- Нүүр
- Эрх зүйн акт
- Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгох журам
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын
2021 оны 08 дугаар сарын 04–ны өдрийн
А/202 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Тэсэлгээний чиглэлээр мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын чадавх, ур чадвар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээл, туршлагыг үнэлэх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд энэхүү журмын зорилго орших ба мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Энэхүү журам нь шинэ төрлийн болон шинээр үйлдвэрлэх тэсрэх материалд туршилт, лабораторийн сорилт туршилт хийх, үйлдвэрийн баталгаат хугацаа нь дууссан пиротехникийн хэрэгсэл болон тэсрэх материал, экспорт, импортын пиротехникийн хэрэгсэл, тэсрэх материалын техникийн шаардлага хангасан, эсэхэд дүгнэлт гаргах мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагад эрх олгох үндэслэл болно. Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага нь аливаа маргаантай асуудалд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргах үүрэгтэйгээр оролцож болно.
1.3.Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагаас гаргасан дүрэм, журмуудыг баримтлан ажиллана.
Хоёр. Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх хүссэн өргөдөл гаргах
2.1.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх хүссэн өргөдлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр гаргах ба өргөдөлд дараах холбогдох материалыг хавсаргана. Үүнд:
2.1.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг нотариатоор гэрчлүүлсэн хуулбар;
2.1.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд сорилт туршилт хийх эрхтэй, шинжээчдээс бүрдсэн, лабораторийн туршилтын бааз"-ыг нотлох бичиг баримт;
2.1.3.Шинжээчийн эрхийн гэрчилгээний нотариатоор гэрчлүүлсэн хуулбар;
2.1.4.Шинжээчдийн бүрэлдэхүүнд мэргэшсэн болон зөвлөх зэргийн шинжээч тус бүр 1-ээс доошгүй байх ба тэдгээрийн бүтээлийн жагсаалт, хийсэн ажлын тайлангийн хуулбар;
2.2.Энэхүү журмын шаардлага хангаагүй, холбогдох материалын бүрдэл дутуу хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай албан бичгээр буцаана.
Гурав. Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх олгох
3.1.Тэсэлгээний мэргэжлийн зөвлөлд ирүүлсэн Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх олгохыг хүссэн өргөдөл, холбогдох материалын бүрдлийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга хянан, Мэргэжлийн зөвлөлийн хэлэлцэх асуудлын дэгд бүртгэнэ.
3.2.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх олгох, хүчингүй болгох, сунгах асуудлыг Тэсэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, олонхийн зарчмаар шийдвэрлэнэ.
3.3.Тэсэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж олонхийн саналаар дэмжигдсэн өргөдөл гаргагчийн талаар Мэргэжлийн зөвлөлийн гаргасан санал, дүгнэлтийг Зөвлөлийн ажиллах журмын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад уламжилна.
3.4.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрхийг 2 жилээр олгож баталгаажуулна.
Дөрөв. Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрхийг сунгах, хүчингүй болгох
4.1.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх сунгуулах хүсэлтийг эрхийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө албан бичгээр дараах бичиг баримтын хамт Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Үүнд:
4.1.1.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нотариатоор гэрчлүүлсэн хуулбар;
4.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд сорилт туршилт хийх эрхтэй, шинжээчдээс бүрдсэн, лабораторийн туршилтын бааз"-ыг нотлох бичиг баримт;
4.1.3.шинжээчийн эрхийн гэрчилгээний нотаритаар баталгаажуулсан хуулбар;
4.1.4.мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрхийн хүрээнд хийсэн ажлын тайлан /албан дүгнэлт, акт, ажлын тайлан баталгаажсан хуулбар, түүний жагсаалт/;
4.2.Энэхүү журмын шаардлага хангаагүй, холбогдох материалын бүрдэл дутуу хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай албан бичгээр буцаана.
4.3.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрхийг 2 жилээр сунгаж баталгаажуулна.
4.4.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага нь энэхүү журмын 4.1-д заасан хугацаанд эрх сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй, эсхүл сунгуулахаас татгалзаж өөрөө хүсэлт гаргасан бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар хүчингүй болгоно.
4.5.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага нь энэхүү журмын 1.2.-д заасан эрхээ хэрэгжүүлэх явцдаа ур чадвар, ажил үйлчилгээний чанартай болон мэргэжлийн ёс зүйтэй холбоотой зөрчил гаргасан, эсхүл ажил, үйлчилгээний чанартай холбоотойгоор иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулсан нь хууль, хяналтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрхийг хүчингүй болгох, эсэх асуудлыг Тэсэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
4.6. Энэхүү журам гарахаас өмнө олгосон Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрхийг хүчинтэйд тооцно.
Тав. Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх, үүрэг хариуцлага
5.1.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага нь дараах эрх эдэлнэ. Үүнд:
5.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, бусад холбогдох хууль, журамд заасан эрх;
5.1.2.мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрхээ сунгуулах, хүчингүй болгуулах;
5.1.3.үйлчилгээний хөлс, хураамж авах;
5.2.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага нь дор дурдсан үүрэг хариуцлага хүлээнэ. Үүнд:
5.2.1.энэхүү журмын 1.2.-д заасан чиглэлийн дагуу гүйцэтгэсэн, оролцсон, хянаж зөвлөсөн ажлын тайлан, хөндлөнгийн мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагаар ажилласан ажлын үр дүнгийн тайлан, тэсрэх материалын үйлдвэр, агуулахын төслийн үнэн бодит байдал, чанарыг бүрэн хариуцах ба хийсэн ажлын тайлан дүгнэлт, акт, баримт бичиг, зураг төсөл зэрэгт байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, баталгаажуулах;
5.2.2.ажил үйлчилгээг холбогдох хууль, тогтоомж, норм, стандарт, заавар, журмын дагуу үнэн зөв, чанартай, мэргэжлийн түвшинд хариуцлагатай гүйцэтгэх;
5.2.3.өөрийн буруугаас бусдад учруулсан хохирол, хариуцлагыг холбогдох хууль, журмын дагуу хүлээх;
5.2.4.мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын эрх хүчингүй болсон, хугацаа дууссан бол энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байх;
Зургаа. Хариуцлага
6.1.Энэхүү журмын 1.2-д заасан үйл ажиллагааны талаарх гомдлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлнэ.
---оОо---
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын
2021 оны 08 дугаар сарын 04–ны өдрийн
А/202 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
ТЭСЭЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХ, СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Тэсэлгээний салбарын мэргэжилтэн, инженерүүдийг мэргэшүүлэх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, шинжээчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Энэхүү журмын дагуу эрх авсан шинжээч нь тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, тэсрэх материалын агуулахын зураг төсөл боловсруулах, тэдгээрт шинжээчийн дүгнэлт гаргах, аливаа маргаантай асуудалд дүгнэлт гаргах, мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагад шинжээчээр ажиллах эрхтэй байна. 1.3.Тэсэлгээний салбарын мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх төрийн бус байгууллагыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон Ажлын хэсэг сонгон шалгаруулна.
1.4.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шалгарсан төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж ажиллана.
1.5.Шинжээч нь "Зөвлөх", "Мэргэшсэн" гэсэн зэрэгтэй байна.
ХОЁР. ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХЫГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ ГАРГАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
2.1.Шинжээчийн эрх олгохыг хүссэн өргөдөл гаргагч нь уул уурхайн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байна.
2.2."Мэргэшсэн" зэрэг хүссэн өргөдөл гаргагч нь баклаврын боловсрол эзэмшсэнээс хойш тэсэлгээний чиглэлээр 8-аас доошгүй жил ажилласан байх ба үүнээс 5-аас доошгүй жилд тэсэлгээний удирдагч болон хариуцлагатай удирдагч, ахлах инженерийн албан тушаалд ажилласан байна.
2.3."Зөвлөх" зэрэг хүссэн өргөдөл гаргагч нь тэсэлгээний чиглэлээр 12-оос доошгүй жил ажилласан байх ба дараах болзлыг хангасан байна.
2.3.1."Мэргэшсэн" зэрэгтэй байх бөгөөд тус зэргийг авснаас хойш 6-аас доошгүй жил мэргэжлээрээ үр бүтээлтэй ажилласан байх.
2.3.2.тэсэлгээний чиглэлээр 10-аас доошгүй жил тэсэлгээний удирдагч болон хариуцлагатай удирдагч, ахлах инженерийн ажил эрхэлсэн байх.
2.4.Өргөдөл гаргагч нь тэсэлгээний чиглэлээр боловсролын болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, мэргэжлээрээ ажиллаж байгаа бол түүний бичгээр уламжилсан хүсэлтийг үндэслэн "Зөвлөх" зэрэг олгож болно.
2.5.Өргөдөл гаргагч нь 25-аас доошгүй жил тэсэлгээний чиглэлээр тасралтгүй ажилласан бол төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн "Зөвлөх" зэрэг олгож болно.
ГУРАВ. ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХЫГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ ГАРГАХ
3.1.Шинжээчийн эрх олгохыг хүссэн өргөдөл гаргагч нь энэхүү журмын маягт 1–ийн дагуу өргөдөл гаргаж, дараах материалыг бүрдүүлэн Сургалтын байгууллагад хүргүүлнэ.
3.1.1.ажиллаж буй байгууллагаас гаргасан ажил байдлын тодорхойлолт,
3.1.2.их, дээд сургуулийн дипломын хуулбар
3.1.3. "Мэргэшсэн" зэрэг авах хүсэлт гаргаж байгаа бол "Мэргэшсэн" ба "Зөвлөх" зэрэгтэй тус бүр нэг хүний тодорхойлолт,
3.1.4."Зөвлөх" зэрэг авах хүсэлт гаргаж байгаа бол "Зөвлөх" зэрэгтэй хоёр хүний тодорхойлолт,
3.1.5.бүтээлийн жагсаалт,
3.1.6. "Зөвлөх" зэрэг авах хүсэлт гаргаж байгаа бол "Мэргэшсэн" зэргийн гэрчилгээний хуулбар,
3.1.7.сургалтын төлбөрийн баримт.
3.2.Энэхүү журмын 3.1-д заасан материал бүрдээгүй, тавигдах шаардлага хангаагүй зэрэг горилогчийн материалыг хүлээн авахгүй буцаана.
ДӨРӨВ. ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ОЛГОХ
4.1.Өргөдөл гаргагч нь энэхүү журмын 3-д заасан бичиг баримтыг бүрдүүлэн сургалтын байгууллагад хүргүүлнэ.
4.2.Сургалтын байгууллага нь Мэргэшсэн болон зөвлөх зэргийн шинжээчийн эрх олгохыг хүссэн өргөдөл гаргагчийн ирүүлсэн материалыг хянаж, эрх олгох сургалтыг зохион байгуулна.
4.3.Сургалтын байгууллага нь Мэргэжлийн зөвлөлтэй хамтран "Мэргэшсэн" зэргийн эрхийг 2 жил, "Зөвлөх" зэргийн эрхийг 3 жилийн хугацаатайгаар тус тус олгоно.
4.4.Шинжээчид зэргийн гэрчилгээ, хувийн тэмдэг олгож, бүртгэл хөтөлнө.
4.5."Мэргэшсэн" болон "Зөвлөх" зэргийн шинжээчийн эрхийн гэрчилгээнд Мэргэжлийн зөвлөлийн дарга, Сургалтын байгууллагын удирдлагын гарын үсэг зурж, Мэргэжлийн зөвлөл, Сургалтын байгууллагын тамга, тэмдэгээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.
ТАВ. ШИНЖЭЭЧИЙН ЭРХИЙГ СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
5.1."Мэргэшсэн" болон "Зөвлөх" зэргийн шинжээч нь шинжээчийн эрх сунгуулах хүсэлтээ энэхүү журмын 1.2.-д заасан үйл ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэсэн жил бүрийн тайлангийн хамт сургалтын байгууллагад хүргүүлнэ.
5.2."Мэргэшсэн" болон "Зөвлөх" зэргийн шинжээч нь хүчинтэй хугацаанд сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй бол "Мэргэшсэн" болон "Зөвлөх" зэргийн шинжээчид тооцогдохгүй.
5.3.Уул уурхайн чиглэлээр 30-аас дээш жил ажилласан шинжээчийн зэргийг хугацаагүй сунгана.
5.4.Шинжээч нь тайлант хугацаанд шинжээчээр ажиллаагүй бол шинжээчийн зэргийг бууруулах, хүчингүй болох үндэслэл болно.
5.5.Шинжээч нь дүгнэлт, шүүмж гаргах явцдаа мэргэжлийн алдаа гаргасан, иргэн, аж ахуй нэгж байгууллагад хохирол учирсан талаар хууль, хяналтын байгууллага болон Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргасан бол Сургалтын байгууллага шинжээчийн эрхийг хүчингүй болгоно.
5.6.Энэхүү журам гарахаас өмнө тэсэлгээний чиглэлээр "Мэргэшсэн" болон "Зөвлөх" зэргээр шинжээчийн эрх авсан мэргэжилтэн, инженерийн шинжээчийн эрхийг хүчинтэйд тооцон шинэчлэн бүртгэнэ.
5.7.Энэхүү журмын 5.5.-д заасан үндэслэлээр шинжээчийн эрх нь хүчингүй болсон инженер, мэргэжилтэнд шинжээчийн эрхийг 5 жилийн хугацаанд олгохгүй.
ЗУРГАА. ШИНЖЭЭЧИЙН ЭРХ,ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА
6.1.Шинжээч нь дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд:
6.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, бусад холбогдох хууль, журамд заасан эрх;
6.1.2.мэргэжлийн зөвлөлөөс шинжээчээр томилогдон ажиллах;
6.1.3.шинжээчийн эрхээ сунгуулах, хүчингүй болгуулах;
6.1.4.дүгнэлт, шүүмжийн хүрээнд тохирсон цалин хөлс авах;
6.2.Шинжээч нь дор дурдсан үүрэг, хариуцлага хүлээнэ. Үүнд:
6.2.1.энэхүү журмын 1.2.-д заасан үйл ажиллагаанын дагуу хийж гүйцэтгэсэн ажил, дүгнэлт, акт, шүүмж, баримт бичиг, зураг төсөл зэрэгт гарын үсэг зурж, хувийн тэмдэг дарах;
6.2.2.ажил, үйлчилгээг холбогдох хууль, тогтоомж, норм, стандарт, заавар, журмын дагуу техник, технологийн зохих түвшинд хариуцлагатай, үнэн зөв, чанартай, мэргэжлийн өндөр ур чадвар гарган гүйцэтгэх, хариуцах;
6.2.3.өөрийн буруугаас бусдад учруулсан хохирол, хариуцлагыг хүлээх,
6.2.4.шинжээчийн эрх хүчингүй болсон, хугацаа дууссан бол Сургалтын байгууллагад хувийн тэмдэг, эрхийн гэрчилгээг хураалгах;
ДОЛОО. ХАРИУЦЛАГА
7.1.Шинжээчийн мэргэжлийн ур чадвар, ажил, үйлчилгээний чанар болон мэргэжлийн ёс зүй зөрчигдсөн талаар холбогдох хууль, журмын дагуу гомдол гаргах эрхтэй.
---оОо---
Маягт 1
ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЧИГЛЭЛЭЭР
ШИНЖЭЭЧИЙН ЭРХ ХҮССЭН ӨРГӨДӨЛ
Өргөдөл гаргагчийн:
- Овог: ..............................................................
- Эцэг /эх/-ийн нэр: ..........................................
- Нэр: ................................................................
- Регистрийн дугаар: .......................................
- Оршин суугаа газрын хаяг: ..........................................................................................
........................................................................................................................................
- Утасны дугаар: ..............................................
- Цахим хаяг: ....................................................
- Төгссөн сургууль, мэргэжил, төгссөн он: ....................................................................
- Ажиллаж буй байгууллага: ..........................................................................................
- Горилж буй мэргэшлийн зэрэг: 1. Мэргэшсэн 2. Зөвлөх
Та Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 20... оны ... дугаар тушаалын дагуу дараах баримт бичгийг заавал хавсаргана.
1 |
Ажил байдлын тодорхойлолт |
|
2 |
Их, дээд сургуулийн дипломын хуулбар |
|
3 |
"Мэргэшсэн" зэрэг авах хүсэлт гаргаж байгаа бол "Мэргэшсэн" ба "Зөвлөх" зэрэгтэй тус бүр нэг хүний тодорхойлолт, |
|
4 |
"Зөвлөх" зэрэг авах хүсэлт гаргаж байгаа бол "Зөвлөх" зэрэгтэй хоёр хүний тодорхойлолт, |
|
5 |
Бүтээлийн жагсаалт, |
|
6 |
"Зөвлөх" зэрэг авах хүсэлт гаргаж байгаа бол "Мэргэшсэн" зэргийн гэрчилгээний хуулбар, |
|
7 |
Сургалтын төлбөрийн баримт |
|
/Хавсаргасан бичиг баримтын ард √ гэж тэмдэглэнэ үү./
Өргөдөлд нийт ................... хуудас баримт бичиг хавсаргасан болно.
Өргөдөл хүлээн авсан: Сургалтын байгууллагын менежер __________ овогтой __________ тус өргөдлийг хүлээн авч, өргөдлийг бүртгэв.
/Гарын үсэг/........................................... |
Өргөдөл гаргасан. .............................................................. .............................................................. .............................................................. .............................................................. ..............................................................
/Гарын үсэг/ ......................................... |
202 оны ___сарын ___ өдөр
Загвар 1. Шинжээчийн эрхийн гэрчилгээний загвар
МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭЭР САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ
ТЭСЭЛГЭЭНИЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ
Зураг ¾ хэмжээтэй |
ГЭРЧИЛГЭЭ №
.......................... овогтой ........................... нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 20... оны ... сарын ... –ны өдрийн ... тоот тушаалаар батлагдсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чиглэлээр шинжээчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох журмын дагуу Тэсэлгээний чиглэлээр Мэргэшсэн/Зөвлөх
зэрэг авсан тул гэрчилгээг 2/3 жилээр олгов.
Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, тэсрэх материалын агуулахын зураг төсөл боловсруулах, тэдгээрт шинжээчийн дүгнэлт гаргах, аливаа маргаантай асуудалд дүгнэлт гаргах, мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагад шинжээчээр ажиллах эрхтэй.
20... оны ... сарын ...-ны өдөр хүртэл хүчинтэй.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн дарга:
Гарын үсэг/тэмдэг: ________________ |
Тэсэлгээний сургалт, судалгааны төвийн захирал
Гарын үсэг/тамга: ________________ |
Улаанбаатар хот
20... он
Текст томруулах
A
A
A