- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- И-МОНГОЛ АКАДЕМИ" УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 283
Улаанбаатар хот
"И-МОНГОЛ АКАДЕМИ" УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газрыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяанд байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2. "И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Болор-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.
3. "И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулагдсантай холбогдуулан "Үндэсний дата төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын систем хөгжүүлэлтийн чиг үүргийг тус академид шилжүүлэх арга хэмжээ авч, "Үндэсний дата төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Болор-Эрдэнэ)-т тус тус даалгасугай.
4. "И-Монгол академи" улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд 2021 онд шаардагдах эх үүсвэрийг 2021 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар, 2022 оноос жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1.6 дахь дэд заалтын "("Иргэд, олон нийттэй харилцах-1111" төвтэй)" гэснийг хассугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A