- Нүүр
- Эрх зүйн акт
- ХАНДИВ, ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын
2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн
А/317 дугаар тушаалын хавсралт
ХАНДИВ, ТУСЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль /цаашид "сургууль" гэх/-д хуулийн этгээд, иргэн, эцэг эх, асран хамгаалагч /цаашид "хандивлагч болон тусламж үзүүлэгч тал" гэх/-аас санаачлан сайн дурын үндсэн дээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын байр болон түүнд ашиглах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл болон тэдгээрийг худалдан авах, засвар үйлчилгээ хийхэд зориулан өгсөн хандив, тусламжийг /цаашид "хандив" гэх/ хүлээн авах, бүртгэх, зарцуулах, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Хандивын зорилго нь сургуулийн хоолны газрыг стандартын шаардлагад нийцүүлж, суралцагчдад аюулгүй хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэх орчин бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино.
1.3.Хандив нь дараах хэлбэртэй байна. Үүнд:
1.3.1.хандивлагч болон тусламж үзүүлэгч талаас өгсөн мөнгөн хөрөнгө;
1.3.2.хандивлагч болон тусламж үзүүлэгч талаас өгсөн хоолны газрын зориулалттай барилга, байр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл;
1.3.3.хандивлагч болон тусламж үзүүлэгч талаас хийж гүйцэтгэх барилга байгууламж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ.
1.4.Энэхүү журмын 1.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахад энэ журмаас гадна Төсвийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг мөрдөнө.
1.5.Хандиваар авах барилга байгууламж, засварын ажил нь мэргэжлийн байгууллагын батлагдсан зураг төслийн дагуу хийгдсэн байна.
1.6. Хандиваар авах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай, ашиглалтын шаардлага хангасан байна.
1.7.Хандив нь сайн дурын үндсэн дээр байх бөгөөд нийтийг хамарсан, албадлагын болон тэгшитгэн хураасан шинжгүй байна.
Хоёр. Хандивыг хүлээн авах, бүртгэх
2.1.Хандивыг хүлээн авах, бүртгэх ажлыг сургуулийн захирал, сургуулийн Өмч хамгаалах зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ хэрэгжүүлнэ.
2.2. Хандивыг хүлээн авч, бүртгэхдээ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.2.1.Энэхүү журмын 1.3.1-д заасан мөнгөн хөрөнгийг төрийн сангийн сургуулийн нэмэлт санхүүжилтийн дансанд байршуулна.
2.2.2.Энэхүү журмын 1.3.2, 1.3.3-т заасан хандивыг үндсэн хөрөнгийн нэр төрөл, хийц, зориулалт, марк, зардал, үнэ зэргийг тусгасан холбогдох бичиг баримтын хамт хүлээн авна. Зургаар баталгаажуулан хавсаргаж болно.
2.3.Зөвлөл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 86 дугаар тогтоолын дагуу хөрөнгийг үнэлж, бараа материалын болон үндсэн хөрөнгийн дансанд орлого авах дүгнэлт гаргана.
2.4.Сургуулийн захирал зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн бараа материалын болон үндсэн хөрөнгийн дансанд орлого авах тухай шийдвэр гаргана.
2.5.Сургууль нь тайлант хугацаанд хүлээн авсан хандив, тусламжийг санхүүгийн тайланд "хандив тусламжийн орлого" дансаар бүртгэнэ.
2.6.Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох хугацаа, элэгдлийн хэмжээг салбарт мөрдөж байгаа ашиглалтын жилээр тооцож элэгдүүлнэ.
2.7.Сургууль нь хандивыг хүлээн авсан тухай баримтыг 2 хувь үйлдэж, талууд баталгаажуулан хандивлагч болон тусламж үзүүлэгчид нэг хувийг өгнө.
2.8.Сургуулийн захирал төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн санд хандив авсан тухай баримтын хувийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хүргүүлнэ.
Гурав. Хандивыг зарцуулах
3.1.Хандив, тусламжийн мөнгөн хөрөнгийг доор дурдсан чиглэлээр зарцуулна:
3.1.1.Сургууль, дотуур байрын хоолны газрын зориулалттай барилга худалдан авах;
3.1.2.Сургууль, дотуур байрын хоолны газрыг шинээр барих, өргөтгөх, засварлах;
3.1.3.Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах, засварлах.
3.2.Зөвлөл нь хандив, тусламжийн мөнгөн хөрөнгийг энэхүү журмын 3.1-д заасан чиглэлээр зарцуулах тооцоо судалгаа, санал, дүгнэлтийг гаргаж, сургуулийн захиралд танилцуулна.
3.3.Сургуулийн захирал зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн Төсвийн тухай, Шилэн дансны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн баталсан дүрэм, журмыг баримтлан хандивыг зарцуулна.
3.4.Хандив, тусламжийн мөнгөн хөрөнгийг бэлнээр хадгалах, журмын 3.1-д зааснаас бусад зориулалтаар зарцуулах, ашиглах, худалдан борлуулах, шилжүүлэхгүй.
Дөрөв. Хандивыг тайлагнах, мэдээлэх
4.1.Сургуулийн нягтлан бодогч хандивын орлого, хөрөнгийн бүртгэл, зарцуулалтын тайланг тухай бүр сургуулийн захирлын зөвлөлд тайлагнана. Нэгдсэн тайланг жил бүрийн эцэст Төрийн өмчийн хороонд хүргүүлнэ.
4.2.Сургуулийн захирал Шилэн дансны тухай хуулийн дагуу хандивын хэмжээ, зарцуулалтын талаар 7 хоногийн дотор байгууллагын цахим хуудсаар мэдээлнэ.
4.3.Сургуулийн захирал хандивын зарцуулалтын талаар хагас жилд нэг удаа эцэг эх, асран хамгаалагч болон сургуулийн ажилчдын хурлаар тайлагнана.
Тав. Хандивын үйл ажиллагаанд хяналт тавих
5.1.Сургуулийн шилэн дансны үйл ажиллагаан дахь хөндлөнгийн хяналтыг Шилэн дансны тухай хуулийн дагуу тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал болон төрийн аудитын байгууллага, дотоод хяналтыг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлнэ.
5.2.Хандивыг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд хандивлагч болон тусламж үзүүлэгч тал, эцэг эхийн зөвлөл хяналт тавьж, саналаа сургуулийн захиралд гаргаж болно.
Зургаа. Бусад
6.1.Энэхүү журмын 3.1-д заасныг зөрчиж, хандив, тусламжийг зориулалтын бусаар зарцуулсан албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.2.Хандив, тусламжийг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаагүй, түүнчлэн зориулалт бусаар ашигласан албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
... оОо ...
Текст томруулах
A
A
A