A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ  ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн

363 дугаар тогтоолын хавсралт

 

 

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАЙНЫ 

БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү журмын зорилго нь Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-оос үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага /цаашид "Зуучлалын байгууллага" гэх/-ын үйл ажиллагаа, санхүүгийн байдалд хяналт, шалгалт хийж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, учирч болзошгүй эрсдэлийн түвшинг тодорхойлон үнэлгээ, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдалд холбогдох арга хэмжээ авахад оршино.

1.2. Хяналт, шалгалт нь зайны болон газар дээрх хяналт, шалгалт гэсэн төрөлтэй байна. 

1.3. Холбогдох төрийн байгууллагуудтай хамтран нэгдсэн хяналт, шалгалтыг хийхэд энэхүү журмыг баримталж болно. 

 

ХОЁР. ЗАЙНЫ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ

2.1. Зайны хяналт, шалгалтаар салбарын болон зуучлалын байгууллагын болзошгүй эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

2.2. Зайны хяналт, шалгалт хийх үйл ажиллагаа нь дараах үе шаттай байна: 

2.2.1.зуучлалын байгууллагаас ирүүлбэл зохих тайлан, мэдээг хянаж, үндсэн үйл ажиллагааны болон цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг тодорхойлох, санхүү, төлбөрийн чадварт үнэлэлт, дүгнэлт өгөх; 

2.2.2.тайлан, мэдээг ирүүлээгүй, ирүүлсэн тайлан, мэдээ нь шаардлага хангаагүй бол тухайн зуучлалын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд шаардлага хангасан тайлан мэдээг нэн даруй ирүүлэхийг шаардах; 

2.2.3.үндсэн үйл ажиллагаа, санхүү төлбөрийн чадварыг нь сайжруулах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгөх; 

2.2.4.шаардлагатай тохиолдолд нэмэлт тайлбар, мэдээлэл, холбогдох баримт бичгийг шаардах; 

2.2.5.шаардлагатай гэж үзвэл зуучлалын байгууллагын үйл ажиллагаанд газар дээрх хяналт, шалгалт хийх саналыг Хорооны холбогдох удирдлагад танилцуулан шийдвэрлүүлнэ. 

2.3. Зуучлалын байгууллагаас ирүүлсэн тайлан мэдээг хянаж, эрсдэлтэй гэж дүгнэсэн тохиолдолд тайлангийн хариуг цахимаар болон албан бичгээр хүргүүлнэ. 

 

ГУРАВ. ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ

3.1. Газар дээрх хяналт, шалгалтаар зуучлалын байгууллагын үйл ажиллагаа хууль тогтоомж, журам зааварт нийцэж байгаа эсэхийг газар дээр нь баримтаар тогтоож, илэрсэн зөрчил дутагдалд холбогдох арга хэмжээг авна.

3.2. Газар дээрх хяналт, шалгалтын төлөвлөгөө, газар дээрх хяналт, шалгалтын удирдамж /цаашид "Удирдамж" гэх/-ийг Хорооны дарга батална.

3.3 Удирдамжид шалгалтын зорилго, үндэслэл, шалгалтын төрөл, хүрээ, шалгалтад хамрагдах зуучлалын байгууллагын нэр, шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, шалгалт эхлэх болон дуусах хугацааг тусгана.

3.4. Газар дээрх хяналт, шалгалтыг хамрах цар хүрээгээр нь иж бүрэн, хэсэгчилсэн гэж ангилна:

3.4.1.иж бүрэн хяналт, шалгалтаар баталсан удирдамжийн хүрээнд холбогдох баримт бичигт тулгуурлан зуучлалын байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь хамруулж, үнэлэлт, дүгнэлт өгнө.

3.4.2.хэсэгчилсэн хяналт, шалгалт нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс болон холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, эсхүл Хорооноос шалгах шаардлагатай гэж үзсэн зуучлалын байгууллагын үйл ажиллагааг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгнө. 

3.5. Удирдамжийг шалгалтад хамрагдах зуучлалын байгууллагад танилцуулснаар шалгалтыг эхлүүлнэ.

3.6. Иж бүрэн хяналт, шалгалтад хамрагдах зуучлалын байгууллагаас дараах тайлан мэдээ, холбогдох баримт бичгүүдийг шаардана: 

3.6.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, компанийн дүрэм; 

3.6.2.тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг зохицуулсан дотоод дүрэм, журмууд; 

3.6.3.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт, холбогдох баримт бичиг, удирдлага зохион байгуулалтын талаарх мэдээлэл; 

3.6.4.банк санхүүгийн байгууллага дахь харилцах, хадгаламжийн дансдын хуулга;

3.6.5.шалгалт эхлэх өдрийн байдлаарх мөнгөн хөрөнгийн үлдэгдэл;

3.6.6.зуучлалын үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцэл, баримт бичиг;

3.6.7.зайны болон газар дээрх хяналт, шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт, холбогдох баримт бичиг; 

3.6.8.санхүүгийн болон холбогдох тайлан мэдээ; 

3.6.9.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажилтан томилсон шийдвэр; 

3.6.10.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан дотоод хяналтын хөтөлбөр, эрсдэлийн удирдлагын хөтөлбөрийн хэрэгжилт; 

3.6.11.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээ, сэжигтэй гүйлгээний тухай мэдээллийг хуульд заасан хугацаанд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлсэн талаарх баримт; 

3.6.12.Хорооноос шаардлагатай гэж үзсэн холбогдох бусад баримт бичиг. 

3.7. Хэсэгчилсэн хяналт, шалгалтад хамрагдах зуучлалын байгууллагаас удирдамжид заасан баримт бичгийг шаардана. 

3.8. Газар дээрх хяналт, шалгалтын тайлан /цаашид "Тайлан" гэх/-г шалгалтад хамрагдсан зуучлалын байгууллагад удирдамжид заасан хугацаанд танилцуулна. 

3.9. Тайлантай холбогдуулан хариу шаардсан бол зуучлалын байгууллага тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд Хороонд хариу мэдэгдэх үүрэгтэй.

3.10. Тайланг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд тайлантай танилцсанаас хойш 10 хоногийн дотор Хорооны Улсын Ерөнхий байцаагчид бичгээр гомдол гаргаж болно.

3.11. Газар дээрх хяналт, шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгалтын ажлын хэсэг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгч Хорооны холбогдох удирдлагад танилцуулна.

 

ДӨРӨВ. МЭДЭЭ, ТАЙЛАН

4.1. Зуучлалын байгууллага нь эхний хагас жилийн тайланг 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Хороонд цахимаар болон албан бичгээр ирүүлнэ. 

4.2. Зуучлалын байгууллага нь дараах мэдээг улирал бүр гаргаж, улирал бүрийн дараа сарын 10-ны өдрийн дотор Хороонд цахимаар ирүүлнэ:

4.2.1.зуучлалын байгууллагын үндсэн үйл ажиллагааны мэдээлэл /Хавсралт 1/;

4.2.2.үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг худалдах, худалдан авах, шилжүүлэх үйл ажиллагааны зуучлалын мэдээ /Хавсралт 2/; 

4.2.3.үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг түрээслүүлэх, түрээслэх, хөлслүүлэх, хөлслөх үйл ажиллагааны зуучлалын мэдээ /Хавсралт 3/;

4.2.4.үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, засварлан борлуулах үйлчилгээний мэдээ /Хавсралт 4/;

4.2.5.үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн үйлчилгээний мэдээ /Хавсралт 5/;

4.2.6.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаанд хамаарах бусад үйлчилгээний мэдээ /Хавсралт 6/;

4.2.7.мэдээлбэл зохих гүйлгээ, харилцагчийн бүртгэлийн мэдээ /Хавсралт 7/;

4.2.8.Хорооны 2018 оны 339 дүгээр тогтоолоор баталсан журмын 3.2-т заасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга;

4.2.9.Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад тайлан мэдээ.

4.3. Хянан шалгагч нь хариуцсан зуучлалын байгууллагаас ирүүлсэн тайлан, мэдээг хянаж, нэгтгэлийн системд улирлын мэдээг дараа улирлын эхний сарын 30-ны өдрийн дотор, жилийн мэдээллийг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор баталгаажуулалт хийж, зайны болон газар дээрх хяналт, шалгалтын нэгтгэл тайланг гаргана.

 

ТАВ.ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

5.1. Хороо нь тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ: 

5.1.1.Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй;

5.1.2.Хорооноос тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангаагүй;

5.1.3.Хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийг тодорхойлох шалгуурыг хангахгүй болсон, тохиромжтой бус этгээд гэж үзсэн; 

5.1.4.тусгай зөвшөөрөл олгосноос хойш 1 жилийн дотор үйл ажиллагаагаа эхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон;

5.1.5.Хорооноос тогтоосон зохицуулалт үйлчилгээний хөлс төлөх хугацааг 6 сараас дээш хугацаагаар хэтрүүлсэн;

5.1.6.энэхүү журмын 4.1, 4.2 дахь хэсэгт заасан тайлан, мэдээг 4 улирал ирүүлээгүй;

5.1.8.зайны болон газар дээрх хяналт, шалгалтаар эрсдэлтэй гэж дүгнэгдсэн;

5.1.9.хууль, журамд заасан бусад үндэслэл.

5.2. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээс өмнө Хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид албан бичгээр хүргүүлж, огноог тэмдэглэнэ. 

5.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ журмын 5.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхтэй холбоотой тайлбараа Хороонд албан бичгээр ирүүлнэ.

5.4. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тохиолдолд түдгэлзүүлсэн үндэслэл, түдгэлзүүлж эхэлсэн огноо, хугацааг заасан мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид албан бичгээр хүргүүлнэ.

5.5. Зөрчил дутагдлыг арилгаж, хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлтийг, үүрэг даалгаврын биелэлт болон нотлох баримт бичгийн хамт Хороонд ирүүлнэ.

5.6. Шаардлагатай тохиолдолд Хороо нэмэлт, тодруулга, баримт бичгийг шаардаж болно. 

5.7. Хороо дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

5.7.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

5.7.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан;

5.7.3.тусгай зөвшөөрлийн хүсэлтэд хавсаргасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон;

5.7.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг 3 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

5.7.5.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй; 

5.7.6.тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтийг Хороонд ирүүлээгүй;

5.7.7.энэхүү журмын 4.1, 4.2 дахь хэсэгт заасан тайлан, мэдээг 6 улирал ирүүлээгүй;

5.7.8.хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

5.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлтийг дараах баримт бичгийн хамт Хороонд ирүүлнэ:

5.8.1.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тэмдэглэл;

5.8.2.хүсэлт гаргах өдрийн байдлаарх санхүүгийн тайлан;

5.8.3.Хорооноос шаардсан нэмэлт, тодруулга, баримт бичиг.

5.9. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнө Хороо тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсон үндэслэлийг заасан мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид албан бичгээр хүргүүлж, хүргэсэн огноог тэмдэглэнэ.

5.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ журмын 5.9-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой тайлбараа Хороонд албан бичгээр ирүүлнэ.

5.11. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд хүчингүй болгосон үндэслэл, огноог заасан мэдэгдлийг албан бичгээр хүргүүлнэ.

5.12. Хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон талаарх мэдээллийг нийтэд мэдээлнэ.

5.13. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосноос учирсан аливаа хохирлыг Хороо хариуцахгүй. 

5.14. Хорооноос тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон шийдвэрлэснээр үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа нь дуусгавар болно.

5.15. Хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон шийдвэр гаргасан өдрөөс хойш үйл ажиллагааг үргэлжлүүлбэл тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэн холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

ЗУРГАА. БУСАД

6.1. Хороо энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах бөгөөд зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

---оОо---