A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ЗААМАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 01

Бат-Өлзийт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай сумын Засаг дарга /Л.Амгаланбаяр/-ын танилцуулга, өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2.д, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Хүн амын амьжиргааны доодтүвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Засгийн газрын 2007 оны 187 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн өмчлөлийн малыг төрөл тус бүрд дор дурдсан хэмжээгээр албан татвар ногдуулсугай.

Адуу 10 тоо толгой хүртэл 0 төгрөг, түүнээс дээш нэг толгой тутамд 1500 төгрөг

Үхэр 20 тоо толгой хүртэл 0 төгрөг, түүнээс дээш нэг толгой тутамд 1000 төгрөг

Тэмээ 20 тоо толгой хүртэл 0 төгрөг, түүнээс дээш нэг толгой тутамд 1000 төгрөг

Хонь 200 тоо толгой хүртэл 0 төгрөг, түүнээс дээш нэг толгой тутамд 500 төгрөг

Ямаа 50 тоо толгой хүртэл 0 төгрөг, түүнээс дээш нэг толгой тутамд 1500 төгрөг

2.Аж ахуйн нэгжийн өмчлөлийн малд, малын тоо толгойн албан татварыг нэг толгой малаас эхлэн тогтоолын 1 дэх заалтын дагуу хувь хэмжээгээр ногдуулсугай.

3.Малын тоо толгойн албан татварыг тогтоолд заасан хэмжээгээр ногдуулж, Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж ажиллахыг татварын улсын байцаагч /Д.Сэнгээ/-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

5.Тогтоолыг малчин, мал бүхий этгээдэд танилцуулж ажиллахыг Сумын Засаг дарга /Л.Амгаланбаяр/-т, "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" тогтоолыг Хууль зүй дотоод хэргийн яамд бүртгүүлэн мөрдүүлэх арга хэмжээ авахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга /Б.Оюунцэцэг/-т даалгасугай.

ДАРГА   Б.САМБУУ