A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУСГАЙ ЭМНЭЛЭГ, АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭМНЭЛГИЙН БОЛОН ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТЭНД МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2021 оны А/531, 136 дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

ӨРХ, СУМ, ТОСГОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ, АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУСГАЙ ЭМНЭЛЭГ, АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭМНЭЛГИЙН БОЛОН ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТЭНД МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Анхан шатлалын болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтэнг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор "Эрүүл мэндийн тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой харилцааг зохицуулна.

 

1.2. "Эмнэлгийн мэргэжилтэн" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн  3.1.5-д заасан мэргэжилтнийг, "эмнэлгийн бусад мэргэжилтэн" гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.20-д заасан мэргэжилтнийг тус тус ойлгоно. Эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтэн нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан боловсролын мэргэжлийн чиглэлээр төгссөн байна.

 

1.3. Аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад аймгийн нэгдсэн эмнэлэг, зоонозын өвчин судлалын төв, уламжлалт анагаах ухааны төв, эрүүл мэндийн газрыг хамааруулна.

 

1.4. "Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтэн" гэдэгт батлан хамгаалах, хууль сахиулах, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын орон нутаг дахь анги, нэгтгэл, отрядад анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа  мэргэжилтнийг хамааруулна.

 

1.5. Эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтнээр анх ажиллаж эхэлснээс хойш эсхүл Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтаар мөнгөн тэтгэмж авснаас хойш өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 36 сар, аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад 60 сар тус тус тасралтгүй ажилласан бол мөнгөн тэтгэмж авах эрх үүснэ.

 

Хоёр. Эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажилласан хугацааг баталгаажуулах

 

2.1. Эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтнээр тасралтгүй ажилласан хугацааг баталгаажуулахад эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтнийг холбогдох албан тушаалд томилсон болон чөлөөлсөн, тухайн албан тушаалд тасралтгүй ажиллаж байсныг нотлох бусад шийдвэр, бичиг баримтыг үндэслэнэ.

 

2.2. Дараах хугацааг эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажилласан  хугацаанд тооцно:

 

2.2.1. байгууллагын захиалгаар төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн /резидент/ сургалт болон мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтад суралцсан хугацаа;

 

2.2.2. эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байх үедээ жирэмсний болон амаржсаны, 0-3 хүртэл насны хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацаа;

 

2.2.3. эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтэн өөрөө өвдсөн, түүнчлэн  эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг, эхээ асарч, сувилахаар 3 хүртэлх сарын хугацаанд байгууллагын даргын шийдвэрээр /нийгмийн даатгалын шимтгэл төлсөн/ чөлөөтэй байсан хугацаа;

 

2.2.4. эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;

 

2.2.5. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасан эрүүл мэндийн байгууллагаас тухайн шатлал хооронд шилжин ажилласан хугацаа.

 

Гурав. Мөнгөн тэтгэмж тооцож олгох

 

3.1.    Мөнгөн тэтгэмжийн хэмжээг тооцохдоо Засгийн газрын тогтоолоор хамгийн сүүлд баталсан төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг баримтална.

 

3.2.  Төсвийн захирагч мөнгөн тэтгэмжид шаардагдах зардлыг байгууллагын жилийн төсвийн төсөлдөө тусгаж Төсвийн тухай хуульд заасан хугацаанд харьяалах дээд шатны байгууллагад хүргүүлнэ.

 

3.3.    Мөнгөн тэтгэмжийг байгууллагын даргын тушаалыг үндэслэн төрийн албаны цалингийн нэгдсэн системээр, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтний мөнгөн тэтгэмжийг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраар дамжуулан олгоно.

 

Дөрөв. Бусад

 

4.1.    Энэ журмын 2.1-д заасан хугацааны болзол хангаж холбогдох шийдвэр  гарсан боловч  мэргэжилтэн нас барсан тохиолдолд түүний хууль ёсны эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн эцэг, эхэд  өргөдөл, холбогдох бичиг баримтыг үндэслэн  мөнгөн тэтгэмжийг олгож болно.

 

4.2.    Хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмнэлгийн болон эмнэлгийн бусад мэргэжилтэн эрүүл мэндийн байгууллагад үргэлжлүүлэн ажиллаж байгаа бол мөнгөн тэтгэмж олгохгүй.

 

4.3.    Мөнгөн тэтгэмжийн зориулалтаар батлагдсан төсвийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

 

4.4.    Энэ журамд заасныг зөрчиж  хуурамчаар нотлох баримт бүрдүүлж мөнгөн тэтгэмж авах нөхцөл бүрдүүлсэн албан тушаалтан, иргэнд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.  

 

 

 

-оОо-