A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн гуравдугаар бүлэг, 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн З дахь хэсэг, З4 дүгээр зүйлийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай.

Хэвлэх

1/ ГУРАВДУГААР БҮЛЭГ:

"ГУРАВДУГААР БҮЛЭГ

Засгийн газар, түүний бүтэц

17 дугаар зүйл.Засгийн газар

Хэвлэх

1.Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрыг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлнэ.

2.Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газрын аль нэгэн гишүүн гүйцэтгэнэ. Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хариуцлага хүлээнэ.

3.Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ.

4.Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн.

5.Засгийн газар үйл ажиллагааныхаа тодорхой чиглэлээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар урьдчилан санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлтэй байж болно. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Засгийн газар тогтооно.

18 дугаар зүйл.Монгол Улсын яам

Хэвлэх

1.Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мөн.

2.Монгол Улсын яамыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн хуулиар байгуулж, татан буулгана.

3.Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:

Ерөнхий чиг үүргийн

1/Гадаад хэргийн яам;

2/Санхүү, эдийн засгийн яам;

3/Хууль зүй, дотоод хэргийн яам.

Чиглэлийн

4/Байгаль орчны яам;

5/Батлан хамгаалах яам;

6/Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам;

7/Дэд бүтцийн яам;

8/Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам;

9/Үйлдвэр, худалдааны яам;

10/Хүнс, хөдөө аж ахуйн яам;

11/Эрүүл мэндийн яам.

4.Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ.

5.Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө мэргэшлийн үндсэн дээр хариуцах үүрэг бүхий дэд сайд байна.

Дэд сайдыг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

Монгол Улсын сайдын түр эзгүйд түүний үүргийг дэд сайд гүйцэтгэнэ.

6.Монгол Улсын сайд өөрийн ажлын хэсэгтэй байж болно. Сайдын эрхлэх ажлын хүрээн дэх чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх, шийдвэрлэхэд сайдад зөвлөх үүрэгтэй сайдын зөвлөл ажиллана. Сайдын зөвлөлийн ажиллах нийтлэг журам, сайдын ажлын хэсгийн орон тоо, зардлын төсвийг Засгийн газар тогтооно.

7.Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайд, дэд сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ.

8.Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн захиргааны албаны зөвлөлийн дүгнэлтийг харгалзан Засгийн газар томилж, чөлөөлнө.

9.Төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна.

10.Монгол Улсын яамны эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

181дүгээр зүйл.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, түүний удирдлага

Хэвлэх

1.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын ажлын алба мөн.

2.Хэрэг эрхлэх газрыг Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.

3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга газрынхаа үйл ажиллагааг удирдахын хамт Засгийн газрын гишүүний хувьд энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 12-т заасан ажлыг хариуцна.

4.Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна.

5.Хэрэг эрхлэх газар энэ хуулийн ЗЗ дугаар зүйлд заасан ажлыг эрхлэнэ.

182 дугаар зүйл.Засгийн газрын агентлаг

Хэвлэх

1.Засгийн газар нь үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно.

2.Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийн даргыг тухайн сайдын саналыг харгалзан Монгол Улсын Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.

3.Агентлагийн орлогч даргыг Төрийн захиргааны албаны зөвлөлийн дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө.

4.Агентлагийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.

19 дүгээр зүйл.Төрийн гүйцэтгэх байгууллагын зарим чиг үүргийг бусад байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх

Хэвлэх

1.Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно.

2.Төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж, тэр тухайдаа улсын төсвөөс санхүүжиж байгаа байгууллага нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, уг ажлаа Монгол Улсын зохих сайдын өмнө хариуцна."

2/20 дугаар зүйл:

"20 дугаар зүйл.Засгийн газрын бүрэлдэхүүн

Хэвлэх

1.Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.

2.Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын сайд байна.

3.Ерөнхий сайд болон сайд нарын эрхлэх ажлын үндсэн хүрээг энэ хуулиар тогтооно.

4.Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд дараах асуудал хамаарна:

1/тагнуул, сөрөг тагнуул;

2/үндэсний радио, телевизийн асуудал;

3/гадаад мэдээлэл;

4/төрийн өмчийн бодлого;

5/эдийн засгийн стратеги, төлөвлөлт.

5.Засгийн газрын гишүүн дор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт, хэрэгжилт, улсын хяналт шалгалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхлэнэ:

1/Монгол Улсын Гадаад хэргийн сайд:

-төрийн гадаад бодлого;

-гадаад орон, олон улсын байгууллагатай улс төрийн талаархи хамтын ажиллагаа;

-гадаад эдийн засгийн харилцаа;

-гадаад орон, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал, байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт;

-гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал;

-виз, консулын асуудал;

-гадаад оронтой хүмүүнлэгийн чиглэлийн хамтын ажиллагаа.

2/Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайд:

-эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзэл баримтлал, хэтийн бодлого, тогтвортой хөгжлийн стратеги, эдийн засгийн аюулгүй байдал, хөгжлийн тэнцвэрт харьцааг хангах макро эдийн засгийн уялдаа, зохицуулалт, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалт, төлбөрийн баланс, эдийн засгийн хамтын ажиллагаа;

-улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөө;

-салбарын ба салбар хоорондын, бүс нутгийн хөгжлийн бодлого;

-улсын нэгдсэн төсвийн талаархи судалгаа, төсвийн төлөвлөлт;

-улсын төсвийн зарцуулалтын удирдлага;

-яам, агентлагийн болон орон нутгийн төсвийн хяналт;

-бүртгэлийн нэгдсэн тогтолцоог тогтоох, хэрэгжүүлэх ажлын удирдлага;

-гаалийн тогтолцоог бэхжүүлэх, үйл ажиллагааг оновчтой болгох бодлого;

-татварын орлогын төлөвлөлт, татвар хураалтын ажлын зохион байгуулалт, татварын бодлого;

-улсын даатгалын бодлого;

-гадаадын хөрөнгө оруулалтын бодлого;

-төрийн өмчийн хяналт, бүртгэл;

-стандарт, хэмжил зүйн асуудал.

3/Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд:

-эрх зүйн шинэтгэлийн бодлого;

-хууль тогтоомжийн төсөл боловсруулалтын арга зүй, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа;

-эрх зүйн туслалцаа;

-улсын архив, шүүхийн шийдвэр биелүүлэх, гал түймэртэй тэмцэх асуудал;

-төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт;

-иргэний болон иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээлэл, иргэний харьяалал, цагаачлалын асуудал;

-хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн бус байгууллагын бүртгэл;

-төрөөс сүм хийдтэй харилцах асуудал;

-үл хөдлөх хөрөнгийн бүртгэл;

-оюуны өмч, патент, зохиогчийн эрхийг хамгаалах асуудал;

-шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материал техникийн хангамж, үйлчилгээ;

-Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, нотариат, өмгөөллийн олон нийтийн байгууллагатай харилцах асуудал;

-цагдаа, мөрдөн байцаах, улсын хил хамгаалалтын асуудал;

-нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал.

4/Монгол Улсын Байгаль орчны сайд:

-байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого;

-газрын хэвлийн баялаг, ой ус, ан амьтан, ургамалын нөөцийг хамгаалах бодлого, мэдээллийн сан;

-байгаль орчны шинжилгээ, ус цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах бодлого;

-газар зохион байгуулалтын удирдлага.

5/Монгол Улсын Батлан хамгаалахын сайд:

-улсыг батлан хамгаалах болон цэргийн бодлого;

-зэвсэгт хүчнийг бэхжүүлэх бодлого;

-иргэний хамгаалалтын удирдлага;

-улсын онцгой комиссын ажил.

6/Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд:

-боловсролын тогтолцоог хөгжүүлэх бодлого;

-шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, түүний хэрэгжилт;

-шинжлэх ухаан,технологийн мэдээлэл;

-соёл, урлагийг хөгжүүлэх, түүх соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого;

-ном, хэвлэл, цахим бичвэрийн бодлого.

7/Монгол Улсын Дэд бүтцийн сайд:

-түлш, эрчим хүчний бодлого;

-шуудангийн үйлчилгээ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн бодлого;

-авто замыг хөгжүүлэх бодлого;

-тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого;

-барилга, барилгын материалын үйлдвэрлэл, хот байгуулалт, усан хангамжийн бодлого;

-орон сууц, нийтийн ахуйн үйлчилгээний бодлого;

-дэд бүтцийн техникийн хяналтын асуудал;

-геодези, зураг зүйн асуудал;

-аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого;

8/Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд:

-хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого;

-хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаархи судалгаа;

-хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, нийгмийн даатгал, халамж, хөдөлмөрийн хууль тогтоомжийн улсын хяналт;

-хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;

-хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, үйлдвэрчний эвлэлийн 3 талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал;

-нийгмийн халамжийн бодлого;

-нийгмийн даатгалын бодлого;

-хүн ам зүйн бодлого;

-хүүхэд залуучуудын нийгмийн асуудал;

-малчдын нийгмийн асуудал;

-Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал;

-гадаадад ажиллах хүч гаргах асуудал;

-хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт.

9/Монгол Улсын Үйлдвэр, худалдааны сайд:

-эрдэс баялгийн бодлого;

-геологийн бодлого;

-үндэсний аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх, үйлдвэрийн бүтцийн бодлого;

-аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, гадаад зах зээл дээр өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх асуудал;

-экспорт, импортын асуудал;

-технологийн бодлого;

-үйлдвэрлэл, үйлчилгээний тэнцвэрт байдал, хяналт;

-бөөний худалдаа, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх бодлого;

-гадаад худалдааны бодлого;

-газрын тосны талаархи бодлого;

-худалдааны бодлого, зохицуулалт, хяналт;

-дэлхийн худалдааны байгууллагын гэрээ, хэлэлцээрээр Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах асуудал.

10/Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд:

-хүн амын хүнсний хангамжийн бодлого;

-мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;

-хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал;

-малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх бодлого;

-газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;

-мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого;

-үрийн талаар явуулах бодлого;

-хөдөө аж ахуйн эдэлбэр газрын ашиглалт;

-бэлчээр ашиглалтын болон усан хангамжийн бодлого;

-шинжлэх ухааны ололтыг хөдөө аж ахуйд нэвтрүүлэх асуудал;

-загас агнуур, далайн баялаг олзворлох асуудал;

-мал, амьтан, ургамлын хорио цээрийн асуудал;

-хөнөөлт мэрэгчтэй тэмцэх асуудал;

-улсын нөөцийн асуудал;

-мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал.

11/Монгол Улсын Эрүүл мэндийн сайд:

-хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого;

-хүн амын эрүүл мэндийг хамгаалах нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ;

-эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаархи бодлого;

-эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого, хяналт;

-эмнэлгийн үйлчилгээнд тавих улсын хяналт;

-биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого.

12/Монгол Улсын сайд-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

-орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага;

-Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт;

-Засгийн газрын дотоод мэдээлэл;

-Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал;

-иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа.

3/21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Ерөнхий сайдын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Улсын Их Хурлаас Засгийн газрын аль нэг гишүүнд хариуцуулна."

4/34 дүгээр зүйл:

"34 дүгээр зүйл. Ерөнхий сайдын ажлын алба, хэсэг

Хэвлэх

1.Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн стратеги, төлөвлөлтийн алба ажиллана.

2.Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ зөвлөгөө авах, шуурхай ажил гүйцэтгүүлэх зөвлөхтэй, ажлын хэсэгтэй байна.

3.Ерөнхий сайдын ажлын хэсгийн орон тоо, зардлын төсвийг Засгийн газар тогтооно.

4. Ерөнхий сайдын зөвлөх, ажлын хэсгийн ажилтан Ерөнхий сайдад ажлаа шууд хариуцаж, Хэрэг эрхлэх газарт харьяалагдана."

2 дугаар зүйл.Засгийн газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын тухай хуулийн 36, 37 дугаар зүйлд" гэснийг "Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 15, 16 дугаар зүйлд"; мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Их Хурлын тухай хуулийн 38, 39, 40, 41 дүгээр зүйл" гэснийг "Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 17, 18, 19, 20 дугаар зүйл"; мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн "төрийн төв хэвлэлд" гэснийг "Төрийн мэдээлэл" эмхтгэлд" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2000 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ