A

A

A

Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 15- ны өдрийн

А/146 дугаар тушаалын хавсралт

АЮУЛТАЙ БҮСИЙН ДЭГЛЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дэглэмээр төмөр замын аюултай бүс (цаашид "аюултай бүс" гэх)-д зөвшөөрөх үйл ажиллагаа, нэвтрэх журмыг тогтооно.

1.2. Энэхүү дэглэмд хэрэглэсэн нэр томъёог Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын нийтлэг багц дүрэм, үндэсний стандартад заасан утгаар ойлгож хэрэглэнэ.

 

Хоёр. Аюултай бүсийн дэглэм

2.1. Аюултай бүсэд галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалттай холбоотой ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг хамааруулна

2.2. Төмөр замын аюултай бүс нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалттай холбоотой ажил, үйлчилгээний онцлог, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах шаардлагаас хамаарч дор дурьдсан зай хэмжээтэй байна. Үүнд: 

  • Төмөр замын өртөө хоорондын замд захын зам төмрөөс 5 метр;
  • Өртөө зөрлөг, салбар замд захын зам төмрөөс 5 метр;
  • Зорчигчийн буух, суухад зориулсан нам болон өндөр тавцангийн ирмэгээс дотогш 1.0.метр, тавцангүй буух суух газарт захын зам төмрөөс 2 метр, томоохон зангилаа өртөөдийн зорчигчийн байгууламжийн хориг хашааны талбайн хэмжээгээр;
  • Ачаа, ачаан тээш, тээш ачих, буулгах талбайн хэмжээгээр.

2.3. Аюултай бүс нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хувьд энэ дэглэмд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, нэвтрэх, объект байрлуулахыг хориглосон бүс болно.

2.4. Төмөр замын байгууллага, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч аж ахуй нэгж, байгууллага аюултай бүсэд үйл ажиллагаа явуулах, объект байрлуулах болон аюулгүй ажиллагааны дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, журам, зааврыг суурь бүтэц эзэмшигч баталж, мөрдүүлнэ. 

2.5. "Аюултай бүсэд гадны аж ахуй нэгж, байгууллага /геологийн судалгаа хийх, инженерийн барилга, байгууламжийн ажил гүйцэтгэх г.м./ ажиллах шаардлагатай тохиолдолд тухайн төмөр замын суурь бүтэц эзэмшигчтэй гэрээ байгуулах ба гэрээнд аюултай бүсэд хэрхэн нэвтэрч ажиллах талаар тодорхой тусгана. Үүнд:

- Аюултай бүсэд нэвтрэх байнгын болон түр зөвшөөрлийг эрх бүхий албан тушаалтнаас авсан байх;  

- Аюултай бүсэд ажил гүйцэтгэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны зааварчилгааг холбогдох мэргэжилтнээс авах;

- Тодорхой хуваарийн дагуу ажил гүйцэтгэх;

- Аюултай бүсэд үйл ажиллагаа явуулах болон ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгж, байгууллагад хяналт тавих ажилтныг тодорхой заах;

- Бусад онцлог нөхцөл

2.6. Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, нийтийн болон дагнасан хэрэглээний зам эзэмшигч нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн хийгддэг төмөр замыг /салбар зам/ өөрийн хөрөнгөөр хашиж хамгаалах, аюултай бүсийг хамгаалахад зориулсан хөрөнгийг жил бүр төлөвлөх ба дэглэмийг сахиулах талаар орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах үүрэг хүлээх.

2.7. Тууш дагуу чиглэлд авто зам, төмөр зам нь хоорондоо авто замын зурвас газрын өргөний хэмжээ болон төмөр замын аюулгүйн бүсийн өргөний хэмжээгээр тусгаарлагдана.

Гурав. Төмөр замын аюултай бүсэд иргэн нэвтрэх

3.1. Дараах тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтэрч болно.

3.1.1. Төмөр замын зориулалтын гарам, явган хүний гарцны өмнө зогсон галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар нягталсны дараа нэвтрэх;

3.1.2. Зорчигчийн галт тэрэг бүрэн зогссоны дараа зөвхөн зориулалтын тавцан, тавцангүй бол тэмдэг тэмдэглэгээтэй газраас бууж, суух;

3.1.3. Тухайн суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийн зөвшөөрөл болон хяналтын дор ачаа, тээш, ачаан тээш ачих, буулгах талбайд нэвтрэх;

3.1.4. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч тухайн байгууллагын зөвшөөрөл, хяналтын дор Төмөр замын хориг хашаан дотор ургасан өвс ургамлыг хадах.

3.1.5. Төмөр замын дохиололтой гарамд гармын гэрлэн болон дуут дохио ажиллаагүй үед галт тэрэг, сэлгээний хөдөлгөөн байхгүйг магадласны дараа гармын явган хүний зорчих хэсгээр нэвтрэн гарна. Дохиололгүй гарамд галт тэрэг, сэлгээний хөдөлгөөн байхгүйг магадласны дараа гармын явган хүний зорчих хэсгээр нэвтрэн гарна.

3.2. Аюултай бүсэд болон зорчигчийн тавцан, буух суух газарт дараахь үйлдэл, үйл ажиллагааг хориглоно.

3.2.1. Зорчигчийн тавцан хооронд зориуулалтын бус гарцаар гарах, хөдлөх бүрэлдэхүүний доогуур шургах;

3.2.2. Хөдлөх бүрэлдэхүүн хоорондын авто угсрааг дамжиж гарах;

3.2.3. Зорчигчийн тавцангийн аюултай бүсийн тэмдэглэл буюу хяналтын шар зураасыг давах, тус зураасыг давуулж ачаа, ачаан тээш, тээш байрлуулах;

3.2.4. Төмөр замын торон хашаан дотор иргэн зорчих, мал амьтан оруулах, зориулалтын гарц гарамгүй хэсгээр гарах, явах;

3.2.5. Ирж байгаа болон явж байгаа галт тэрэгтэй зэрэгцэн гүйх;

3.2.6. Хөдөлгөөнт тоглоом зохион байгуулах;

3.2.7. Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр орхих;

3.2.8. Зорчигчийн тавцангаас төмөр зам уруу буух, суух; суух газарт тэмдэг тэмдэглэгээ давж зам болон зурвас газраар зорчих;

3.2.9. Хиймэл төхөөрөмж, холбооны болон цахилгааны шугам, агаарын шугам, тэдгээрийн тулгуур багана өөд авирах, утсанд хүрэх;

3.2.10. Согтууруулах ундаа, мансуурах бодис хэрэглэх, худалдах, согтуурсан буюу мансуурсан байдалтайгаар байх, тэдгээрийг худалдаалах;

3.2.11. Байгууламж, төхөөрөмж, түүний хэсгийг гэмтээх, эвдэх, устгах,  салгах, дур мэдэн дохио тэмдэг тавих, дохиолол холбооны төхөөрөмжийг бохирдуулах, үзэгдэлтийг бууруулах;

3.2.12. Төмөр зам дээр болон зам төмөр дээр эд зүйл тавих;

3.2.13. Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явах;

3.2.14. Тэсэрч дэлбэрэх, түргэн шатах болон хортой эд зүйлс авч явах;

3.2.15. Тээврийн хэрэгсэл, тусгай механизм, унадаг дугуйтай ойртох;

3.2.16. Зорчигчийн галт тэрэгнээс бусад төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд ойртох, нууцаар нэвтрэхийг хориглох;

3.2.17. Гармын дохиолол ажиллаж байх үед гармаар /шлагбаум хаалтын байрлал ямар байхаас үл хамааран/ хөндлөн гарах.

3.2.18. Өртөө зөрлөгийн зам дээгүүр явах;

3.3. Иргэн аюултай бүс болон зорчигчийн тавцан, буух суух газарт дараах үүрэг хүлээнэ.

3.3.1. Галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулах ямар нэгэн нөхцөл байдал үүссэн бол /цас, элсэнд төмөр зам дарагдах, гарам дээр осол гарах, зам дээр галт тэрэгний хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй эд зүйлс байгаа гэх мэт/ нэн даруй төмөр замын байгууллагын ажилтан, галт тэрэгний машинчид ямар нэг өнгийн гэрэл, бусад эд зүйлсээр алсаас даллан, дохио өгч мэдэгдэх;

3.3.2. Галт тэргийг зогсоох шаардлагатай онцгой тохиолдолд боломжтой арга хэрэгслээр машинч, төмөр замын байгууллагын ажилтанд мэдэгдэх;

3.3.3. Бага насны хүүхдийг хөтлөх буюу тэвэрч явах.

3.4. Галт тэргээр зорчих үед дараах үйлдлийг хориглоно.Үүнд:

3.4.1. Галт тэрэг бүрэн зогсох хүртэл вагонд ойртох;

3.4.2. Зогсож байгаа хөдлөх бүрэлдэхүүнийг налах, түших;

3.4.3. Вагонд суух, буух үед бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр орхих;

3.4.4. Галт тэрэг бүрэн зогсоогүй үед буух, суух;

3.4.5. Вагоны хаалгыг дур мэдэн нээх, хаах буюу нээх, хаахад саад болох;

3.4.6. Вагоны цонх, хаалгаар цухуйх;

3.4.7. Галт тэрэгний хөдөлгөөний үед вагоны гишгүүр дээр зогсох;

3.4.8. Хөдлөх бүрэлдэхүүний эд анги, тоноглолыг эвдэх, гэмтээх;

3.4.9. Хөдлөх бүрэлдэхүүний дээр гарах;

3.5. Энэ дэглэмийн 3.1-д зааснаас бусад тохиолдолд иргэн аюултай бүсэд нэвтрэхийг хориглоно.

 

Дөрөв. Төмөр замын аюултай бүсэд хөдөлгөөнтэй 

шууд холбоотой ажилтан нэвтрэх

4.1. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагын ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, чиг үүргийг гүйцэтгэхдээ аюултай бүсэд гэрэл ойлгогч бүхий хантаазтай нэвтэрч ажиллана.

4.2. Энэ дэглэмийн 4.1-т заасан ажилтан аюултай бүсэд нэвтрэхдээ тухайн суурь бүтэц, тээвэрлэгчийн хүрээнд баримтлах технологийн горим, стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж ажиллана. 

 

Тав. Төмөр замын аюултай бүсийн

хашилт, хамгаалалт, гэрэлтүүлэг 

5.1. Төмөр замын өртөө, зөрлөг, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай, депо, ачаа, тээш, ачаан тээш ачих, буулгах, хадгалах, олгох газрын аюултай бүс төмөр замын техник ашиглалтын дүрэмд заасны дагуу гэрэлтүүлэгтэй байна. 

5.2. Аюултай бүсийг суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч хашиж хамгаалах үүрэгтэй. Хүн ам шигүү суурьшсан болон хөдөлгөөн ихтэй хэсэгт "Төмөр замын аюултай бүс", "Гадны хүн нэвтрэхийг ", "Зогс", "Тойр" зэрэг анхааруулга, самбар тавьж хамгаална.

5.3. Аюултай бүс нь өртөө хоорондын зам, өртөө, зөрлөг, ачаа ачих, буулгах зам, талбайд хайс, хашаагаар; зорчигчийн нам болон өндөр тавцанд шар өнгийн будган тэмдэглэгээгээр; харин гарам нь хаалт буюу анхааруулах дохио тэмдгээр хашиж хамгаалагдсан байна. Эдгээр хориг хашаа, тэмдэг тэмдэглэлийг хөдөлгөөн зохион байгуулах зориулалтын дохио, тэмдгийн үзэгдэх орчинг хязгаарлах, бууруулахгүйгээр барьж байгуулсан байна.

5.4. Өртөө хоорондын замын дагуух зурвас газрын хориг хашаа, хайсаар төмөр замын аюултай бүсийн хил, заагийг тодорхойлно.

5.5. Аюултай бүсийн хамгаалалтыг хариуцах байгууллага аюултай бүсийн дэглэмийг мөрдөж ажиллахыг шаардах эрхтэй бөгөөд дэглэм зөрчигдсөн тохиолдолд зөрчлийг арилгах арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй.

 

Зургаа. Ачих, буулгах зам, талбайд тавигдах шаардлага

6.1.Ачих, буулгах зам, талбай нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

6.1.1. Ачаа илгээгч болон ачаа хүлээн авагчийн мөрдөх ерөнхий журам, аюултай бүсэд зорчих замнал, гарцыг тодорхой харуулсан самбар, тэмдэг, тэмдэглэгээг үзэгдэхүйц газарт байрлуулах;

6.1.2. Гар аргаар ачилт, буулгалтын ажил гүйцэтгэх үед ачилт буулгалтын тавцан, вагоны хооронд зориулалтын дамжин гарах шат, гишгүүрээр хангасан байх;

6.1.3. Төмөр зам, автозам, явган зорчигчийн замыг заагласан замналыг тодорхойлсон байх;

6.1.4. Ачилт, буулгалтын ажлыг техникээр гүйцэтгэдэг хэсэгт явган зорчигч нэвтрэхийг хориглож ачаа олгох, хүлээн авах талбайгаас заагласан байх;

6.1.5. Ачилт, буулгалтын зам, талбай эзэмшигч нь тээврийн хэрэгсэл нэвтрэх замналыг схем зураглалаар болон автозамын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэлээр тоноглосон байх;

6.1.6. Ачилт, буулгалтын ажил гүйцэтгэх зам, талбайг төмөр замын гармаар тоноглох, тээврийн хэрэгсэл ачилт, буулгалтын тавцанд гарахдаа 5 км/цагаас илүүгүй хурдтай явах;

6.1.7. Автотээврийн хэрэгсэл болон зорчигчийн тавцанд вагоны ойртолтын оврыг тооцон сэлгээний хөдөлгөөн болон ачилт, буулгалтын хэвийн үйл ажиллагааг хангах;

6.1.8. Ачилт, буулгалтын ажил гүйцэтгэх техник, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулахаас сэргийлэн түүний овор, ажиллах талбайн захаас 1.5 метрээс багагүй зайд авто замын хашлага, хаалт хийх;

6.1.9. Ачаа ачих буулгах, техник, тоног төхөөрөмж болон тээврийн хэрэгслийн оврыг зөв тодорхойлон жолоочид тэдгээрийн ойртолтын зайг баримталж ажиллахыг сануулах;

6.1.10. Гар аргаар ачилт, буулгалт гүйцэтгэдэг талбай болон зорчигчийн тавцан дээгүүр тээврийн хэрэгсэл 5 км/цагаас илүүгүй хурдтай явахыг анхааруулсан тэмдэг тавьсан байх.

 

Долоо. Хариуцлага

7.1. Энэ дэглэмийн 3.2-3.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

---o0o---