- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 299
Улаанбаатар хот
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.5, 6.1.7, Төсвийн тухай хуулийн 15.3, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
2. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд "Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
3. Шинжлэх ухаан, технологийн сангийн Ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 24 байхаар тогтоосугай.
4. Дундын ашиглалттай болон сүлжээ лабораториудын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис, туршилтад зориулсан бусад бараа, материал худалдан авах ажиллагааг хөнгөвчлөх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
5. Шинжлэх ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшиж байгаа 18 га газрыг зориулалтын дагуу ашиглуулах зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авах эсэх асуудлыг судалж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт тус тус даалгасугай.
6. Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаанд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, шаардагдах эх үүсвэрийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах асуудлыг судлан шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
7. "Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 27, 28, 29, 30 дахь заалт нэмсүгэй:
27. |
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн |
25 |
ШУТИС |
ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн |
28. |
Дулааны, техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн |
48 |
ШУТИС |
ШУТИС-ийн харьяа Дулааны, техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн |
29. |
Тархи, сэтгэл судлалын хүрээлэн |
15 |
ШУА |
ШУА-ийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэн |
30. |
Технологийн инкубатор |
10 |
ШУА |
ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн |
8. Мөн жагсаалтын 21 дэх заалтын "Олон улсын харилцааны хүрээлэн" гэснийг "Олон улс судлалын хүрээлэн" гэж, 1 дэх заалтын "Орон тооны дээд хязгаар" баганын "127" гэснийг "117" гэж, 4 дэх заалтын "Орон тооны дээд хязгаар" баганын "88" гэснийг "94" гэж, 23 дахь заалтын "Орон тооны дээд хязгаар" баганын "45" гэснийг "80" гэж тус тус өөрчилсүгэй.
9. Мөн жагсаалтын 1 дэх заалтын "Бүтцийн өөрчлөлтөд хамрагдах хүрээлэн, төв байгууллага" баганын "ШУА-ийн харьяа Технологийн инкубатор" гэснийг хассугай.
10. "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн дүрэм"-ийн 2.7 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2.7.Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагаа, хуулиар тогтоосон чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөлийн дэргэд тодорхой шаардлага хангасан шинжээчдийг зохих журмын дагуу гэрээний үндсэн дээр ажиллуулж болно."
11. "Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төсвийн төвлөрүүлэн захирагчдын жагсаалт"-ын 23 дахь заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:
23. |
Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга |
Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газар, Хэл зохиолын хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн, Физик, технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газарзүй, гео-экологийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Философийн хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Геологийн хүрээлэн, Математик, тоон технологийн хүрээлэн, Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, Технологийн инкубаторын төсвийн. |
12. "Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжин, их сургуулийн бүрэлдэхүүнд ажиллах хүрээлэн, төвийн жагсаалт"-ын 6 дахь заалтыг хассугай.
13. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Төсвийн бус хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжин, их сургуулийн бүрэлдэхүүнд ажиллах хүрээлэн, төвийн жагсаалт"-ын 2, 3 дахь заалт, "Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төсвийн төвлөрүүлэн захирагчдын жагсаалт"-ын 22 дахь заалт, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаар тогтоолын 2 дахь заалт, "Жагсаалтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A