- Нүүр
- Эрх зүйн акт
- ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ, МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нийслэлийн Засаг даргын
2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн
А/492 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт
ХОГ ХАЯГДЛЫН ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛАХ,
МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих олон нийтийн байцаагчийн үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2 Энэхүү журмаар хог хаягдлын олон нийтийн байцаагч /цаашид "олон нийтийн байцаагч" гэх/-ийг ажиллуулах, түүнд мөнгөн урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
1.3 Олон нийтийн байцаагч үйл ажиллагаандаа Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.
1.4 Олон нийтийн байцаагч чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг удирдлага болгоно:
1.4.1 бусдын нөлөөнд үл автах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
1.4.2 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх;
1.4.3 асуудалд бодитой хандаж, хяналтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлах;
1.4.4 албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн төрийн болон албаны, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх.
1.5 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавина.
1.6 Энэхүү журмын нэр томьёог Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан утгаар ойлгож хэрэглэнэ.
1.7 Тус журмыг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг батлах тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралт №2 "Хог хаягдлын олон нийтийн байцаагчтай байгуулах гэрээ, ажлын байрны тодорхойлолтын загвар", хавсралт №3 "Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн зөрчил тэмдэглэх хуудасны маягт", хавсралт №4 "Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажлын төлөвлөгөө болон тайлангийн загвар", хавсралт №5 "Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн үнэмлэхийн загвар", хавсралт №6 "Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажлын үнэлгээний маягт" зэргийг мөрдлөг болгон ажиллана.
Хоёр.Олон нийтийн байцаагчид тавигдах шаардлага,
түүнийг томилох
2.1. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын төвлөрлийн байдлаас хамаарч хороо бүрт нэгээс доошгүй олон нийтийн байцаагч ажиллуулах бөгөөд олон нийтийн байцаагчийн тоо, олгох урамшууллын хэмжээг тухайн дүүргийн Засаг дарга батлагдсан төсвийн хязгаарт нийцүүлэн тогтооно.
2.2. Олон нийтийн байцаагчийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дараах шаардлагыг хангасан иргэнээс сонгон авна. Үүнд:
2.2.1. 18-аас дээш насны, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, бүрэн дундаас дээш боловсролтой Монгол Улсын иргэн байх;
2.2.2. иргэдийн итгэл хүлээсэн, шударга, зарчимч, хууль тогтоомж сурталчлах зохион байгуулах, багаар ажиллах, бусдад хуулийн хүрээнд шаардлага тавих чадвартай байх;
2.2.3. тухайн дүүрэг, хороонд албан ёсоор бүртгэлтэй, байнгын оршин суугч байх;
2.2.4. гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, хэл яриа, харилцааны соёлтой байх;
2.2.5. Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн талаар бүрэн мэдлэгтэй байх;
2.2.6. ухаалаг утас хэрэглэх, цахим орчинд ажиллах, интернет, компьютерийн анхан шатны программууд ашиглах чадвартай байх.
2.3. Олон нийтийн байцаагчийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар хариуцан зохион байгуулж, энэ журмын 2.2-т заасан шаардлагыг хангасан иргэнээс дараах бичиг баримтыг бүрдүүлэн авч, дүүргийн Засаг даргын зөвлөлд танилцуулна:
2.3.1. анкет;
2.3.2. хог хаягдлын олон нийтийн байцаагчаар ажиллах тухай хүсэлт;
2.3.3. иргэний үнэмлэхийн хуулбар;
2.3.4. боловсролын үнэмлэх, дипломын хуулбар;
2.3.5. хорооны Засаг даргын санал;
2.3.6. 3*4 хэмжээтэй цээж зураг 2 ширхэг.
2.4. Дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Олон нийтийн байцаагчийг дүүргийн Засаг даргын захирамжаар 2 жилийн хугацаагаар томилно.
2.5. Олон нийтийн байцаагчаар томилсон дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн Тамгын газрын дарга Олон нийтийн байцаагчтай энэ журмын Хавсралт №2-т заасан хөлсөөр ажиллах гэрээг байгуулах ба гэрээнд хариуцах ажил, талуудын харилцан хүлээх үүрэг, урамшуулал, гэрээ цуцлах үндэслэлийг тусгана.
2.6. Олон нийтийн байцаагч нь энэхүү журмын Хавсралт №4-т заасан ажлын төлөвлөгөө болон энэ журамд заасан чиг үүргийн дагуу ажлаа сар, улирлаар төлөвлөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын хог хаягдлын асуудал хариуцсан нэгжийн даргаар батлуулах ба хорооны Засаг дарга болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтний удирдлага дор ажиллана.
2.7. Энэ журамд заасан шаардлагыг хангаагүй ажилтанг Олон нийтийн байцаагчаар томилохгүй.
2.8. Олон нийтийн байцаагч нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа энэ журмын Хавсралт №5-д заасан үнэмлэхийг ашиглах ба Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баталсан өвөл, зуны загварын дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэнэ.
2.9. Энэ журмын Хавсралт №3-т заасан маягтын дагуу "Зөрчлийн тухай тэмдэглэл"-ийн хуудсыг олон нийтийн байцаагч үйл ажиллагаандаа хэрэглэнэ.
Гурав.Олон нийтийн байцаагчийн чиг үүрэг,
зөрчлийн тэмдэглэл үйлдэх
3.1. Олон нийтийн байцаагч нь дараах чиг үүрэгтэй: Үүнд:
3.1.1 Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, бүх шатны Засаг даргын захирамжийг сурталчлах, хэрэгжилтэд хяналт тавих;
3.1.2 нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, барилга байгууламжийн засварын хог хаягдалд хяналт тавих, орон сууцны болон гэр хорооллын гудамж, зам талбайд ил задгай хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
3.1.3 аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүд өөрийн эзэмших, ашиглах, өмчлөх эрх бүхий газрын хил заагаас 50 м-ийн эргэн тойрон дахь нийтийн эзэмшлийн талбайн цас мөсийг тогтмол цэвэрлэх, орчныг бохирдолгүй цэвэр байлгах үүргээ хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих, хэрэгжүүлэх шаардлага тавих;
3.1.4 байнга болон түр оршин суудаг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлт, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого төвлөрүүлэлт болон гэрээний биелэлтэд хяналт тавих;
3.1.5 байгаль экологи, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх;
3.1.6 хорооны нийтийн эдэлбэр газрын цэвэрлэгээ, хог хаягдлын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд, хяналт тавих, аж ахуйн нэгж байгууллагын идэвх санаачилгыг өрнүүлэх;
3.1.7 бүх нийтийг хамарсан хог цэвэрлэгээний ажилд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг өргөнөөр хамруулах, зар түгээх, сурталчлах;
3.1.8 хог хаягдлын талаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх ажилд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хорооны Засаг даргатай хамтран ажиллах;
3.1.9 хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах санал санаачилга гаргах, зохион байгуулах үүрэг бүхий орон тооны бус иргэдийн бүлэг байгуулж ажиллуулах талаар хорооны Засаг даргад туслах, хамтарч ажиллах;
3.1.10 Сууц өмчлөгчдийн холбооны хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах үйл ажиллагаа болон хог хаягдлын менежментийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих;
3.1.11 тухайн нутаг дэвсгэрт тогтоосон агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын бүсийн журам, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;
3.1.12 Хог хаягдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил, дутагдлыг арилгуулах, удаа дараа зөрчил гаргасан, тавьсан шаардлагыг биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх.
3.2. Олон нийтийн байцаагчийг ажиллах нөхцөл бололцоо, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, мэргэшүүлэх, чадавхжуулах үүргийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг дарга хүлээнэ.
3.3. Хорооны Засаг дарга нь олон нийтийн байцаагч тайлангаа гаргахад шаардлагатай ажлын байр, компьютер зэргээр сардаа 1-3 удаа ханган ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
3.4. Олон нийтийн байцаагчийн үйл ажиллагаанд хог хаягдлын хяналтын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд хяналт тавьж, үнэлгээ өгөх бөгөөд чадавхыг нь дээшлүүлэх сургалтыг хариуцсан дүүргүүд дээр жил бүр зохион байгуулж ажиллана.
3.5. Олон нийтийн байцаагч нь дүүргийн Засаг даргын Тамгын газар, хариуцсан хорооны Засаг дарга, байгаль хамгаалагч, хорооны цагдаа, хэсгийн ахлагч, СӨХ, энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай ажлын уялдаа холбоотой хамтран ажиллана.
3.6. Олон нийтийн байцаагч нь хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа илэрсэн зөрчлийн талаар энэ журмын Хавсралт №3-т заасан маягтын дагуу зөрчлийн тэмдэглэлийг үйлдэх ба тэмдэглэлд дараах мэдээллийг тусгана. Үүнд:
3.4.1 зөрчил гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нэр, утас, хаяг, байршил, регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл;
3.4.2 гаргасан зөрчлийн нөхцөл байдал;
3.4.3 зөрчигдсөн хууль тогтоомжийн зүйл, заалт;
3.4.4 олон нийтийн байцаагчийн санал, дүгнэлт /Захиргааны шийтгэл ногдуулах хууль тогтоомжийн зүйл, заалтыг тусгасан байх/.
3.7. Зөрчил гаргасан этгээд "Зөрчлийн тухай тэмдэглэл"-тэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тэмдэглэлд тусгана.
3.8. Олон нийтийн байцаагч нь илэрсэн зөрчлийн талаар үйлдсэн тэмдэглэлийг эрх бүхий улсын байцаагчид зөрчил илрүүлснээс хойш ажлын 3 хоногийн дотор танилцуулна.
3.9. Зөрчлийг тухайн зөрчил гарсан өдөр, цагаар тэмдэглэгдсэн фото зураг, дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулах бөгөөд Зөрчлийн тэмдэглэлийг 2 хувь үйлдэж, нэг хувийг зөрчил гаргагч этгээдэд өгнө.
3.10. Олон нийтийн байцаагч нь илрүүлсэн зөрчлийн талаар сар бүр тайлагнах бөгөөд тайлан мэдээг дараа сарын 5-ны өдрийн дотор дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.
3.11. Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Олон нийтийн байцаагчийн зөрчлийн тэмдэглэлд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд албан шаардлага тавьж, хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах болон холбогдох хуулийн дагуу харьяа мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, торгуулийн арга хэмжээ ногдуулна.
Дөрөв.Олон нийтийн байцаагчид
мөнгөн урамшуулал олгох, гэрээг цуцлах
4.1. Дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал жил бүр Олон нийтийн байцаагчийн мөнгөн урамшуулал болон дүрэмт хувцас, ажлын үнэмлэхтэй холбогдох зардлыг дүүргийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.
4.2. Дүүргийн Засаг даргын Тамгын газар энэ журмын 4.1-д заасны дагуу батлагдсан төсвийн хүрээнд олон нийтийн байцаагчид хөлсөөр ажиллах гэрээнд тусгасан мөнгөн урамшууллыг сар бүр олгоно.
4.3. Олон нийтийн байцаагч нь сар бүрийн 25-ны дотор тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын тайланг Хавсралт №4-т заасны дагуу гаргаж, энэ журмын Хавсралт №6-д заасан ажлын үнэлгээний хамт дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх бөгөөд ажлын гүйцэтгэл, үнэлгээг үндэслэж мөнгөн урамшууллыг олгоно.
4.4. Олон нийтийн байцаагчийн тухайн сарын ажлын мөнгөн урамшууллыг энэ журмын Хавсралт №6-д заасан ажлын үнэлгээний маягтын дагуу илрүүлсэн зөрчлийн тоо, чанар, үр дүнг үнэлэн тооцох ба нэг сард олгох урамшуулал нь хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг суутгасны дараах дүн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
4.5. Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Олон нийтийн байцаагчийн ажлыг Хавсралт №6-д заасан маягтын дагуу гаргасан үнэлгээнд үндэслэн тухайн жилд нэг удаагийн нэмэлт урамшууллыг дүүргийн төсөвт тусган олгож болно.
4.6. Олон нийтийн байцаагч нь Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчлийн талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэж, тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13-т заасны дагуу зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож, дүүргийн Засаг даргаас мөнгөн урамшуулал авч болно.
4.7. Олон нийтийн байцаагчийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны Засаг дарга хяналт тавьж ажиллана.
4.8. Олон нийтийн байцаагчийн гэрээ дуусгавар болоход зөрчил илрүүлсэн, зөрчлийг арилгуулахаар авсан арга хэмжээ ажлын үр дүнг харгалзан түүнтэй байгуулсан гэрээг 2 жилийн хугацаагаар сунгана.
4.9. Олон нийтийн байцаагчийн гэрээний хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө түүнтэй байгуулсан гэрээг сунгах эсэх талаарх шийдвэрийг гаргаж, мэдэгдэнэ.
4.10. Дараах тохиолдолд олон нийтийн байцаагчтай байгуулсан гэрээг захиргааны байгууллагын санаачлагаар цуцална. Үүнд:
4.10.1. энэ журмаар хүлээсэн чиг үүргээ удаа дараа зөрчсөн;
4.10.2. үүрэгт ажилдаа шударга бус хандаж эрхээ хэтрүүлсэн;
4.10.3. өөр ажил, албан тушаалд томилогдох болсон;
4.10.4. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
4.10.5. нас барсан;
4.10.6. өөрийн хүсэлтээр гарахаар өргөдөл өгсөн;
4.10.7. энэхүү журмын хавсралт №6-д заасан нийлбэр үнэлгээний дундаж 3 сар дараалж 1 оноогоор үнэлэгдсэн.
Тав. Бусад зүйл
5.1. Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь олон нийтийн байцаагчийн ирүүлсэн зөрчлийн тэмдэглэл, түүний дагуу авсан арга хэмжээний талаар дүүргийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хагас жилд нэг удаа тус тус тайлагнана.
5.2. Дүүргийн Засаг дарга Олон нийтийн байцаагчийн зөрчлийн тэмдэглэл, түүний дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг жилд нэг удаа Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
5.3. Дүүргийн Засаг даргын тамгын газар Олон нийтийн байцаагчийн ажлыг дүгнэж, энэ журмын Хавсралт №6-д заасан ажлын үнэлгээний маягтын дагуу өгсөн үнэлгээнд үндэслэн Олон нийтийн байцаагчид хариуцлага тооцох, урамшуулах арга хэмжээг авч ажиллана.
5.4. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь хог хаягдлын хяналтын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудтай хамтран энэхүү журмын хэрэгжилтийг жилд нэг удаа үнэлж, мониторинг хийх бөгөөд үр дүнг Нийслэлийн Засаг даргад танилцуулна.
5.5. Энэхүү журмын хэрэгжилт нь ил тод байх бөгөөд Улаанбаатар хотын хог хаягдлын зөрчлийн хянан шийдвэрлэлт, Олон нийтийн байцаагчийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хог хаягдлын мэдээллийн нэгдсэн цахим системд болон байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
5.6. Энэ журамд заасныг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A