- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 5319 дүгээрт бүртгэв.
ЗХХАЭ-ийн 2021 оны 20 дугаарт нийтлэгдсэн.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 04
Улаанбаатар хот
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйл, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн арга"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төсвийг тооцох, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т даалгасугай.
2.1. Нийт өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах, гэрээнд тусгах шалгуур үзүүлэлтийг боловсруулах;
2.2. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй тусламж, үйлчилгээний нэхэмжлэлд тавигдах чанар, төлбөрийн шалгуур бий болгон, явцын хяналтыг тасралтгүй хийх;
2.3. Эрүүл мэндийн даатгалын цахим програм хангамжид холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах;
3. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад ДААЛГАХ нь:
3.1. Холбогдох дүрэм, журам, тусламж, үйлчилгээний жагсаалт шинэчлэн батлуулах;
3.2. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төсвийг тооцох аргачлал, санхүүжүүлэх, хяналт тавих журам батлах тухай" 257/А/562 хамтарсан тушаалыг хүчингүй болгох тухай саналыг Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх;
3.3. Аймаг, нийслэлийн засаг дарга, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хэрэгжилтийг хангаж ажиллахыг чиглэл болгох;
3.4. Анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагын цахим системийг боловсронгуй болгох арга хэмжээг авч ажиллах;
4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дэд дарга /Д.Дэмбэрэл/-д даалгасугай.
ДАРГА С.ЭНХБОЛД
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 05
Улаанбаатар хот
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9, 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйл, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг хоёрдугаар, "Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, хяналт тавих журам"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Ц.Эрдэмбилэг)-д ДААЛГАХ нь:
2.1.Холбогдох дүрэм, журам, тусламж, үйлчилгээний жагсаалт шинэчлэн батлуулах;
2.2.Аймаг, нийслэлийн засаг дарга, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвтэй гүйцэтгэлийн гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг чиглэл болгох;
2.3.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн цахим системийг боловсронгуй болгож, эрүүл мэндийн даатгалын цахим системд бодит цагийн горимоор холбох арга хэмжээг авч ажиллах;
3.Тогтоол батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг тус тус хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Л.Бямбасүрэн)-т ДААЛГАХ нь:
3.1.Нийт өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах;
3.2.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй тусламж, үйлчилгээний нэхэмжлэлд тавигдах чанар, төлбөрийн хяналтын шалгуур бий болгон явцын болон гүйцэтгэлийн хяналтыг хийх;
3.3.Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын нэг иргэнээр тооцсон нормативт төсвийг 2022 оны батлагдсан төсвийн хязгаарт багтаан, 1 дүгээр улиралд үзүүлсэн суурь тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг шинэчилсэн төлбөрийн хэмжээгээр тооцож, хяналт тавьж олгох, цаашид журмын 3.11.3-т заасныг үндэслэн сар бүр санхүүжүүлэх;
3.4.Эрүүл мэндийн даатгалын цахим програм хангамжид холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах;
3.5.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн тоо мэдээлэл болон нэхэмжлэлийг бодит цагийн горимоор хүлээн авч холбогдох эрх зүйн хүрээнд тусламж, үйлчилгээг худалдан авах;
4.Эрүүл мэндийн хөгжлийн төв (Б.Нарантуяа)-д ДААЛГАХ нь:
4.1.Холбогдох програм хангамжид нэмэлт, өөрчлөлт оруулах, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
5.Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга нарт үүрэг БОЛГОХ нь:
5.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны програм, цахим системийг бодит цагийн горимд шилжүүлж, иргэнд чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх;
6.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны "Журам жагсаалт, төлбөрийн хэмжээг шинэчлэх батлах тухай" 23 дугаар тогтоол, 2020 оны "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 14 дүгээр тогтоол, 2021 оны "Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" 04 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба (Л.Номин)-нд даалгасугай.
ДАРГА С.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A