- Нүүр
- Эрх зүйн акт
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН КОМИССЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2021 оны 173 дугаар
тогтоолын хавсралт
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ,
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН КОМИССЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмийн зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.2.1-д заасан чиг үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Төв болон Салбар комиссын эрх үүрэг, бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг тогтоон мөрдүүлэхэд оршино.
1.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол,
нийгмийн хамгааллын комисс (цаашид "Төв комисс" гэх) нь хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Салбар комисс (цаашид "Салбар комисс" гэх) нь аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлого, хөгжлийн асуудал хариуцсан газар (хэлтэс)-ын дэргэд тус тус ажиллана.
1.3.Хүн амын нягтрал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх хүний нөөц зэргийг харгалзан сум, тосгонд Салбар комисс байгуулан ажиллуулж болно.
1.4.Салбар комисс нь орон тооны бус байна.
1.5.Төв болон Салбар комисс нь үйл ажиллагаандаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ дүрмийг мөрдөнө.
1.6.Төв болон Салбар комисс нь энэ дүрмийн 1.5-д заасан хууль тогтоомжид зааснаас гадна дараахь зарчмыг мөрдөж ажиллана:
1.6.1.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ашиг сонирхол, өвөрмөц хэрэгцээ,
эрхэм чанарыг хүндэтгэх;
1.6.2.хүүхдийн хувийн нууцыг хадгалах, хамгаалах;
1.6.3.багаар ажиллах, хамтын шийдвэр гаргах;
1.6.4.авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
1.6.5.үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй үзүүлэх;
1.6.6.үнэн зөв мэдээллээр хангах.
1.7.Төв болон Салбар комисс нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
1.8.Төв болон Салбар комисс нь эрх, үүргийнхээ хүрээнд 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь дүгнэлт, шаардлага, зөвлөмжийн хэлбэртэй байна.
1.9.Төв комиссын үйл ажиллагааны зардал, гишүүдийн цалин болон Салбар комиссын гишүүдэд олгох урамшуулалд шаардагдах хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлнэ.
1.10.Аймаг, дүүргийн Засаг дарга нь Салбар комиссын үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсөвт тусгах, албан байраар болон гишүүдийн ажиллах нөхцөлийг хангах үүрэгтэй бөгөөд Салбар комиссын тайланг жил бүр хэлэлцэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах зэрэг шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж ажиллана.
Хоёр.Төв болон Салбар комиссын бүрэлдэхүүн
2.1.Төв комиссыг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын батлагдсан орон тооны хязгаарт багтаан байгуулна. Төв комисс нь дарга, нарийн бичгийн дарга, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтний бүрэлдэхүүнтэй байна.
2.2.Төв комиссын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь хүүхдийн эмч, эсхүл ерөнхий мэргэжлийн эмч, боловсролын болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн нь нийгмийн хамгаалал, боловсрол, сэтгэл судлал, эрх зүй чиглэлийн мэргэжилтэй байна.
2.3.Төв комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг Төрийн албаны тухай хууль болон энэ дүрмийн 2.2-т заасан шаардлагыг харгалзан хуулийн дагуу сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө.
2.4.Төв комисс нь дэргэдээ эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий орон тооны бус зөвлөлтэй байж болно.
2.5.Салбар комиссын бүрэлдэхүүнийг тухайн аймаг, дүүргийн Засаг дарга батлах бөгөөд дарга, гишүүдээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байна.
2.6.Салбар комиссын нарийн бичгийн даргын үүргийг тухайн аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн холбогдох ажилтан, эсхүл аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан газар (хэлтэс)-ын хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан ажилтан гүйцэтгэнэ.
2.7.Салбар комиссын дарга нь тухайн аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлого, хөгжлийн асуудал хариуцсан газар (хэлтэс)-ын дарга, гишүүд нь тухайн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг (Эрүүл мэндийн төв)-ийн хүүхдийн эмч, мэдрэлийн эмч, боловсролын асуудал хариуцсан газар (хэлтэс)-ын тусгай хэрэгцээт (тэгш хамран сургах) боловсролын асуудал хариуцсан ажилтан, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан газар (хэлтэс)-ын зорилтот бүлгийн хүүхдийн асуудал хариуцсан ажилтан, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан газар (хэлтэс)-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төлөөлөл байна.
2.8.Салбар комиссын гишүүнээр ажиллах энэ дүрмийн 2.7-д заасан төрийн бус байгууллагын төлөөлөл нь ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэн байна.
Гурав.Төв комиссын эрх, үүрэг
3.1.Төв комисс нь дараахь эрхтэй байна:
3.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах асуудлаар эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын болон холбогдох бусад байгууллагуудад дүгнэлт, зөвлөмж, шаардлага хүргүүлэх;
3.1.2.хууль тогтоомжийн хүрээнд гаргасан Салбар комиссын шийдвэрийг хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагаас шаардах, биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
3.1.3.Салбар комиссын хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;
3.1.4.шаардлагатай гэж үзвэл Салбар комиссын шийдвэрийг үндэслэлтэй эсэхийг магадлах зорилгоор төрөлжсөн мэргэжлийн эмч, мэргэжилтнийг Салбар комиссын хуралд оролцуулах, дүгнэлт гаргуулах;
3.1.5.Салбар комиссын гишүүн нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн, авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээлгэх, түүнийг өөрчлөх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;
3.1.6.үйл ажиллагаандаа шаардагдах зардлыг батлуулж, зориулалтын дагуу зарцуулах;
3.1.7.хууль тогтоомжид заасан бусад эрх.
3.2.Төв комисс нь дараахь үүрэгтэй байна:
3.2.1.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
3.2.2.Салбар комиссын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, зөвлөмж, чиглэл өгөх болон Салбар комиссын гишүүдийг сургалтад хамруулах, чадавхжуулах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
3.2.3.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах хүний нөөцийг бэлтгэх, сургах, мэргэшүүлэх асуудлаар холбогдох байгууллагад санал хүргүүлэх, хамтран ажиллах;
3.2.4.хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үнэлэх, тодорхойлох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар эерэг ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, олон нийтэд чиглэсэн сургалт, мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг бүх хэлбэрээр зохион байгуулах;
3.2.5.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх хууль, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр санал боловсруулах;
3.2.6.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, холбогдох үйл ажиллагаандаа татан оролцуулах;
3.2.7.Төв болон Салбар комиссын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг холбогдох хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж, хариу өгөх;
3.2.8.Салбар комиссын гаргасан шийдвэр, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа, хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх;
3.2.9.Төв болон Салбар комиссын үйл ажиллагааны тайлан, мэдээг нэгтгэн дүгнэж, жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, олон нийтэд мэдээлэх;
3.2.10.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.
3.3.Төв комисс нь Төв болон Салбар комиссын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг шийдвэрлэхдээ энэ дүрмийн 2.4-т заасан орон тооны бус зөвлөлтэй хамтарсан хурал зохион байгуулж болно.
3.4.Төв комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлж болно.
Дөрөв.Салбар комиссын эрх, үүрэг
4.1.Салбар комисс нь дараахь эрхтэй байна:
4.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах асуудлаар тухайн орон нутаг дахь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын болон холбогдох бусад байгууллагуудад дүгнэлт, зөвлөмж, шаардлага хүргүүлэх;
4.1.2.Салбар комиссоос хууль тогтоомжийн хүрээнд гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон холбогдох байгууллагаас шаардах, биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
4.1.3.шаардлагатай гэж үзвэл төрөлжсөн мэргэжлийн эмч, мэргэжилтнийг Салбар комиссын хуралд татан оролцуулах, дүгнэлт гаргуулах;
4.1.4.эрүүл мэндийн байгууллагатай зөвшилцөн түүний байр, шаардлагатай тохиолдолд багаж хэрэгсэл, лаборатори, эм урвалжийг оношилгоо, магадалгаа хийх зорилгоор үнэ төлбөргүй ашиглах;
4.1.5.хуурамч баримт бичиг бүрдүүлэн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан нь тогтоогдсон тохиолдолд шийдвэрийг цуцалж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх талаар холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах;
4.1.6.Салбар комиссын гишүүн нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн, авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээлгэх, түүнийг өөрчлөх саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;
4.1.7.Салбар комиссын гишүүнийг урамшуулах, шагналд тодорхойлох санал гаргах;
4.1.8.хууль тогтоомжид заасан бусад эрх.
4.2.Салбар комисс нь дараахь үүрэгтэй байна:
4.2.1.тухайн орон нутгийн харьяалалтай, оршин суугаа хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлох, асаргаанд байх хугацааг сунгах, цуцлах шийдвэр гаргах;
4.2.2.тухайн орон нутгийн харьяалалтай, оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах талаар шийдвэр гаргах, шаардлагатай гэж үзвэл харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн болон боловсролын үйлчилгээнд хамруулах шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих;
4.2.3.энэ дүрмийн 4.2.1-д заасан шийдвэрийг гаргахдаа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг (Эрүүл мэндийн төв)-ийн төрөлжсөн мэргэжлийн багийн дүгнэлтийг үндэслэх;
4.2.4.энэ дүрмийн 4.2.3-т заасан төрөлжсөн мэргэжлийн баг болон тухайн орон нутгийн Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөлтэй хамтран жилд нэгээс доошгүй удаа харьяалах сум, багт ажиллаж, хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг илрүүлж, боловсролд хамруулах арга хэлбэрийн талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид зөвлөн туслах, холбогдох боловсролын байгууллагад уламжлах арга хэмжээ авах;
4.2.5.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нарийвчилсан үнэлгээнд хамруулах, өвчний онош нь үнэн зөв тавигдсан эсэхийг магадлах шаардлагатай бол мэргэжлийн байгууллага, төрөлжсөн мэргэжлийн эмчид холбон зуучлах;
4.2.6.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тус бүрд хүүхдийн үндсэн мэдээллээс гадна эрүүл мэнд, хөгжлийн ахиц дэвшлийн талаар холбогдох мэдээллийг багтаасан хувийн хэрэг нээж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулахаар гаргасан дүгнэлтийн талаар тэмдэглэл хийж, хэрэгжилтэд хяналт тавих;
4.2.7.тухайн орон нутгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаарх мэдээллийн цахим санг тогтмол хөтөлж, хүүхдийн шилжилт хөдөлгөөн, нас баралтын мэдээллийг сар бүр холбогдох байгууллагаас авч тулган нягтлах, тогтмол шинэчлэх, судалгаа хийж, дүгнэлт гаргах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах;
4.2.8.Салбар комиссын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг 12 дугаар сарын 10-ны дотор, үйл ажиллагааны тайлан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх улирлын мэдээг дараа сарын 1-ний дотор, жилийн тайлан, мэдээг дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор Төв комисст тус тус хүргүүлж, мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах;
4.2.9.энэ дүрмийн 4.2.8-д заасан тайлан, мэдээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байдлыг аймаг, дүүрэг, сум, хороо, тосгоноор ангилан өвчний оношоор бүлэглэж, тухайн орон нутгийн нийт хүн амд харьцуулан дүгнэлт гаргах;
4.2.10.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран хүүхдийг сэргээн засах урт хугацааны төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, хүүхдээ хөгжүүлэх, эмчилгээнд хамруулах, ахиц дэвшил гаргах талаар санал, зөвлөмжийг тусгай хуудсаар хүргүүлэх;
4.2.11.үйл ажиллагаандаа кэйс менежментийн аргыг ашиглаж хэлэлцүүлэг зохион байгуулах, кэйсийн сан бий болгох;
4.2.12.Төв комиссоос өгсөн үүрэг, даалгаврыг хууль тогтоомжийн хүрээнд шуурхай биелүүлэх;
4.2.13.Салбар комиссын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг холбогдох хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж, хариу өгөх;
4.2.14.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд учирч буй эрсдэлт хүчин зүйл, үл хайхрах, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл болон хүүхдийн эрхийн бусад зөрчил байгаа эсэхийг хянах, үнэлэх, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж шийдвэрлүүлэх;
4.2.15.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл, сургалт сурталчилгаа, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллах.
Тав.Төв болон Салбар комиссын үйл ажиллагаа
5.1.Төв болон Салбар комиссын дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нь нийтийн эрх ашиг, шударга ёсыг дээдэлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, харилцан бие биеэ хүндэтгэж, үндэслэл бүхий шийдвэр гаргана.
5.2.Төв болон Салбар комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Хурлаас олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд хуралд оролцсон гишүүд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар баталгаажна.
5.3.Төв болон Салбар комиссын хурлаар асуудал хэлэлцэхдээ тус комиссын нарийн бичгийн даргын гаргасан хэлэлцэх асуудлын дарааллыг баримтална.
5.4.Төв болон Салбар комиссын нийт гишүүдийн ирц гуравны хоёрт хүрээгүй тохиолдолд хурлыг хойшлуулна.
5.5.Салбар комиссын хурал энэ дүрмийн 5.4-т заасны дагуу хойшилсон тохиолдолд энэ тухай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид урьдчилан мэдэгдэж, хойшлуулсан хурлыг нөхөж зохион байгуулна.
5.6.Салбар комиссын хурлыг сард 2-оос доошгүй удаа дараахь хэлбэрээр зохион байгуулна:
5.6.1.хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг байлцуулан хуралдах;
5.6.2.хүүхэд биечлэн ирэх боломжгүй тохиолдолд хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг байлцуулахгүйгээр зохих бичиг баримтад үндэслэн хуралдах;
5.6.3.цахим хэлбэрээр хуралдах;
5.6.4.нүүдлийн хэлбэрээр хуралдах.
5.7.Салбар комисс энэ дүрмийн 5.6.1-д заасан хэлбэрээр хуралдах тохиолдолд төрөлжсөн мэргэжлийн эмч нар хүүхдэд бодит үзлэг хийж, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний үр дүн болон холбогдох эрүүл мэндийн байгууллагын саналд үндэслэн хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг болон асаргаанд байх хугацааг тогтоох, сунгах, цуцлах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах асуудлыг хэлэлцэнэ.
5.8.Салбар комисс энэ дүрмийн 5.6.2-т заасан хэлбэрээр хуралдах тохиолдолд Салбар комиссын нарийн бичгийн дарга хүүхдийн амьдралын нөхцөл байдалтай танилцаж, холбогдох баримт (баримт бичиг, зураг, дүрс бичлэг) бүрдүүлэн хуралд мэдээлэх бөгөөд хүүхдийг биечлэн ирүүлэхгүйгээр оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний үр дүнгийн талаар баримт бичиг, холбогдох материалд үндэслэн хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг болон асаргаанд байх хугацааг тогтоох, сунгах, цуцлах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах асуудлыг хэлэлцэнэ.
5.9.Салбар комисс энэ дүрмийн 5.6.3-т заасан хэлбэрээр хуралдах тохиолдолд хүүхдийг биечлэн ирүүлэхгүйгээр мэдээлэл, технологийн шийдлийг ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулж, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, үр дүн, холбогдох материалд үндэслэн хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг болон асаргаанд байх хугацааг тогтоох, сунгах, цуцлах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах асуудлыг хэлэлцэнэ.
5.10.Салбар комиссын үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэх зорилгоор алслагдсан сум, тосгон, багт Салбар комиссын хуралдааныг энэ дүрмийн 5.6.4-т заасан хэлбэрээр зохион байгуулж, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, үр дүн, холбогдох материалд үндэслэн хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг болон асаргаанд байх хугацааг тогтоох, сунгах, цуцлах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах асуудлыг хэлэлцэнэ. Нүүдлийн хурлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг тухайн орон нутаг хариуцна.
5.11.Салбар комиссын хурлаас гарах шийдвэр нь эрх бүхий байгууллагаас баталсан өвчин, гэмтлийн жагсаалтыг үндэслэсэн байна.
5.12.Салбар комиссын хурлыг хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүндрэл бэрхшээл учруулахгүй, урьдчилан цаг товлож, дараалал үүсгэхгүйгээр шуурхай зохион байгуулна.
5.13.Салбар комиссын хурлыг зохион байгуулах байр нь хүртээмжтэй байна.
Зургаа.Салбар комиссын гишүүдийн урамшуулал
6.1.Салбар комиссын дарга нь аймаг, дүүргийн Засаг дарга болон Төв комиссын даргатай гурвалсан гэрээ, Салбар комиссын гишүүдтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллана.
6.2.Салбар комиссын дарга, гишүүдэд хуралд оролцсон цаг, оролцоо, хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид өгсөн зөвлөгөө, идэвхийг нь харгалзаж урамшуулал олгоно. Урамшууллыг Засгийн газраас баталсан "Тусгай сургалтын байгууллагын зардал тооцох, зарим албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох журам"-д заасан хэмжээгээр олгоно.
6.3.Салбар комиссын нарийн бичгийн дарга нь гишүүдийн хуралд оролцсон цагийн тооцоо, хурлын идэвх, оролцоог нэгтгэн хурлын тэмдэглэл хөтөлж, Салбар комиссын даргаар баталгаажуулан улирал бүрийн эхний сарын 1-ний дотор Төв комисст хүргүүлнэ.
6.4.Төв комисс нь Салбар комиссын хурлын тэмдэглэл, гишүүдийн хуралд оролцсон цагийн тооцоо, идэвх, оролцоог хянан үзсэний үндсэн дээр Төрийн сангаар дамжуулан урамшууллыг улирал бүрээр тооцож олгоно.
Долоо.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол,
нийгмийн хамгааллын мэдээллийн сан
7.1.Төв болон Салбар комисс нь үйл ажиллагаандаа ашиглах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын мэдээллийн нэгдсэн сан (цаашид "мэдээллийн нэгдсэн сан" гэх)-тай байна.
7.2.Мэдээллийн нэгдсэн сан нь Төв болон Салбар комиссын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах, ил тод болгох, үйл ажиллагаанд хяналт тавих, судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх, тайлан, мэдээ гаргах, хяналт шалгалт хийх, төрийн байгууллага хооронд мэдээлэл харилцан солилцох, бусад цахим үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
7.3.Мэдээллийн нэгдсэн санд Төв болон Салбар комиссоос гаргасан бүх шийдвэрийг бүртгэж, хөтлөхөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй холбоотой дараахь мэдээллийг нэгтгэнэ:
7.3.1.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн овог нэр, регистрийн дугаар, нас, хүйс, хаяг, харьяалал (аймаг, дүүрэг, сум, баг, хороо, тосгон), холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг, шаардлагатай үед холбоо барих хүний мэдээлэл;
7.3.2.хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн төрөл, байнгын асаргаанд хамруулах, сунгах, цуцлах хугацаа, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд холбон зуучлах шийдвэрийн тухай мэдээлэл;
7.3.3.энэ дүрмийн 7.3.2-т заасан шийдвэрийг гаргасан Салбар комиссын гишүүдийн овог нэр, холбоо барих утасны дугаар;
7.3.4.хүүхдийн хувийн хэрэг, өвчний түүх, амбулаторийн карт, оношилгоо, багажийн болон лабораторийн шинжилгээний дүгнэлт;
7.3.5.эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдсан тухай мэдээлэл;
7.3.6.боловсролын үйлчилгээнд хамрагдсан тухай мэдээлэл;
7.3.7.нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан тухай мэдээлэл;
7.3.8.Төв болон Салбар комиссын цахимаар ирүүлсэн шийдвэрийн мэдээлэл;
7.3.9.асуудал шийдвэрлэсэн бодит жишээ (кэйс), баримт;
7.3.10.шаардлагатай бусад мэдээлэл.
7.4.Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь зөвхөн тухайн хүүхдийн хамаарал бүхий мэдээллийг мэдээллийн нэгдсэн сангаас гаргуулан авч болно.
7.5.Төв болон Салбар комиссын нарийн бичиг дарга нь тухайн комиссын шийдвэр болон бусад шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагаас авч тухай бүр мэдээллийн нэгдсэн санд оруулна. Мэдээллийн нэгдсэн санд оруулсан мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн комиссын дарга баталгаажуулна.
7.6.Мэдээллийн нэгдсэн сан дахь 16 нас хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн холбогдох мэдээллийг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст шууд шилжүүлнэ.
7.7.Төв болон Салбар комисс энэ дүрмийн 7.3-т заасан мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.
Найм.Салбар комиссын үйл ажиллагаанд тавих хяналт
8.1.Төв комисс нь Салбар комиссын үйл ажиллагаа, цахим болон цаасан бичиг баримт, мэдээллийн нэгдсэн сангийн бүрдүүлэлтэд тогтмол хяналт тавьж ажиллана.
8.2.Төв комисс мэдээллийн нэгдсэн санг ашиглан жил бүр, шаардлагатай тохиолдолд тухай бүр үнэлгээ, дүгнэлт хийсний үндсэн дээр улсын дунджаас дээш эрсдэлтэй нөхцөл бүхий Салбар комиссын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ. Хяналт, шалгалтыг шаардлагатай тохиолдолд Төв комиссын дэргэдэх орон тооны бус зөвлөлтэй хамтран хийж болно.
8.3.Хяналт, шалгалт хийхэд хараат бус хөндлөнгийн шинжээч, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, эцэг, эхчүүдийн төлөөллийг оролцуулж болно.
8.4.Салбар комисс нь нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн байгууллагын болон боловсролын салбарын холбогдох цахим мэдээллийн санг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамрагдсан байдалд хяналт тавина.
Ес.Бусад
9.1.Төв болон Салбар комисс нь хууль, энэ дүрэмд заасныг зөрчсөн дараахь албан тушаалтан, хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлнэ:
9.1.1.үндэслэлгүй шийдвэр гаргасан, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй Салбар комиссын дарга, гишүүд, нарийн бичгийн даргад;
9.1.2.хуурамч баримт бичиг үйлдэж хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоолгох болон байнгын асаргаанд хамруулахыг завдсан, тогтоолгосон, асаргаанд байх хугацааг сунгуулсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид;
9.1.3.худал онош тавьсан хяналтын болон эмчлэгч эмч, төрөлжсөн мэргэжлийн эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, багажийн болон лабораторийн шинжилгээг хуурамчаар үйлдсэн ажилтанд;
9.1.4.хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоолгох, байнгын асаргаанд хамруулах, асаргаанд байх хугацааг сунгуулах зорилгоор комиссын гишүүдэд хууль бусаар нөлөөлсөн албан тушаалтан, бусад этгээдэд;
9.1.5.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулаагүй, эрхийг нь зөрчиж байгаа байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид.
9.2.Хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоосон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг (Эрүүл мэндийн төв)-ийн нарийн мэргэжлийн эмч нарын тодорхойлолт нь тухайн хүүхдийг Салбар комиссын хурлаар орох хүртэл хугацаанд хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A