- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 214
Улаанбаатар
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын төсвийн санхүүжилтээр Зам, тээврийн хөгжлийн яамны ЗТХЯ/20191015 дугаар гэрээний дагуу хэрэгжих Сүхбаатар аймгийн төвийн 4 дүгээр тойргийн 9.1 км, 5 дугаар тойргийн 5.65 км, Баруун-Урт хотын сувилал чиглэлийн 3.03 км хатуу хучилттай замын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд тухайн чиглэлийн авто замын барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт даалгасугай.
3. Авто замын барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг авто замын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд, тус үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нарт тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН
Текст томруулах
A
A
A
