A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • Хэнтий аймгийн Дархан сумын бэлчээр ашиглалтын нийтээр дагаж мөрдөх журам
Бүлэг: 1979
Хэнтий аймгийн Дархан сумын бэлчээр ашиглалтын нийтээр дагаж мөрдөх журам

Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ-ын

2021 оны 05-р сарын 07-ны өдрийн

4-р хуралдааны 5-р тогтоолын хавсралт

Хэнтий аймгийн Дархан сумын бэлчээр ашиглалтын

нийтээр дагаж мөрдөх журам

Энэхүү журмын зорилго сумын нутаг дэвсгэрт бэлчээрийг зүй зохистой, хуваарьтайгаар, тэгш эрхтэйгээр ашиглах, хамгаалах, сэргээх, бэлчээрийн даацад тохируулан орон нутагтаа мал өвөлжүүлэх, хаваржуулах, бусад аймаг, сумдын малчдыг тус сумын нутагт оруулах гаргах, түүнтэй холбоотой бусад харилцаа, малчин, мал бүхий иргэдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, 2000 оноос өмнө малын тоо толгой цөөн, бэлчээрийн даац хүрэлцээтэй байсан тул нэг малчин өрх олон тооны өвөлжөө хаваржааны газар эзэмшиж байсан ба сүүлийн үед тус сумын бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн, олон өвөлжөө, хаваржаатай айл гадны аймаг, сумын малчдыг хөлсөөр өвөлжүүлж бэлчээрийн даацыг зохиомлоор хэтрүүлэх болсон тул өвөлжөө, хаваржааны газрын харилцааг тус тус зохицуулахад оршино.

Нэг. Зохион байгуулалт

1.1. Бэлчээрийн төлөв байдал, чанарт хяналт үнэлгээ хийх, хамгаалах, нөхөн сэргээх, сэлгэж өнжөөх, амраах арга хэмжээг малчдын оролцоотойгоор төлөвлөн хэрэгжүүлэх.

1.2. Сумын нутаг дэвсгэрт бэлчээрийг зүй зохистой, хуваарьтайгаар ашиглах, хамгаалах, сэргээх, бэлчээрийн даацыг тохируулах, бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх

1.3. Сумын бэлчээрийн даацыг газрын даамал болон цаг уурын станцтай хамтран фото мониторингийн аргаар үнэлж, тодорхойлох.

1.4. Бэлчээрийг сэлгэж өнжөөх, хортон мэрэгчдээс хамгаалах, усжуулах, бордох, ургамалжуулах, доройтлоос сэргийлэх хуваарийг жил бүр малчдын бүлгээр хэлэлцэн шийдвэрлэж малчин өрх бүр дагаж мөрдөх.

1.5. Өвөлжөө, хаваржаа, өнжөөж сэлгэсэн бэлчээрт мал оруулж талхалсан, худаг уст цэг, хашаа саравч зэрэгт эд хөрөнгийн хохирол учруулсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх.

1.6. Өнжөөн сэлгэж чөлөөлсөн бэлчээрийг хамгаалах арга хэмжээг малчин, малчдын бүлэг, сумын бэлчээр менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлын хэсэг хариуцна.

Хоёр. Бэлчээр ашиглалтын талаар оролцогчдын үйл ажиллагаа.

2.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.1.1. Сумын бэлчээр ашиглалтын нийтээр дагаж мөрдөх журмыг баталж, биелэлтийг хэлэлцэж чиглэл өгөх.

2.2.Багийн иргэдийн Нийтийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.2.1. Төсвийн тухай хуулийн 60.2.8 дахь заалтын дагуу багийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг хэлэлцэж батлах;

2.2.2. Жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын талаар хэлэлцэн дүгнэх, дараа жилийн төлөвлөгөөг батлах

2.2.3. Бэлчээрийн болон энэхүү журамтай холбоотой багийн хэмжээнд үүсэн маргааныг зохицуулах

2.3.Сумын Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.3.1. Газрын тухай хуулийн 52.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоох;

2.3.2. Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

2.3.3. Багийн Засаг даргын ажлыг дүгнэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийн үр дүнд үндэслэх;

2.3.4.Сумын бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа энэ журам болон багийн ИНХ-ын шийдвэрийг танилцуулж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн малчин өрхтэй гэрээ байгуулж, бэлчээр нутгийг зааж өгч нэвтрүүлэх;

2.4.Багийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

2.4.1.Багийн дараа жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;

2.5. Малчин дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.5.1. Сумын бэлчээр ашиглалтын нийтээр дагаж мөрдөх журмыг дагаж мөрдөнө

2.5.2. Төсвийн тухай хуулийн 60.2.8 дахь заалтын дагуу багийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээнд санал өгөх, шийдвэр гаргах ажиллагаанд оролцох

2.5.3. Баг хоорондын отор нүүдлийг хийхдээ тухайн багийн Засаг даргад мэдэгдэж малчны бүлгээр хэлэлцүүлэн сумын Засаг даргын оролцоог ханган шийдвэрлэх.

Гурав. Өвөлжөө хаваржааны газар эзэмших

харилцааг зохицуулах

3.1. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 497 дугаар тушаалаар батлагдсан "Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал"-ын дагуу өвөлжөө, хаваржааны газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулна.

3.2. Бэлчээрийн даац хүрэлцээгүй байгаа өнөө үед малаа өөрсдөө маллаж байгаа малчин өрх, өвөлжөө, хаваржааны газаргүй малчин өрхөөр малаа маллуулж байгаа мал бүхий өрх өвөлжөөний нэг, хаваржааны нэг газартай байна.

3.3. Уст цэгээс 2 км-ийн дотор, төв суурингийн захын цэгээс 3 км-ийн дотор өвөлжөө хаваржааны газар олгохыг, эзэмших зөвшөөрөл аваагүй газар дур мэдэн хашаа, саравч барихыг тус тус хориглоно.

3.4. Зөвшөөрөлгүй газар дур мэдэн өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшсэн айлыг албадан нүүлгэнэ.

3.5. Өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газрыг бусдад эрх шилжүүлэх, бусдад ашиглуулах тохиолдолд БИНХ-аар хэлэлцэж тухайн бэлчээр орчмын айл өрхийн эрхийг хөндөхгүйгээр харилцан шийдвэрлэсний дагуу сумын Засаг даргад уламжилж шилжүүлж, ашиглуулж болно.

3.6. Газрын тухай хуулийг зөрчсөн бол газар эзэмших, ашиглах эрхийг цуцална

Дөрөв. Байгаль орчны харилцаа

4.1. Өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа болон нутаглаж буй газраасаа 3 км радиус дотор бэлчээр орчмын газрын хог, хаягдлыг тогтмол цэвэрлэх.

4.2. Харьяалах багийн нутаг дэвсгэр дэх хог хаягдал, малын сэг зэмийг багийн малчид, малчны бүлгээр иргэд тогтмол цэвэрлэж хогийн цэгт төвлөрүүлэн булж устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авна.

Тав. Нийтийг хамарсан арга хэмжээг зохицуулах

5.1. Багийн ИНХуралд өрх бүрээс нэг хүн заавал оролцох.

5.2. Сум багаас зохион байгуулж буй олон нийтийн ажилд оролцоно.

5.3. Олон нийтийг хамарсан баяр ёслол тэмдэглэсэн тохиолдолд зохион байгуулагчид орчны хог хаягдлыг бүрэн хариуцна.

Зургаа. Хяналт хариуцлага

6.1.Журмын аливаа заалтыг зөрчсөн малчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч хариуцлага хүлээлгэнэ.

Долоо. Маргаан шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэх

7.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

7.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

Найм. Хүчин төгөлдөр болох

8.1.Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.