- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 303
Улаанбаатар хот
МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 17.2.4, 33.1.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Өвөрхангай, Ховд, Төв аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин оношлогдсонтой холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх аймгийн өвчний голомт бүхий сумдад хорио цээрийн дэглэм тогтоосугай.
2. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомтыг устгах, тархалтыг зогсоох, эрсдэлийг бууруулахад шаардагдах нийт 5,905,248,540 (таван тэрбум есөн зуун таван сая хоёр зуун дөчин найман мянга таван зуун дөчин) төгрөгийн зардлаас вакцины үнэ 2.9 (хоёр тэрбум есөн зуун сая) тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд, үлдэгдэл 3.0 (гурван) тэрбум төгрөгийг батлагдсан төсвийн багцаасаа гаргаж санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд тус тус зөвшөөрсүгэй.
3. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан холбогдох хууль тогтоомжийн дагуу хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
