- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ХИЛ НЭВТРЭХ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООСОН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр
Дугаар 228
Улаанбаатар хот
УЛСЫН ХИЛ НЭВТРЭХ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ЗОГСООСОН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ
Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол-Оросын хилийн авто замын Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх зорчигч, тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасугай.
2. Хилийн авто замын Алтанбулаг боомтоор нэвтрэх зорчигч, тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгасантай холбогдуулан Оросын Холбооны Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т тус тус даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн Алтанбулаг боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 184 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал" гэснийг "8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
