- Нүүр
- Эрх зүйн акт
- СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн
04/02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ,
ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журам нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10, 16.2.5, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.3, Зөрчлийн тухай хуулийн 6.5, Иргэний хуулийн 26.8, 189 дүгээр зүйлийг удирдлага болгон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны "Норматив тогтоох тухай" 272 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж, аймгийн Засаг даргаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хяналт тавих зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
1.2.Энэхүү журам нь аймгийн нийт нутаг дэвсгэрт үйлчилнэ. Бусад сумд дээрх журмаар зохицуулагдах харилцааг давхар зохицуулсан нийтээр дагаж мөрдүүлэх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг хориглоно.
1.3.Мөн түүнчлэн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон улсын чанартай сүлжээ борлуулалтын (бөөний төв) аж ахуйн нэгжүүд, улсын бүртгэлд бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд энэхүү журам нэг адил үйлчилнэ.
1.4.Журамд хэрэглэгдэх нэр томьёог холбогдох хууль, тогтоомжид зааснаар ойлгоно.
ХОЁР. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1. Аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн чиг үүрэг
2.1.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг (цаашид "тусгай зөвшөөрөл" гэх) иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шинээр олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хяналт тавих асуудлыг хариуцан зохион байгуулах "аймгийн орон тооны бус зөвлөл" (цаашид зөвлөл гэх) нь аймгийн Засаг даргын дэргэд ажиллах бөгөөд зөвлөлийн саналд үндэслэн аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрлийн асуудлаар шийдвэр гаргана.
2.1.2. Зөвлөл нь улирал тутам хуралдаж, санал дүгнэлт гаргах бөгөөд аймгийн Засаг дарга тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, баталгаажуулна.
2.1.3.Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хойшлуулашгүй шийдвэр гаргах, улсын болон орон нутгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон үед тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд хянан шалгаж, шийдвэрлэхтэй холбогдсон өдөр тутмын үйл ажиллагааг зөвлөлийн нарийн бичгийн дарга аймгийн Засаг даргад танилцуулж, шийдвэрлүүлнэ.
2.1.4. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулах бөгөөд аймгийн Засаг дарга нь энэхүү чиг үүргээ засаг даргын (хууль зүйн салбар хариуцсан) орлогчид шилжүүлж болох бөгөөд чиг үүргээ шилжүүлсэн нь аймгийн Засаг дарга хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
2.1.5. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөл бүхий албан тушаалтнуудыг томилон ажиллуулна.
2.1.6. Зөвлөлийн дарга хуралдааныг удирдах бөгөөд нийт гишүүдийн 50-иас дээш хувийн ирцтэйгээр хуралдаж, асуудлыг олонхын саналаар шийдвэрлэж, саналын зөрүүтэй гишүүний саналыг хуралдааны тэмдэглэлд тусгана. Зөвлөлийн шийдвэр нь хуралдааны тэмдэглэл хэлбэртэй байна.
2.1.7. Зөвлөл нь сумдаас ирүүлсэн тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон баримт материал, бусад хэлэлцэх асуудлын хүрээнд хуралдаанаараа дараах шийдвэрийг гаргана. Үүнд:
2.1.7.1. Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй байх цэгийн тоог харгалзан энэхүү журмын 3.4-т заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжих;
2.1.7.2. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй бол тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, татгалзсан үндэслэлийг заасан хариуг хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад албан бичгээр хүргүүлэх;
2.1.7.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, цэгийн нэр өөрчлөх хүсэлтийг шийдвэрлэх;
2.1.7.4. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэх;
2.1.7.5. Тусгай зөвшөөрлийн хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдон сумдад үүрэг чиглэл өгөх, сургалт мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулах, хяналт шалгалт зохион байгуулж, хариуцлага тооцох;
2.1.7.6.Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүртгэл, судалгааг хөтлөх, олон нийтэд тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг ил тод мэдээлэх;
2.1.7.7. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтад дурдагдсан албан тушаалтанд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавихыг шаардах, тэдний илрүүлсэн зөрчлийн мөрөөр арга хэмжээ тооцож холбогдох шийдвэрийг гаргуулах.
2.1.8. Зөвлөлийн гишүүд нь хуралдаанд оролцохдоо нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд албан тушаалтны хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаарх мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргана.
2.2. Сумын Засаг даргын чиг үүрэг
2.2.1.Сумын засаг дарга нь тусгай зөвшөөрлийн хүсэлт ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдлийг цэгийн тоо тогтоосон эрх бүхийн байгууллагын шийдвэртэй уялдуулан хүлээн авч журманд заасан бүрдүүлбэрийг хангуулан тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаарх саналыг аймгийн засаг даргад /орон тооны бус зөвлөл/ хүргүүлнэ.
2.2.2.Харьяа нутаг дэвсгэрийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгүүдтэй сумдын Засаг даргын Тамгын газар гэрээ байгуулан, худалдаа, үйлчилгээний мэдээллийн сан үүсгэн, бүртгэлжүүлэн холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу харилцан үүрэг хүлээж, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллана.
2.2.3.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд мэдээлэл, сурталчилгааг тогтмол явуулж, тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний цэгүүдэд тогтмол хяналт тавьж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллана.
ГУРАВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТӨРӨЛ, ШААРДЛАГА
3.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх худалдаа, үйлчилгээний цэгийн төрөл
3.1.1.Доорх хүснэгтэд заагдсан төрлөөр тусгай зөвшөөрлийг олгоно.
№ | Согтууруулах ундааны төрөл | Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа* | Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа** |
1. | Согтууруулах ундаа худалдах цэгийн төрөл | - Хайпермаркет - Супермаркет - Агуулах дэлгүүр - Бөөний төв - Худалдааны төвийн төрөлжсөн цэг - Хүнсний дэлгүүр - Минимаркет | - Хайпермаркет - Супермаркет - Агуулах дэлгүүр - Бөөний төв - Худалдааны төвийн төрөлжсөн цэг - Аймгийн төвийн сумаас бусад суманд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр - Минимаркет |
2. | Согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийн төрөл | - Ресторан - Баар - Кафе | - Ресторан - Баар - Аймгийн төвийн сумаас бусад суманд үйл ажиллагаа явуулж буй кафе |
3.1.2.Спиртийн агууламжийн хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны "Норматив тогтоох тухай" 272 дугаар тушаалд зааснаар *-18 хувь хүртэл хүнсний этилийн спирт агуулсан согтууруулах ундаа, **-18 хувиас дээш хүнсний этилийн спирт агуулсан согтууруулах ундаа гэж ойлгоно.
3.2.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
3.2.1.Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь тусгай зөвшөөрөл шинээр авах болон сунгуулах хүсэлтээ харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргад, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргах бөгөөд тусгай зөвшөөрөл шинээр авахад доорх баримт материалыг бүрдүүлнэ.
3.2.1.1.Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, факс, цахим хаяг зэргийг тодорхой дурдах/;
3.2.1.2. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулах шаардлагагүй/;
3.2.1.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр солих тохиолдолд худалдаа, үйлчилгээний цэгийг өөрийн эзэмшлийнх мөн болохыг тодорхойлсон бусад баримт /худалдах, худалдан авах гэрээ гэх мэт/;
3.2.1.4.Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн камержуулалтын систем шаардлага хангаж буй эсэх талаар болон захиргааны зөрчлийн талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
3.2.1.5.Стандарт, хэмжилзүйн байгууллагын худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийсэн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулах шаардлагагүй/;
3.2.1.6.Худалдаа, үйлчилгээний цэгийн гадна, дотно тохижилтын гэрэл зураг;
3.3.Тавигдах шаардлага
3.3.1.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.1, 6.9-д заасны дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдээллээ бүртгүүлж, эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байх;
3.3.2.Үйл ажиллагааны төрлөөс хамаарч "Худалдааны үйлчилгээ, Худалдааны байгууллагын ангилал, тодорхойлолт МNS 6648:2016", "Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага МNS 5021-1:2019", "Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага МNS 4946:2019" стандартын шаардлагыг хангасан байх;
3.3.3.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д зааснаар Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулсан байх;
3.3.4. Аймгийн Татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгүүлж, ногдуулсан татварыг хугацаанд нь төлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгодог, татварын тухай хуулийн хүрээнд зөрчилгүй байх;
3.3.5. Монгол Улсын барилга, Орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, ерөнхий шаардлага MNS6423:2013 стандартад нийцсэн 30 хоног хадгалах хүчин чадалтай телекамерын системээр тоноглогдсон байх;
3.3.6. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу анхааруулга, сэрэмжлүүлэг зэргийг байршуулсан мэдээллийн самбар, гадна орчны 50 м хүртэл талбайг гэрэлтүүлэх гэрэлтүүлэгтэй байх;
3.3.7. Худалдаа, үйлчилгээний цэгийн хаягийг монгол хэл дээр кирилл /монгол бичиг/ үсгээр бичсэн, гадуураа гэрэлтүүлэгтэй фасадны талбайн 20%-иас ихгүй байх;
ДӨРӨВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ШИНЭЭР ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ,
СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
4.1.Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах
4.1.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас харьяа нутаг дэвсгэрийнхээ сумын Засаг даргад тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан шаардлага болон энэхүү журмаар нарийвчлан зохицуулсан тусгай шаардлагын хүрээнд холбогдох материалын хамт бүрдүүлэн өгнө.
4.1.2. Сумын Засаг дарга өргөдлийг судалж, ажлын 14 хоногийн дотор аймгийн Засаг даргад тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсэх талаарх албан бичгийг хүргүүлнэ.
4.1.3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (ажлын алба) өргөдлийг холбогдох материалын хамт хүлээн авч судлан, шаардлагатай тохиолдолд хяналт тавих бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас тодруулга авч, бүх сумдаас тусгай зөвшөөрлийн материалуудыг нэгтгэн бэлтгэж, зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
4.1.4. Зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гарсны дараа нарийн бичгийн дарга ажлын 3 хоногт багтаан шийдвэрийн төсөл боловсруулан, баталгаажуулж, тусгай зөвшөөрлийг хэвлүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.
4.1.5. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжид заасны дагуу аймгийн Засаг дарга хоёр жилийн хугацаагаар шинээр олгож, мөн хугацаагаар сунгана.
4.1.6. Тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн хуулбарыг харьяа нутаг дэвсгэрийн Засаг даргын Тамгын газар болон хяналт тавих чиг үүрэг бүхий бусад байгууллагуудруу тухайн өдөр хүргүүлж, /www.uvurkhangai.mn/ цахим хуудсанд ил тод байршуулна.
4.1.7. Тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, үйлчилгээний цэгийг бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэн /бэлэглэх, худалдах, худалдан авах гэрээний дагуу/ авч үйл ажиллагааг үргэлжлүүлэх бол дээрх журамд заасан шаардлагын дагуу холбогдох баримт, материалыг бүрдүүлж тусгай зөвшөөрлийг шинээр авна.
4.1.8. Нэг объектод үйл ажиллагаа явуулж байгаа газрууд стандартад заагдсан ангиллын дагуу тус тусдаа тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлнэ. Мөн нэг аж ахуйн нэгж үйл ажиллагааны төрлөөс хамааран худалдаа, үйлчилгээний төрөл тус бүрээр тусгай зөвшөөрлийг авна.
4.1.9. Улирлын чанартай үйлчилгээ (жуулчны бааз, амралтын газар гэх мэт) эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг энэ журамд заасны дагуу олгох бөгөөд дээрх аж ахуйн нэгжүүдэд цэгийн тооны хязгаар хамаарахгүй.
4.1.10. Тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өргөдөл, хяналт тавих байгууллагын гэрээний хугацаанд зөрчил дутагдалгүй ажиллаж байсан эсэх талаар дүгнэлтийг үндэслэн аймгийн Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гаргана.
4.2. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах
4.2.1. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 3.3-т заасан шаардлагыг хангахгүй байгаа талаар хяналт тавих чиг үүргийн байгууллагуудаас дүгнэлт гарсан бол тусгай зөвшөөрөл олгохгүй.
4.2.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, стандарт, аймгийн нутаг дэвсгэрт нутгийн өөрөө удирдах байгууллага болон төрийн захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, шийдвэрийг 1 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
4.3. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
4.3.1. Дараах тохиолдолд шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлнэ.
4.3.1.1. Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, суутгасан татварын тооцоогоо хийгээгүй;
4.3.1.2. Улсын болон аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хорио цээрийн дэглэм зарласантай холбогдуулан худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гарсан;
4.3.1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгт 18 нас хүрээгүй хүн ажиллуулсан, сургуулийн сурагч, насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, 21 нас хүрээгүй эсхүл согтуу хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон;
4.3.1.4. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа гомдол гаргасан, уг гомдол нь эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар үндэслэлтэй болох нь тогтоогдсон.
4.3.2. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай албан мэдэгдлийг хүргүүлсний дараа тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага эх хувиар нь хураан авч, холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд архи согтууруулах ундааг битүүмжлэн, буцаан татан авалт хийлгэж, нотлох баримтаар баталгаажуулан, битүүмжлэл үйлдэнэ.
4.3.3. Хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагуудаас Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцож, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрлийг хураан авч үйлчлэлийг түдгэлзүүлэх тухай санал, дүгнэлтийг аймгийн Засаг даргад ирүүлж шийдвэр гаргуулна.
4.3.4. Тусгай зөвшөөрлийг 3 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд энэ хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх асуудлыг хэлэлцэхгүй.
4.4. Тусгай зөвшөөрлийн эрх сэргээх
4.4.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйл ажиллагаанаас хамаарах шалтгаанаар тусгай зөвшөөрлөө түдгэлзүүлсэн бол сэргээх хүсэлтийг мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг шинээр олгох хугацаагаар тооцож олгоно.
4.4.2.Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Татварын хэлтэст улирал бүр тайлангаа гаргаж өгөөгүй, татварын тооцоог тухай бүр хийгээгүй, удаа дараа ноцтой зөрчил гаргасан, нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгоогүй тухай мэдэгдэл ирүүлсэн бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.
4.4.3.Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар зөрчил тогтоогдон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бол зөрчлөө арилгасны дараа холбогдох мэргэжлийн байгууллагаас зөрчлөө арилгасан талаарх дүгнэлт бүхий албан бичгийг үндэслэн ажлын 3 хоногийн дотор шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийг буцаан олгоно.
4.5. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
4.5.1. Доорх тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, хүчингүй болгосон тухай шийдвэр, албан мэдэгдлийн хамт нэн даруй холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.
4.5.1.1. Тусгай зөвшөөрлийг бусдад түрээслүүлж, худалдсан;
4.5.1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
4.5.1.3.Хяналтын шинжилгээ хийлгээгүй согтууруулах ундааг худалдаа, үйлчилгээнд хэрэглэсэн нь тогтоогдсон;
4.5.1.4.Тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг зогсоож, зөрчил арилгах тухай албан мэдэгдлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч зөрчлөө арилгаагүй;
4.5.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 3 сар буюу түүнээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй буюу үйл ажиллагаагаа зогсоож татан буугдсан;
4.5.1.6.Тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
4.5.1.7. Хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаагүй, энэ журам болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тухай Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Татварын байгууллагаас мэдэгдэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар санал ирүүлсэн;
4.5.2. Хууль тогтоомж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон буюу түдгэлзүүлсэн хугацаанд тусгай зөвшөөрлийн үйлчлэл зогсох бөгөөд дээрх хугацаанд согтууруулах ундаа худалдан борлуулсан иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох бөгөөд 6 сараас 1 жил хүртэлх хугацаанд сэргээх эсэх талаарх шийдвэр гаргахгүй.
ТАВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ,
ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
5.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг энэхүү журмаар батлагдсан "Гэрчилгээ"-ний загвараар хэвлэн, аймгийн Засаг даргаар баталгаажуулан олгоно. (Журмын 1-р хавсралт)
5.2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь оршин суугаа газрын сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж ажиллана. (Журмын 2-р хавсралт)
5.3. Энэхүү журам, стандартын ерөнхий шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тусгай зөвшөөрлийг Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу хураамж төлсөн баримтыг үндэслэн олгоно.
5.4. Тусгай зөвшөөрлийг хэвлэх, олгохтой холбогдсон бусад зардлыг аймгийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлнэ.
ЗУРГАА. ХОРИГЛОХ ЗҮЙЛ
6.1. Тусгай зөвшөөрөлтэй цэгт Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно.
6.1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, мөн зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулах байршлаа өөрчлөх.
6.1.2. Орон сууцыг үйлчилгээний зориулалтаар тохижуулсан зориулалтын талбайд үйл ажиллагаа явуулдаг бол Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасны дагуу орон сууцны барилгын үндсэн хийц, бүтцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргах.
6.1.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах тогтоосон цагийн хязгаарыг зөрчих.
6.1.4.Улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, чанар аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, тохирлын гэрчилгээ аваагүй худалдаа, үйлчилгээний цэгт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.
6.1.5.. Хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.
ДОЛОО. ХЯНАЛТ ТАВИХ
7.1. Тусгай зөвшөөрөлтэй цэгүүдийн үйл ажиллагаанд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан байгууллагууд хяналт тавих бөгөөд хяналт тавих эрх бүхий байгууллага, албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг холбогдох байгууллага, албан тушаалтан нэн даруй биелүүлэх үүрэгтэй.
7.2. Тусгай зөвшөөрөлтэй цэгүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагууд хууль тогтоомж, энэ журмын 3.4-т заасан шаардлагын дагуу чиглэлийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, гарсан зөрчлийн талаарх санал дүгнэлтээ аймгийн зөвлөлд ирүүлж шийдвэр гаргуулна.
7.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэгүүд тогтоосон цагийн хуваарь зөрчсөн, иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсантай холбоотой эрүүгийн гэмт хэрэг болон зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, нотлох баримтыг сумын Засаг дарга, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Засаг даргад хүргүүлэн шийдвэрлүүлнэ.
7.4. Хяналт, шалгалт хийсэн байгууллага нь илрүүлсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгуулж, аймгийн зөвлөлд санал, дүгнэлт танилцуулах, цаашид авах арга хэмжээний талаар албан мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажиллана.
7.5. Тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, үйлчилгээний цэгүүдийг аттестатчлах, цэгийн тоо тогтоосон хязгаарт хяналт тавих чиг үүргийг харьяалах сумын холбогдох байгууллагууд хэрэгжүүлнэ.
НАЙМ. БУСАД
8.1. Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой санал, гомдлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аймгийн Засаг даргад гаргаж ажлын 7 хоногийн дотор шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
8.2. Сумд болон холбогдох хууль, хяналтын байгууллагуудын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ажилтнууд, аймгийн зөвлөлийн гишүүд хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
8.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэж, цэгийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
Текст томруулах
A
A
A