- Нүүр
- Эрх зүйн акт
- МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 2021 оны 252 дугаар
тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид "Банк" гэх)-ны үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
Хоёр.Банкны оноосон нэр
2.1.Банкны оноосон нэрийг монгол хэлээр "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК (товчоор "МУХБ"), англи хэлээр "Development Bank of Mongolia" LLC (товчоор "DBM") гэнэ.
Гурав.Банкны тэмдэг, бэлгэдэл
3.1.Банк нь тогтоосон журмын дагуу баталсан тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
3.2.Банк өөрийн бэлгэдэлтэй байх бөгөөд түүний загвар, тодорхойлолтыг Банкны төлөөлөн удирдах зөвлөл батална.
Дөрөв.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө
4.1.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 1,000,000,000,000 (нэг их наяд) төгрөг байх бөгөөд нэг бүр нь 100,000 (нэг зуун мянган) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000,000 (арван сая) ширхэг энгийн хувьцаанд хуваагдана.
Тав.Банкны үйл ажиллагаанд баримтлах үндсэн чиглэл
5.1.Банк нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 5.1-д заасан зорилгын хүрээнд дараахь үндсэн чиглэлийг баримтлан ажиллана:
5.1.1.олон улсын жишигт нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх;
5.1.2.гадаад худалдааны эргэлтийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох төсөл, хөтөлбөрийг дэмжих;
5.1.3.олон улсын санхүүгийн байгууллагатай харилцан ашигтай хамтран ажиллах;
5.1.4.санхүүгийн хэрэгцээг тодорхойлох, эрсдэлийг үнэлэх тогтолцоог бүрдүүлж банкны ашигт ажиллагааг хангах.
5.2.Банкны нэгжүүд нь чиг үүргийн хувьд хоорондоо уялдаатай, тэнцвэртэй байх зарчмын дагуу зохион байгуулагдана.
5.3.Банкны үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эрсдэлийн удирдлагын хараат бус, бие даасан үйл ажиллагааны тогтолцоонд үндэслэн хэрэгжүүлнэ.
5.4.Хүний нөөцийг мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлага бүхий ажилтнаар бүрдүүлэх ба олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүний нөөцийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.
Зургаа.Банкны үйл ажиллагаа
6.1.Банк нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан үйл ажиллагаа эрхэлнэ.
6.2.Банк нь өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, бусад хуулийн этгээдтэй харилцаж, хамтран ажиллах гэрээ, хэлцэл байгуулна.
6.3.Банк нь төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөө, тухайн жилийн бизнес төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулна.
6.4.Банк нь үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор шаардлагатай мэдээллийг хуульд заасны дагуу нийтэд мэдээлж, эрх бүхий байгууллагад гаргаж өгөх ба холбогдох журмыг гүйцэтгэх захирал батална.
6.5.Үйл ажиллагааны үр дүнгийн гүйцэтгэлийг Банкны санхүүгийн үр дүн болон санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг харгалзан жил бүр дүгнэнэ.
6.6.Банкны охин компани нь зээл авах, эх үүсвэр татан төвлөрүүлэх, санхүүжилт олгох, хөрөнгө байршуулах, удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Банкнаас өгсөн чиглэлийг баримтална.
Долоо.Банкны үйл ажиллагаанд хориглох зүйл
7.1.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хязгаарлалтаас гадна Банк дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
7.1.1.хууль тогтоомж болон Банкны дотоод журамд заасны дагуу өөрийн банкны ажилтанд санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээс бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх;
7.1.2.улс төрийн нам, эвсэл, хуулийн этгээд, иргэн болон бусад аливаа этгээдэд хандив өгөх.
Найм.Төлөөлөн удирдах зөвлөл
8.1.Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 19.1-д заасан төлөөллөөс бүрдэх бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
8.2.Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 9.1-д заасан зээл авах, 13.1-д заасан үнэт цаас гаргах болон өөрийн хөрөнгийн 0.6 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ, хэлцэл хийх шийдвэрийг гаргана.
8.3.Гүйцэтгэх захирлаас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 11.1, 14.1-д заасан үйл ажиллагаатай холбогдох гэрээ, хэлцэл хийхэд энэ дүрмийн 8.2-т заасан хязгаарлалт хамаарахгүй байж болох бөгөөд үүнийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээнд тусгана.
8.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 19.2, 19.3-т заасны дагуу томилж, чөлөөлнө.
8.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн 3 сараас дээш хугацаагаар эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, эсхүл хууль тогтоомж болон энэ дүрмийн 8.6-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл нас барсан бол түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлнө. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг хувьцаа эзэмшигч шийдвэрлэнэ.
8.6.Хувьцаа эзэмшигчээс эрх олгосон этгээд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй гэрээ байгуулж жил бүр дүгнэнэ.
8.7.Энэ дүрмийн 8.6-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүрэг, хариуцлага, баталгааны талаар тусгана.
8.8.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд олгох урамшууллын хэмжээг хувьцаа эзэмшигч тогтооно.
8.9.Банкны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, дэд захирал болон газрын захирлыг сонгон шалгаруулж томилох хүртэлх хугацаанд тэдгээрийн үүрэг гүйцэтгэгчийг хувьцаа эзэмшигчийн саналыг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл томилж болно.
8.10.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг албан томилолтоор ажиллуулах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргана.
8.11.Төлөөлөн удирдах зөвлөлийн тухайн жилийн ээлжит болон ээлжит бус хурлын гуравны нэгээс дээш хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх үндэслэл болно.
8.12.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад гишүүн үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн, халагдсан бол тухайн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох үндэслэл болно.
8.13.Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Хурал нь ээлжит болон ээлжит бус байна.
8.14.Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20.3-т заасны дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдуулна.
8.15.Банкны үйл ажиллагаатай холбоотой шуурхай шийдвэрлэх асуудал гарсан тохиолдолд гүйцэтгэх удирдлагын саналыг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.
8.16.Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.
8.17.Банкны зохион байгуулалтын бүтэц, стратеги төлөвлөгөө, төсөв батлах, гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх, санхүүгийн тайлан хэлэлцэхээс бусад асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлийн эчнээ санал хураалтаар шийдвэрлэж болно.
8.18.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20.3-т заасныг зөрчсөн нь төлөөлөн удирдах зөвлөлийн даргад хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
8.19.Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.6-д заасны дагуу хамтын удирдлагад үндэслэсэн байна.
8.20.Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд түүнд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
8.21.Төлөөлөн удирдах зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
8.22.Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Банкны жил бүрийн төсөвт тусгана.
8.23.Төлөөлөн удирдах зөвлөл нь дэргэдээ аудит, нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороотой байх бөгөөд эрсдэлийн хороотой байж болно.
8.24.Төлөөлөн удирдах зөвлөл нь хороодын ажиллах журам, Банкны үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээ, зээлийн төвлөрлийн эрсдэлийн арга, аргачлалуудыг батална.
Ес.Банкны гүйцэтгэх удирдлага
9.1.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21.2-т заасны дагуу Банкны гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал хэрэгжүүлж, Банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
9.2.Гүйцэтгэх захирал нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21.5, 21.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь тушаал хэлбэртэй байна.
9.3.Гүйцэтгэх захирал нь энэхүү дүрмийн 8.2-т зааснаас бусад гэрээ, хэлцэлд хамаарах төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах, валют худалдах, худалдан авах, хадгалуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх, экспорт, импортын санхүүжилт хийх, төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор богино, дунд хугацаатай санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зэрэг шийдвэрийг гаргана.
9.4.Тэргүүн дэд захирал, дэд захирал, газрын захирлыг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21.3-т заасан журмын дагуу төлөөлөн удирдах зөвлөл томилох бөгөөд тэдэнтэй гүйцэтгэх захирал гэрээ байгуулна.
9.5.Тэргүүн дэд захирал, дэд захирал, газрын захиралд тавигдах шаардлага, тэдгээрийг сонгон шалгаруулахтай холбоотой зохицуулалтыг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20.1.4-т заасан журамд тусгана.
9.6.Хууль, энэ дүрэмд төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэхээр зааснаас бусад асуудлаар гүйцэтгэх захирал Банкийг төлөөлж, гэрээ, хэлцэл байгуулах шийдвэр гаргана. Гүйцэтгэх захирлын түр эзгүйд, түүний эрх олгосноор тэргүүн дэд захирал энэхүү эрхийг эдэлнэ.
9.7.Тэргүүн дэд захирал, дэд захирал, газрын захирал нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Засгийн газар, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, тэдгээрт нийцүүлэн гаргасан гүйцэтгэх захирлын тушаал, үүрэг, даалгаврыг удирдлага болгоно.
9.8.Гүйцэтгэх захирлын дэргэд түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, зөвлөх чиг үүрэг бүхий Захирлуудын зөвлөл ажиллана.
9.9.Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг гүйцэтгэх захирал тогтооно.
Арав.Эрх бүхий албан тушаалтан
10.1.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, дэд захирал, газрын захирал, мэргэжлийн хороодын гишүүд, ерөнхий нягтлан бодогч, аудитор нь Банкны эрх бүхий албан тушаалтанд хамаарна.
Арван нэг.Банкны зохион байгуулалтын бүтэц
11.1.Банкны зохион байгуулалтын бүтцийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20.1.5-д заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл батална. Зохион байгуулалтын бүтцийн төслийг төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд гүйцэтгэх захирал танилцуулна.
11.2.Банк нь актив, пассив хөрөнгийн, зээлийн, эрсдэлийн удирдлагын мэргэжлийн хороодтой байж болно. Хороодын бүрэлдэхүүнийг гүйцэтгэх захирал, үйл ажиллагааны болон шийдвэр гаргах журмыг төлөөлөн удирдах зөвлөл тус тус батална.
11.3.Хороод нь холбогдох тооцоо, судалгаа, шинжилгээнд тулгуурлан хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрийг гишүүдийн дийлэнх олонхын саналаар гаргана. Хорооны шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гүйцэтгэх захирал нэг удаа буцаах эрхтэй.
11.4.Зээл авах, үнэт цаас гаргах, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах, хөрөнгө байршуулах, санхүүгийн хэрэгсэл худалдах, худалдан авахтай холбогдох асуудлаар мэргэжлийн хороод шийдвэрээ гаргаж, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд хүргүүлсэн байна.
Арван хоёр.Хяналт, шалгалт
12.1.Банкны үйл ажиллагаанд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 25.2, 25.3-т заасны дагуу Монголбанк, Засгийн газар хяналт, шалгалт хийнэ.
Арван гурав.Дотоод аудит
13.1.Банк нь дотоод аудитын нэгжтэй байх бөгөөд дотоод аудитын нэгж нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 26.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
13.2.Дотоод аудитын нэгж нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар аудит хийж, дүгнэлтээ зөвлөмжийн хамт төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлнэ.
Арван дөрөв.Хянан шалгагч
14.1.Банк нь хянан шалгагчтай байх бөгөөд хянан шалгагчийг гүйцэтгэх захирал томилж, чөлөөлнө.
14.2.Хянан шалгагч нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 27.1-д заасан үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийнэ.
14.3.Хянан шалгагч нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 27.2-т зааснаас гадна дараахь эрхтэй байна:
14.3.1.хяналт, шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Банкны бусад нэгжийн албан тушаалтныг татан оролцуулах, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;
14.3.2.хяналт, шалгалт хийх объектод саадгүй нэвтрэх.
14.4.Хянан шалгагч дараахь үүрэгтэй байна:
14.4.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
14.4.2.хяналт, шалгалт хийхдээ аливаа байгууллага, албан тушаалтан, иргэний ашиг сонирхол, нөлөөнд автахгүй, хараат бусаар хэрэгжүүлэх;
14.4.3.хяналт, шалгалтын тайлан мэдээ, санал, дүгнэлтийг үнэн зөв, бодитой гаргах.
14.5.Хянан шалгагч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд түүнд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Арван тав.Банкны санхүү, тайлан
15.1.Банк нь хуулиар тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөн санхүүгийн тайлан гаргаж, хувьцаа эзэмшигч болон эрх бүхий бусад этгээдэд танилцуулна. Гүйцэтгэх захирал компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.
15.2.Гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчид дараахь тайлан мэдээллийг гаргаж хүргүүлэх үүрэгтэй:
15.2.1.жилийн орлогын болон хөрөнгийн төсвийг санхүүгийн жил эхлэхээс өмнө бэлтгэж, хувьцаа эзэмшигчдэд илгээх;
15.2.2.хувьцаа эзэмшигчид болон тэдгээрийн эрх олгосон төлөөлөгчдөд Банкны тайлан тооцоонд, нягтлан бодох бүртгэлд хяналт, шалгалт хийх, өөрийн зардлаар хувилах, баримт авах боломж олгох;
15.2.3.хувьцаа эзэмшигчдийг шаардсан тухай бүрд нь Банкны менежментийн болон санхүүгийн мэдээллээр хангах;
15.2.4.банкны улирал тутмын, жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан болон хувьцаа эзэмшигчээс шаардсан мэдээллийг, хүссэн хэлбэрээр (файлаар, хэвлэмлээр, факсаар, и-мэйлээр гэх мэт) гаргаж хүргүүлэх;
15.2.5.тайлант хугацаанд Банкны эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны үр дүн болон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн талаарх танилцуулга;
15.2.6.тайлант хугацаанд эрх бүхий албан тушаалтанд олгосон шагнал урамшуулал, удирдлагын зардлын хэмжээ.
Арван зургаа.Бусад
16.1.Энэ дүрмээр зохицуулаагүй бусад харилцааг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
----o0o----
Текст томруулах
A
A
A