- Нүүр
- Монгол Улсын хууль
- 1996-07-29
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1996 оны 7 дугаар сарын 29 өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4.Монгол Улсын сайд Засгийн газрын гишүүний хувьд дор дурдсан хүрээний стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулалт, хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлж дүгнэх ажлыг эрхэлнэ:
1/Монгол Улсын Сангийн сайд:
-Монгол орны хөгжлийн хэтийн бодлого; эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн шинэчлэл, зохицуулалт; санхүү, зээл, төсөв, татвар, гааль, улсын болон нийгмийн даатгал, төрийн өмч, өмч хувьчлалын бодлого; бүртгэл, санхүүгийн хяналт; хөрөнгө оруулалт, салбар, салбар хоорондын болон бүс нутгийн хөгжлийн бодлого; улсын гадаад төлбөрийн тэнцэл, гадаад орны болон олон улсын санхүүгийн байгууллагатай харилцах асуудал, хөдөлмөр /хөдөлмөрийн нөөц, цалин хөлс/, улсын статистик, стандартчилал, хэмжил зүйн асуудал.
2/ Монгол Улсын гадаад харилцааны сайд:
-төрийн гадаад бодлого; гадаад улс, олон улсын байгууллагатай улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн талаар харилцах хамтын ажиллагааны зохицуулалт; гадаадын тусламж; төрийн ёслол, гэрээ эрх зүйн асуудал.
3/Монгол Улсын Хууль зүйн сайд:
-эрх зүйн бодлого, шинэчлэл, хууль тогтоомжийн төсөл боловсруулалтын арга зүй, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа; хууль зүйн туслалцаа; цагдаа, мөрдөн байцаах, улсын архив, патент, зохиогчийн эрх, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын болон гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, зохицуулалт; төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлд тавих хяналт; хэвлэл, мэдээллийн хэрэгслэл, олон нийтийн байгууллага, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл; иргэний болон иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээллийн асуудал, иргэний харьяалал, цагаачлал; шүүхийн байгууллагын зохион байгуулалт, санхүү, материал-техникийн хангамж, үйлчилгээ; Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, нотариат, өмгөөлөгчдийн олон нийтийн байгууллага болон төрөөс сүм хийдтэй харилцах асуудал.
4/Монгол Улсын Байгаль орчны сайд:
-Байгаль, орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого; газар, түүний хэвлийн баялаг, ой, ус, ан амьтан, ургамлын нөөцийн мэдээллийн сан; байгаль орчны хяналт-шинжилгээ /мониторинг/; газар зохион байгуулалтын удирдлага; ус цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал.
5/Монгол Улсын Батлан хамгаалахын сайд:
-улсыг батлан хамгаалах, цэргийн бодлого; зэвсэгт хүчин, улсын хилийн болон иргэний хамгаалалтын удирдлага, зохицуулалтын асуудал.
6/ Монгол Улсын Гэгээрлийн сайд:
-боловсрол, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого зохицуулалт; түх, соёлын өвийг хамгаалах, сэргээх, соёл, урлагийг хөгжүүлэх бодлого зохицуулалт; шинжлэх ухаан, технологийн мэдээлэл; хэвлэлийн үйлдвэрлэлийн асуудал.
7/ Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайд:
-түлш, эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоог хөгжүүлэх болон мэдээллийн бодлого, зохицуулалт; барилга, хот байгуулалт; усан хангамжийн нэгдсэн бодлого; орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний бодлого, зохицуулалт; геодези, зураг зүйн бодлого; барилга, техникийн улсын хяналт, аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын асуудал.
8/ Монгол Улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд:
-хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэрлэл болон хүнсний бодлого; геологи, уул уурхай, металлург, машины үйлдвэрийг хөгжүүлэх бодлого; үйлдвэрлэлийн технологийн бодлого: үйлдвэрлэл, үйлчилгээний тэнцвэрт байдал, зохицуулалт, хяналт; материал баялгийн улсын нөөц; ургамлын хорио цээр, мал эмнэлэг, малын үржил, үрийн албадын зохицуулалт: геологийн судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуул, эрдсийн баялгийн олборлолт, түүний хамгаалалт: хөдөө аж ахуйн эдэлбэр газрын ашиглалт, усжуулалтын асуудал.
9/ Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд:
-хүн ам зүй, нийгмийн халамж, асрамж, ядууралтай тэмцэх талаар төрөөс явуулах бодлого; нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого; биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого; хүн амын эрүүл мэндийг хамгаалах нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ: эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамж; эрүүл ахуй, халдвар судлал; эмнэлгийн үйлчилгээний улсын хяналт: хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажуиллагаа, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн хууль тогтоомжийн улсын хяналт; хөдөлмөрийн харилцаанд эзэд, үйлдвэрчний эвлэлийн байгууллага хоорондын харилцаа, хамтын маргааны зохицуулалтын асуудал."
2 дугаар зүйл. Энэ хуулийг 1996 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A