- Нүүр
- Эрх зүйн акт
- БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ
Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн
сонгуулийн 3 дугаар хуралдааны
03/09 тоот тогтоолын хавсралт
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ
Нэг. Зорилго
1. Энэхүү журмын зорилго нь бэлчээр ашиглалтыг сумын бэлчээрийн чадавхад суурилсан аргачлалаар төлөвлөх, бэлчээрийг түүний нөөц, даацад нь тохирсон мал сүрэг өсгөн үржүүлэх, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх зүй зохистой ашиглаж, хамгаалах дадлыг төлөвшүүлэхтэй холбогдон нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Журмыг хэрэгжүүлэх зарчим
2.1. Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараах зарчмыг баримтална:
2.1.1. Бэлчээр экологийн чадавх бүтээмжид чанар даацад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх.
2.1.2. Бэлчээрийн төлөв байдалд үнэлгээ хийх, хамгаалах, нөхөн сэргээх, сэлгэж өнжөөх, амраах арга хэмжээг малчдын оролцоотойгоор хэрэгжүүлэх.
2.1.3. Бэлчээр дэх бусад нөөц /хужир мараа, худаг, байгалын усны эх үүсвэр/-ийг малчид нийтээр ашиглана.
Гурав. Журмыг хэрэгжүүлэх зохицуулалт
3.1. Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ.
3.2. Бэлчээр ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, малчдын бүлэг бэлчээр ашиглалтын төлөвлөгөө гарган төрийн байгууллагтай хамтран ажиллах.
3.3. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг тусган Газрын тухай хуулийн 20.1.2-т заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
Дөрөв. Бэлчээр ашиглалтын журмыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын үүрэг
4.1. БАХ /Бэлчээр ашиглалтын хэсэг/-ийн гишүүн малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, бэлчээрийг зөв ашиглах мэдлэг олгох, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах;
4.1.1. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан саналыг харгалзан тухайн багийн бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
4.2. Сум, багийн түвшинд бэлчээрийн даацыг тогтоон, өвөлжиж, хаваржих боломжит малын тоог тодорхойлсон дүнгийн хамт жил бүрийн 09 дүгээр сарын 10-наас 20-ны дотор аймаг, сум, багийн Засаг даргад хүргүүлэх
4.3. Сумын нийт бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулах;
4.3.1. Газрын тухай хуулийн 58.5-д заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх талаар санал өгөх;
4.3.2. Өвөлжөө, хаваржаа, худаг, уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэх;
4.4. Сумын бэлчээр ашиглалтын журмыг үндэслэн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д заасны дагуу Бэлчээр ашиглалтын хэсэг нь бэлчээрийг болзол, гэрээгээр ашиглуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэж, хариуцлага, үр дүнг тооцож ажиллах;
4.5. Газрын тухай хуулийн 52.8-д заасныг баримтлан гантай, эсхүл өвөлжилт хүндэрсэн өөрийн сумын багаас бэлчээрийн даац хүрэлцээтэй багийн нутаг дэвсгэрт айл өрх, мал сүргийг тухайн багийн Засаг даргатай зөвшилцөн оруулах шийдвэр гаргах;
Тав. Малчдын эрх үүрэг
5.1. Гол, горхи, булаг, шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашихийг хориглоно. Зөвхөн өвөлжөө хаваржааны дэргэд морины аргамжаа, хурга, тугалын бэлчээр хамгаалах зорилгоор бусад малчдад бэрхшээл учруулахгүйгээр хашиж хамгаалж болно.
5.2. Орчныхоо ой, нуур цөөрөм булаг шанд, гол горхийн харз, марааг бохирдохоос хамгаалах
5.3. Өөрийн эзэмшдэг өвөлжөө хаваржаа, намаржаа, зуслангийн газараа жил бүр бохирдлоос цэвэрлэх.
5.4. Зөвшөөрөлгүй өвөлжөө хаваржаа барих худаг гаргахыг хориглоно.
5.5. Огтоно мэрэгчдийг устгах бэлчээр сайжруулах арга хэмжээнд идэвхитэй оролцоно.
5.6. Өөр аймаг сумаас Иргэдийн нийтийн хурлын шийдвэргүйгээр малтай малчид авчирч нутгийн малчдын бэлчээрт хомсдол үүсгэхийг хориглоно.
5.7. Малчид өвөлжөө хаваржааныхаа өтөг бууцандаа тэжээлийн ургамал тарьж болно.
5.8. Эзэмшил бүхий хадлангийн талбайд ургах үеэс хадлан хураах хүртэлх хугацаанд нутаглах, мал бэлчээхийг хориглоно.
5.9. Малчин өрх бүр хонин толгойд шилжүүлсэнээр нэг мал тутамд 1кг өвсийг 3 хоног тэжээхээр тооцож нөөц бүрдүүлэх.
5.10. Малчид Засгийн газрын шийдвэр гарсанаас бусад тохиолдолд гадны малчдыг дур мэдэн отроор оруулахгүй байх.
Зургаа. Багийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
6.1. Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах.
6.2. Отор нүүдэл хийх, мал тууварлан өнгөрөхдөө тогтоосон газраар заасан хугацааг баримтлан явж өнгөрөхөд хяналт тавих.
Долоо. Маргаан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх
7.1. Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
7.2. Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
7.3.Бусдын малыг дур мэдэн оруулах, бэлчээр нутаг, хашаа хороо, уст цэгийг үнэлж дамжуулан ашиглуулсан, худалдсан бол холбогдох хууль журмын дагуу эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэж хариуцлага хүлээлгэх.
7.4. Шаардлагатай гэж үзвэл бэлчээрт учирсан хохирлыг тооцож тухайн зах зээлийн ханшаар төлүүлэх арга хэмжээ авах.
Текст томруулах
A
A
A