- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЗУУНМОД СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 05
Зуунмод
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас ТОГТООХ нь
1.Зуунмод сумын нэг иргэнд сард ногдох хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 500 /Таван зуун төгрөг/ төгрөг байхаар тогтоосугай.
2.Зуунмод сумын нэг иргэнээс өдөрт үүсэх хог хаягдлын хэмжээг 0,002 тонн байхаар тооцож "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тооцсон тариф"-ыг 1 дүгээр, "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардал"-ыг 2 дугаар, Зуунмод суманд мөрдөх "Хог хаягдлын төлбөрийн хэмжээ"-г 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Овор хэмжээ ихтэй болон барилгын хог хаягдал, үнс, малын өтөг бууцыг ачиж, тээвэрлэх үйлчилгээний хөлсийг иргэн, ААН, байгууллагуудын Зуунмод сумын "Хот Тохижуулах Газар"-тай байгуулсан хог ачиж, тээвэрлэх гэрээний үндсэн дээр үнийг харилцан тохиролцож тогтоохыг зөвшөөрсүгэй.
4. Сумын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч /Ч.Сарангэрэл/-д үүрэг болгох нь:
4.1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ шинэчлэгдсэнтэй холбогдуулан айл, өрх, албан газар, ААН, худалдаа эрхлэгчдэд тогтоол, шийдвэрийг сурталчлан таниулж ажиллах.
4.2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг бүрэн төвлөрүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ-тай хамтран ажиллахыг тус тус үүрэг болгосугай.
5.Тогтоолыг 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
6.Тогтоол батлагдсантай холбогдуулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 сарын 23-ны өдрийн Арвандөрөвдүгээр хуралдааны 03 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Г.МӨНХБАДРАЛ
Текст томруулах
A
A
A
