A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • БЭЛЧЭЭРИЙГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ, БЭЛЧЭЭР АШИГЛАСНЫ ХУРААМЖ ТООЦОХ, САН БАЙГУУЛАХ, БЭЛЧЭЭРИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
БЭЛЧЭЭРИЙГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ, БЭЛЧЭЭР АШИГЛАСНЫ ХУРААМЖ ТООЦОХ, САН БАЙГУУЛАХ, БЭЛЧЭЭРИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ЖУРАМ

 Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын

2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн

 04 дугаар тогтоолын хавсралт

 

БЭЛЧЭЭРИЙГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ, БЭЛЧЭЭР АШИГЛАСНЫ

ХУРААМЖ ТООЦОХ, САН БАЙГУУЛАХ, БЭЛЧЭЭРИЙГ

 НӨХӨН СЭРГЭЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журам нь бэлчээрийг ашиглах, хамгаалах, бэлчээр ашигласны хураамж тооцох, бэлчээр ашигласны хураамжаар сан бүрдүүлэх, бэлчээрийг нөхөн сэргээх харилцааг зохицуулна.

1.2. Энэ журам нь Газрын тухай хуулийн 7.1, 52 дугаар зүйлийн .52.1, 52.2, 52.4-52.6, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 Газрын төлбөрийн

тухай хуулийн 6.2, 7.1.1 т заасан харилцаанд нийцсэн байна.

1.3 Сумын газар нутаг, бэлчээрийг Газрын тухай хууль, холбогдох дүрэм, журмын дагуу зүй зохистой ашиглах, хамгаалах, хадлангийн талбай, өвөлжөөний бүс нутаг болон нөөцөлсөн бэлчээр нутгийг бүрэн хамгаалах, эзэмших, байгаль орчныг хамгаалах тухай хууль, тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад журмын зорилго оршино.

1.4 Журмыг хэрэгжүүлснээр УИХ-ын 2009 оны 39 дүгээр тогтоол "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого"-ын 3 дугаар зүйлийн 3.1.2, 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн 3.4.1, 3.4.2 дахь заалтууд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Хоёр. Бэлчээр ашиглах

2.1 Бэлчээрийг малчдын бүлэгт гэрээгээр ашиглуулах үйл ажиллагаанд баримтлах зарчим

Улсын тусгай хамгаалалттай болон тусгай хэрэгцээний газар, аймаг, сумын ИТХ-аар батлагдсан тусгай хэрэгцээ хамгаалалттай газар, отрын, аялал жуулчлалын, саалийн бүс нутаг, нуур, гол, хужир, мараа бүхий газар, бусдын эзэмшил, ашиглалтын газрыг гэрээгээр ашиглуулахгүй.

2.1.1 Бэлчээрийг ашиглуулах гэрээнд дараах нөхцөлийг тооцно. Үүнд:

  • Бэлчээрийн газрыг ашиглах, хэмжээ, байршил, хугацаа, бүлгийн гишүүн өрхийн мэдээлэл, бэлчээрийн даац
  • Тухайн бэлчээрт байлгах малын тоо, толгой, төрөл
  • Ашиглах уст цэгийн /бүх хийцийн худаг/ байршил, тоо;
  • Дулааны улиралд нутаглах нутгийн нэр, байршил;
  • Мал, амьтны хариулгатай холбоотой /мал алдагдах, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах гэх мэт/ хариуцлага.
  • Ашиглуулахаар олгосон бэлчээрийг чөлөөлүүлэх, зориулалтыг өөрчлөх
  • Сумын Нутгийн захиргааны байгууллагаас зөвшөөрөөгүй тохиолдолд гаднын малчин, мал бүхий иргэнийг туслах малчнаар авах;
  • Гэрээгээр ашиглаж буй бэлчээр нутагт гол ус байгаль орчныг бохирдуулахгүй байх, гэрээгээр эзэмшсэн бэлчээр нутгийг байгаль орчны бохирдлоос хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх
  • Малчдын бүлгээрээ хэлэлцэн бэлчээрийг сэлгээн өнжөөх, хамгаалах, нөхөн сэргээх бэлчээрийн менежментийг сайжруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх
  • Гол горхи булаг, шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх
  • Отор, нүүдлийн мал тууварлан өнгөрөх зурвас тогтоох
  • Гэрээнд заасны дагуу малын тоог бэлчээрийн даацад тохируулах нөхцөлийг удаа дараа хангаж байгаа малчдын бүлгийг ЗГ-ын 2017 оны 290 дүгээр тогтоолоор батлагдсан "Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, АА-н нэгж байгууллагад олгодог "Ногоон гэрчилгээ" олгуулахаар холбогдох байгууллагад уламжлах
  • Улирлын хуваарийн зураг, бэлчээрийн газрын экологийн чадавхын зураглал, бэлчээрийн төлөв байдал, зохистой ашиглалтын зөвлөмж, бэлчээрийн төлөв байдлын фото мониторингийн аргаар үнэлэх мэдээллүүдийг хавсаргана.

2.1.2 Гэрээгээр ашигласан газар нутаг дахь байгаль орчны хамгааллын асуудлыг гэрээний үндсэн нөхцөлд тусган хэрэгжүүлж идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулж болно.

2.1.3 Хадлангийн талбайг бүлэгт ашиглуулж болно.

2.2 Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах үйл ажиллагаа зохион байгуулалт

2.2.1 Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахдаа малчдын бүлэг, багийн Засаг дарга, багийн ИНХ, сумын ЗДТГ, сумын Засаг даргын идэвхтэй оролцоо, тодорхой алхам, дэс дарааллын дагуу хэрэгжүүлнэ.

2.2.2 Малчдын бүлгийн гишүүд гэрээгээр ашиглах бэлчээрийн хил заагийг гар зургаар тоймлон зурах.

2.2.3 Бүлгийн гишүүдийн тоймлон зурсан гэрээгээр ашиглах бэлчээрийн газраас нэг км-н зайд нутагладаг малчин өрх бүртэй зөвшилцөх, зөвшилцлийн баталгаа авах.

2.2.4 Бэлчээрийн газрын төлөв байдлыг тодорхойлж зураглах, бэлчээрийн төлөв байдлын суурь түвшинг тодорхойлох.

2.2.5 Малчдын бүлэг нь бэлчээрийг гэрээгээр ашиглах хүсэлтээ харьяа багийн ИНХ-даа бичгээр гаргана.

2.2.6 Багийн ИНХ, багийн Засаг дарга бүлгийн хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу судалж багийн ИНХ-аар хэлэлцүүлэн шийдвэрийг сумын Засаг даргад хүргүүлнэ.

2.2.7 Малчдын бүлгүүдийн хүсэлт, багийн ИНХ-ын шийдвэр, холбогдох материалыг хянаж сумын Засаг дарга шийдвэр гаргаж гэрээ байгуулна.

2.3 Сумын Засаг даргын эрх, үүрэг

2.3.1 Бэлчээрийг гэрээгээр ашиглах үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах.

2.3.2 Сум орон нутгийн бэлчээрийн даацыг улирлаар гарган бэлчээрийн даац хэтрэхээс сэргийлэх, мэдээлэл өгөх.

2.3.3 Малчдын бүлгүүдийн хүсэлт, багийн ИНХ-ын шийдвэр, холбогдох материалыг хянан шийдвэр гаргах, гэрээ байгуулах.

2.3.4 Малчдын бүлгүүдийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэх, хариуцлага тооцох, шагнаж урамшуулах.

2.3.5 Бэлчээр, байгаль орчинд учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх.

2.3.6 Бэлчээрийн талаар гарсан маргааныг эцэслэн шийдвэрлэх

2.4 Багийн ИНХ, Засаг даргын эрх, үүрэг

2.4.1 Багийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг ИНХ-аар хэлэлцүүлж түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

2.4.2 Бэлчээрийг гэрээгээр ашиглах хүсэлт гаргасан малчдын бүлгийн саналыг хүлээн авч судалж үзээд багийн ИНХ-аар хэлэлцүүлэн шийдвэрийг сумын Засаг даргад уламжлах.

2.4.3 Журам, гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих хариуцлага тооцох.

2.4.4 Малчдын бүлгүүдийнхээ үйл ажиллагааны тайланг ИНХ-аараа хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх.

2.5 Бэлчээр ашиглагчийн эрх, үүрэг

2.5.1 Бэлчээр ашиглагч нь дараах эрхтэй. Үүнд:

- Малчид энэхүү журам болон бусад хууль тогтоомжийн хүрээнд гэрээнийхээ эрх, үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж бэлчээр хамгаалах, ашиглах,хуваарилах сайжруулах арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх хурал зөвлөгөөнд оролцох;

-Бэлчээрийг улирлын хуваарьтай ашиглахаас гадна ургамлын гарц сэргэх үед гэрээгээр эзэмшиж буй бэлчээр нутгаа сэлгэх, өнжөөх замаар доройтолд орохоос хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авах

- Бэлчээр ашиглах гэрээний үүргээ жилд нэгээс доошгүй удаа дүгнэх, нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах

- Бэлчээрийн ургамлын ашиглалт даацын дээд хэмжээнд хүрээгүй бол ахуй хэрэгцээндээ зориулан хадлан бэлтгэх.

2.5.2 Бэлчээр ашиглагч нь дараах үүрэгтэй. Үүнд:

-Бэлчээрийг ашиглахаар гэрээ байгуулсан малчдын бүлгүүд бэлчээрийг зохистой ашиглах, бэлчээрийг доройтох, ургац хомстохоос сэргийлэх, бэлчээр сүйтгэгч мэрэгч, хортон шавьжтай тэмцэх, тухайн бэлчээрт хамаарах болон хил залгаа дэвсгэр нутгийн ховор ан амьтдыг хамгаалах, бэлчээрийг нөхөн сэргээх арга хэмжээнд оролцох, байгаль орчин, мал эмнэлэг, ой, хээрийн түймэр, онцгой байдлын хууль тогтоомжийг сахин биелүүлэх; бусад бэлчээр ашиглагчдын эрхийг зөрчихгүй байх.

-Газрын тухай хуулийн 50.1 д заасан шаардлагыг биелүүлэх

2.6 Бусад

2.6.1 Малчдын бүлэгт гэрээгээр ашиглуулсан бэлчээрийн газрыг ИТХ-ын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөр зориулалтаар ашиглахаар тусгасан тохиолдолд сумын Засаг дарга захирамжаар зориулалтыг өөрчилж шийдвэрлэж болно.

2.6.2 Малчдын бүлэгт гэрээгээр ашиглуулсан газарт ашиглалтын болон хайгуулын лиценз зөвшөөрөл олгохгүй

2.6.3 Байгалийн давагдашгүй хүчин зүйл /үер, ус, ган, зуд/-ын улмаас малчдын бүлгүүдэд эзэмшүүлсэн газарт отроор ирсэн малчдыг нутаглуулах тохиолдолд сум, багийн Засаг дарга тухайн малчдын бүлгийн төлөөлөлтэй бэлчээр түр ашиглах гэрээг байгуулна.

2.6.4 Сумын ИТХ, багийн ИНХ нь малчдын бүлгийн саналыг үндэслэн тухайн жилийн бэлчээрийн ургац, цаг агаарын байдлыг харгалзан өвөл, хавар, зун, намрын бэлчээрийг нөөцөд авах байршлыг тогтооно. Нөөцөд авсан, отрын зориулалтаар ашиглахаар тусгаарласан бэлчээрийн газарт дур мэдэн мал оруулахыг хориглоно.

2.6.5 Гол, горхи, булаг, шанд, нуур, цөөрөм, тогтоол зэрэг байгалийн усан сан, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдсан худаг, уст цэгийг бэлчээр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага адил эрхтэйгээр ашиглана.

2.6.6 Бэлчээр ашиглагч хэсэг бүлгүүдийн өвөлжөө, хаваржааны тусгайлан болон нийтээр ашиглах дундын бэлчээрийн хилийг тухайн хэсэг бүлгийн хурлаар хэлэлцэн тогтоож, гар зураг үйлдэн хамтын ажиллагааны гэрээнд тусгаж баталгаажуулна.

2.6.7 Өвөлжөө, хаваржаа шинээр гаргахад тухайн бэлчээр ашиглагч хэсэг бүлгийн саналыг авч гаргасан багийн ИНХ-ын саналыг үндэслэн сумын ЗД шийдвэрлэнэ.

2.6.8 Өвөлжөө, хаваржааг бусдад худалдах, түрээслэхийг хориглоно. Дээрх зөрчил илэрвэл зөрчлийн хуулиар хариуцлага тооцно.

2.6.9 Хэд хэдэн бэлчээр ашиглагч нар нэгдэн иргэний хууль тогтоомжид заасны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулан бэлчээрийг хамтран ашиглах зорилгоор бүлгийг холбоо, нөхөрлөл /Иргэний хуулийн 481 дүгээр зүйл/-ийн хэлбэрээр байгуулж болно. Ийм бүлгийг харилцан зөвшилцсөний үндсэн дээр удирдлагын үүрэг хүлээсэн бэлчээр ашиглагч төлөөлнө.

2.7 Нутаг бэлчээрийг зохистой эзэмших, ашиглах талаар

2.7.1 Бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг үндэслэн хаваржаа, зуслан, намаржаа, нөөц бэлчээр нутгийг доорхи байдлаар тогтоов.

2.7.2 Зуслангийн нутаг урд хэцээс урагш, намаржааны нутаг Туул голын хөндийгээр, өвөлжөө, хаваржааны нутаг нь сумын ЗД-аас малчдын бүлгүүдэд гэрээгээр ашиглуулахаар олгосон газар нутаг байна.

2.7.3 Зуслангийн газрыг сумын малчид нийтээр ашиглана.

2.7.4 Өвөлжөө, хаваржааны бүс нутгийг 05 дүгээр сарын 15 наас, 11-р сарын 10 хүртэл чөлөөлнө.

2.7.5 Бэлчээрийн хуваарийн дагуу газраа чөлөөлөөгүйгээс албадан нүүлгэсэн тохиолдолд гарсан зардлын тухайн малчин, мал бүхий иргэн хариуцана.

Гурав. Бэлчээрийг хамгаалах

3.1. Бэлчээрийг ашиглахаар гэрээ байгуулсан малчдын бүлгүүд тухайн районы бэлчээр нутгаа хамгаалах ажлыг хариуцна.

3.2 Бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэхээр нутаг сэлгэн, өнжөөх, бэлчээр чөлөөлөх арга хэмжээг жил бүр багийн ИНХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.3 Сумын ЗДТГ энэ журамд заасан бэлчээрийн хураамж тооцон бэлчээрийг сүйтгэгч хортон шавьж, мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулна, бэлчээрийг чөлөөлөх хугацаанд чөлөөлсөн бэлчээр нутгийг хамгаалах, өвөлжөө, хаваржааны орчмын гүний болон гар худгуудын үйл ажиллагааг зогсоох лацдах арга хэмжээ авах.

3.4 Сумын ИТХ-аас бэлчээрийг хамгаалах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан мөрдүүлнэ.

3.5 Тухайн сумын нутаг дэвсгэрийг отроор дайран өнгөрөх малчид хаврын улиралд өдөрт 15 км, намрын улиралд 15 км зам туулан буудалж малаа амраахдаа хавар 2 хоног, намар 1 хоног бэлчээрлэн өнжих ба отор нүүдлээр дайран өнгөрөх нэрээр олон хоногоор нутаглаж бэлчээрийг талхлахыг хориглоно.

Дөрөв. Бэлчээрийн хураамж тооцох

4.1 Бэлчээрийн хураамж төлөх иргэн, АА-н нэгж байгууллага

4.1.1 Бэлчээрийн хураамжийг Газрын төлбөрийн тухай хуулийн 6 ын 1.1 д заасан үндэслэлээр тооцох ба газрын төлбөрийг, тухайн сумын мал бүхий иргэн болон бэлчээр чөлөөлөх, хамгаалах журам зөрчсөн малчин өрх, нутгийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан гэрээгүй нутаглаж буй өөр аймаг, сумын малчин өрх, тус сумын нутаг дэвсгэрт туслах аж ахуйн мал үржүүлж байгаа АА-н нэгж байгууллага, Тус сумын нутаг дэвсгэр дээгүүр отор нүүдлээр дайран өнгөрөх хугацааг зөрчсөн өөр аймаг, сумын малчин өрх

4.2 Бэлчээрийн хураамж тооцох үндэслэл, аргачлал.

4.2.1 Бэлчээрийн хураамжийг тооцохдоо Газрын төлбөрийн тухай хуулийн 6.2 дах заалт итгэлцүүрээр тооцно.

4.2.2 Бэлчээрийн хураамж тооцож бэлчээр чөлөөлөх шаардлага өгснөөс хойш бэлчээр чөлөөлөх шаардлага биелүүлээгүй өрхөд зөрчлийн хуулиар хариуцлага тооцно.

4.2.3 Бэлчээрийн хураамжийг сумын Татварын байцаагч, Газрын даамал, Байгаль орчны мэргэжилтэн, багийн Засаг дарга нар бэлчээрийн санд төвлөрүүлнэ.

Тав. Бэлчээрийг нөхөн сэргээх

5.1 Газрын төлбөрийн тухай хуулийн 10-ийн 2 т заасан газрын төлбөрийн орлогын зохих хувийг газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зориулан зарцуулах хөрөнгийн хэмжээг сумын ИТХ-аас тухайн жилийн төсөвт тусгана.

5.2 Бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг багийн ИНХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ.

5.3 Бэлчээр нөхөн сэргээх арга хэмжээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5.3.1 Бэлчээрийн ургамал ургаж сэргэх үед малын хөлөөс чөлөөлөх

5.3.2 Бэлчээрийн мэрэгч амьтантай тэмцэх

5.3.3 Бэлчээрийн ургамлыг нутагшуулах, тариалах

Зургаа. Бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх болон

МАА-н эрсдэлийн сан байгуулах

 

6.1 Бэлчээрийн сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

6.1.1 Малчин, мал бүхий өрхийн хөрөнгө оруулалт

6.1.2 Төсөл хөтөлбөрийн байгууллагын хөрөнгө

6.1.3 Хандив тусламж, бусад эх үүсвэр

6.1.4 Энэ журмын 4 дүгээр зүйлд заасан бэлчээрийн хураамж

6.2 Сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулна.

Бэлчээрийн хураамжийг төсвийн хуулийн 60.2.8 д заасан арга хэмжээнд зарцуулна.

6.3 Бэлчээрийн хураамжид ирсэн мал, малын гаралтай түүхий эдийг санд төвлөрүүлэх

6.3.1 Бэлчээрийн хураамжийн үнийн дүнд мал, МАА-н гаралтай түүхий эдийг тооцон авч болох ба МАА-н гаралтай түүхий эдийг бэлчээрийн хураамжид тооцон авсан албан тушаалтан, ажлын хэсэг сумын хоршоонд борлуулж бэлчээрийн хураамжийг санд төвлөрүүлнэ.

6.3.2 Бэлчээрийн хураамжийн үнийн дүнд авсан малыг санхүүгийн албанд бүртгүүлж худалдан борлуулсан үнийг санд төвлөрүүлнэ.

6.4 Бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх сангийн хөрөнгийг сумын нутаг дэвсгэрийн бэлчээрийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахдаа багуудад бэлчээрийн хураамжийг санд төвлөрүүлсэн орлогыг хувиар харгалзан тооцож болно.

Долоо.Журмын биелэлтийг тайлагнах

7.1 Сумын ЗД журмын биелэлтийг жил бүрийн 10 дугаар сарын ИТХ-д тайлагнана.

Найм. Хариуцлага

8.1. Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн хуулийн 8.1.6, 8.1.7, 8.1.8 дугаар зүйл бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Ес. Маргаан шийдвэрлэх

9.1 Бэлчээр ашиглах талаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 д заасны дагуу багийн ИНХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана

Арав. Журам хүчин төгөлдөр болох

10.1Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67,2-т заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актыг улсы н бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.