- Нүүр
- Монгол Улсын хууль
- 2004-09-22

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:
Ерөнхий чиг үүргийн
1/Гадаад хэргийн яам;
2/Сангийн яам;
3/Хууль зүй, дотоод хэргийн яам.
Чиглэлийн
4/Байгаль орчны яам;
5/Барилга, хот байгуулалтын яам;
6/Батлан хамгаалах яам;
7/Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам;
8/Зам, тээвэр, аялал жуулчлалын яам;
9/Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам;
10/Түлш, эрчим хүчний яам;
11/Үйлдвэр, худалдааны яам;
12/Хүнс, хөдөө аж ахуйн яам;
13/Эрүүл мэндийн яам.
2/20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд дараахь асуудал хамаарна:
мэдээлэл, харилцаа холбоо, өндөр технологийн асуудал;
төрийн өмчийн бодлого;
тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх асуудал.
3/20 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
"5.Засгийн газрын гишүүн дор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:
1/Монгол Улсын Шадар сайд:
бүс нутгийн хөгжлийн бодлого;
оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал
стандартчилал, хэмжил зүйн асуудал;
шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах асуудал;
хүүхэд, залуучуудын асуудал.
2/Монгол Улсын Гадаад хэргийн сайд:
гадаад орон, олон улсын байгууллагатай улс төрийн талаархи хамтын ажиллагаа;
гадаад эдийн засгийн харилцаа;
гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал;
виз, консулын асуудал;
гадаад орон, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа;
гадаад орон, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал, байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт.
3/Монгол Улсын Сангийн сайд:
улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын нэгдсэн төсвийн талаархи судалгаа, төлөвлөлт;
улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт;
төсвийн хөрөнгө оруулалтын бодлого;
зээл, тусламжийн нэгдсэн бодлого;
бүртгэлийн нэгдсэн тогтолцооны удирдлага;
гаалийн бодлого;
татварын бодлого;
даатгалын бодлого;
санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал.
4/Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд:
эрх зүйн шинэтгэлийн бодлого;
хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа;
эрх зүйн туслалцаа;
архивын талаар төрөөс баримтлах бодлого;
шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;
иргэний болон иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээлэл, иргэний харьяалал, цагаачлалын асуудал;
хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн бус байгууллагын бүртгэл;
төрөөс сүм хийдтэй харилцах асуудал;
Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, нотариат, өмгөөллийн олон нийтийн байгууллагатай харилцах асуудал;
цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал;
улсын хил хамгаалалтын асуудал;
төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт.
5/Монгол Улсын Байгаль орчны сайд:
байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого;
цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал;
усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал;
газрын хэвлийн баялаг, ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан;
байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал.
6/Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд:
барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн асуудал;
хот байгуулалт, архитектурын асуудал;
орон сууцны бодлогын асуудал;
нийтийн аж ахуйн асуудал;
барилгажих талбай, газрын асуудал;
газар зохион байгуулалтын удирдлага, геодези, зураг зүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал.
7/Монгол Улсын Батлан хамгаалахын сайд:
улсыг батлан хамгаалах болон цэргийн бодлого;
зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого;
энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал.
8/Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд:
боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал;
соёл, урлагийг хөгжүүлэх, түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого;
ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого;
шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал;
шинжлэх ухаан, технологийн мэдээлэл.
9/Монгол Улсын Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд:
тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, уялдааг сайжруулах асуудал;
төмөр замын тээврийн асуудал;
иргэний нисэхийн асуудал;
авто тээврийн болон авто замын асуудал;
далайн болон усан замын тээврийн асуудал;
шуудангийн үйлчилгээ;
аялал жуулчлалын бодлого.
10/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд:
хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого;
хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаархи судалгаа;
хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;
хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал;
нийгмийн халамжийн бодлого;
нийгмийн даатгалын бодлого;
хүн ам зүйн бодлого;
Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал;
гадаадад ажиллах хүч гаргах асуудал;
хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт.
11/Монгол Улсын Түлш, эрчим хүчний сайд:
эрчим хүчний нэгдсэн бодлого;
түлш, эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал;
сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал;
бүс нутгийн түлш, эрчим хүчний асуудал;
эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого.
12/Монгол Улсын Үйлдвэр, худалдааны сайд:
геологи, эрдэс баялгийн бодлого;
үйлдвэрлэлийн технологийн бодлогын асуудал;
экспорт, импортын асуудал;
гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах асуудал;
газрын тосны талаархи бодлого;
худалдааны бодлого зохицуулалт;
эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого.
13/Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд:
хүн амын хүнсний хангамжийн бодлого;
мал аж ахуй болон газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;
мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого;
мал, амьтан, ургамлын хорио цээрийн асуудал;
хөнөөлт мэрэгчтэй тэмцэх асуудал;
мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал;
хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого;
малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого.
14/Монгол Улсын Эрүүл мэндийн сайд:
хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого;
эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаархи бодлого;
эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого;
биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого;
хүн амын эрүүл мэндийг хамгаалах нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ.
15/Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга:
Засгийн газрын шийдвэрийн биелэлт;
Засгийн газрын дотоод мэдээлэл;
Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал;
орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага;
иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа;
Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал.
16/Монгол Улсын сайд:
гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал;
хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал.
17/ Монгол Улсын сайд:
-тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
