- Нүүр
- Эрх зүйн акт
- РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ГАЗРЫН СҮЛЖЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн
23 тоот тогтоолын хавсралт
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ГАЗРЫН СҮЛЖЭЭНИЙ
ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН
НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү нөхцөл, шаардлагын зорилго нь Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид "Зохицуулах хороо" гэх)-ноос радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих болон холбогдох харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү нөхцөл, шаардлага нь Харилцаа холбооны тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Радио долгионы тухай хууль,
Зөвшөөрлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, Өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлого, бодлогын чиглэлд нийцсэн байна.
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
1.3. Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид "Үйлчилгээ эрхлэгч" гэх) нь Харилцаа холбооны тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Радио долгионы тухай хууль, энэхүү нөхцөл, шаардлага болон холбогдох техникийн зохицуулалт, үндэсний стандарт, норматив баримт бичгийг мөрдөж ажиллана.
1.4. Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг олгоход Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д заасны дагуу сонгон шалгаруулна.
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
1.5. Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх сүлжээ, технологийн төрөл, нарийвчилсан шаардлагыг нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичигт заана.
1.6. Энэхүү нөхцөл, шаардлагад тусгаагүй бусад харилцааг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, нөхцөл шаардлагаар зохицуулна.
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
Хоёр. Үйлчилгээ эрхлэх хүрээ
2.1. Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээний хамрах хүрээг үйл ажиллагаа явуулж байгаа газар нутгаас хамаарч дараах байдлаар тусгай зөвшөөрөлд заана:
2.1.1. Тодорхой бүс нутагт үйлчилгээ эрхлэх тохиолдолд Улаанбаатар хот, тухайн аймгийн нутаг дэвсгэрт гэж;
2.1.2. Улаанбаатар хотын Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэх тохиолдолд тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гэж;
2.1.3. Улаанбаатар хот болон бүх аймгийн нутаг дэвсгэрт эсхүл хиймэл дагуулын сүлжээгээр үйлчилгээ эрхлэх тохиолдолд "Монгол Улсын нутаг дэвсгэрт" гэж.
2.2.Үйлчилгээний хамрах хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад ирүүлсэн хүсэлтийг үнэлэхдээ радио давтамжийн нөөц, хуваарилалт, өрсөлдөөний нөхцөл байдал, хэрэглэгчид үзүүлэх үр дагавар, ач холбогдол, технологийн дэвшил зэргийг харгалзан үзнэ.
Энэ хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
Гурав. Үйлчилгээ эрхлэх ерөнхий нөхцөл
3.1. Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр авахад дараах нөхцөлийг бүрдүүлнэ:
3.1.1. Үйлчилгээ эрхлэх дунд хугацааны буюу 3-5 жилийн стратеги төлөвлөгөө боловсруулж, баталсан байх;
3.1.2. Стратеги төлөвлөгөөнд салбарын хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулахыг тусгасан байх ба төлөвлөгөө нь бодитой, хэмжигдэхүйц байна;
3.1.3. Шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн, бизнес төлөвлөгөөг тооцоо судалгаанд суурилж гаргасан байх;
3.1.4. Стратеги болон бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлсэн байх;
3.1.5. Үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг тооцож, схем зураглалыг гаргасан байх;
3.1.6. Сүлжээний төлөвлөлт, зураглалыг газрын зураг болон хүснэгтээр гаргасан байх;
3.1.7. Ашиглах техник, тоног төхөөрөмж нь холбогдох стандарт, техникийн зохицуулалт, норматив болон аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан, итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын тохирлын гэрчилгээтэй байх.
3.1.8. Радио, телевизийн сувгуудын дууны түвшинг Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос баталсан EBU R128 зөвлөмж болон үндэсний стандартад заасан үзүүлэлтийн дагуу хянаж, тохируулах техник, программ хангамжийг бүрдүүлсэн байх;
3.1.9. Радио, телевизийн нэвтрүүлэгч болон антенийн байршлыг тогтоож, стандарт, шардлага хангасан программ хангамжаар тухайн газар нутгийг бүрэн хамарсан байх хамрах хүрээний урьдчилсан тооцооллыг хийсэн байх;
3.1.10. Гамшгийн зарлан мэдээллийн системтэй байх.
3.2. Үйлчилгээ эрхлэгч нь радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээг найдвартай, тасралтгүй хүргэх ба дараах нөхцөлийг хангана:
3.2.1. Тоног төхөөрөмж болон цахилгаан тэжээлийн нөөцийг тооцож, нөөц горимд шилжин ажиллах боломжийг бүрдүүлсэн байх;
3.2.2. Тоног төхөөрөмжийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хянах удирдлага хяналтын нэгдсэн системтэй, хяналтын бүртгэл мэдээллийг 3 сараас доошгүй хугацаагаар хадгалдаг байх;
3.2.3. Гамшгийн үед нэгдсэн удирдлага, дотоод зохион байгуулалтыг хангаж ажиллах ба байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг гамшгаас хамгаалах мэдээлэл, харилцаа холбооны улсын албанаас гаргасан төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, батлах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах;
3.3. Үйлчилгээ эрхлэгч нь гамшгийн зарлан мэдээллийн системтэй байх ба эрх бүхий байгууллагаас тодорхойлсны дагуу гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд холбогдож, тавигдах шаардлагыг хэрэгжүүлнэ.
3.4. Радио нэвтрүүлэх төхөөрөмжийг ажиллуулахад Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан "Радио төхөөрөмж ажиллуулах, үйл ажиллагааг нь зогсоох, хориглох журам"-ыг мөрдөнө.
3.5. Үйлчилгээ эрхлэгч нь нөхцөлт хандалтын (conditional access system) болон радио, телевизийн хөтөлбөрийн хуваарь, мэдээллийг үзэгч, сонсогчид хүргэх (EPG, metadata) системтэй байна.
Дөрөв. Үйлчилгээний чанарт тавих шаардлага
4.1. Үйлчилгээ эрхлэгч нь тоног төхөөрөмжийн болон дамжуулж буй радио, телевизийн дохионы чанар, дуу, дүрсийн үзүүлэлтийг холбогдох стандарт, норматив шаардлага хангаж байгаа эсэхийг тогтмол хянах, хэмжих, тохируулах үйл ажиллагааг тогтсон хуваарийн дагуу гүйцэтгэнэ.
4.2. Шаардлагатай тохиолдолд Зохицуулах хороо хэмжилт, шалгалт хийх бөгөөд үйлчилгээ эрхлэгч нь хэмжилт шалгалт хийх нөхцөл, боломжийг бүрдүүлнэ.
4.3. Радио, телевизийн дууны түвшинг хянаж, тохируулахад Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос баталсан EBU R128 зөвлөмж болон Монгол Улсын үндэсний стандартыг мөрдөж ажиллана.
4.4. Телевизийн дүрсийн чанарыг MNS 5592-2 стандартад заасан хэмжээнээс бууруулахгүйгээр дамжуулна.
4.5. Үйлчилгээ эрхлэгч нь тасралтгүй ажиллагааны дараах шаардлагыг хангаж ажиллана.
4.5.1. Дамжуулж байгаа радио, телевизийн суваг бүрийн хувьд сувгийн тасралтгүй ажиллагааны түвшин (ТАТ) сар бүр 99.8%-иас доошгүй байх;
4.5.2. Сүлжээний тасралтгүй ажиллагааны түвшин улирал бүр 99.8%-иас доошгүй байх.
4.6. Сувгийн тасралтгүй ажиллагааны түвшинг тооцоход тухайн радио, телевизийн сувгийг хүлээн авч буй зааглах цэгээс үйлчилгээ эрхлэгчийн сүлжээний толгой станцын (head-end) төхөөрөмжийн оролт хүртэлх хэсгийг авч үзнэ.
4.7. Сүлжээний тасралтгүй ажиллагааны түвшинг тооцоход толгой станцыг (Head-end) оролцуулаад нэвтрүүлэх хэсэгт хамаарах нийт тоног төхөөрөмж, програм хангамжийн ажиллагааг авч үзнэ.
4.8. Үйлчилгээ эрхлэгч нь радио, телевизийн сувгийн дууны түвшний хэмжилт болон тасралтгүй ажиллагааны хяналтын тайланг холбогдох аргачлал, маягтын дагуу гаргаж, Зохицуулах хороонд цахим хэлбэрээр ирүүлнэ.
4.9. Үйлчилгээ эрхлэгч нь радио давтамжийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнээс хамааруулж хүн ам амьдарч байгаа газар нутгийн 95-аас доошгүй хувьд үйлчилгээг хүлээн авах боломжийг бүрдүүлнэ. Энэ шаардлага нь урт, дунд, богино долгионы аналог радиогийн үйлчилгээнд хамаарахгүй.
4.10. Үйлчилгээ эрхлэгч нь энэ нөхцөл шаардлагын 4.7-д заасан хамрах хүрээний шаардлагыг хангаж байгаа болохыг жилд нэгээс доошгүй удаа хэмжиж, шалгах ба хэмжилтийн дүнг Зохицуулах хороонд ирүүлнэ. Хамрах хүрээний шаардлагын хэрэгжилтийг тооцоход суурьшлын бүс нэмэгдсэн байдлыг харгалзан үзнэ.
4.11. Гэмтэл саатал нь 20 минутаас илүү хугацаагаар үргэлжлэх тохиолдолд үзэгч, сонсогчид мэдээлж, гэмтэл гарсан шалтгаан, гэмтлийн хамрах хүрээ зэрэг мэдээллийг Зохицуулах хороонд цахим шуудан, албан бичгээр ирүүлнэ.
4.12. Үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хянах, радио, телевизийн сувгийн дуу, дүрсийн гаралтын түвшинг хэмжих, тохируулах, гэмтэл саатлыг бүртгэх, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах талаар зохицуулсан дотоод журам баталж, үйл ажиллагаандаа мөрдөнө.
Тав. Радио, телевизийг холбож дамжуулах, гэрээ байгуулахад
тавих ерөнхий шаардлага
5.1. Үйлчилгээ эрхлэгч нь радио, телевизийг холбох техникийн болон бусад нөхцөлийг өөрийн цахим хуудсаар ил тод мэдээлнэ.
5.2. Үйлчилгээ эрхлэгч нь радио, телевизийг өөрийн сүлжээнд холбож дамжуулах, техник холболтын зааглах цэг, нөхцөлийг тогтооход Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.4-д заасан журмыг баримталж, техник холболтын гэрээ байгуулна. Сувгийн дугаарыг техник холболтын гэрээнд тусгана.
Зургаа. Үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага
6.1. Үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээний талаарх дараах мэдээллийг өөрийн цахим хуудас, дуудлагын төвөөр дамжуулан үзэгч, сонсогч болон радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид мэдээлнэ:
6.1.1. сувгийн жагсаалт, суваг тус бүрийн товч мэдээлэл;
6.1.2. үйлчилгээний хамрах хүрээ;
6.1.3. ашиглах боломжит хүлээн авах төхөөрөмжийн мэдээлэл;
6.1.4. хүлээн авах төхөөрөмж ашиглах заавар, засвар үйлчилгээний мэдээлэл;
6.1.5. үйлчилгээ саатахад авах арга хэмжээний заавар, холбогдох утас;
6.1.6. радио, телевизийг холбож, дамжуулах нөхцөл.
6.2. Үзэгч, сонсогчийн санал, өргөдөл, гомдол хүлээж авах, түүнийг шийдвэрлэх журамтай байх ба ирүүлсэн өргөдөл, гомдолд 48 цагаас багагүй хугацаанд хариу өгөх зохицуулалтыг журамд тусгасан байна.
6.3. Үзэгч, сонсогчийн өргөдөл, гомдол, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, анализ дүгнэлт гаргах ба гомдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллана.
6.4. Үзэгч, сонсогчийн өргөдөл, гомдлын талаарх бүртгэл мэдээллийг хагас жил тутамд Зохицуулах хороонд ирүүлнэ.
6.5. Үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг зах зээлд нийлүүлэхэд дараах шаардлагыг хангана:
6.5.1. Хэрэглэгчийн төхөөрөмж нь олон улсын баталгаажилтын байгууллагын тохирлын гэрчилгээтэй эсхүл MNS 6401, MNS 6496, MNS 6868 стандартыг хангасан болохыг Зохицуулах хороонд хянуулж, тохирлын тэмдэг, тохирлын гэрчилгээг авсан байх;
6.5.2. Хэрэглэгчийн төхөөрөмжийн ашиглалтын заавар, зөвлөмжийг Монгол хэлээр, ойлгомжтой байдлаар гаргаж, хэрэглэгчийн төхөөрөмжийг дагалдуулах;
6.5.3. Засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой байх;
6.5.4. Хэрэглэгчийн төхөөрөмжийн үнэ тариф, баталгаат хугацаа, ашиглалтын заавар, засвар үйлчилгээний мэдээллийг цахим хуудсаар мэдээлэх;
6.6. Үйлчилгээ эрхлэгч нь санхүүгийн тайланд радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээний орлого, зардлыг бусад үйлчилгээ, борлуулалтын үйл ажиллагааны орлого, зардлаас тусад нь бүртгэнэ.
6.7. Тусгай зөвшөөрлийн хүрээнд үзүүлж буй болон нэмэлт үйлчилгээний талаарх статистик тайлан, мэдээллийг Зохицуулах хороонд хагас жил тутамд, Үндэсний статистикийн хороонд улирал тутамд хугацаанд нь үнэн зөв бөглөж ирүүлнэ.
6.8. Үзэгч, сонсогчийн тоо болон сэтгэл ханамжийн судалгааг жилд нэгээс доошгүй удаа хийж, судалгааны дүнг вэб хуудсаар мэдээлнэ.
Долоо. Телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэхэд
тавих нэмэлт нөхцөл, шаардлага
7.1. Телевизийн газрын сүлжээгээр өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд тодорхойлсон телевизийг тусгай зөвшөөрөлд нь заасан хамрах хүрээнд гэрээний үндсэн дээр дамжуулна.
7.2. Телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэхэд дараах үндэсний стандарт, техникийн шаардлага, нормативийг үйл ажиллагаандаа мөрдөнө:
7.2.1. Зохицуулах хорооноос баталсан "Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага, норматив";
7.2.2. Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага MNS6400 стандарт;
7.2.3. Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага MNS 6401 стандарт;
7.2.4. Хэт богино ба ультра хэт богино долгионы газрын сүлжээний телевизийн өргөн нэвтрүүлгийн дохио/шуугианы харьцаа ба цахилгаан оронгийн хүчлэгийн зөвшөөрөх хэмжээ MNS 5475 стандарт.
Найм. Радиогийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэхэд
тавих нэмэлт нөхцөл шаардлага
8.1. Радиогийн газрын аналог сүлжээгээр зөвхөн олон нийтийн радиогийн сувгуудыг дамжуулна.
8.2. Радиогийн газрын аналог сүлжээний үйлчилгээ эрхлэхэд дараах үндэсний стандартыг мөрдөнө:
8.2.1. Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы (VHF) нэвтрүүлэгч. Техникийн шаардлага MNS 4909 стандарт;
8.2.2. Давтамжийн модуляцтай радио өргөн нэвтрүүлгийн цахилгаан оронгийн хүчлэгийн хамгаалах харьцаа, зөвшөөрөх хэмжээ MNS 5476 стандарт.
8.3. Радиогийн газрын сүлжээг тоон технологид шилжүүлэхэд өргөн нэвтрүүлгийн талаар төрөөс баримтлах бодлого, бодлогын чиглэлийг баримтална.
8.4. Радиогийн газрын тоон сүлжээгээр Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй радиог тусгай зөвшөөрөлд нь заасан хамрах хүрээнд, гэрээний үндсэн дээр дамжуулна.
8.5. Радиогийн газрын тоон сүлжээний үйлчилгээ эрхлэхэд дараах техникийн нөхцөл, үндэсний стандартыг мөрдөнө:
8.5.1. Зохицуулах хорооноос баталсан "Тоон радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио, давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага";
8.5.2. Тоон радио өргөн нэвтрүүлгийн (DAB) системийн нэвтрүүлэх байгууламжид тавих техникийн шаардлага MNS 6867 стандарт;
8.5.3. Тоон радио өргөн нэвтрүүлгийн (DAB) хүлээн авах төхөөрөмжид тавих шаардлага, сорилын аргачлал MNS 6868 стандарт;
8.5.4. Тоон DRM радио хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжид тавих шаардлага MNS 6496 стандарт.
8.6. Радиогийн газрын тоон сүлжээгээр гадаад улсын радиог дахин дамжуулж болох ба гадаад улсын радиогийн тоо нийт сувгийн 10 /арав/ хувиас хэтрэхгүй байна.
8.7. Радиогийн газрын тоон сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь гадаад улсын радиог дахин дамжуулахад албан ёсны эрхийг нь авсан, тухайн радио нь тухайн улсынхаа хуулийн дагуу зохих зөвшөөрөл, бүртгэлтэй болохыг гэрээ, бусад эрх зүйн баримт бичгээр баталгаажуулна. Гэрээ нь албан ёсны Монгол орчуулгатай байна.
8.8. Радиогийн газрын тоон сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь өөрийн сүлжээгээр дамжуулах гадаад улсын радиогийн талаарх мэдээллийг холбогдох маягтын дагуу бүрдүүлэн Зохицуулах хороонд ирүүлж, бүртгүүлнэ. Гадаад улсын радиог дамжуулах албан ёсны эрхийн хугацаа дуусч, сунгасан бол тухай бүр шинэчлэн бүртгүүлнэ.
8.9. Зохицуулах хороо гадаад улсын радиогийн сувгийг бүртгэхдээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашиг, хуульд нийцсэн эсэх талаар холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулга авч болно.
Ес. Хяналт
9.1. Зохицуулах хороо нь энэхүү нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд дараах арга, зарчмаар хяналт тавьж ажиллана:
9.1.1. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийх;
9.1.2. Үйлчилгээ эрхлэгчийн ирүүлсэн статистик болон бусад тайлан мэдээллийг хянах, шалгах;
9.1.3. Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу мэдээлэл авах, мониторинг, хяналт, шалгалт хийх.
9.2. Зохицуулах хороо нь энэхүү нөхцөл, шаардлагыг зөрчсөн талаар гомдол ирсэн, хяналт, шалгалт, мониторингийн дүнгээр зөрчил илэрсэн тохиолдолд эхний удаад сануулах арга хэмжээ авах ба зөрчил давтагдсан тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу шаардлагатай арга хэмжээг авна.
9.3. Зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан дүрэм, журам, шаардлага, энэхүү нөхцөл, шаардлагын хэрэгжилтийн талаарх тайлан, хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл, шаардлагын зөрчил, зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг тухай бүр холбогдох талууд болон олон нийтэд мэдээлж ажиллана.
---оОо---
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 8.1.1 өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж, баталсан байх;
Гамшгаас хамгаалах тухай хууль 34.2.1.гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх;
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 31.3.1.үзэгч, сонсогч, хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэх журамтай байх;
Текст томруулах
A
A
A