- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 208
Улаанбаатар хот
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ ТУХАЙ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Концессын зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 478 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд тухайн чиглэлийн авто замын барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид, авто замын барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт тус тус даалгасугай.
3. Авто замын барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг авто зам, гүүрийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд, уг арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт тус тус даалгасугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН
Текст томруулах
A
A
A
