A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг

2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 22

Төрийн ордон, Улаанбаатар хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь

1.Монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхүүлэн дэмжиж, Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцлийг бүрдүүлэх, урамшуурах хүрээнд дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгосугай.

1.1.2021 оноос эхлэн Олон улсын олимпиадад амжилт үзүүлж, медальт байрт шалгарсан сурагчдад тухай бүр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нэг удаагийн урамшууллыг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх

1.2.Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа улсын олимпиадуудын шатлал, цар хүрээг нэмэгдүүлж олон улсын олимпиадын ангилалтай уялдуулж, зохион байгуулах хуваарийг шинэчлэн батлах

1.3.Хүүхэд бүрт улсын хэмжээний олимпиадад оролцох тэгш боломжийг бүрдүүлэх үүднээс улсын хэмжээгээр бүх сурагчдыг бие даан суралцаж өөрийгөө хэгжүүлэх, олимпиадад бэлтгэх, шинжлэх ухааны чиглэлээр тогтмол сургалт, хэлэлцүүлэг, цахимаар сорил, олимпиадад хамрагдах боломжоор хангасан нэгдсэн цахим дэд бүтцийг хөгжүүлэх, уг цахим дэд бүтцийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад онцгойлон анхаарах

1.4.Олон улсын олимпиадад сурагчдыг бэлтгэн оролцуулж байгаа багш нар болон олимпиадыг зохион байгуулах хорооны тогтвортой үйл ажиллагааг хангах, шаардлагатай техник хэрэгсэл, холбогдох санхүүжилт болон зохион байгуулалтаар дэмжин ажиллах

2. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр улсын төсөвт тусгах, зарлигийн биелэлтийн талаар жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, олон нийтэд мэдээлж байхыг Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ