- Нүүр
- Эрх зүйн акт
- МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ДЭГ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
2020 оны 06 дугаар сарын 23-ны
өдрийн 87 дугаар зарлигийн хавсралт
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН
ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ДЭГ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү дэгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн /цаашид "Зөвлөл" гэх/ ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, Зөвлөлийн бүтцэд хамаарах албан тушаалтан, Зөвлөлийн ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгийн чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлж, тэдгээрийн ажлын уялдаа холбоог зохицуулна.
1.2. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дэгийг удирдлага болгоно.
Хоёр. Зөвлөл, түүний чиг үүрэг
2.1. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн.
2.2. Зөвлөлөөс үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг хамгаалах нэгдсэн бодлого боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, хэрэгжилтийг уялдуулан зохицуулж, хяналт тавина.
2.3. Зөвлөл нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Гурав. Зөвлөлийн үйл ажиллагааны зарчим
3.1. Зөвлөл Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаална.
3.2. Зөвлөл нь төрийн залгамж чанарыг үндэс болгон эрх хэмжээнийхээ хүрээнд аливаа асуудлыг хамтран хэлэлцэж, санал нэгтэйгээр шийдвэрлэх зарчмыг баримтлан ажиллана.
Дөрөв. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
4.1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын эх хувийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга хадгална.
Тав. Зөвлөлийн тамга, тэмдэг
5.1. Зөвлөл, түүний Ажлын алба нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ. Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудасны загварыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга батална.
5.2. Зөвлөлийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг Засгийн газраас баталсан заавар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны албан хэрэг хөтлөх болон архивын ажлын зааврын дагуу тус тус хэрэглэнэ.
5.3. Зөвлөлийн тамгыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга түшиж, Зөвлөлийн ажлын албаны тэмдгийг Ажлын албаны дарга хадгална.
5.4. Зөвлөлийн шинжээч зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Зургаа. Зөвлөлийн зохион байгуулалт бүтэц,
тэдгээрийн чиг үүрэг
6.1. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Зөвлөлийн үндсэн бүтцэд Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга, зөвлөх, илтгэгч, шинжээч нар хамаарна.
6.2. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхээс гадна дараахь эрх, үүрэгтэй:
6.2.1. үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангах;
6.2.2. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах;
6.2.3. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлох, хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг баталж, хуралдааны товыг зарлах, даргалах;
6.2.4. үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, Зөвлөлийн шийдвэр, гишүүдээс өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангах асуудлаар холбогдох байгууллагуудын ажилтай танилцах, чиглэл, үүрэг даалгавар өгөх, шаардлага тавих;
6.2.5. үндэсний аюулгүй байдлыг хангах, Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилийг хангуулах асуудлаар Зөвлөлийн нарийн бичгийн даргад үүрэг, даалгавар, чиглэл өгөх;
6.2.6. төрийн гадаад, дотоод бодлогыг хэрэгжүүлэхэд Зөвлөлийг төлөөлөх;
6.2.7. Зөвлөлийн нарийн бичгийн дарга, орон тооны болон орон тооны бус шинжээчийг томилох, чөлөөлөх;
6.2.8. Зөвлөлийн ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах;
6.2.9. Зөвлөлийн ажлын хэсэг байгуулах;
6.2.10. Зөвлөлийн ажлын албаны дотоод аюулгүй байдлыг хангахтай холбоотой хуульд заасан дүрэм, журмыг батлах;
6.2.11. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
6.3. Зөвлөлийн гишүүн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллана.
6.4. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан албан тушаалтнууд Зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцоно.
6.5. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан илтгэгч дараах эрх, үүрэгтэй:
6.5.1. өөрийн хариуцсан салбар, хүрээнд улсын язгуур ашиг сонирхол, аюулгүй байдалд аюул, эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн асуудлыг Зөвлөлд танилцуулах;
6.5.2. Зөвлөлд танилцуулах асуудлыг зохих тооцоо, судалгаанд тулгуурласан, бодит мэдээлэл, дүн шинжилгээнд үндэслэн өргөн цар хүрээнд судалж, түүнийг шийдвэрлэх санал, шийдвэрийн төслийг боловсруулсан байх;
6.5.3. Зөвлөлд танилцуулж байгаа асуудал, шийдвэрийн төслийн үндэслэлийг хариуцах, тухайн асуудлаар саналаа илэрхийлэх;
6.5.4. Засгийн газрын гишүүн нь Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн байх;
6.5.5. Зөвлөлөөс гарсан шийдвэрийг эрхэлсэн салбар, хүрээндээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг эргэж тогтоосон журмын дагуу Зөвлөлд мэдээлэх, тайлагнах.
6.6. Зөвлөл нь орон тооны болон орон тооны бус шинжээчтэй байна. Шинжээч нь Зөвлөлийн нарийн бичгийн даргад харьяалагдан ажиллах бөгөөд Зөвлөлийн ажлын албанд судалгааны чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
6.7. Шинжээчийг Зөвлөлийн нарийн бичгийн даргын санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, чөлөөлнө. Шинжээчээр төрийн захиргааны болон улс төрийн албан хаагчийг томилохыг хориглоно.
6.8. Шинжээч дараах эрх, үүрэгтэй:
6.8.1. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын илтгэл, шийдвэрийн төсөл нь бодит мэдээлэл, судалгаанд үндэслэсэн эсэхэд шинжилгээ хийж, мэргэжлийн дүгнэлт гаргах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар боловсруулсан шийдвэрийн төслөөс өөр хувилбар бүхий санал боловсруулж, Зөвлөлд танилцуулах;
6.8.2. Зөвлөл, Зөвлөлийн нарийн бичгийн даргаас өгсөн чиглэл, даалгаврын дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах тодорхой асуудлаар судалгаа хийж, мэргэжлийн дүгнэлт гаргаж, санал боловсруулах;
6.8.3. гүйцэтгэсэн ажил, хийсэн судалгаа, түүнд ашигласан мэдээ, мэдээллийг Зөвлөлийн нарийн бичгийн даргын зөвшөөрөлгүйгээр өмчлөх, хэвлэн нийтлэх, олон нийтэд мэдээлэхгүй, тараахгүй байх;
6.8.4. Зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг болгосноор Зөвлөлийн ажлын албатай хамтран ажиллах.
6.9. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дотоод ажлыг эрхлэхээс гадна Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах ажлыг зохион байгуулах, Зөвлөлийн гишүүдэд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлж, Зөвлөлийн шинжээч, Ажлын алба болон Стратеги судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
6.10. Зөвлөлийн нарийн бичгийн дарга дараах эрх, үүрэгтэй:
6.10.1. Зөвлөлийн гишүүдийг үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой мэдээлэл /өдөр тутмын шуурхай мэдээ, мэдээлэл, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын дүн, тайлан, танилцуулга, зөвлөмж/-ээр хангах;
6.10.2. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жилийн төлөвлөгөөг Зөвлөлийн гишүүдээс санал авсны үндсэн дээр боловсруулж, Зөвлөлийн тэргүүнээр батлуулах;
6.10.3. Зөвлөлийн хуралдааныг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах, Зөвлөлийн хуралдаанд оролцож, Зөвлөлийн шийдвэр, тэмдэглэлийн төслийг боловсруулах;
6.10.4. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан байнгын ажлын хэсгийг удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
6.10.5. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 17.3-т заасны дагуу Зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлэх, Зөвлөлийн шийдвэр болон гишүүдээс өгсөн чиглэлийн дагуу тодорхой асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавих, дүнг Зөвлөлийн гишүүдэд илтгэх;
6.10.6. Зөвлөлийн ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах, тэдгээрийн үйл ажиллагааны үр дүнг Зөвлөлийн өмнө хариуцах;
6.10.7. эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргаж, биелэлтийг хангуулах;
6.10.8. Зөвлөлийн ажлын албаны дарга, дэд дарга, Стратеги судалгааны хүрээлэнгийн захирлыг томилж, чөлөөлөх;
6.10.9. Зөвлөлийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх;
6.10.10. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хуулиар хүлээсэн үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;
6.10.11. Төсвийн тухай хуульд заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
6.10.12. Зөвлөлийн хуралдаанаар үндэсний аюулгүй байдалтай холбоотой тодорхой асуудлыг танилцуулах, хэлэлцүүлэх саналыг Зөвлөлийн тэргүүнд гаргах;
6.10.13. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 21.2-т заасан төсвийн гадуурхи хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
6.10.14. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
6.11. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь эрхэлсэн ажлынхаа хүрээнд Зөвлөлийг төлөөлж аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, холбогдох албан тушаалтантай хүлээгдэлгүй уулзана.
6.12. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, хангамж, нөхцөлөөр хангагдана.
6.13. Зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны удирдах албан тушаалтныг эрхэлж байгаа ажил үүрэг, албан тушаалтай нь холбогдуулан төрийн тусгай хамгаалалтад авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Долоо. Зөвлөлийн ажлын алба, судалгааны
байгууллагын зохион байгуулалт
7.1. Зөвлөл хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх Ажлын алба, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйл, чиг хандлагыг судалж, судалгааны үр дүнгээр хангах эрдэм шинжилгээний нэгж буюу Стратеги судалгааны хүрээлэн, Зөвлөлийг шаардлагатай мэдээллээр хангах Мэдээллийн нэгдсэн сантай байна.
7.2. Ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэн нь байгууллагын стратеги төлөвлөгөө /4 жилээр/, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө /тухайн жилээр/-тэй ажиллана.
7.3. Энэхүү дэгийн 7.2-т заасан байгууллагын стратеги төлөвлөгөөг Зөвлөлийн нарийн бичгийн дарга, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг Ажлын албаны дарга, Стратеги хүрээлэнгийн захирал тус тус батлах бөгөөд тухайн байгууллагын дарга нь төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцан зохион байгуулж, үр дүнг Зөвлөлийн нарийн бичгийн даргын өмнө хариуцна.
7.4. Ажлын алба нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, Зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргыг мэдээллээр хангах, Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, хуралдааны бэлтгэлийг хангах, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулна.
7.5. Ажлын алба нь дарга, дэд даргатай байна. Ажлын албаны дарга дараах эрх, үүрэгтэй:
7.5.1. Ажлын албаны өдөр тутмын ажлыг мэргэжлийн үндсэн дээр зохион байгуулж, шуурхай удирдлагаар хангах;
7.5.2. Зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах /хуралдааны танхимын аюулгүй байдал, нууцлал хангагдсан эсэхэд хяналт тавих, Зөвлөлийн нарийн бичгийн даргын зөвшөөрлөөр Зөвлөлөөр хэлэлцэх асуудлын шийдвэрийн үндэслэлийг шинжээчээр хянуулах;
7.5.3. Зөвлөлийн шийдвэрийг албажуулах, Зөвлөлийн шийдвэр болон гишүүд, нарийн бичгийн даргаас өгсөн үүрэг, даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтанд шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах;
7.5.4. Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах, үндэсний аюулгүй байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, Зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллагаар гаргуулан авч, тэдгээрт дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах;
7.5.5. Зөвлөлийг мэдээллээр хангах чиг үүргийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй болон төрийн, орон нутгийн байгууллагаас ирүүлсэн мэдээ, мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийх, санал, дүгнэлт боловсруулах ажлыг зохион байгуулах;
7.5.6. Төсвийн тухай хуульд заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулах;
7.5.7. Зөвлөлөөс төрийн байгууллагуудтай харилцах ажлыг зохион байгуулж, Зөвлөл, Ажлын албанд ирүүлсэн албан бичиг, өргөдөл гомдлыг Зөвлөлийн нарийн бичгийн даргад танилцуулж, чиглэл авч хэрэгжилтийг зохион байгуулах;
7.5.8. Зөвлөлийн чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлаар судалгаа хийх, санал боловсруулахад мэргэжлийн байгууллага, судлаачдыг татан оролцуулах, шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, гэрээний биелэлтэд хяналт тавих;
7.5.9. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт, дүн шинжилгээ болон эрсдлийн үнэлгээг хийх;
7.5.10. эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;
7.5.11. байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх дотоод дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах;
7.5.12. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, орон тооны бус Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
7.5.13. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
7.6. Ажлын алба нь Зөвлөлийн хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангана.
7.7 Ажлын алба нь Зөвлөлийн архив, мэдээллийн санг бүрдүүлж, Зөвлөлийн бичиг хэргийг холбогдох журам, зааврын дагуу хөтлөн явуулна.
7.8. Ажлын албаны дарга, дэд дарга төрийн бусад байгууллага, албан тушаалтан, иргэнд илгээх албан бичгийн төслийг Зөвлөлийн нарийн бичгийн даргад урьдчилан танилцуулж, чиглэл, зөвшөөрөл авна.
7.9. Ажлын албаны дарга, дэд дарга, Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, Зөвлөлийн шийдвэр, тэдгээрт нийцсэн Зөвлөлийн нарийн бичгийн үүрэг, даалгаврыг удирдлага болгоно.
7.10. Зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сан нь Ажлын албаны бүтцэд хамаарах бөгөөд сангийн бүтэц, зохион байгуулалт, бүрдүүлэлт, ашиглалтын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр тогтооно.
7.11. Ажлын онцлог, удирдлага, зохион байгуулалтын шаардлагаар Зөвлөлийн нарийн бичгийн дарга, Зөвлөлийн шинжээч, Ажлын албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын ангилалыг Цэргийн албаны тухай хуульд заасан албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлд хамруулах тухай асуудлыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга Зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид танилцуулж шийдвэрлүүлнэ.
7.12. Зөвлөлийн ажлын албаны дарга нь цэргийн албан тушаалтан байсан тохиолдолд цэргийн дээд офицерын цолтой байж болно.
7.13. Стратеги судалгааны хүрээлэн нь үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлын чиглэлээр болон дотоод, олон улсын үйл явдал зэрэг шаардлагатай асуудлаар шинжилгээ, судалгаа хийх, үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдол бүхий асуудлаар стратегийн судалгаа хийн дүгнэлт гаргаж, Зөвлөл, Ажлын албыг шаардлагатай мэдээлэл, судалгаагаар хангана.
7.14. Стратеги судалгааны хүрээлэнгийн дүрмийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга батална.
7.15. Ажлын алба, Стратеги судалгааны хүрээлэн Зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Найм. Зөвлөлийн хуралдаан
8.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан байна.
8.2. Зөвлөлийн хуралдааныг хаалттай зохион байгуулах бөгөөд хуралдаантай холбогдох харилцааг Төрийн болон албаны нууцын тухай хууль, Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны дэг"-ээр тус тус зохицуулна.
8.3. Зөвлөлийн тэргүүний зөвшөөрлөөр Зөвлөлийн шийдвэрийг ажлын журмаар албажуулна.
Ес. Зөвлөлийн шийдвэр, түүнийг олон нийтэд мэдээлэх
9.1. Зөвлөлийн шийдвэрийг Ажлын алба тогтоосон журмын дагуу төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ. Зөвлөл хуралдаанаас тэмдэглэл гаргаж, байр сууриа илэрхийлж болно.
9.2. Зөвлөлийн шийдвэрээр үүрэг, даалгавар авсан төрийн байгууллага, албан тушаалтан биелүүлэх арга хэмжээ авч, үр дүнг Зөвлөлд тогтоосон хугацаанд бичгээр илтгэх үүрэгтэй.
9.3. Зөвлөлийн тэргүүн болон гишүүдээс өгсөн үүрэг даалгавар, зөвлөмж, тэмдэглэлийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан түүнийг биелүүлэхгүй байх, удаашруулах, саатуулах, эсэргүүцэх, бодит бус ташаа мэдээлэл бэлтгэх зэрэг аливаа үйлдэл, эс үйлдэл хийхийг хориглоно.
9.4. Зөвлөлийн шийдвэрийн (Зөвлөлийн тэмдэглэл мөн хамаарна) биелэлтэд Зөвлөлийн нарийн бичгийн дарга байнгын хяналт тавьж, хэрэгжилтийн явц болон үр дүнг Зөвлөлийн тэргүүнд тухай бүр илтгэж, Зөвлөлийн гишүүдэд мэдээлнэ.
9.5. Зөвлөлөөс гарсан шийдвэрийг Зөвлөлийн тэргүүний зөвшөөрлөөр Зөвлөлийн нарийн бичгийн дарга, эсхүл Ерөнхийлөгчийн тамгын дарга олон нийтэд албан ёсоор мэдээлнэ.
9.6. Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга эрхлэх асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг удирдлага болгоно.
Арав. Ажлын хэсэг
10.1. Зөвлөлийн тэргүүн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-т заасан бүрэн эрхийнхээ дагуу Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4-т заасан үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг бүрээр Ажлын хэсэг байгуулж, түүний бүрэлдэхүүн, ажиллах удирдамжийг батална.
10.2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ажлын хэсэг байгуулах саналыг Зөвлөлийн тэргүүнд танилцуулж болно.
10.3. Ажлын хэсгүүдийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулна.
10.4. Ажлын хэсэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийг баримтлан ажиллаж, үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг удирдлага болгоно.
10.5. Ажлын хэсгийн үйл ажиллагаанд Зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын алба, орон тооны болон орон тооны бус шинжээчид дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.
10.6. Зөвлөлийн тэргүүн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу орон тооны бус ажлын хэсэг байгуулж, түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус батална.
Арван нэг. Нууцын хадгалалт, хамгаалалт
11.1. Зөвлөлийн үндсэн бүтцэд хамаарах албан тушаалтан /Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга, зөвлөх, илтгэгч, шинжээч/, Ажлын алба болон Стратеги судалгааны хүрээлэнгийн албан хаагч, Ажлын хэсгийн гишүүн нь төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн нууц задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлж, төрийн болон албаны нууцыг чандлан хамгаалах үүрэгтэй.
11.2. Зөвлөлийн ажлын алба нь нууц мэдээллийг тээх зориулалт бүхий албаны авто машинтай байна.
Арван хоёр. Хориглох зүйл
12.1. Зөвлөлийн үндсэн бүтцэд хамаарах албан тушаалтан, Ажлын алба болон Стратеги судалгааны хүрээлэнгийн албан хаагч, Ажлын хэсгийн гишүүнд Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно:
12.1.1. үндэсний язгуур ашиг сонирхлыг хохироох үйлдэл, эс үйлдэл хийх;
12.1.2. эрхэлж байгаа ажил үүргийн дагуу олж мэдсэн аливаа мэдээллийг задруулах, улс төрийн, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах;
12.1.3. үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар аливаа улс төрийн нөлөөлөлд автах;
12.1.4. Зөвлөлийн шийдвэр, Ажлын албаны үйл ажиллагаа болон эрхэлж байгаа асуудлаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр өөрийн улс төрийн үзэл бодол, хувийн байр суурийг илэрхийлэх, ярилцлага /мэдээ/ өгөх;
12.1.5. эрхэлж байгаа ажил үүргийн дагуу олж мэдсэн төрийн болон албаны, хувь хүний нууцыг задруулах;
12.1.6. хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл.
Арван гурав. Зөвлөлийн бэлгэ тэмдэг
13.1. Зөвлөл нь бэлгэ тэмдэгтэй байна. Зөвлөлийн бэлгэ тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг Зөвлөлийн тэргүүнд танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр Зөвлөлийн нарийн бичгийн дарга батална.
13.2. Зөвлөл Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлогыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэдлэг чадвараа дайчлан үнэтэй хувь нэмэр оруулсан, онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг шагнах Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн "Хүндэт тэмдэг"-тэй байна.
13.3. Хүндэт тэмдгийн загвар, шагнах журмыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга батална.
Арван дөрөв. Хариуцлага
14.1. Хуулиар хүлээсэн үүрэг, Зөвлөлийн шийдвэр, Зөвлөлийн гишүүдийн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, удаашруулсан, саатуулсан, эсэргүүцсэн, бодит бус ташаа мэдээлэл бэлтгэх зэргээр хайнга хандсан аливаа үйлдэл, эс үйлдэл хийсэн албан тушаалтныг Зөвлөлийн ажлын алба хууль хяналтын байгууллагаар шалгуулж, шалтгааныг тогтоолгож, хариуцлага тооцох бөгөөд энэ тухай Зөвлөлийн нарийн бичгийн даргаар дамжуулан Зөвлөлийн гишүүдэд мэдэгдэнэ.
14.2. Албан тушаалтны үйлдэл, эс үйлдэл нь үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
14.3. Энэхүү дэгийг зөрчсөн албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A