- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УРГАЦ ХУРААЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 235
Улаанбаатар хот
УРГАЦ ХУРААЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.25-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд дуусгах, цар тахлын үед хүнсний хангамж, нөөц бүрдүүлэх зорилгоор ургац хураалтын ажилд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагчид болон ажлын байр хайж байгаа иргэдийг оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, ариутгал халдваргүйжүүлэлт, халдвар хамгааллын горим, дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, холбогдох аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
2. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалыг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Т.Гантулга)-т тус тус даалгасугай.
3. Ургац хураах, тээвэрлэх бүс нутаг дахь зам, гүүрийн эвдрэл, гэмтлийг шалган тогтоож, засварын ажлыг цаг алдалгүй хийх, ургац тээвэрлэлтийг авто болон төмөр замын мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгасугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилт, явц байдлын дүнг Засгийн газарт тухай бүр танилцуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
