- Нүүр
- Эрх зүйн акт
- Хэрэглэгчийн эрчим хүчний тарифын саналыг хянах, шалгах журам
Эрчим хүчний зохицуулах хорооны оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар тогтоолын хавсралт
Хэрэглэгчийн эрчим хүчний тарифын саналыг хянах, шалгах журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хэрэглэгчийн эрчим хүчний тарифын саналыг хянах, шалгах журам (цаашид "журам" гэх)-ын зорилго нь эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид "ТЗЭ" гэх)-ийн ирүүлсэн тарифын саналд Эрчим хүчний зохицуулах хороо (цаашид "Хороо" гэх)-ноос тавих шаардлага, тарифын саналыг хянах, шалгах, тариф батлах үйл ажиллагааг тодорхойлох, үүний ил тод байдлыг хангах, оролцогч талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Тарифын саналд тавигдах шаардлага
2.1.ТЗЭ нь хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоолгох талаар тарифын саналыг Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон холбогдох аргачлал, журмын дагуу үндэслэл, тооцоолол хийсний үндсэн дээр боловсруулна.
2.2.ТЗЭ нь Хороонд тариф батлуулах, өөрчлөх саналыг ирүүлэхээс 15 хоногийн өмнө албан бичгээр хүсэлт ирүүлнэ. Энэхүү албан бичигт батлуулах тариф, батлагдсан тарифт оруулах өөрчлөлт, шалтгаан, тарифын санал ирүүлэх хугацаа зэргийг тусгана.
2.3.Хорооноос тогтоосон тарифын зохицуулалт, нөхцөл шаардлагыг зөрчсөн, улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй ТЗЭ-ийн хүсэлтийг тухайн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд, эсхүл онцгой нөхцөлд хойшлуулах, эсхүл хүлээн авахаас татгалзаж болно.
2.4.Хорооноос уг хүсэлтийг хойшлуулах, эсхүл хүлээн авахаас татгалзах талаар мэдэгдээгүй тохиолдолд албан хүсэлт ирүүлснээс хойш 15 хоногийн дараа энэхүү журмын 2.1.-д заасан тарифын саналыг холбогдох тооцоолол, нотлох баримтын хамт ирүүлнэ.
2.5.Тарифын санал, тооцоолол, нотлох баримт нь дараах шаардлагыг хангаж, холбогдох мэдээллийг агуулсан байна.
а/Компанийн тухай товч мэдээлэл, тарифын санал, тарифыг өөрчлөх шалтгаан, түүний ТЗЭ-ийн санхүүгийн байдалд үзүүлэх нөлөөлөл;
б/Холбогдох аргачлал, маягтын дагуу тооцсон тарифын тооцоолол, түүний дэлгэрэнгүй задаргаа;
в/Удирдлагаас баримталж буй бодлого, хөтөлбөрийн хураангуй, стратегийн болон богино хугацааны төлөвлөгөө, бизнесийн хөгжлийн болон зохион байгуулалтын асуудлууд, хөрөнгө оруулах хэрэгцээ, санхүүгийн байдал, хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байгаа эсэх талаар хийсэн мониторингийн үйл ажиллагаа;
г/Өмнөх жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, хувь нийлүүлэгчдэд зориулсан тайлан, тухайн жилийн үйл ажиллагааны тоон мэдээ;
д/Тарифын санал, тооцооллын нотлох баримтууд болох зөвлөх, аудит, хуулийн үйлчилгээ, түлш, эрчим хүч худалдан авах томоохон гэрээ болон бусад шаардлагатай гэрээ, хэлэлцээр, шийдвэрийн хуулбар, баримтууд;
е/Хянах хугацааны буюу өнгөрсөн жилийн тоон мэдээлэлд орлого, зардал, системийн алдагдал, одоогийн тарифаар тооцсон орлогын төсөөлөл, орлогын төлөвлөгөөний биелэлтийн мэдээ;
ё/Ирэх жилийн төсөөллийн хувьд зардлын зүйл бүрээр хийсэн тооцоо, түлшний болон худалдан авах эрчим хүчний зардлын таамаглал, үйлчилгээний биет хэмжээгээр илэрхийлсэн борлуулалтын орлого, алдагдал, эдийн засгийн байдал, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээний тооцоо, санал болгож буй тариф;
ж/Хууль эрх зүйн орчинд орсон болон ирээдүйд гарч болзошгүй өөрчлөлт, эдийн засгийн нөхцөл, ханш, бусад макро өөрчлөлт зэрэг тухайн компанийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлж болзошгүй байдлын талаарх мэдээлэл;
з/Холбогдох ажлын тайлан, танилцуулга, баримт бичгүүд, зардлыг бууруулах, өсгөхгүй байх тал дээр удирдлагаас авч хэрэгжүүлсэн, үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл,
и/Тарифыг өөрчилснөөр хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөлөл;
к/Одоогийн мөрдөж байгаа болон санал болгож буй тариф, тарифын бүтцийн харьцуулсан хүснэгт;
2.6.Бүх мэдээллийг Монгол хэл дээр, мэдээллийн зохих эх сурвалжийг заан, хавсаргаж, тарифын тооцооллын маягтуудад гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарах ба бусад хавсралт нотлох баримт бичгийн хуудас бүрийг дугаарлах ба гарын үсгээр баталгаажуулан хэвлэмэл цаасан хэлбэрээр электрон файлын хамт ирүүлнэ.
Гурав. Тарифын саналыг хүлээн авах
3.1.Хороо нь ТЗЭ-ээс тарифын санал ирүүлснээс хойш 15 хоногийн дотор баримт материалын бүрдэл зохих шаардлага хангаж буй эсэхийг шалгаад дараах байдлаар мэдэгдэнэ.
а/Ирүүлсэн баримт материал, бүрдэл нь зохих шаардлага хангаж байгаа учир тарифын саналыг албан ёсоор хүлээн авсан тухай;
б/Зарим баримт бичиг нь зохих шаардлага хангахгүй байгаа учир тарифын саналыг хүлээн авах боломжгүй тухай;
3.2.Хороо 15 хоногийн дотор тарифын саналыг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдээгүй бол тарифын саналыг албан ёсоор хүлээн авсан гэж үзнэ. Энэ нь Хороо ТЗЭ-ээс тарифын саналыг боловсруулахад шаардлагатай нэмэлт мэдээ, баримт шаардахгүй гэсэн үндэслэл болохгүй.
3.3.Энэхүү журмын 2.2.-д заасан албан хүсэлтийг ирүүлээгүй, эсхүл өмнө ирүүлсэн тарифын саналыг хянах, шалгах хугацаанд шинээр дахин тарифын санал ирүүлэх тохиолдолд Хороо нь тарифын саналыг хүлээж авахгүй.
Дөрөв. Хэрэглэгчдэд мэдээлэх, хэрэглэгчдийг санал өгөх боломжоор хангах
4.1.Хэрэглэгчийн эрчим хүчний үнэ тарифын санал ирүүлсэн ТЗЭ нь өөрийн хэрэглэгчид, орон нутгийн удирдлагуудад тарифын өөрчлөлтийн талаар ойлгуулан таниулах арга хэмжээг авч ажиллана.
4.2.Хорооноос ТЗЭ-ийн тариф өөрчлөх талаар тооцоо, материал ирүүлсэн, тус Хороо санал тооцоог судалж эхэлсэн талаар олон нийтэд өдөр тутмын хэвлэлээр болон өөрийн веб хуудсаар зарлан мэдэгдэж болно.
4.3.Хороо шаардлагатай гэж үзвэл тухайн ТЗЭ-ийн үйлчилгээний нутаг дэвсгэрийн хот суурин газарт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж хэрэглэгчийн талаарх мэдээ, үйлчилгээний чанар, үйлчилгээний өргөжилт, санал болгож буй тарифын талаар олон нийтийн санал авна. Олон нийтийн хэлэлцүүлгийг Хорооноос баталсан журмын дагуу зохион байгуулна.
Тав. Нууц мэдээлэл
5.1.ТЗЭ-ийн зарим мэдээлэл байгууллагын нууцтай холбоотой эсхүл уг мэдээллийг гаргаж өгөхөд үндэслэлгүй их зардал шаардана гэж үзвэл уг мэдээллийг ирүүлэхээс татгалзах хүсэлтийг бодит үндэслэлтэйгээр Хороонд тавьж болох ба үүнийг үндэслэлтэй гэж үзвэл Хороо уг мэдээллийг авахаас татгалзана. Хороо нь дараах зүйлсийг харгалзан үзнэ. Үүнд:
а/ТЗЭ-ээс ирүүлсэн санал, баримт бичигтэй танилцаж, нууц мэдээлэл авалгүйгээр тарифын саналыг хянах боломжтой эсэх;
б/Нууц гэж үзсэн, ирүүлэхээс татгалзсан мэдээлэлтэй хязгаарлагдмал хүрээнд танилцаж болох эсэх,
5.2.Хорооны мэргэжилтэн нууцын чанартай баримт бичгийг хамгаалах талаар "Эрчим хүчний зохицуулах хорооны нууцыг тогтоох, хамгаалах журам"-ыг мөрдөж ажиллана.
5.3.Эрчим хүчний тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу зарим мэдээлэл ирүүлэхээс татгалзах хүсэлтийг зөвшөөрөх эсэх шийдвэрийг Хороо гаргана.
Зургаа. Тарифын саналыг хянах
6.1.Тухайн ТЗЭ-ийн тарифыг хариуцсан Хорооны мэргэжилтэн ирүүлсэн тарифын санал, холбогдох баримт бичиг, материал, тоо мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийж, хүлээн авсан тарифын саналыг 60 хүртэл хоногт багтаан хянана.
6.2.Шаардлагатай гэж үзвэл Хорооны мэргэжилтэн тарифын саналд нэмэлт баримт, мэдээлэл ирүүлэхийг шаардаж болох ба ТЗЭ нь өөрөөр тохироогүй бол энэхүү мэдээллийг 5 хоногийн дотор бэлтгэн ирүүлнэ. Хороо нь шинэ баримт, мэдээллийг шалгах, хянах, баталгаа гаргах зэрэг үед хугацааг 30 хоногоор сунгаж болно.
6.3.Баримт бичиг боловсруулахтай холбоотой маргааныг Хорооны аль нэг орон тооны Зохицуулагч шийдвэрлэнэ.
6.4.Хэрэв шаардсан мэдээг гаргаж өгч чадахгүй бол нөхцөл байдлыг бодитой үнэлсний үндсэнд Хорооны аль нэг орон тооны Зохицуулагч тарифын саналыг үргэлжлүүлэн хянахыг түдгэлзүүлж болно.
6.5.Тарифын саналыг хянах явцад ТЗЭ-ээс Хорооны мэргэжилтэнтэй тарифын саналд ирүүлсэн баримт материал, тооцооллын талаар уулзан ярилцаж, тайлбарлаж болно.
6.6.Аливаа нэг хэрэглэгчийн төлөөлөгч тарифын санал хянах явцад ТЗЭ-ээс ирүүлсэн тарифын санал, холбогдох материалтай танилцахыг хүсч болно. Хорооноос нууц гэж үзсэнээс бусад материалыг хэрэглэгчдийн төлөөлөгчид үнэгүй гаргаж өгнө.
6.7.Тарифын саналыг хянах үндсэн зорилго нь ирүүлсэн баримт мэдээллийн үндэслэл үнэн зөв эсэх, Хороонд санал болгосон тарифын тооцоо алдаагүй эсэхийг шалгахад оршино. Энэхүү зорилгод хүрэхийн тулд Хороо нь ашиг сонирхол нь хөндөгдөж буй ТЗЭ-дийг хамтран ажиллах, мэдээлэл солилцох, маргаанаа харилцан шийдвэрлэхийг дэмжинэ.
6.8.Шаардлагатай тохиолдолд тарифын саналыг хянах, шалгах ажлыг Хорооны мэргэжилтэн ТЗЭ-ийн ажлын байран дээр хийж болно.
Долоо. Зөвшилцлийн хэлэлцээр
7.1.Тарифын асуудлын зохистой шийдлийг олох, тарифын саналын талаар зөвлөмж өгөхийн тулд Хорооны мэргэжилтэн Хорооны байранд хурал зохион байгуулж, оролцогч бүх талууд (ТЗЭ, Хорооны мэргэжилтнүүд, ашиг сонирхол нь хөндөгдөж буй ТЗЭ, хэрэглэгчийн төлөөлөгч)-тай хэлэлцэж болно. Хэлэлцээрийн дүнд бүх асуудлууд дээр нэгдсэн ойлголтонд хүрч чадвал тухайн санал хариуцсан мэргэжилтэн "Зөвшилцлийн хэлэлцээр" гэсэн албан бичиг боловсруулж, бүх оролцогчдоор гарын үсэг зуруулж, Хорооны хуралд танилцуулна. Хорооны хурлаар "Зөвшилцлийн хэлэлцээр"-ийг хүлээн авах, эсхүл татгалзаж болох ба зохих ёсоор харгалзан үзнэ.
Найм. Албан бус харьцаа
8.1.Тариф хянах явцад аль нэг тал нь Хорооны зохицуулагчтай бүх талууд оролцоогүй үед хянагдаж буй асуудлаар уулзаж, ярилцахыг хориглоно. ТЗЭ-ийн тарифын саналтай холбоотой харилцаа нь Хорооны мэргэжилтэнтэй харьцсанаар хязгаарлагдана.
Ес. Тарифын саналын талаар шийдвэр гаргах
9.1.Тарифын асуудал хариуцсан Хорооны алба, хэлтэс нь тарифын санал, түүнийг хянасан танилцуулга, хууль эрхийн үндэслэл, тухайн алба, хэлтсийн саналыг тусгасан шийдвэрийн төслийг боловсруулж, Хорооны хуралд танилцуулна.
9.2.Үнэ тарифын асуудал хариуцсан алба, хэлтэс шийдвэрийн төсөл боловсруулж, зохицуулагчдад өгнө. Шийдвэрийн төсөлд тухайн асуудлын танилцуулга, гол асуудлууд, тал бүрийн байр суурь, тарифын санал, шийдвэр гаргах хууль эрхийн үндэслэл зэргийг харуулсан байна. Эцсийн шийдвэрийн төслийг Зохицуулах хорооны хурлаар батална. Зохицуулагч эцсийн шийдвэртэй санал нийлэхгүй нөхцөлд өөрийн байр сууриа бичгээр илэрхийлж болно. Хорооны ажилтнууд тухайн саналын хураангуй, хэлэлцсэн гол асуудлууд, тарифын саналын талаарх зөвлөмж, олж мэдсэн мэдээллийг Зохицуулах хороонд боловсруулж өгнө.
9.3.Тарифын саналыг хянасан тухай танилцуулга, хэлэлцүүлэг, зөвшилцлийн хэлэлцээр, мэргэжилтнүүд болон бусад оролцогч талуудаас ирүүлсэн санал, зөвлөмжийг үндэслэн Хорооны хурал эцсийн шийдвэр гаргана.
9.4.Хороо нь тогтоосон аливаа зохицуулалт, нөхцөл шаардлагыг зөрчсөн ТЗЭ-ийн тарифын бодит өөрчлөлтийн тодорхой хувийг хорогдуулан тогтоож болох ба энэ хорогдуулан бууруулах хувийг үнэ тариф хариуцсан алба, хэлтсээс тогтоон санал оруулна.
9.5.Хорооны шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор ТЗЭ нь тарифын тооцоонд алдаа гарсан, холбогдох хууль тогтоомж, журам, аргачлалыг зөрчсөн гэх мэт бусад шалтгааны улмаас Хорооны хурлын шийдвэрийг дахин хянан үзэх хүсэлт гаргаж болно. Хороо нь уг хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэрлэж, ТЗЭ-д албан бичгээр хариу мэдэгдэнэ.
9.6.Тарифын санал, баримт материал, тайлан, тарифийн санал хянах явцад бүрдүүлсэн материал, эцсийн шийдвэрийг бүртгэл, хяналтын картын дугаарын дагуу архивлан ирээдүйд үзэж танилцах боломжоор хангана.
Текст томруулах
A
A
A