдээлэл, хог хаягдлын талаарх хууль, эрх зүйн мэдээлэл, иргэдэд чиглэсэн хог хаягдлын боловсрол олгох сурталчилгааны мэдээлэл бүхий байгууллагын цахим хуудсыг ажиллуулах;

5.6.2.  Цуглуулж, тээвэрлэсэн энгийн хог хаягдлын төрөл, эх үүсвэр, тоо хэмжээний талаарх тайлан мэдээг баталсан тайлангийн маягтын дагуу гаргаж, тогтоосон хугацаанд сумын Засаг даргад хүргүүлэх;

5.6.3.  Энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний орлогын хоёроос доошгүй хувийг иргэдийн хог хаягдлын боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны үйл ажиллагаанд зарцуулах

5.6.4.  Монгол Улсын болон олон улсын хог хаягдал цуглуулж, тээвэрлэх норм, стандарт, шаардлагыг мөрдөж ажиллах;

5.6.5.  Хог ачих өдөр, хогоо гаргах цагийн хуваарийг мөрдүүлэх, хэвшүүлэх үйл ажиллагааг тухайн багийн Засаг даргатай хамтран зохион байгуулах;

5.6.6.  Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг баримтлан ажиллахаас гадна олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрдөнө;

5.6.7.  Энгийн хог хаягдлыг авто машины даац, тэвшний өндөрт тохируулан ачиж, битүүмжлэн тээвэрлэх ба тээвэрлэлтийн явцад хог хаягдал хийсэх, тархах, асгарахаас сэргийлэх арга хэмжээ авах;

5.6.8.  Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хог ачиж тээвэрлэх хуваарийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүргүүлэх;

5.6.9.  Хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд мэдээллийн технологи, шинэ иновацийг нэвтрүүлж ажиллах.

5.7.      Аймгийн нутаг дэвсгэрт хог хаягдал ачиж, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд дараах шаардлагыг баримтална.

5.7.1.  Айл өрх, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг хугацаа бага зарцуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, жолооч, ачигчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах байдлаар ачиж, цуглуулах арга, хэлбэр, технологийг сонгох бөгөөд хог хаягдал ачих, цуглуулах, ангилах төрлөөс шалтгаалан зориулалтын уут, хогийн савыг ашиглах;

5.7.2.  Энгийн хог хаягдлыг холихгүйгээр ангиллын төрлийн дагуу ачиж, тээвэрлэх;

5.7.3.  Энгийн хог хаягдлыг ачиж, цуглуулах үед ууталсан хог хаягдлыг уутнаас задлахгүйгээр, хог хаягдлыг ил задгай тархааж хийсгэхгүйгээр ачиж тээвэрлэх;

5.7.4.  Хогийн сав, бункер эзэмшигч, өмчлөгч, ашиглагч дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд хоёр сард нэг удаа угааж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх;

5.7.5.  Хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг жолоочийн хариуцлагын даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгал, үзлэг оношлогоонд бүрэн хамруулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашинаар гүйцэтгэх;

5.7.6.  Энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээг тухайн сумын нэр, байгууллагын лого, бүртгэлийн дугаар бүхий харагдахуйц таних тэмдэгтэй авто машинаар гүйцэтгэх;

5.7.7.  Хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага тээвэрлэж байгаа хог хаягдлын төрөл ангиллаас хамааран хог дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагатай хог хаягдал нийлүүлэх гэрээ байгуулж ажиллана.

ЗУРГАА. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ

6.1.      Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах

6.1.1.  Энгийн хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг Хог хаягдлын тухайн хуулийн 9.3.2 дахь хэсэгт заасан зөвшөөрөл авсан, 8.1.9.б-д заасны дагуу бүртгүүлсэн хуулийн этгээд гүйцэтгэнэ.

6.1.2.  Энгийн хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч Хог хаягдлын тухай хуулийн 8.1.3-д заасны дагуу дахин боловсруулсан болон сэргээн ашигласан хог хаягдлын мэдээ тайланг тогтсон хугацаанд тухайн сумын байгаль орчны улсын байцаагч нарт мэдээлэх.

6.1.3.  Дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэгч нь түүхий эд болох хог хаягдлыг өөрөө болон эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар дамжуулан цуглуулж болно.

6.1.4.  Энгийн хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч нь сэргээн ашиглах хог хаягдлаа төрөлжүүлэн цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын гэрээ болон сумын засаг даргатай гэрээ байгуулан гүйцэтгэж болно.

6.2.      Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах

6.2.1.  Хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй технологиор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, зориулалтын байгууламж, тоног төхөөрөмжид зөвшөөрсөн газарт шатааж, эрчим хүч /цахилгаан, дулаан, халуун ус/ үйлдвэрлэх.

6.2.2.  Байгаль орчинд ээлтэй нөхцөлөөр, зөвшөөрсөн арга технологиор хог хаягдлыг нэрэх, угаах, халдваргүйжүүлэх, цэвэрлэх, сэргээх аргаар боловсруулж, эргүүлэн ашиглах чанарын шаардлага хангаж, эдийн засгийн хувьд ашигтай болгож хог хаягдлыг анхны хэлбэрт оруулах.

6.2.3.  Хог хаягдал сэргээн ашиглах технологи нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ашигласан бүтээгдэхүүн нь хүн, мал, амьтан, ургамалд хор хөнөөлгүй байна.

6.2.4.  Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэр барьж болох ба хог хаягдлыг тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэх боломжгүй алслагдсан газар, суурин газарт өндөр даралт болон битүүмжлэл бүхий хог хаягдал шатаах зориулалтын, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, байгаль орчны холбогдох байгууллага хүлээн зөвшөөрсөн жижиг оврын хог хаягдал шатаах байгууламж ашиглан дулаан, халуун ус үйлдвэрлэж сэргээн ашиглаж болно.

ДОЛОО. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ УСТГАХ, БУЛШЛАХ

7.1.      Эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь сэргээн ашиглах, дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга технологиор устгаж булшилна.

7.2.      Энгийн хог хаягдлыг устгахад дараах төрлийн үйл ажиллагаа хамаарна.

7.2.1.  Химийн аргаар зарим төрлийн хог хаягдлыг урвалд оруулж, боловсруулж устгах.

7.2.2.  Биологийн аргаар байгальд ээлтэй нөхцөлөөр боловсруулж устгах.

7.2.3.  Зориулалтын байгууламжид хог хаягдлыг шатаах.

7.2.4.  Хог хаягдлыг халдваргүйжүүлж, байгальд хоргүй болгож устгах.

7.3.      Энгийн хог хаягдлыг булшлах

7.3.1.  Хог хаягдлын төвлөрсөн цэгт эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлыг зориулалтын тоног төхөөрөмжөөр ландфилл аргаар газарт булшлах.

7.3.2.  Хог хаягдлыг булшлах ажиллагаа нь дэлхийн эрүүл мэндийн болон байгаль орчны холбогдох байгууллагуудаас гаргасан зөвлөмжийн дагуу байгаль орчинд хоргүй нөхцөлөөр, ландфилл аргаар хийгдэнэ.

НАЙМ. ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

8.1.      Аймгийн Засаг даргын хүлээх үүрэг:

8.1.1.  Журмын хэрэгжилтийг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмнө хариуцаж тайлагнах.

8.1.2.  Энгийн хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах, устгах үйл ажилгаагаа явуулах байгууллагатай гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох

8.1.3.  Энгийн хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлахад шаардагдах төсөв, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах.

8.1.4.  Журмыг хэрэгжүүлэхэд сумдын Засаг дарга болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж ажиллах.

8.1.5.  Гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлс тохиолдсон үед нийтийн их цэвэрлэгээг зарлах.

8.2.      Сумын Засаг даргын хүлээх үүрэг:

8.2.1.  Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, иргэн аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах, сургалт зохион байгуулах.

8.2.2.  Хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулах, цэвэрлэх, тээвэрлэх, дахин боловсруулах цэгийг байгуулах, хог хаягдлыг устгах булшлахад шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгах.

8.2.3.  Хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх график, маршрутыг батлах, хяналт тавих.

8.2.4.  Анхан шатанд ахуйн хог хаягдлыг ангилан ялгасан, бусдад үлгэр дуурайл болсон айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах, олон нийтэд сурталчлах.

8.2.5.  Хог хаягдлыг бууруулах, төвлөрсөн цэгийг тохижуулах, устгах, булшлах үйл ажиллагаанд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын техник хэрэгслийг ашиглаж болно.

8.2.6.  Эрүүл мэнд, барилга, зам тээвэр, батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг хог хаягдлаа тухайн чиглэлийн төрийн захиргааны төв байгууллагаас батлан гаргасан журмын дагуу тээвэрлэх, устгах, булшлахыг шаардах, хяналт тавих.

8.2.7.  Хог хаягдлын тайлан, мэдээг холбогдох иргэн аж ахуйн нэгж, байгууллагаас хугацаанд нь авч тухайн жилийн 6, 12 дугаар сарын 10-ны дотор Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүргүүлэх

8.2.8.  Сумын нутаг дэвсгэрт журмын хэрэгжилтийг хангах, нийтийн эдэлбэр газарт ил задгай хог хаягдал үүсгэхгүй байх арга хэмжээг авч ажиллах.

8.2.9.  Сумын нутаг дэвсгэрт хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх хог хаягдлын үйлчилгээний байгууллага, иргэдийг Хог хаягдлын хуулийн 9.4.2-т заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан байгууллага, иргэнтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэх.

8.2.10.            Сумын нутаг дэвсгэрт хог ачиж, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний байгууллага, иргэн энэхүү журмын 5.4 дэх заасан улирал бүрийн гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн хог хаягдлын тухай хуулийн 41.9, 41.10 хэсэгт заасны дагуу санхүүжүүлэх ба чанаргүй гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээгээр санхүүжилтийг хасаж олгоно.

8.2.11.            Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний төлөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийг Хог хаягдлын тухай хуулийн 9.2.2-д заасан хэмжээгээр тооцож авахад хяналт тавих, үйлчилгээний хураамжийн орлого төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэх.

8.2.12.            Хог хаягдлын тухай хуулийн 9.4.7, 9.4.14-д заасны дагуу сум орон нутагтаа хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулж, шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгах.

8.2.13.            Сумын хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөө боловсруулж биелэлтэд хяналт тавих.

8.3.      Багийн Засаг даргын хүлээх үүрэг

8.3.1.  Энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах үйл ажиллагаанд хяналт тавих, иргэд аж ахуйн нэгж, байгууллагад хог хаягдлыг бууруулах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах мэдээлэл, сургалтыг тогтмол зохион байгуулах.

8.3.2.  Баг хороодод сайн дурын идэвхтэн ажиллуулах, хяналт тавих дэмжин ажиллах.

8.3.3.  Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн аж ахуйн нэгж байгууллагын тээвэрлэлтийн график, хугацаа давтамжид хяналт тавьж хамтран ажиллах.

8.3.4.  Нийтийг хамарсан цэвэрлэгээ зохион байгуулахад гэр хороолол болон орон сууцны айл өрхийн иргэдийг татан оролцуулах, СӨХ-той хамтран ажиллах.

8.3.5.  Байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үхсэн мал, амьтны сэг зэмийг устгах ажил зохион байгуулах, хяналт тавьж ажиллах.

8.3.6.  Хог хаягдлын бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэн ажиллах

8.4.      Аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг:

8.4.1.  Хог хаягдлыг журмын 4.1.1, 4.1.2 дэх заасан төрлөөр эх үүсвэр дээр нь ангилж, цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагад батлагдсан хуваарийн дагуу хүлээлгэн өгөх.

8.4.2.  Барилга барих, буулгах, засварлах үйл ажиллагаанаас гаргах хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах булшлах эрх бүхий иргэн аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлж үйлчилгээний хөлсийг хариуцах, эдгээр үйл ажиллагаатай холбоотой гэрээ байгуулах, байгууллагын дотоод болон гадна орчны цэвэрлэгээг хариуцах үүрэг бүхий нэгж эсхүл ажилтантай байх.

8.4.3.  Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу ангилах, цуглуулах, тээвэрлэх, устгах.

8.4.4.  Стандартын шаардлага хангасан ангилан ялгах хогийн савтай байх, шаардлагатай цэгт ангилан ялгах хогийн сав байршуулах.

8.4.5.  Мэдээ, тайлан гаргах, хог хаягдлын тооллого судалгаатай байх, төсөв хөрөнгө төлөвлөх, нийтийг хамарсан цэвэрлэгээнд оролцох.

8.4.6.  Сумын засаг даргын гаргасан хог цэвэрлэх зураглалын дагуу хариуцсан гудамж, зам, талбай, ногоон бүсийн хог хаягдлыг хуваарийн дагуу заасан хугацаанд тогтмол цэвэрлэж хэвших.

8.5.      Орон сууцны хорооллын айл өрхийн хүлээх үүрэг:

8.5.1.  Энгийн хог хаягдлаа энэхүү журмын 4.1.1 дэх заалтад заасны дагуу ангилж, дахин боловсруулах хог хаягдлаа эрх бүхий иргэн аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэн өгөх.

8.5.2.  Хог хаягдлыг орц болон зориулалтын бус цэгт хаясан, 4.1.1-д заасны дагуу ангилж ялгахгүйгээр хогийн саванд хаясан айл өрхийг үнэн зөв баримттай мэдээлэх.

8.5.3.  "Нэг орц- Нэг агаар" уриан дор айл өрхүүд хамтын ажиллагаагаа сайжруулж хогоо ангилж хэвших, үлгэр жишээ цэвэр орц болгох нөхцөлийг бий болгох.

8.5.4.  Нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцох, нийтийн эзэмшлийн зам талбай болон орц, байрны ойр орчмын авто зам болон явган зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, цэвэрлэж байх.

8.6.      Гэр хорооллын айл өрхийн хүлээх үүрэг:

8.6.1.  Энгийн хог хаягдлаа энэхүү журмын 4.1.2 дахь заалтад заасны дагуу ангилж, зориулалтын тагтай саванд хадгалах, батлагдсан хуваарийн дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэн өгч, хамтран ажиллах.

8.6.2.  Нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцож, хашааны дотор болон гадна хэсгийн ойр орчмын гудамж талбайг цэвэрлэх, гэр хороолол доторхи авто зам болон явган зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, жалга, суваг үерийн усны далан, шуудуу цэвэрлэх.

8.7.      СӨХ-ийн хүлээх үүрэг:

8.7.1.  Харьяалж буй орон сууцныхаа оршин суугчдад энгийн хог хаягдлыг ангилан ялгаж, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх өдөр, хуваарийн талаар мэдээллээр хангах.

8.7.2.  Багийн Засаг дарга болон сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнтэй хамтран оршин суугчдад сургалт, сурталчилгаа явуулах, нийтийн цэвэрлэгээнд татан оролцуулах.

8.7.3.  Оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж орц, байрны орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хийх хугацааг тодорхой гаргаж тогтмолжуулах.

8.8.      Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг:

8.8.1.  Энэхүү журмын 2.2-т заасан ерөнхий шаардлагыг ханган ажиллах.

8.8.2.  Иргэдийн санал, гомдлыг шийдвэрлэж, шуурхай байдлыг ханган ажиллах.

8.8.3.  Зориулалтын бус газарт хог хаясан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, зөрчил гомдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд үнэн зөв мэдээлэх, арилгахад хамтран ажиллах.

ЕС. ХЯНАЛТ ТАВИХ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ

9.1.      Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах, хог хаягдлын хураамжийг төвлөрүүлэх, зарцуулах үйл ажиллагаанд дараах этгээд хяналт тавина.

9.1.1.  Сум, багийн Засаг дарга

9.1.2.  Хуульд заасан эрх бүхий албан тушаалтан

АРАВ. ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ

10.1.   Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

...оОо...

 


[1] хуванцар, шил, лааз металл, цаас, модон эдлэл, ахуйн эд хэрэгсэл, хувцас

[2] Хоолны үлдэгдэл, хүнсний ногоо, жимсний хальс, үлдэгдэл, яс